Нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанар, цаг хугацааны шалгуур давсан найзуудтай дурсамжийнх нь тухай хөөрөлдөх “Найзууд” буландаа дуурийн дуучин Э.Анхбаярыг дотнын андуудынх нь хамт урилаа. Э.Анхбаяр өнгөрсөн онд Австри улсын Вена хотод болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучинтай өрсөлдөн дэд байрт шалгарсан билээ.
“Мөнгөн мод” наадмын шилдэг дуучин, “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, өдгөө Австрийн “Opera burg gars” театрт гоцолж буй түүнийг уншигчид хэдийнэ таниж буй биз ээ. Түүний найз Б.Жавхлантөгсийг хүмүүс мөн л эчнээ мэднэ. Тэрбээр “Universe best songs” уралдааны гран при шагнал хүртэн олонд танигдан, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын А зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, өдгөө “Хан-Уул” чуулгаар овоглож буй.
Ж.Жамсранжав нь ХБК-д суралцан, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийн удирдлага доор төгсөж, 2005 оноос уран бүтээлээ эхлүүлсэн дуучин юм. Бодибилдингийн тамирчин, дасгалжуулагч, Монголын таван удаагийн мистер, Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Бат-Эрдэнэ мөн л Э.Анхбаярын дотнын найз. Түүний найз Ц.Идэржаргал мөн л бодибилдингээр хичээллэхийн зэрэгцээ “Ripped” фитнесс клубийг ажиллуулдаг бол Д.Амгалан нь БХЯ-нд ажилладаг төрийн алба хаагч аж.
-Нөхөрлөлийн тань түүх хэрхэн эхэлсэн бэ?
Э.А: -Ж.Жамсранжав бид хоёр ХБК-ийн төгсөгч. Б.Жавхлантөгстэйгөө дотоодын болоод олон улсын уралдаанд хамт оролцож, нэгнээ мэддэг болж байв. Тэгж явсаар дотносож, амьдралын найзууд болсон.
Б.Ж: -Ж.Жамсранжавыг анх зурагтаар хараад мэддэг болсон (инээв). Уран бүтээлийн гараагаа биднээс түрүүлж эхэлсэн юм.
Ж.Ж: -Би бодибилдингээр хичээллээд нэлээд хэдэн жил болж байна. Энэ спортоор хичээллэж эхлэхдээ л Ц.Идэржаргал, Д.Амгалан, Д.Бат-Эрдэнэ нартайгаа анх танилцсан.
Д.А: -Анхандаа их олуулаа нийлдэг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тунаж, дэргэд үлдсэн найзууд минь энэ хэд.
Э.А: -Найзын тоо цөөрөхөөр баярла гэдэг биз дээ. Жинхэнэ найзууд шигшигдэж үлдэж байгаа юм чинь.
-Урлаг, спортын хүмүүс нөхөрлөхөд хөгжилтэй зүйл олон тохиолдоно биз?
Б.Ж: -Урлагийнхан нь спортынхныгоо урлагт уруу татна. Өөрсдөө ч урлагт их элэгтэй. Энэ хэд ч биднийг спортод уруу татдаг шүү.
Э.А: -Ц.Идэржаргалд л гэхэд бид дуу зааж өгөх жишээтэй. Тэр дуугаа айлын найран дээр дуулсан гэсэн шүү.
Ц.И: -Бэлдсэн “Хань минь” дуугаа дуулж чадаагүй шүү дээ. Яг дуулах гэж байтал миний өмнөх хүн дуулчихсан юм. Миний ээлж болоход сандарсандаа өглөөхөн нь машиндаа сонссон “Ариунзаяа” гэж дууг санаад дууллаа. Настай хүний найран дээр тийм дуу дуулж л байдаг. Ёстой бөөн инээдэм, онигоо болсон.
-Цаг хугацааны шалгуур даван, тунаж үлдсэн, унаган багын найз хүнд цөөхөн байдаг. Та нар найз гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
Д.Б: -Зөвхөн жаргалтай үед нь биш, зовох цагт нь хамт байж, дэм болж чаддаг хүнийг найз гэнэ.
