Монголын шинжлэн магадлах ухаан (криминалистик)-ы амьд түүх, энэ салбарын анхны мэргэжилтнүүдийн нэг, Гавьяат багш, доктор, профессор, хурандаа Совдын Бадарчитай ярилцлаа. Цэргийн алба хаах хүсэлдээ хөтлөгдөн Цэрэг татлагын комисст сайн дураараа бичээч хийж, даргатай нь хуйвалдах шахам байж цэрэгт мордсон тэрбээр тэр цагаас хойш дүрэмт хувцсаа тайлалгүй, цэрэг, цагдаагийн байгууллагад алба хааж, дээд мэргэжилтэй анхны криминалистикчдын нэг болсон юм. Өвгөн багш нас сүүдэр 80 гарсан хэдий ч өөрийн сурсан мэдсэн эрдмээ залууст түгээсээр явна.
I ПЕТР ХААНЫ БАРИУЛСАН ШИЛТГЭЭНИЙ СУУРЬ ХӨВСГӨЛ ДАЛАЙД БИЙ
-Таныг Монголын шинжлэн магадлах ухаан төдийгүй төрсөн нутаг усныхаа түүхийг судлан арвин материалтай болсон гэдэг юм билээ. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу шинжлэн магадлах ухааны түүхийг судалсан байж таарна. Харин төрсөн нутаг усныхаа түүхийг судлахад багагүй цаг зав зарцуулсан байх.
-Хүн судалж буй шинжлэх ухааныхаа түүхийг мэдэх нь зайлшгүйтэй адил төрсөн нутаг ус, зон олныхоо түүх, соёлыг бас мэдэж байх хэрэгтэй юм даа. Тэр үүднээс нутаг орныхоо түүхийг бага сага судалж, дэвтэрлэсэн. Би Монгол Улсынхаа хойморт буюу Хөвсгөл аймгийн Ханх суманд төрснөөрөө их бэлгэшээдэг. Хөвсгөл далай гэж монголчууд нэрлэдэг нь учиртай юм билээ. Далай гэдэг бол усны нэр биш цол юм гэж тользүйч Я.Цэвэл гуай бичсэн нь бий. Тухайлбал, хүчтэй хүнийг Далай их чадалтай, баян хүнийг Далай баян, эрдэмтэй хуврагийг Далай лам, Далай багш гэх мэт. Тэгэхээр Хөвсгөл далай гэдэг бол хүндэтгэсэн цол байх нь. Би Хөвсгөл далайнхаа эрэг дээр, Бүрэнхаан уулынхаа өвөрт төрж, өссөн. Миний аав Ховд аймгийн Дарви сумын хүн. Аав минь 13 настайдаа нутгаасаа гарсан гэдэг юм. Тэгээд Яруугийн, Рашаантын хүрээнд шавилж, дараа нь хавчиг үүрээд бадарчилсан гэнэ лээ. Бүр Байгал далай хүрсэн гэж ярьдаг. Тэгээд буцаж, Ханхад нутаглажээ. Энэ нутагт ирээд ижийтэй гэр бүл болж, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсний хоёр дахь нь би, төмөр морин жил эхээс мэндэлсэн. Ижий минь буриад хүн байлаа. Нутаг орны түүх гэснээс манай нутаг хойноосоо нэлээд танагдсан тухай олон баримт надад бий. Ижийн хонь хариулж явсан нутаг одоо ОХУ-ын хилийн цаана байдаг. Монгол, Оросын хилийн тодотголоор 1986 онд дахин нэлээд газрыг хойд хөршийнхөн авчээ. Хилийн хэлэлцээрт оролцсон генерал Б.Цэдэн-Ишээс тухайн үед би тодруулахад “Манайхан танай нутагт нарны цахилгаан станц байгуулсан юм. Тэр станцаа газартай нь авчихмаар байна” гэж шахсаар байгаад хилээ манайх руу татсан гэсэн. Манайхны нутаглаж байсан Монгол Оросын хилийн цаана Монд гэдэг нэртэй болчихсон байж байна. Энэ мэтчилэн Монголын Уушиг уул Наушке болчихсон байх жишээтэй. Тэр ч бүү хэл 1716 онд I Петр хаан нь Хөвсгөл далайд шилтгээн барих зарлиг гаргаж, энэ ажлыг Эрхүүгийн гарнизоны захирагчид даалгажээ.
-Тэр шилтгээнийг тэгээд барьсан уу?
-Барихаар барах уу. Хөвсгөл далайн хойд эргээс 200 шахам метр дотогш, усан дунд барьсан юм. Шилтгээнээс далайн эрэг хүртэл чулуун зам тавьжээ. Тэр чулуун зам, шилтгээний суурь одоо ч бий. Чулуун замаар явах юм бол шилтгээний тууринд хүрнэ. Туурины нэг хэсэг нь уснаас цухуйж байдаг юм. Шилтгээн барьсны дараа нутгийн иргэд эсэргүүцэж, түүнийг нь нураагаад оросуудыг буцаажээ.
