Монгол Улсын заан, цагдаагийн хурандаа Р.Давааням агсны гэргий, мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Бямбадорж, улсын начин Лхагвадорж, дифлимпийн наадмын чөлөөт, жүдо бөхийн мөнгөн медальт, аймгийн начин Баасандорж нарын ээж Ц.Мягмарсүрэн гуайг “Ижий” буландаа урьж ярилцлаа. Ихэвчлэн Япон улсад амьдардаг тэрбээр “Эх орондоо ирээд сайхан байна. Эгч нь Харүмафүжиг тойрсон асуудлаар ярихгүй шүү. Манай гэр бүлийнхэн үүнд хүлээцтэй хандаж, ямар нэгэн тайлбар өгөлгүй явсаар өдий хүрсэн” хэмээн ярилцлагаа эхэлсэн юм.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Эх орондоо ямар ажлаар ирэв?
-Сайхаан. Би Японд Бямбаагийн (Д.Бямбадорж) гэр бүлийнхэнтэй амьдардаг. Монголдоо ихэвчлэн наадмын үеэр ирдэг юм. Энэ удаа Цагаан сарын бэлтгэлээ хангах, хоёр том хүүгийндээ зочлохоор ирлээ. Энд ирэхээрээ Бямбаагийнхныг, Японд очихоороо хоёр том хүүгийнхээ гэр бүлийнхнийг санаад байдаг. Цахим ертөнц хөгжсөн өнөө үед бас ч аргатай юм аа. Хүүхдүүдтэйгээ үргэлж холбоотой байдаг. Сар шинээр Японд амьдардаг хамаатан садан, бөхчүүд, сүмочид надад золгодог. Энэ жил ууц авч явах санаа байна. Хил, гаалиар тэр бүр зөвшөөрдөггүй болохоор чадах нь уу, үгүй юү. Миний хамгийн дуртай баяр бол Цагаан сар, наадам. Зурагтаар бөхөө үзэн, Монголд амьдардаг хүүхдүүд, ач, зээ нартайгаа интернэтээр холбогдон хамт байгаагаас дутахгүй шинэлдэг шүү.
-Монгол, Япон улс ёс заншил, цаг уур гээд олон зүйлээр ялгаатай. Дасахад хамгийн хэцүү нь юу байв?
-Би 2007 оноос хойш Японд амьдарч байна. 2006 онд хань минь, дараа жил нь аав өөд болж, сэтгэл санаа хүнд болсон. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдаг юм билээ. Тэгж байтал Бямбаа “Ээжтэйгээ хамт амьдарна. Хүрээд ир” гэж дуудсан. Японд очсоны дараа элдэв зүйлд сатаарах, ийм, тийм байна гээд анзаарах сөхөө надад байгаагүй. Тийм их уй гашуу намайг нөмөрсөн юм.
-Хос багана болж, бие биенээ түшиж явсан хань тань өвчний улмаас бус гэнэтийн ослоор бурхан болсон нь бүр ч хүнд цохилт болсон уу?
