Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On’n off” продакшны захирал, найруулагч, продюсер С.Ононбаттай ярилцлаа.
-Үндэсний телевизийн ахмад найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Янжмаа гуай таны ээж. Урлагт дурлахад ээжийн тань нөлөө их байв уу?
-Би хотод, тэр дундаа Улсын циркийн зүүн талд 220 мянгатад өссөн. Урлагийн хүн болохыг мөрөөдөөгүй гэвэл худлаа ярьсан болно. Хүүхэд байхдаа ээжийнхээ нөлөөнд автан телевизийн урлагт татагдсан. Аав минь инженер. Аавынхаа техник сэтгэлгээг, ээжийнхээ урлагийн мэдрэмжийг дуурайсан юм болов уу даа.
-Урлагийн юунд нь тэгтлээ татагдав?
-Яг үнэндээ хөгжим намайг урлаг руу татсан гэвэл арай онох байх. Тэр дундаа гитар. Тав бил үү зургадугаар ангидаа ахаараа заалган, гитар тоглож сурсан. Сургуулийн хамтлагаас авахуулаад “БитСоно”, “Мөнгөн харандаа” хамтлагт тоглож байв. Нэг хэсэг хөгжим хөөсөн л дөө. Гэтэл ээж “Хөгжим бол ажил биш. Тогтсон ажил эрхлэх ёстой” гэснээр Үндэсний телевизийн босгыг анх давж байлаа.
-Ажлын гараагаа тайз засалчаас эхэлсэн гэдэг.
-Тэгсэн. Бүх шат дамжлагаар нь ажиллаж, найруулагч хүртэл явсан.
-Гэхдээ телевизэд удаагүй байх аа?
-1989-1991 он хүртэл Үндэсний телевизэд, дараа нь “Улаанбаатар” (одоогийн UBS) телевизэд ажиллан, уран бүтээлийн анхны шанг нь таталцсан. Ингээд 1993 онд “On’n off” продакшнаа байгуулсан. Би уг нь дууны найруулагч болъё гэж боддог байв. Дунд сургуульдаа сурлага ч сайтай хүүхэд байлаа. Гэтэл миний сонирхсон мэргэжлийн хуваарь байгаагүй. Инженерийн чиглэлээр Герман, Чехэд суралцах боломж байсан ч яваагүй.
-1990-ээд он гарч, зах зээлд шилжсэнээр урлагийнхан ч ганзагын наймаанд явж эхэлсэн шүү дээ. Гэтэл та продакшн байгуулахаар зориглож. Шатчих вий гэж халгаагүй юү?
-Үгүй ээ. Гэхдээ тэр үед хүмүүс продакшн гэж мэддэггүй л байсан. Бидний тэнэгийг гайхах хүн ч олон. Энэ чиглэлээр ажиллах сонирхолдоо л хөтлөгдсөн хэрэг. Нөгөө талаас, телевизэд байхдаа ч тийм ажил хийдэг л байсан юм чинь. Гэхдээ мөнгөөр хийж байсан нь цөөн.
Тиймээс цааш нь хөгжүүлж ажиллавал боломж байгаа нь харагдсан. Би ч гэсэн наймаанд явж үзсэн. Гэхдээ надад зохих ажил биш байна билээ.
-1993 онд төлбөр төлөөд реклам хийлгэх компани, дуугаа мэргэжлийн түвшинд дүрсжүүлэх уран бүтээлч олох хэцүү байсан уу?
-Эхний зургаан сар захиалга авч огт чадаагүй. Ямар сайндаа өөрсдөө компаниудаар орж, реклам гэж ийм зүйл байдаг, ингэж бүтээдэг, ингэснээр ашиг орлого ингэж нэмэгддэг гээд бараг л хичээл зааж явах вэ дээ. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүнээ хараад бүгд сэтгэл ханамжтай үлддэг байсан.
-Анх аль хамтлаг, дуучны клип, ямар компанийн рекламыг “үйлдвэрлэж” байв?