Ж.Ж: -Жинхэнэ найзууд нэгнийхээ алдааг уучилж чаддаг, дэмжиж чаддаг байх ёстой гэж боддог. Биднийг зорилго, хүсэл мөрөөдөл, итгэл нэгтгэдэг.
-“Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай яв” гэлцдэг. Мөн “Чанартай цөөхөн найзтай бай” гэх хүмүүс ч бий. Та нар алинтай нь санал нийлэх вэ?
Э.А: -Уран бүтээлч хүн болохоор танилын хүрээ өргөн байх нь ойлгомжтой. Гэхдээ амьдралын найз гэвэл энэ хэд минь.
Д.Б: -Би тийм ч олон найзтай хүн биш. Их цөөн хүнд л итгэж сэтгэлээ нээдэг.
-Эрчүүдийн нөхөрлөл цаг хугацаа өнгөрч, нас ахихад хэрхэн өөрчлөгддөг вэ?
Э.А: -Давилуун, омголон явсан үе бидэнд бий, бий. Нийлж доргих үе ч зөндөө байлаа. Одоо бол бид ид хийж бүтээх насан дээрээ явж байна. Энэ үеийг дэмий өнгөрөөж болохгүй шүү дээ. Бүгд л яг адилхан бодолтой. Нөхөрлөлөө хадгалж, илүү ихийг бүтээхийг хичээж явна.
Ж.Ж: -Нас ахихын хэрээр бид төлөвшиж, хүн таньж сурч байна. Яг энэ үед шилэгдэж үлдсэн найз бол жинхэнэ амьдралын найз шүү.
Д.Б: -Нэгнээ ойлгодоггүй, таньж чадаагүй байсан бол өдийд бид мэндийн зөрүүтэй өнгөрдөг хүмүүс болчихсон ч байх юм бил үү. Таньсан, итгэсэн болоод л өдий хүртэл хамт байна шүү дээ.
-Э.Анхбаярыг анд хорхойтой гэдгийг мэдэх юм байна. Найзуудаа уруу татаж байна уу. Ер нь хамт байхдаа юу хийх дуртай вэ?
Ц.И: -Ж.Жамсранжав бид хоёр амьтны амь таслахыг тэвчиж чаддаггүй юм. Өнгөрсөн жил ганц удаа дагаж анд явсан. Агнахдаа гол нь биш, агаарт гарах нь л сайхан. Б.Жавхлантөгс загасанд явах хообийтой. Бас л биднийг “Хамт явъя” гээд тайван суулгахгүй шүү дээ.
Ж.Ж: -Ц.Идэржаргал, Д.Бат-Эрдэнэ бид гурав өдөр бүр бэлтгэлээ хамт хийдэг. Сүүлийн үед нөгөө гурав маань ч идэвхтэй хичээллэж байгаа шүү.
Ц.И: -Нээрэн, Ж.Жамсранжав бид хоёр “Ripped” фитнесс клубийг хамтран ажиллуулдаг юм. Зааланд орж ирээд л “бахирч” эхэлнэ дээ. Эхэндээ хүмүүс дуучин гэдгийг мэдэлгүй “Тамирчин хүн гэхэд яасан мундаг дуулдаг юм бэ” гээд л гайхдаг байлаа.
Д.Б: -Манай клубт урлагийнхан, тэр дундаа дуучид их хичээллэдэг юм. Ямар сайндаа л “Дуучдын клуб” гээд нэрлэчихсэн байх вэ дээ.
Ц.И: -Найзуудынхаа дуулсан дууг сонссоор байгаад өөрийн мэдэлгүй байнга амандаа аялдаг болчихсон. Энэ гурвын олон дууг би энд тэнд аялж, хүмүүст хүргэх гүүр болсон юм байна шүү (инээв).