-Тэгсэн. Одоо ч энэ талаар ярихад хүнд байдаг. Яагаад ч юм бэ, амьд сэрүүн, бидэн дээр хүрээд ирэх юм шиг санагддаг юм. Манайхан өвгөний минь тухай ярихдаа “Заан дүү, заан ах”, хүүхдүүд “Аав”, цагдаагийнхан “Хурандаа” л гэнэ. Зарим хүн талийгч гэж хэлэхээр хүнд сонсогддог. Олон жилийн дараа амьд мэт нөмөр нөөлөгтэй, олонд дурсагдаж буйгаар нь бахархдаг. Аавынхаа нэрийг сэвтээлгүй, үргэлжлэл нь болж яваа хүүхдүүдээ харахаар сэтгэл тэнийдэг. Үнэнийг хэлэхэд тухайн үед сэтгэлээр их унаж, шоконд орсноос болоод зарим зүйлийг мартчихсан. Санахыг хэчнээн хичээсэн ч тусыг эс олдог. Одоо хүртэл ханийнхаа тухай, үндэсний бөхийн тухай ярихаар надад хэцүү байдаг юм. Манай гэр бүлд хамгийн их түшиг, тулгуур болдог хүн бол Дагваа (Д.Дагвадорж). Жаргал, зовлонтой бүхий л үед хамт байдаг, хамгийн түрүүнд тусладаг дүүдээ баярлаж явдаг. Би ер нь аль болох тайван амьдрахыг хичээдэг. Хэр баргийн арга хэмжээнд оролцдоггүй, хэвлэлд ч ярилцлага өгдөггүй шүү дээ. Гадуур явж байхад “Хүүе, та чинь хэн билээ. Нэг их харсан хүн байна” гэвэл аль болох танигдахгүйг хичээн “Нийтлэг царай, нийтлэг царай” гээд л өнгөрдөг. Ханиа бурхан болсноос хойш наадам үзээгүй. Ганцаардмал, зожигтоо тэгж байгаа юм биш шүү. Цэнгэлдэх рүү дөхөхөөр л өвгөний минь барилдаж явсан үе бодогдоод, сэтгэл тавгүйрхдэг юм. Хань минь улсын наадамд Д.Лхагвадорж, Ганбаатар гарьд (Р.Давааням зааны ах Р.Нямдоржийн хүү)-тай хамт зодоглож байсан. Өвгөнөө, хүүтэйгээ хамт төрийн наадамд хүч сорихыг харснаас илүү жаргал гэж юу байх вэ.
-Гэр бүлээрээ үзсэн наадмуудаас аль нь хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн бэ?
-Үнэнийг хэлэхэд ханийнхаа ид барилдаж байх үед гэр бү- лийнхэнтэйгээ хамт цэнгэлдэхэд очиж, дээлийнх нь захыг мушгиж үзээгүй. Бөхийн эхнэр бэлтгэл, барилдаанд нь хамт явах тийм ч зохилтой биш, хийморь, сүлдэнд нь харш. Аав огт зөвшөөрдөггүй байсан юм. Гэрээ цэмбийтэл цэвэрлэн, арыг нь сайхан даах л чухал. Улсын наадмаар ханиа зурагтаар үзэн дэмжиж, баярлаад л суудаг байлаа. Хүүхдүүд том болж, ханийн минь бяр, тэнхээ харьсан хойно л хамт нааддаг болсон. Одоо манай бэрүүд хүртэл нөхрийнхөө барилдааныг очиж үздэггүй. Цай, сүүнийхээ дээжийг өргөн гэртээ дэмждэг. Ер нь тэгээд хань минь улсын цол хүртсэн, ахиулсан, Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлсэн наадмууд л сэтгэлд хамгийн тод үлдэж. Р.Давааням, Б.Бат-Эрдэнэ хоёр “Хүч” нийгэмлэгт харьяалагддаг байв.
-Харүмафүжигийн барилдааныг сүмогийн ордонд очиж үздэг үү?
-Юу гэж тэгэх вэ. Хүүгийнхээ хийморь, сүлдийг дээдлэлгүй яах вэ. Бэр бид хоёр зөвхөн түрүүлэх нь баараггүй болсон тохиолдолд л очиж дэмждэг. Түрүү бөхийн шагнал гардуулсны дараа гэр бүлээрээ дурсгалын зураг авахуулдаг болохоор бэлэн байх хэрэгтэй байдаг юм. Ер нь би гэлтгүй монгол сүмочдын эхнэрүүд барилдаан болж байгаа ордонд очиж сүмо үздэггүй. Монгол ёс заншил агуу. Ер нь дэлхийн хаана ч очсон монгол ёс заншлын хуулбарууд л байх шиг санагддаг юм.
-Уран, дайчин барилдаантай, шүлэг, найраглал бичдэг авьяаслаг заанаа монголчууд одоо ч дурсан, хайрладаг. Р.Давааням заантай танилцан, гал голомтоо бадраасан дурсамжаасаа хуваалцана уу?
