Нэгэн уулзалтын үеэр Д.Дуламсүрэн, Г.Чимэдлхам хэмээх хоёр бүсгүй сонирхолтой яриа өрнүүлж байхтай таарав. Япон улсын Обирины их сургууль дүүргэсэн тэд 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн үеэр япон хүмүүсийн мөн чанарыг таньсан тухай, улмаар үндэстний онцлог гэж байдаг юм байна, монголчууд бид бусдаас зарим талаар өөр юм гэсэн дүгнэлт хийсэн нь анхаарал татсан тул урьж ярилцсан юм.
-Та хоёр Обирины их сургуулийг ямар мэргэжлээр төгсөөд, одоо хаана ажиллаж байна вэ?
Д.Дуламсүрэн: -Би 2009-2014 онд тус их сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо “Шинэ Монгол” дунд сургуулийн Карьер хөгжлийн төвийн мэргэжилтэн.
Г.Чимэдлхам: -Би 2010-2014 онд мөн энэ их сургуулийг медиа чиглэлээр суралцаж төгссөн. Ирээд магистраар суралцаж төгсөөд, одоо “Mild cosmetics” компанийн маркетинг, PR-ыг хариуцан ажиллаж байна.
-Газар хөдлөлтийн голомтод байхдаа япончуудын тухай ихийг мэдсэн, мөн өөрсдийгөө зэмлэсэн гэж ярьж байсан. Энэ тухай болон газар хөдлөх үед ямар байсан талаар яриач.
Д.Д: -Манай сургууль Токиод байдаг юм. “Шинэ Монгол” сургууль төгсөөд Японы янз бүрийн их, дээд сургуульд сурахаар очдог монгол хүүхдүүд нэг сар хамт амьдарч, дээд сургуульд суралцах бэлтгэл хийдэг. Тэр үед шинэ оюутнууд гуравдугаар сард Сэндай хотод амьдрахаар очсон байсан юм. Энэ бол Япон улсын нэгэн аймаг л даа. Г.Чимэдлхам тэр цугларалтад очсон байсан. Харин би нэг сургуулийн дээд курсийн эгчийн хувьд дүүгээ эргэж очихоор гарсан үед газар хөдөлсөн.
Би хурдан галт тэргээр тус хотод очсон юм. Газар хөдлөлт 14:42 цагт болсон. Би галт тэрэгнээс 14:30-д буусан байлаа. Буухад Сэндайд амьдардаг найз охин маань болзсон ёсоор тосож авсан. Хоёулаа дээшээ гарч ирээд гэрлийн шонгийн хажууд зогсож байтал газар хөдлөх шиг болоход нь эхэндээ тоогоогүй. Бараг байнга л бага зэрэг мэдрэгдэж байдгаас хойш гээд юу ч бодоогүй юм.
Тэгсэн төд удалгүй нэлээд хүчтэй, бас удаан савлаад ирэхээр нь өнөөх гэрлэн бүрхүүлээс бариад газар суулаа. Гудамжинд байсан хүмүүс шуугилдаж, тэр хавийн байшингуудаас хүмүүс олноор гарч ирэхэд, болохоо байж байгааг мэдсэн. Хэсэг байгаад дахин хүчтэй савлах үед цагдаагийн, эмнэлгийн машины дохио дуугарч эхэллээ. Тэр гудамж маш олон хүнтэй, дуу чимээ их байсан ч хүмүүс тэр бүр сандралдаж ийш тийш гүйх ч юм уу замбараагүй байдал үүсгээгүй. Дор бүрнээ хэн нэгнээс заавар зөвлөгөө хүлээж байх шиг зогсож байлаа.
“Иймэрхүү юм киноноос харж байж. Амьдралд тохиолддог л юм байна” гэж бодож суусан. Үүний зэрэгцээ “Ийм олон хүн гэхэд ямар замбараатай байна аа” гэж бодсон. Газар хөдлөлтийн тухай ойлголтгүй бид хоёр гайгүй болчихоор нь автобусанд суугаад оюутнуудын байгаа газар руу явлаа. Автобусны жолооч юу ч болоогүй юм шиг маш тайвнаар суухаар дугаарласан бүх хүнийг оруулаад хөдөлсөн. Явж байтал зам хаасан гээд биднийг буулгачихсан. Тэгэхээр нь нэг машинд гар өргөж суугаад зорьсон газраа нэлээд дөхөөд буухад байшин нурчихсан, цагдаагийнхан хамгаалалтад авчихсан харагдлаа.