-Үндэсний телевизэд Арилжаа сурталчилгааны алба гэж байлаа. Тэнд гоо сайхны бүтээгдэхүүний, намуудын сурталчилгаа их хийсэн. Бас олон ч уран бүтээлчийн клип хийсэн. Бас гитарчин Вовка (Д.Энхболд)-гийн “Цахлай” гэж клипийг бүтээсэн санагдана. Араас нь “Харанга”-ын “Манан”, “Соёл-Эрдэнэ”-ийн “Бүргэд”-ийг “On’n off”-оо байгуулсны дараа үргэлжлүүлэн хийсэн дээ.
-Тэгвэл ямар тоглолт анх найруулав?
-1993 онд байх аа. “Суму” телевизид байхдаа “Пентатоник” гэж нэвтрүүлэг хийж байлаа. “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Б.Сарантуяа, Б.Батчулуун, Л.Тайванбат “Хурд”-ын Д.Отгонбаяр, Н.Наранбаатар нар оролцоод л. Зургийг нь РЦНК-д авсан санагдана.
Урлагийнхныг бизнесийнхэнтэй холбосон анхны арга хэмжээ. Дараа нь “Хөх тэнгэр”-ийн тоглолтыг 1994 онд найруулсан. Дөрвөн өдөр СТӨ-г дүүрэн үзэгчтэй байлгасан шүү.
-Тоглолт болоход хүмүүс дуучин, жүжигчин, хөгжимчдийг л хардаг. Арын албаныхны нэр дурдагдахгүй өнгөрөх нь энүүхэнд. Тайз засалч, дууны найруулагч, гэрлийн техникч, тоглолтын найруулагч гээд арын албаныхныг манайд хангалттай үнэлж чаддаг уу. Танд харамсалтай санагддаг уу?
-Бид гүйцэтгэгч. Заавал олны танил байх албагүй. Миний хийж байгаа ажил дандаа тайзны ард өрнөдөг учраас хүмүүс мэдэх албагүй.
-Хамтлаг, дуучдын тоглолтыг найруулах явцад санал зөрөлдөх үе гарах уу?
-Санал солилцох үе бий. Түүнээс биш зөрөлдөхгүй. Би өөрийнхөө гаргасан зохиол, санаа, байр суурийг хатуу хамгаалдаг.
-Ээжийнхээ үгэнд орж Үндэсний телевизэд ажиллаагүй байсан бол та өдийд юу хийж яваа бол. Энэ талаар өмнө нь төсөөлж бай сан уу?
-Гитараа тоглоод л явж байгаа даа. Өөрөөр төсөөлж чадахгүй нь.
-Та амьдралдаа сэтгэл хэр хангалуун явдаг вэ?
-Маш хангалуун. Би дуртай зүйлээ, хүссэн үедээ хийн амьдарч байгаа. Энэ чинь л сэтгэл ханамж шүү дээ. Ер нь аливаа ажлыг дурлаж л хийх хэрэгтэй. Тэгж байж илүү бүтээмжтэй, үр дүнд хүрнэ.
-“Соёл-Эрдэнэ”, “Хөх тэнгэр”, “Мөнгөн харандаа”-гаас авахуулаад бараг бүх хамтлаг, дуучинтай та ажилласан байх. Цаг үеэ дагаад уран бүтээлийн хэв маяг өөрчлөгдөх нь зүйн хэрэг.
Гэхдээ ур чадвар, уран бүтээлийн өнгө аяс улам л бэлэнчлэх тал руу хэлбийгээд байх шиг санагддаг.
-Уран бүтээлчдийн хэв маяг өөрчлөгдөж, олон урсгал чиглэлээр туурвих нь ойлгомжтой. “Соёл-Эрдэнэ”, “Харанга” гээд ах нарын үед уран бүтээлчдийн хөгжим тоглож, дуулах чадвар нь илүү байсан гэж хэлж болно. Тэр үед ямар фонограмм гэж байсан биш. Технологи хөгжихийн хэрээр дуучдын дуулалт ч өөрчлөгдөж, дууны найруулагчийн тоо нэмэгдсэн.