-Бид хоёр оюутан байхдаа Борнуурын сангийн аж ахуйд ногоо хурааж байгаад танилцсан юм. Тухайн үед манай өвгөн аймгийн арслан цолтой байлаа. Би анхандаа бөх гэдгийг нь мэдээгүй. Биерхүү, нүдээрээ инээсэн, онгироодуу залуу л яваад байна. Нэг өдөр гал тогоонд хэдэн найзынхаа хамт “Ургацын далай өглөө. Ахиухан махтай хоол идмээр байна” гээд очив. Р.Давааням мах эвдээд сууж байна. Биднийг дооглож инээснээ “Хөөе, тэр хоёр сонжуутай охин өлсөөд байвал ах дээрээ ирж мах авч байгаарай” гээд хүнгэнэтэл инээж билээ. Их сургуульд ирснийхээ дараа лекцийн танхим руу ортол намайг харангуутаа “Хоёр сонжуутаа нааш ир. Энд сул сандал байна” гээд дууддаг юм байна. Би юу гэж очих вэ, ичсэн гэж жигтэйхэн. Бэлтгэл, барилдаан гээд хичээлдээ суух нь ховор. Сүмоч Б.Дашнямын аав улсын начин Л.Бадарч, З.Дүвчин гавьяат хоёр манай өвгөнтэй найз. Тэр хоёр “Түнтгэр ээ” гэж дуудсанаа Р.Даваанямын захиаг зөөдөг байсан. Тэгээд л өдөр өдрөөр ижилдэн дасаж, гал голомтоо бадраасан даа, бид хоёр.
-Амьдралд магнайгаа хагартал баярламаар жаргалтай, сөхөрч унамаар зовлонтой үе тохиолдохыг алийг тэр гэх вэ. Ээж хэмээх алдрыг хайрласан том хүүгээ сонсголын бэрхшээлтэй болоход хүнд байсан нь мэдээж. Эмчлүүлэх боломж бий юү?
-Энэ талаар ярихаар сэтгэл эмтэрдэг. Үнэхээр харамсалтай. Төрсний дараа эмчийн хариуцлагагүйгээс болж хүү минь хүйн халдвар авсны улмаас сонсголын бэрхшээлтэй болсон. Өвчтэй, хөгж- лийн бэрхшээлтэй ч байсан хамаагүй амьд сэрүүн, ээжийнхээ нүдэнд харагдаж яваа нь хамгийн сайхан. Хэрвээ тухайн үед эндчихсэн бол хэн дифлимпийн олимпоос медаль хүртэн, ээждээ үнсүүлэх вэ. Би ер нь амьдралд сөхөрч, шантарч үзээгүй. “Зовж, зүдэрч байна” гэж бодохыг ч хүсдэггүй. Амьдралыг далай гэж төсөөлбөл ханьтайгаа хамт сэлээд л орчихсон. Миний бага нас эцэг, эхийн хайр, халамжид бялуурч өссөн ч нялцгай бус хатуужилтай байхыг хичээдэг.
-Хүүхдүүдээс тань Харүмафүжи аавтайгаа илүү адилхан. Тэгээд бас барилдахаас гадна шүлэг бичих авьяасыг дуурайсан нь ховор тохиолдол байх.
Тийм шүү. Бямбаа сайхан зурдаг. Надад зориулж олон зураг зурсан. Хань минь бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй, зөв хүн байсан. Багадаа өнчирч, амьдралын хатуу хүтүүг үзсэн нь тэгж хүмүүжихэд нөлөөлсөн байх. Манай хадам аав мундаг хүн байсан юм. Хүүхдүүддээ зориулж бичсэн нэг захиас байдаг. Хорин настайдаа тэр захиаг нь уншсан мөртлөө өдий хүртэл бичгийнх нь хэв, хүүхдүүдээ хэрхэн тодорхойлсон нь санаанаас ер гардаггүй юм. Тийм мундаг хүний хүүхдүүд тэгж хүмүүжихээс яах вэ.