Ер нь юу болоод байгааг ойлгов. Утасны сүлжээ байхгүй, холбоо барих боломжгүй хэсэг байлаа. Гэтэл Монголоос дуудлага орж ирээд гэрийнхэн цунами болох гэж байгаа тухай мэдээлснийг сануулж, болгоомжтой байгаарай гэлээ. Дэлгүүрт ортол тор дүүрэн хүнс барьсан хүмүүс бичүүлэх гээд дугаарласан байлаа. Хүнс нөөцөлж аваад хамгийн ойрын хоргодох байранд орохоор бэлтгэж байсан нь тэр юм билээ. Япончууд гамшгийн үед яах ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг учраас бүгд журамтай, бэлэн байдалд ордог юм байна лээ. Ингэж явсаар нөхдүүдтэйгээ уулзсан.
Г.Ч: -Газар хөдлөх үед бид амьтны хүрээлэнд явж байсан юм. Сармагчингууд нь яав гэмээр орилоод байлаа. Тэндхийн ажилтнууд “Ингэтлээ орилдоггүй юм сан, яагаад байгаа юм бол” гэж гайхаж ярьсан. Цаагуур байгаа бар зэрэг амьтан ч гэсэн дор бүрнээ тавгүйтэн дуугарч байснаа гэнэт бүгд чив чимээгүй болчихсон.
Тэгж байтал хэдхэн минутын дараа газар хүчтэй хөдөлсөн. Суухгүй бол, ямар нэгэн юмнаас барихгүй бол хаашаа ч хамаагүй уначих гээд байсан. Таарсан юмнаасаа барьж толгойгоо бөхийлгөн хэсэг сууцгааж байгаад гайгүй болчих шиг болохоор нь хотын зүгт хартал өндөр байшингууд нь савлаж байсан.
-Бүх байшин савлаж байв уу?
Г.Ч:-Тийм. Японд байшингуудаа газар хөдлөлтийн эсрэг технологиор барьдаг гэж сонсож байсан болохоос хараагүй, их сонин байлаа. Хоёр тийш савлах хэрнээ, дор бүрнээ долгиотох маягтай хөдөлдөг юм билээ. Гоймон шиг гэх үү дээ. Хот тэр чигтээ хөдлөх нь аймаар. Настай хүмүүс газар их хүчтэй хөдөлж байна гэсэн. Биднийг удирдаж явсан монгол, япон багш нар тэндээс холгүй монголчуудыг, оюутнуудыг дэмждэг нэгэн айл руу тайвшруулахаар аваачсан.
Тэндээсээ байрлаж байсан байр руугаа иртэл бага зэрэг яйжийчихсан, энд тэндээ нуржээ. Бид цэвэрлээд, хоргодох байр руу явсан даа. Улаанбаатарт манай сургууль дээр эцэг, эхчүүд цуглачихсан, сандралдаж байсан юм билээ. Хааяа сүлжээ орж таарахад “Голомтоос гар. Шууд онгоцны буудал яв, ир” гээд л. Хоргодох байранд байхад газар бага багаар хөдлөөд л байлаа.
Биеийн тамирын заалны төмөрнүүд тачигнаад л эвгүй. Хоёр шөнө болоход дандаа л гамшгийн үеийн мэдээ сонссон. Цунами болсон, нас барсан хүний тоо тэд боллоо, сураггүй байгаа нь тэд гэхчлэн. Японы гамшгийн үеийн хамгийн түрүүнд анхаарал тавьдаг зүйл нь алга болсон хүнийг эрж хайх юм билээ. Тийм хүн олдоогүй байна гэж нэрийг нь хэлж зарладаг. Олдохоор нь олдсон гэж бас мэдээлдэг.
Өглөө босоод ирэхэд сонин ирсэн байлаа. Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрсэн тухай зурагтай мэдээлэл хараад бүгд айсан. Хэдийгээр тэндээс 200 орчим км зайтай ч, цацраг идэвхит бодисын нөлөөнөөс айсан. Бид далайн эрэгт ойрхон байсан ч, цунами яаж болсныг хажуунаас нь хараагүй. Харин хоргодох байранд япон хүмүүс ямар их сэтгэлийн тэнхээтэй, эмх журамтай, бусдынхаа төлөө, нийтэч юм бэ гэдгийг мэдэж авсан.
Хүнс ирэхэд өөрт ногдсоноо аваад явна. Илүү авах, том, жижиг гэж голох зэргээр ямар нэг хэл ам үүсгэхгүй. Хүүхэд ч бай, настан ч бай адилхан нэг нэгийг л авна. Зохион байгуулагчдын заавар зөвлөгөө гэдэг бол хууль. Амьдрал туулсан ахмад хүний үг үнэ цэнэтэй. Бүгд сонсоно. Үймээн самуун байхгүй.