Хилийн харуул Хайдав гэж мундаг хүн байж. Оросууд хилийн баганаа манай нутгийн 200 шахам км-ийн гүнд аваачаад босгосон байхыг мэдээд түүнийг нь буулгаж, хуучин байранд нь тавьжээ. Хилийн будлианы энэ зарга Манжийн хаанд хүрч байж шийдэгдсэн байдаг. Харин сүүлд нь “Хилийн харуул Хайдав үл мэдэгдэх шалтгаанаар нас барлаа” гэсэн баримт үлджээ. Нутаг усныхаа, хүн зоныхоо тухай энэ мэт түүхийг баринтаглан, олны хүртээл болгосон.
-Та сургууль соёлын мөр эрт хөөжээ дээ?
-Тэгсэн тэгсэн. Долдугаар анги төгсөөд сумын сургуульд таван жил багшлав даа. Тэгж байтал цэрэг татлага болдог юм байна. Цэргийн алба хаамаар санагдаад, Цэрэг татлагын комиссын даргатай уулзаж “Би таны хажууд сууж бүх бичиг баримтыг чинь хөтөлж өгье, харин та намайг цэрэгт авна шүү” гэтэл дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Ингэж 1953 онд цэргийн алба хаахаар явлаа. Цэрэгт явсан биш завшаантай юм болж Цэргийн ерөнхий сургуульд орчихдог байгаа. Сургуулиа төгсөөд НАХЯ-нд хуваарилагдсан. Ажиллаж байх зуураа аравдугаар анги, Марксизм, Ленинизмийн оройн их сургууль төгсөөд авлаа. Яамныхаа, Цагдан сэргийлэх газрын намын хороонд зааварлагч хийж байтал Шинжлэх ухаан техникийн хэлтэс гэж байгуулдаг юм байна. Энэ хэлтсийн ажил их сонирхолтой санагдаад тэнд ажиллах хүсэлт гаргаснаар шинжээч болсон. 1963 онд Москвад Дотоод явдлын яамны дээд сургуулийн Криминалистикийн ангид суралцаж төгсөөд, ирээд Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангид багшилснаас хойш өнөөг хүртэл эрдэм номын мөр хөөж явна даа.
ХУБИЛАЙ ХААН ХҮН НАС БАРСАН ШАЛТГААНЫГ ЗААВАЛ ТОГТООЖ БАЙХААР ХУУЛЬЧИЛСАН
-Манай улс гэмт хэрэгт шинжлэн магадлал хийж эхэлсэн нь хэдийнээс юм бол?
-Тэр их сонирхолтой түүх байдаг юм. Судалгаа хийхээр эрдмийн ажлын сэдэв авч архивын материалтай танилцлаа. 1922 онд Дотоодыг хамгаалах газрын дэргэд криминалистикч зурагчин гэдэг ажил бий болгож, лаборатори байгуулжээ. Энд гэмт хэрэгтний зургийг криминалистикийн шинжлэх ухаанд зааснаар эгц урдаас, баруун, зүүн талаас нь гэх мэтээр авч архивлаж эхэлсэн байна. Дараа нь эрүүгийн хэргийн тоо бүртгэлтэй болсон. 1933 онд Дотоод явдлын яамны ажилд дактилоскоп (гарын хээ авах) нэвтрүүлэх маршал Чойбалсангийн тушаал гарсан байдаг юм. Ингээд 1944 онд мөн л маршлын тушаалаар гэрэл зураг, гарын хээ авах, тоо бүртгэл, эрэлч нохойн албыг нэгтгэн Шинжлэн магадлахуйн IV тасаг байгуулжээ. Энэ тасгийг байгуулахтай зэрэгцэн мэргэжилтнүүдээ Орос улсад бэлтгэж эхэлсэн. Анхны хоёр хүнийг гарын хээ авахад суралцуулсан. Энэ тасаг хөгжсөөр одоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн боллоо. Оросууд 1907 онд Санкт-Петербургт лаборатори байгуулснаар криминалистикийн түүхээ бичиж эхэлсэн байдаг юм.
-1930-аад оноос гэмт хэрэгт шинжээч томилон ажиллуулж байжээ. Тухайлбал, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан зохиолч Д.Нацагдорж, тользүйч Я.Цэвэл нарыг нэг хэрэгт бичгийн шинжээчээр томилсон байдаг.