Тэр хүн дээр тулгуурлаж хөгжмийн бүтээлүүд төрдөг болсон. 2010 оноос хойш ур чадварт анхаарах биш, стиль, маягийг л илүү хөөж байна. Сайхан аятай дуу цөөхөн болсон. Одоо яагаад хуучны дуунуудыг сэргээж дуулаад байна гээч. Аялгуу сайтай, сонсголонтой болохоор тэр.
-Тэр хэрээр дууны наслах хугацаа ч богиносож байх шиг. Энэ нь чанар муутайд уу, эсвэл хүмүүсийн мэдээлэл авах, харьцуулах эх сурвалж олон болсонтой холбоотой юу?
-Харьцуулах зүйл олонтой учраас тэр байх. Түрүүн ярьсан шиг хэлбэр хэт хөөснөөс ч болсон.
-Гараагаа эхэлж буй залуу уран бүтээлчид юун дээр хамгийн их алддаг вэ. Анзаарах нь ээ, тэдэнд жудаг гэж зүйл байхаа больчихсон мэт харагддаг.
-Урлаг гэлтгүй бүх зүйлд л эрэмбэ дараа, ах зах, жудаг бий. Энэ бол бичигдээгүй хууль. Бид ах нарынхаа хажууд элдэв юм ярихаас ч эмээдэг байлаа. Одоо бол арван хүн таньдаг болонгуут өөрийгөө од мэт сэтгэдэг хүүхдүүд олон болжээ. Яс юман дээр үеийнх нь арван хүүхэд л мэднэ үү гэхээс бусад нь таних ч үгүй. Гэтэл дорд үзээд буй ах нарыг нь улс даяараа мэддэг л байхгүй юү. Яах вэ, аяндаа унаж, босохоороо хүүхдүүд ойлгоно оо.
-Танд тэгж хамраа сөхсөн үе бий юү?
-Тийм үе байдаг юм. Бүгд л туулаад гарна. Надад ч байгаагүй биш, байсан. “БитСоно” хамтлагт байхдаа тоглолтоо хийж, СТӨ-г хоёр өдөр дүүргэн, хүн нь багтахгүй, цонхнуудыг нь хагалж, галын хөшиг буулган тоглолтоо дуусгаж байсан удаатай. Гудамжаар явахаар хүмүүс таниад л. Тэр үед өөрийгөө тоож явсан үе бий.
-Тэр ойворгон зан хэдийд, хэрхэн дарагддаг юм бэ?
-Хүний ухаан л мэднэ дээ. Телевизэд ажилласан минь надад их нөлөөлсөн. Тэнд ажиллаагүй бол онгироод л явж байх байсан ч юм бил үү. Аав, ээж минь ч их нөлөөлсөн. “Жаахан амжилтдаа эрдэж болохгүй. Амьдрал урт шүү” гэж хатуухан сануулсан. Одоо пээдэлзэж байгаа хүүхдүүд ч аяндаа үүнийг ойлгоно. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дээ. Хүн даруухан л амьдрах хэрэгтэй. Харин хийж чаддаг зүйлээ “Би чадна” гэж ам бардам хэлдэг байх учиртай. Гэхдээ маш сайн хийдэг байж л тэгж ам гарна шүү.
-Сүүлийн үеийн уран бүтээлчид тайзнаас хурдан бууж буйн учир юу вэ?
-Л.Тайванбат бол Монголд хөвгүүдийн хамтлаг гаргаж ирсэн анхны продюсер. Уран бүтээлч төдийгүй хамтлагийн гишүүн ямар байх ёстойг “Камертон”-ыхонд сургасан юм. “Камертон”-ыхон ч хамтдаа байвал ямар хүчтэйг ойлгосон. Би тус хамтлагийн анхны клипүүдийг хийж, “Төгсөшгүй” цомогт зориулсан баримтат киног бүтээж байлаа. Тэд хэзээ ч мөнгө олъё гэж бодоогүй.