-Харүмафүжи Д.Бямбадоржийг мэргэжлийн сүмоч болоход Р.Давааням заан дургүйцсэн гэдэг юм билээ. Аавд нь үндэсний бөхөөр барилдуулах сонирхол илүү байсан юм болов уу?
-Ер нь тэгж хэлж болно. Өвгөн минь Бямбааг үндэсний бөх юм уу, жүдогоор барилдуулах сонирхолтой байсан. Тэгж байтал сүмогийн сонгон шалгаруулалтад тэнцчихлээ. Баянхонгор аймагт томилолтоор явж байх нь ээ гэнэт тэр тухайгаа дуулгасан. Тэгж явж байгаад Гурванбулаг суманд чонотой таарч, тэр гантай жил сэмжин үүлнээс бороо ороход нь их бэлгэшээсэн. Бямбааг мэргэжлийн сүмоч болохоор Япон явахад нь аав нь таатай байгаагүй ээ.
-Хүүгээ харийн нутгийг зориход нь юу гэж захиж, зөвлөсөн бэ?
-Манай удмынхан үр хүүхдээ зүйр сэцэн үгээр сургадаг онцлогтой. “Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг юм шүү, миний хүү. Тэсвэр, хатуужилтай байж зорьсондоо хүрээрэй” гэж захисан.
-Доод зиндааны бөхчүүдийн барилдаан зурагтаар гарахгүй. Утсаар ярьж, хүүгээс тань захидал ирэхээр л санасан сэтгэлээ тайтгаруулдаг байв уу?
-Дэвжээнийхэн нь Бямбааг тэр бүр захиа бичүүлж, утсаар яриулдаггүй байсан. Хааяа нэг утсаар ярина. Бас болоогүй ээ “Д.Бямбадоржтой ярья. Яриулаад өгөөч” гэх зэрэг япон үг сурчихсаан. Хүү маань “Зовлого зовохоос зориг мохохгүй. Хүү нь чадна аа” гээд л инээнэ. Бямбааг их санаснаас болоод хөх байсхийгээд л өвдөнө. Нэг удаа ээж “Хүүгийнхээ араас цай сүүнийхээ дээжийг өргөдөг байхад чам шиг ингэж усан нүдлэдэггүй юм. Яагаад маяглаад байгаа юм бэ” гэж зад загнаж билээ. Тэрнээс хойш аль болох сэтгэлийн тэнхээтэй, хатуужилтай байхыг хичээсэн. Ээж минь тийм агуу хүн байсан юм. Хүү минь дээд зиндаанд дэвшихээсээ өмнө Аминишикигийн туслах хийдэг байв. Өвгөн бид хоёр сүмогийн барилдаан гарахаар л “Аминишики барилдах цаг хурдан болоосой” гээд л догдлоод суудаг сан. Учир нь Аминишики барилдахаар сүмогийн ордон руу орж ирэхэд туслахуудыг нь хальт гаргадаг юм. Зураглаачийн камерт өртөхгүй байх нь энүүхэнд. За тэгээд хүүгээ хальт ч болтугай зурагтаар үзэхээр уулзсан юм шиг сайхан болно. Оройжингоо ханьтайгаа хамт тэр тухай ярьж, хөл газар хүрэхгүй шахам баярладаг байлаа. Жюүрёо зиндаанд дэвшин өөрийн гэсэн өрөөтэй, цалинтай, туслахтай болсных нь дараа сэтгэл харьцангуй амарсан. Сүмогийн нэвтрүүлгээр Японы нэг настай хүн “Амаг харахаар манай үндэсний самурай харагддаг” гэж хэлэхэд нь хүүгээрээ их бахархсан. Самурай бол монголчуудынхаар үндэсний баатар, шилийн сайн эр. Жаахан хүүг минь самурайтай зүйрлэсэн нь гүн сэтгэгдэл үлдээсэн шүү. Үлгэр жишээ байсан болохоор л тэгсэн байх. Өвгөн минь нэг өдөр бөөн баяр болсоор гэртээ ирсэн нь санаанаас ер гардаггүй юм. Юу болсныг лавласан чинь “Өнөө өглөө явж байтал нэг согтуу хүн машины араас холддоггүй ээ. “Аминаасаа уйдсан шаар вэ” гээд очтол намайг гайхаад хараад байна шүү. Би ч дотроо “Намайг таньж” гэсэн шүү юм бодож байтал “Хүүе, Амагийн аав байна шүү дээ” гэдэг юм даа. Өмнө нь Давааням зааны хүү гэдгээр нь илүү мэддэг байсан бол одоо Бямбаа минь олны хайртай тамирчин, бидний бахархал болжээ” гээд инээмсэглэсэн.