-Тийм тохиолдол бий. 1930-аад онд улс төрийн цуурхал тарж, ухуулах бичиг энд тэнд наах болсон юм байж. Энэ бичгийг хэн бичив гэдгийг тогтоохоор Судар бичгийн хүрээлэнгээс Нацагдорж, Цэвэл, Дотоодыг хамгаалах газрын ажилтан Донров нарыг Дотоод явдлын яамнаас шинжээчээр томилжээ. Тэд ухуулах бичгийг бичгийн хэвээр нь шинжилж дүгнэлт гаргасан байдаг. Тэр дүгнэлтэд “Бийрийн үзүүр хурц бөгөөд нарийн, бичсэн хэв маягаас үзвэл энэхүү бичгийг Авзага хайрхан хошууны Аюушжав гарцаагүй үйлдсэн байна” гэж дурджээ. Хүнийг санаатай буудсан, Налайхын уурхайгаас мөнгө завшсан орос иргэдийн хэрэгт мөн шинжээч томилж, тэднийг хэрэг үйлдсэн гэдгийг нь хөдөлшгүй тогтоосон байдаг. Тэр ч бүү хэл Богд хаант Засгийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн Хас гэдэг бандид холбогдох хэрэгт маарамба шинжээч томилж, гарцаагүй нотолсон баримт бий. Тэр хэрэгтнийг хааны зарлигаар цаазалжээ. Манайхан 1813 оноос 1915 он хүртэл эрүүгийн хэргийн тоо бүртгэл хөтөлж байсан нь архивт хадгалагдаж байна. Үүнийг үзэх юм бол сонин сонин юм их бий. Монголчууд байгальдаа их харам ханддаг байж. Тухайлбал, Чингэлтэй уулнаас мод огтолсон, Богд ууланд буга агнасан тэр тэр нарыг тэгж шийтгэлээ гэсэн бүртгэл олныг харж болно. Энэ мэтээр шинжлэн магадлахуйн түүхийг хөөвөл эртнээс эхтэй. 1733 онд Улиастай 200 монгол цагдаатай байжээ. Тэд зөвхөн манж амбаныг хамгаалаад зогсохгүй, хууль дүрэм сахиулагчид байсан юм.
-Нас барсан хүнд задлан шинжилгээ хийж, хүн ер хэдэн ястай юм бэ гэдгийг хүртэл монголчууд тоолж байсан баримт байдаг гэсэн.
-Яг үнэн, Хубилай хаан олон хууль цааз гаргасны дотор Анагаахын хууль гэж байж. Тэр хуульд хүн анагаах 13 төрлийн эрдмийн нэгийг нь л сураагүй бол тэр хүнд өвчтөн эмчлэх эрх олгож болохгүй гэж заажээ. Энэ хуульд нас барсан хүний үхлийн шалтгааныг тогтоох 307 цэгийг зааж өгсөн. Энэ бүх цэгийг нэгбүрчлэн нягталж байж тэр хүн ямар шалтгаанаар нас барав гэдгийг тогтоож байхаар хуульчилсан гэхээр их шинжлэх ухаанчаар ханддаг байсан нь харагдана. Тэгэхээр шинжлэн магадлах гэдэг ухаан манайд их эртнээс улбаатай байх нь.
-Анхны дээд мэргэжлийн шинжээчдийг хэзээнээс бэлтгэсэн байдаг юм бол?
-ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуульд бэлтгэж, дээд мэргэжлийн анхны шинжээч 1964 онд төгсөж ирсэн. Би 1967 онд төгсөж, тав дахь мэргэжлийн шинжээч болсон юм даг. Энэ оноос криминалистикийн шинжлэн магадлалыг Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1967 оноос Цэргийн тусгай дунд сургууль, НАХЯ-ны Цэргийн дээд сургууль, Цагдаагийн академид зааж ирсэн. Энэ хугацаанд материаллаг бааз, криминалистикийн багаж төхөөрөмж эрс сайжирч, өнөө үед дэлхийн түвшинд хүрээд байна. Одоо ямар ч шинжилгээг манай залуус хийдэг болсон. Хууль сахиулахын их сургуульд мэргэжлийн шинжээчдийг бэлтгэж байгаа. Аймаг бүрт Шүүхийн шинжилгээний алба бий. Орон нутагт ямар ч гэмт хэрэг гарсан төвөөс шинжээч дуудахгүйгээр өөрсдөө бие даан шин- жилгээ хийдэг боллоо.
-Та ямар төрлийн шинжилгээг голлон хийдэг байв?
-Залуу байхад гарсан хэрэг бүрт шинжээчээр оролцохыг хүсдэг байж. Орон нутагт томилолтоор их ажилласан. Хөдөө томилолт гарвал “Би явъя” л гэдэгсэн. Бичгийн шинжилгээнд намайг голлон ажиллуулдаг байлаа. Галт зэвсгээр үйлдэгсэн гэмт хэрэгт Т.Моюг шинжээчээр ажиллуулна. Т.Мою гуай зэвсгийн мэргэжлийн хүн л дээ.