Чанартай, сайн уран бүтээл хийе гэдгээ зорилго болгосон. Дараа нь түүгээрээ мөнгө олж болохыг мэдэж байсан. Гэтэл одоогийн хүүхдүүд бушуухан л мөнгө олж, нэрд гарахыг урьтал болгож буй. 1989 онд хүсэл, сонирхлоороо нэгдсэн “Харанга” хамтлагийнхны зорилго нь мөнгө олох байсан уу. Үгүй шүү дээ. Тэд чанартай, сайн уран бүтээл хийхийг эрмэлзэж байсан юм. Ийм болохоороо л тэд урт настай.
Гэтэл одоо болсон болоогүй дуутай, ганц клиптэй, өөрийгөө дуучин гэж нэрлэсэн өчнөөн хүн байна.
-Гайгүй авьяастай хүүхэд буруу замаар явж байгааг харахад харамсалтай санагддаг биз?
-Сагсуураад архинд орсон хүн олон. Яагаа ч үгүй тайзнаас буучихсан нь ч байна. Яг үнэндээ дараа нь тэднийг хэн ч санахгүй.
-Та хөгжимчин, найруулагч, продюсерын алинаар нь дуудуулах дуртай вэ?
-Одоо ч хөгжимчин гэж хэлэхэд хэцүү болсон шүү дээ. Сүүлийн үед л сэргээн тоглож буй болохоос биш. Хөгжмөө 20 шахам жил хаячихсан байсан. Харин одоо эрхэлж буй ажил минь продюсер, найруулагч.
-Үнэхээр авьяастай хүүхэд тан дээр “Надад туслаач” гээд ирвэл та хэр уриалгахан хүлээж авах вэ?
-Ирдэг шүү дээ. Надад дэмжиж ажиллаагүй хүн цөөхөн. Аль болох л туслахыг боддог. Хэрхэх нь авьяасаас нь л шалтгаална. Үнэхээр уран бүтээлийн төлөө гэсэн сэтгэлтэй, эрмэлзэлтэй, тууштай бол уулзаад үзэхэд л мэдэгддэг юм.
-Шинэ уран бүтээлчтэй ажиллах ярвигтай юу?
-Ярвигтай гэхээсээ илүү хариуцлагатай. Тэднийг зөв залж өгөх учиртай. Одоо үед зөвөөсөө буруу явж байгаа нь олон байна. Овоо юм даа гээд тоож байтал буруу зам руу орчих юм. Түүнээс биш продюсероор ажиллаад би овойж оцойтлоо мөнгө олдоггүй. Харин ч бөөн зарлага гардаг. Энэ ажлыг хийж буй нь нэг ч гэсэн залуу уран бүтээлчийг зөв чиглүүлчих юм сан гэсэн сэтгэлийн л илрэл юм даа.
-Урлаг хүнээс золиос шаарддаг гэдэг. Та урлагтай амьдралаа холбоод 25 жил болжээ. Та юу золиослосон бэ?
-Гаргаагүй гэж хэлэхэд хэцүү. Гаргаж л байсан. Жишээ нь, 1993 онд продакшнаа байгуулахад би маш их золиос гаргасан. Гэхдээ л би алдаагүй. Зүтгэсээр л байсан.
-Хамтлагийн гитарчнаас телевизийн найруулагч, цаашлаад продюсер С.Ононбат болоход таны дотоод мөн чанар хэр их өөрчлөгдөв?
-С.Ононбат гэж хэн байсан түүгээрээ үлдэхийг л хичээж ирсэн. Гол шугамаа алдаагүй байх аа. Гэхдээ залуу цагийн давилуун зан нас ахихын хэрээр дарагдсан нь ойлгомжтой.
-Аав, ээжийн тань захиасаас одоо ч санаанаас гардаггүй, орой руу тань орсон ямар үг байдаг вэ?
-“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” л гэж захидаг байсан даа. Би одоо ч тэр үгийг мөрдлөг болгож амьдардаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ. Үнэн, зөв байхыг л хүсдэг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрөв.