-Хоргодох байранд сайн дураараа байрласан уу?
Д.Д: -Тэгсэн.
-Тэндээс гарч явах чөлөөтэй юү. Хэрвээ тийм бол та нар Токио руу явж болох байсан биш үү?
Д.Д: -Шууд явах зам байхгүй. Төмөр зам, авто зам эвдэрсэн байсан. Монголоос утасдсан хүн болгон гэртээ ир гээд байлаа. ЭСЯ-ныхан ч гэсэн “Хэрвээ харих бол онгоцны буудалд очоод Монголын онгоцонд сууж болно” гэж байв. Тэгж байтал нэг хүн биднийг Ямагата гэж өндөрлөг газар руу явсан нь дээр гэсэн л дээ.
Тийшээ унаа явж байсан болохоор бүгд санал нэгдээд очсон. Тэнд очоод байтал бидэн рүү явуулсан автобус ирэхээр нь суугаад онгоцны буудалд хүрсэн. Бидний 20-иод хүүхэд зарим нь шалгалт өгөөд хариугаа хүлээж байгаа, хэд нь тэтгэлгийн байгууллагад ярилцлагад орох ёстой гээд дор бүрнээ их чухал ажилтай байсан ч эцэг, эхийн үгэнд ороод онгоцны буудалд ирсэн юм. Тэнд гадаадынхан олон байлаа.
Газраар зулж унтсан, угаалгын өрөөнд нь хүмүүс усанд орохоос наагуур байсан. Тэр олон хүний дунд дуу шуу болж, бусдын тав тухыг алдуулах гээд байсан нь манай монголчууд байх шиг санагдсан. “Гамшгийн голомтод япончууд тийм тайван байж, нэг санаатайгаар зовлонг тэвчээртэй даван туулж байхад энд сүржигнэж байх гэж дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Тэгээд л өмссөн хувцастайгаа онгоцонд суугаад эх орондоо ирж, энд нэг сар болоод буцаж явсан.
Бид гамшгийн голомтод байсан гэж байгаа боловч түрж орж ирсэн их ус, хөвж яваа байшин зэргийг хараагүй. Жинхэнэ голомт болсон Натури хотод манай сургуулийнхантай сайн харилцаатай япон хүн олон байдаг юм. Хотын даргаасаа авахуулаад манайхныг дэмждэг, цуг байх дуртай. Тэдний дунд орон гэргүй болсон, аав ээж, ах дүүс, хүүхдээ алдсан хүн олон.
Манай сургуулийн Галбадрах захирал тэр мэдээллийг сонсмогцоо эндээс хоёр сая гаруй иенийн хандив цуглуулаад нэг хүний гудасны хэмжээтэй ширдэг 200-гаад ширхгийг ачаад ганцаараа очсон байсан. Хүмүүс дүрвэж зугтаж байхад багш зөрөөд, сөрөөд очсон байгаа юм. Онгоцонд бараг ганцаараа явсан гэсэн.
Г.Ч: -Бид тэр үед үлдье гэж ярилцаж байлаа. Хүмүүс зовлонд унаад байхад бид зугтаах гэж үү, тусалъя, Натури явъя, элс шороо ч болов зөөе гэсэн. Тэгтэл Монголоос гэрийнхэн, таньдаг хүн болгон “Ир” гээд байхаар зөрж чадаагүй. Хорь ч хүрээгүй хүүхдүүд болохоор аав, ээжүүдийнхээ шийдвэрийг дагасан л даа.
Гэхдээ одоо хүртэл дотор эвгүй байдаг. Манайд хамгийн их тусалдаг япончуудад зовлон бэрхшээл тохиолдсон үед нь туслахын оронд амиа бодоод, зугтаад ирсэн гэж бодохоор. Токиод байсан хүүхдүүд сайн дурын ажил зөндөө хийсэн байна лээ. Тэр тухай сонсоод тайвширсан ч өнөө хүртэл өөрийгөө буруутгадаг.
Манай монголчууд сэтгэл хөдлөл ихтэй, мэдээлэлд ул суурьтай хандахдаа тааруу юм байна гэж ойлгосон. Зурагтаар гарсан мэдээлэл үзээд Япон даяараа ийм байгаа гэж ойлгосон ч юм уу, гамшгийн голомтод байгаа гэдэг нь бүгд аюултай байдалд орсон, эсвэл бэртэж гэмтсэн гэж бодоод байсан юм уу, тойргоос түргэн гарч, хурдан ир л гээд байлаа. Эцэг, эхчүүдээ буруутгах хэцүү, байх хэцүү.