-Нэгнээ хэрхэн урамшуулж, зоригжуулдаг вэ?
Д.А: -Урлаг, спортын уралдаан, тэмцээнд нэгнийгээ оролцоход “Сайн байсан шүү” л гэж хэлдэг юм. Түүнээс биш, эрчүүд л юм хойно байнга сайхан үг хэлж нялуурахгүй. Гэхдээ үргэлж ард нь асаалттай танк мэт бэлэн, хамт байж чаддаг нь л их урам, зориг нэмдэг байх.
Ц.И: -Нэгнийхээ хийж буй үйлдэл, хэрхэн шантралгүй хөдөлмөрлөж байгааг харж, суралцдаг шүү.
-Хэр шударга найзууд вэ. Нэгнийхээ алдаа дутагдлыг нүүрэн дээр нь хэлж чаддаг уу. Нэгэндээ хатуу үг хэр олон хэлсэн бэ?
Э.А: -Нэгнийхээ болж, бүтэхгүй байгааг шууд л хэлчихдэг. Эрчүүдийн энэ чанар хамгийн сайхан, бас ойлголцоход амар.
-Олон жил нөхөрлөхөөр нэгэндээ уусаж, төстэй зан чанартай болдог гэж хүмүүс ярьдаг. Та нарт төстэй зан араншин бий юү?
Э.А: -Бараг л харцаараа ойлголцоно гэдэг болж байгаа юм чинь. Гаднаас орж ирэхийг нь хараад л ууртай байна уу, сэтгэл гонсгор байна уу гэдгийг нь мэддэг болчихсон. Бидний хөгжилтэй, тэмүүлэлтэй зан чанар адилхан.
-Олон жил нөхөрлөхөд юу эс тохиолдох билээ. Хоорондоо ам мурийж байсан л байлгүй. Тэр үед та нараас ямар араншин гардаг вэ?
Ц.И: -Маргалдах үе гаралгүй яах вэ. Маргалдлаа гэхэд аль нэг нь буугаад өгчихдөг. Тэгээд л эвлэрчихсэн инээгээд явж байдаг.
Б.Ж: -Ж.Жамсранжав, Д.Бат-Эрдэнэ хоёрыг уурлаж байхыг бараг л хараагүй. Бидэн дундаас хамгийн тайван нь юм уу даа.
Ж.Ж: -Э.Анхбаяр уурлахаараа дуугаа хураагаад суучихдаг. Ц.Идэржаргал бухимдлаа шууд ил гаргана. Д.Амгалан их гомдомтгой. Өөрөө хүнээр аймаар тоглоно. Хатуу ч тоглоомтой. Тэгсэн хэрнээ өөрөөр нь зөрүүлээд тоглохоор гомдчих гээд байдаг муу зантай.
-Найзуудаа нэг өгүүлбэрээр тодорхойлооч.
Э.А: -Ж.Жамсранжав алсын хараатай, бидний түшдэг багана. Б.Жавхлантөгс их сайхан сэтгэлтэй, итгэмтгий. Одоо цагт ховордсон чанар шүү.
Д.А: -Ц.Идэржаргал их дайчин. Эхэлсэн бол эцсийг нь үзнэ гэдэг зантай. Д.Бат-Эрдэнэ тэвчээртэй, сэтгэлийн хаттай.
Ц.И: -Д.Амгалан бидний бас нэг бахархал шүү. Афганистан руу энхийг сахиулах ажиллагаанд ахлагчаар явж байсан. Э.Анхбаяр үргэлж хөдөлмөрлөж, найзуудаа зөв зүйлд уриалдаг. Их цайлган. Бас их эрх.
-Хамт бүтээсэн хамгийн тод үлдсэн дурсамжаас хуваалцаач?