-Сүмоч болгохоо больё, дэмий юм байна гээд халгаж, халширмаар үе хэр олон тохиолдов?
-Өө, ёстой тоймгүй их. Жюүрёод дэвшсэнийх нь дараа буюу 2005 онд өвгөн бид хоёр бэлтгэлийг нь очиж үзсэн юм. Тэр дүр, зураг үнэхээр хэцүү. Шавар, шалбааг болсон хатуу дэвжээн дээр барилдаад, унасныхаа үснээс чирч алхаад л. Зүрх шимшир- мээр. Бямбаа “Их ядарсан, туйлдсан үед үснээсээ татуулаад явахаар тэрүүхэн хооронд бие амардаг” гэсэн. Дагваа (Д.Дагвадорж) “Сүмогоор барилдана гэдэг чинь жинхэнэ алаан байхгүй юү” гэсэн нь яг үнэн юм билээ. Би тэр бэлтгэлийг эхэлснээс хойш буруу харж суусаар байгаад дуусгасан. Ерөөсөө үзэж зүрхлээгүй. Тэндээс гарахдаа хүүдээ “За ёстой аймаар юм байна. Би дахиж сүмогийн бэлтгэл үзэхгүй” гэсэн. Тэрнээс хойш Бямбаагийн бэлтгэл дээр ганц ч удаа очоогүй.
-Заан юу гэсэн бэ?
Уйлаад л байсан. Юу ч дуугараагүй.
-Р.Давааням заан хүүгээ дээд зиндаанд түрүүлэхийг нь үзэж амжаагүй. Баяр, харуусал хосолсон тэрхэн мөчид юу бодогдох юм бэ?
-Өвдөг шороодолгүйгээр түрүүлсэн Кюүшюү башёгийн сүүлчийн өдрийн барилдааныг сүмогийн ордонд очиж үзсэн юм, би. Түрүүлэх болзлоо өмнөх өдөр нь хангасан учраас тэр. Надад “Энэ сайхан баярт өдөр аав нь амьд сэрүүн байсан болоосой. Хүүгээ түрүүлэхийг харсан бол хэчнээн сайхан бэ” гэж харамссан. Бямбаа тэр башёд хоёр аварга (Д.Дагвадорж, М.Даваажаргал)-ыг өвдөг шороодуулан түрүүлэхдээ озэки цол хүртсэн. Аав нь “Миний хүү жижигхэн биетэй юм чинь заавал аварга болох гээд яах вэ. Арслан цол хүртвэл мөн ч сайхан аа” гэдэг байсан нь бодогдоод л. Нөгөөтэйгүүр, тэгэхэд сэтгэлийн хүлээс, зовлон тайлагдсан. Сэтгэл дотроос том чулуу аваад хаячих шиг л болсон. Түрүү бөхийн шагнал гардуулж эхэлснээс дуусан дуустал нь би уйлж суулаа. Хүү минь намайг тэгж магнай хагартал баярлуулсан, миний ачийг хариулсан. Бямбаа анхны түрүүгээ хүртсэний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээж минь миний амьд сахиус” гэж дурдсан байна лээ. Яг энэ мөчид би “Гурван хүүгээрээ үргэлж бахархдаг. Бямбаа минь миний амьд сахиус” гэж хэлэхийг юу юунаас илүү хүсэж байна.