-Хүүхдүүддээ юуг хамгийн их захиж байна?
-Ээж, аавынхаа надад захисныг хэлдэг. Гэхдээ би үглэхээс илүү үйлдлээр үзүүлж, үлгэр дуурайл болохыг чухалчилдаг. Би хүүхдүүдээ маш их эрхлүүлдэг. Тэдэндээ аз жаргалтай дурсамжууд үлдээхийг хүсдэг.
-Та адтай хүн үү, азтай хүн үү?
-Азтай.
-Насны ханиа зөв сонговол сайхан амьдралын 80 хувийг бүрдүүлчихлээ гэж бод гэж үг байдаг юм билээ. Та санал нийлэх үү?
-Тийм ээ. Сайн ханийг олж авна гэдэг аз. Богино долгионы радиод ярилцлага өгч байхдаа хөтлөгчид нь дурлаж, ханиа болгосон юм шүү дээ.
-Яг одоо та тааваараа, хүссэн үедээ ажиллаж байна гэлээ. Хэдэн жилийн өмнө эсрэгээрээ, С.Ононбатгүй тоглолт болдоггүй л байлаа. Гэрийн бараа ховорхон л хардаг байсан байх даа.
-Ажлын минь онцлог тийм шүү дээ. Хийх ёстой л гэж боддог байлаа. “Цэнхэр дэлгэц”-ийг хийж байхад бүтэн сар гэртээ харилгүй ажиллаж байсан. Тийм үе олон бий.
-1990-ээд оны сүүлчээс студи, продакшнууд олноор байгуулагдсан. Та тэднийг өрсөлдөгч гэж хардаг уу?
-Анхдагч хэзээд анхдагч л байдаг. Бусад нь манайхыг л дуурайн үйл ажиллагаагаа эхэлсэн шүү дээ. Манайхаас хэчнээн студи төрсөн гэж бодож байна. Бүгдээрээ хөлд, хэлд ороод л явцгаадаг юм. Хөгжихгүй, дутуу дулимаг яваа нь ч бий. Овоо дориун нь ч байна.
-Та олсон ихэнх орлогоо шинэ техник, тоног төхөөрөмжид үрчихдэг байсан уу?
-Шинээр гарсан болгоныг цаг алдалгүй авахыг хүсдэг байсан үе бий. Юу гарсан, яаж хэрэглэдгийг мэддэг байх хэрэгтэй. Одоо бол тэгж шунахаа болиод олон жил болж байна. Ямар техникээр гэдгээс илүү хийж буй хүнээсээ шалтгаалдаг юм. Би Английн хүүхдийг хамгаалах байгууллагатай хамтарч 1991-1992 онд “Мартагдсан ирээдүй” баримтат кино хийж байлаа.
Тэр кино минь Ямагатагийн кино наадмаас тусгай шагнал авсан. Тэр үед Энэтхэгийн бил үү Перугийн VHS-ээр хийсэн кино шилдгээр шалгарсан юм. Тэгэхэд л бүтээлийг юугаар хийх нь биш, яаж хийх нь чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
-Шинэ жилийн баяраар үзэгчид “Цэнхэр дэлгэц”-ийг л хүлээж үздэг байлаа. Уг нь дахин үргэлжлүүлэхээр зохиолоо бэлэн болгочихсон байгаа гэсэн үү?
-1999 онд “Бүхэл бүтэн зуун солигдох гэж байхад хүмүүст дурсах, үзэх юм хийе л дээ” гэж миний хань Т.Нансалмаа санааг нь гаргаж, ХХ зуунд хит болсон шилдэг дуунуудаар “Пентатоник” тоглолтоо хийж байсан юм. Үүнийгээ үргэлжлүүлэн 2000 онд “Цэнхэр дэлгэц”-ийг бүтээж байв. Хүүхдүүдээ гэртээ цоожилчихоод “Цэнхэр дэлгэц”-ийнхээ зургийг авч, тэгж л ухаангүй ажилладаг байлаа.