Газар хөдлөлтийн тухай ойлголт, мэдээлэл муутайгаас болсон ч байх. Газар нэг хүчтэй хөдөлсөн бол дахиж бас нэг хүчтэй хөдлөөд, харин үүний араас нь бага зэргийн чичирхийлэл тасралтгүй үргэлжилдэг зүй тогтолтой юм билээ. Энэ тухай мэддэг бол монголчууд тэгтлээ айж сандрахгүй байсан байх. Эндээс төрсөн сэтгэгдэл дээр үндэслээд би мэргэжлийн үүднээс гэх үү дээ, Монголын хэвлэл мэдээллйн орчин ямар байдгийг судлах, өөрийн биеэр дунд нь орж үзье гэж бодоод “Засгийн газрын мэдээ” сонинд хэсэг ажилласан.
Үнэндээ бол бүх юм миний бодож байсанчлан болохоо байчихсан юм байгаагүй. Сэтгүүлчдийн ажил хүнд юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн. Үүний зэрэгцээ ялангуяа телевизийн мэдээ мэдээлэл талд түргэн шуурхайн зэрэгцээ аль эх сурвалжийн мэдээллийг ашиглах, иш татах, шууд орчуулах вэ гэдгээ сайтар бодож байх хэрэгтэй юм билээ. Японд болж байгаа үйл явдлын мэдээ, мэдээлэл орчуулах бол CNN-ийг эх сурвалжаа болгох нь оновчтой сонголт мөн үү, Япон, Америкийн харилцаа ямар билээ, бодит мэдээлэл байж чадах уу, үгүй юү гэдэгт дүгнэлт гаргах хэрэгтэй.
Мэдээллийн хэрэгсэл өөрөө мэдээг хэр хөөсрүүлдэг билээ гэх зэргээр аваад үзэх юм бол анхаарах, илүү мэргэжлийн хандах шаардлага байх юм билээ. Нэг удаа байгалийн гамшгийн голомтод байж үзэхдээ хожим хойно хэрэг болох, ер нь хүн бүрийн мэдэж байвал зохих нэлээд туршлагатай болсон.
Д.Д: -Яг үнэнийг хэлэхэд бид Галбадрах багшдаа зэмлүүлсэн. Олон юм яриагүй л дээ. “Та нар зовлон тохиолдох үед нь нөхдөө хаяад явчихдаг” гэсэн ганц өгүүлбэр нь голд орсон.
-Сургамж авчээ.
Г.Ч: -Маш том сургамж болсон. Хүний мөн чанар, үндэстний онцлог өөр өөр байдаг юм байна. Манай монголчууд уужуу тэнүүн, ухаалаг. Гэхдээ зарим талаар гайхмаар. Би маркетингийн ажил эрхэлдэг гэж хэлсэн. Энэ ажлаараа япон гоо сайхны бараа бүтээгдэхүүн бэлгэнд тараадаг л даа. Тэр үеэр хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг харагддаг юм.
Сая сая төгрөгийн үнэтэй булган дээл өмссөн эмэгтэйчүүд ганц багц бэлэг аваад явах нь ховор. Заавал нэмж авах гэдэг. Аваад холдсон байж эргэж ирж ямар нэгэн шалтгаан хэлж гуйх нь их сонин. Шуналтай юм уу, дадал хэвшил юм уу, мэдэхгүй.
-Томоохон дэлгүүрийн нээлтээр хямд бараа, бэлгэнд дээр доороо орох шахам шахцалдаж өрсөлддөг тал бий. Ямар нэг юм байна даа, тийм ээ?
Г.Ч: -Харин тийм ээ. Энэ эвгүй зан араншингаа больчихвол сайн л юм сан.
-Үндэстний, соёлын онцлог ч байх.
Д.Д: -Яг тийм.
Г.Ч: -Хүн соёлтой байх, эсэх багын хүмүүжлээс маш их шалтгаалдаг юм байна. Япончууд хүүхдүүдээ, бүр хоёр настайгаас нь хүнд түвэг удаж болохгүй гэж хүмүүжүүлдэг. Хүүхэд нь олон нийтийн газар уйлах, чанга хашхирах үед яг ингэж хэлж ойлгуулдаг. Энэ ойлголт, хүмүүжил, төлөвшил нь насан туршийн хандлага болдог юм байна.
-Хүний тухай, бусдаас суралцахын тухайд санаа бодлоо чөлөөтэй хуваалцсан та хоёрт баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.