-Харүмафүжи гал шиг асаж явахдаа харамсалтайгаар зодог тайллаа. Зарим хүн аваргаа өмөөрч, цөөнгүй нь шүүмжилж байна. Саяны болсон хэргийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хүү буруугүй. Буруутгах юм хийгээгүй, хийх ч үгүй учраас тэр. Хүүгээ буруугүй гэж хаана ч нүүр бардам хэлнэ. Буруутай, мөнгөний ашиг сонирхолтой хүмүүсийн бай л болсон төдий. Бямбаа эх орон, монгол түмнийхээ нэр хүндийг хамгаалахын төлөө бүхнээ хайр найргүй золиослосон, чадах бүхнээ хийсэн. Их ухаан гаргасан. Би хүүгээ худлаа магтаж байгаа юм биш шүү. Үнэн нь л энэ. Үүний цаана асар том асуудал бий. Өчүүхэн зүйлээс болж итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Өвгөн минь шүлгэндээ “Итгэл алдахыг үхсэнд тооц” гэж бичсэн. Энэ бол манай гэр бүлийн философи. Хэрэг гарснаас хойш манай гэр бүлийнхэн хэн нэгнийг буруутгаж, зөвтгөн ямар нэг юм ярилгүй хүлээцтэй хандсаар өдий хүрсэн. Энэ талаар өөр юм хэлмээргүй байна. Хүмүүс өөрсдийнхөөрөө л дүгнэг. Хэлэх болоогүй. Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно. Хүү минь монгол түмнийхээ нэр хүндийг сэвтэхээс сэргийлж, зодог тайлчихаад байхад тэрний зөв, энэний буруу гэх нь илүүц. Монголчууд төдийгүй япончууд Бямбаад ямар их хайртай, хүндэтгэдгийг сая бүр их мэдэрлээ.
-Монгол сүмочдоос иргэншлээ сольж, ояаката болсон хүн цөөнгүй. Аваргад ч тийм боломж бий. Харүмафүжи эх орондоо ирэх, дасгалжуулагч болох, эсэх нь хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа нь мэдээж. Аварга алийг нь илүү чухалчилж байгаа бол?
-Монголдоо ирнэ, эх орондоо амьдарна. Алгаа тосон угтах эх орон, ах дүүтэй хүн сайхан. Мэргэж- лийн сүмо чанга хатуу дэг жаяг, соёлтой. Мэдээж өнөөдөр зодог тайлангуутаа маргааш Монголдоо ирэх боломжгүй. Японд хийж дуусгах ажил түүнд зөндөө бий. Түүнийгээ дуусгачихаад дараа жил юм уу, 2020 оноос эх орондоо ирэх байх. Хүү минь хандивын аянд үргэлж гараа сунгадаг. Олон хүн бизнесийн санал тавьдаг ч алийг нь ч хүлээн зөв- шөөрдөггүй. Удаан ярилцаж, бидэнтэй зөвлөж байгаад боловсролын салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн. Үүнийгээ ажил хэрэг болгохоор “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрахтай хам- тарсан. “Шинэ Монгол-2” гэдэг нэртэй сургууль ирэх намар ашиглалтад орно.
-Та хэзээ Япон руу буцах вэ?
-Энэ долоо хоногийн сүүлчээр буцна. Бямбаа гурван хүүхэдтэй. Монгол ёс заншил, ахуйтай нь аль болох ойр өсгөж байгаа. Ач нар минь монгол хоолонд дуртай. Өглөө сэрэнгүүтээ “Банштай цай ууя” гээд шулганадаг юм. Одоо “Эмээ хэзээ ирэх вэ. Санаад байна. Хурдан ирээрэй” гээд л яаруулаад байгаа.