Үргэлжлүүлэх санаа бий. Арав гаруй жилийн өмнө зохиолоо бэлэн болгочихсон. Хийнэ гэвэл уран бүтээлчид ч маш таатай хүлээн авах байх. Нэг л тохироо нь бүрдэхгүй байна.
-Та хэр зоригтой хүн бэ?
-Тухайн үеэсээ л болох байх. Амьдралдаа зоригтой шийдвэр гаргаж ч байсан. Гэхдээ их сайн тунгаан боддог. Долоо хэмжиж, нэг огтлохыг эрхэмлэдэг.
-Тэр үед тэгчихсэн бол, ингэх байж дээ гэж харамсдаг зүйл танд бий юү?
-Байхгүй. Өнгөрсөн хойно нь тэгж харамсахгүйн тулд л би аливааг шийдэхдээ их удаан боддог. Бодож бодож нэг шийдвэл хэзээ ч буцдаггүй.
-Та ямар зан чанартай хүнтэй илүү ойлголцдог вэ?
-Шулуун. Илүү дутуу бодолгүй, хэлсэндээ хүрдэг, шулуун шударга зантай хүнтэй ярилцахад ч амар шүү дээ.
-Хэр ууртай вэ?
-Уурлана аа. Тоглолтын талбайд, камерын ард намайг харвал бас л хэцүү дээ. Хэрчинэ шүү. Мэдэх хүмүүс нь мэднэ. Гэхдээ зүгээр байж байгаад уурлана гэж юу байх вэ. Хүнд ойлгуулахыг бодно. Ажлын шаардлага тавина. Хэлээд байхад ойлгохгүй бол уурлахаас өөр яах билээ.
-Уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Бас өөрийгөө сонирхолтой зүйлээр цэнэглэдэг байх ёстой болов уу. Та юунаас эрч хүч, урам авдаг вэ?
-Өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой. Би сайхан кино үзэх дуртай.
-1993 онд продакшнаа байгуулахдаа түрээсийн өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнөөдөр тоглолтын танхимтай, сургалтын өрөөнүүдтэй, хөгжим сонсох таатай орчинтой зоогийн газартай дөрвөн давхар барилгатай болсон байна.
Барилгынхаа шавыг тавиад зогсоход юу бодогдож байв?
-25 жилийн хөдөлмөрийн үр дүн энэ. Олон жил мөрөөдсөн л дөө. Анх РЦНК-ийн хажууд өрөө түрээсэлж байлаа. ХБК, ХААЯ-ны хажууд гээд олон жил түрээсийн байр хэссэн. Барилгынхаа шав тавьж зогсоход “Ингээд эхэллээ дээ” л гэж бодсон. Барилгын ажил дуусаж, дотоод засал хийхийн өмнө их сайхан санагдсан. Цементен ханаа харж баясаад л. Урлагт хайртай олон хүн холхидог газар байгаасай л гэж хүсдэг.
-Хүүхдүүдэд зориулсан сургалт хийж эхэлсэн гэл үү?
-Манайх зөвхөн продакшн биш, сургалт хийж байна. Хүүхдүүдэд урлагийн боловсрол, төлөвшил олгохоор сонгодог бүжиг, зураг, гитар, морин хуур, төгөлдөр хуурын сургалт явуулж байгаа. Хүүхдийг хөгжмийн онолоор “нүдэх” биш, хөгжимд дуртай болгоход илүү анхаардаг. Хичээлийн хөтөлбөрөө ч их олон жил бодож, төлөвлөсний эцэст боловсруулсан. Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх сургалтыг хариуцан ажилладаг. Урлагаар дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх нь хамгийн үр дүнтэй мэт санагддаг.
-Энэ онд 25 жилийн ойдоо зориулж тоглолт хийх үү?
-Төлөвлөсөн хэд хэдэн тоглолт бий. Гэхдээ одоо хэлэхэд эрт байна. Продакшныхаа тав, 20 жилийн ойгоор тоглолт хийж байлаа. 25 жилийн ойг тэмдэглэх, эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй нь.