Э.А: -Олон сайхан дурсамж бий. Өнгөрсөн зун бид зугаалгаар явсан юм. Голын эрэгт хийн тулган дээр хоол хийж идчихээд буцахдаа ашигласан шингэрүүлсэн хийгээ гүйцэд таглалгүй машиндаа хийчихэж. Буцах замдаа бүгд жигтэйхэн хөхрөлдсөөр байгаад ирсэн. Бодвол мансуурсан байх аа. Б.Жавхлантөгс их аминдаа хайртай шүү дээ. Машины арын суудалд суухдаа ч хамгаалалтын бүсээ бүсэлдэг.
Б.Ж: -Аминдаа хайртайдаа биш ээ. Машинд удаан явахаар нойр хүрдэг байхгүй юү. Та нар шиг мах шөлтэй хүмүүс эвээ олоод суучихна. Би суудлын бүс зүүхгүй л бол донсолгоонд ийш тийш холбироод, уначих гээд байдаг юм.
Ж.Ж: -Өнгөрсөн зун бид гурав хамтран дуулсан дуугаа дүрсжүүлэхээр Элсэн тасархайд зургаа авахуулсан юм. Аймар халуун, ядаж байхад өөдөөс гэрэлтүүлэгч тавьчихаар бүр хэцүү. Зургаа авахуулах гэж бөөн л инээдэм болсон доо.
-Нэгнийхээ “Энэ занг л засчих юм сан” гэж бодож байв уу?
Э.А: -За даа, тэгж бодож байгаагүй юм байна шүү. Энэ байгаагаар нь л хүлээн авч нөхөрлөсөн болохоор өөрчлөх гээд ч яах юм билээ. Ер нь ч нас ахихаар бусдыг өөртөө тохируулахыг шаардах биш, өөрөө бусадтай зохицож амьдрахыг хичээдэг болдог юм байна.
Д.Б: -Өөрчлөгдчихвөл одоогийн бид байхгүй шүү дээ.
Ж.Ж: -Гэхдээ Д.Амгалангийн гомдомтгой занг заавал засчихвал тийм ээ?
Д.А: -Би гомдож байгаа мэт дүр эсгэж та нараар тоглодог байхгүй юү. Та хэд л ойлгодоггүй болохоос биш.
-Найз нараа урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцоход их бахархдаг байх даа?
Ц.И: -Зөвхөн уралдаан, тэмцээнд оролцох үед нь гэлтгүй биеэ авч яваа байдал, эрхэлж буй ажил, зорилгоор нь бахархдаг. Найз минь олон улсын уралдаан, тэмцээнд амжилт гаргахад бахархалгүй яах вэ. Өөрөө шагнал хүртсэн мэт л догдлоно шүү дээ. Өнгөрсөн жил Э.Анхбаяр Австрийн Венад болсон уралдаанд дэд байрт шалгарч, Д.Бат-Эрдэнэ бодибилдингийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
Э.А: -Бахархах гэснээс надад хамгийн их урам өгч, тайтгаруулж чаддаг хүмүүс шүү, найзууд минь. Олон улсын уралдаанд санасандаа хүртэл амжилттай оролцож чадахгүй үе зөндөө бий. Тэгэхээр “Би ер нь дуулахаа больдог юм бил үү” гээд л сэтгэлээр их хурдан уначихдаг юм. Тийм үед “Юм нэгээр дуусахгүй. Миний найз улам хичээ. Илүү амжилт гаргаж чадна” гээд л зоригжуулдаг. Ирэх сарын 2-нд Б.Жавхлантөгс, Ж.Жамсранжав бид гурав “Бид дуулна” хамтарсан тоглолтоо “Улаанбаатар палас”-т хийнэ. Энэ гурав маань тоглолтын арын албанд зүтгэж байна. Баярлахгүй байхын аргагүй.
-Хамтдаа зугаалах дуртай юм чинь нэгнийхээ төрсөн нутагт очиж үзсэн байж таарна.
Ж.Ж: -Э.Анхбаяр бид хоёр Өвөрхангай, Д.Бат-Эрдэнэ Архангай, Б.Жавхлантөгс Завхан, Ц.Идэрболд, Д.Амгалан хоёр хотынх. Өнгөрсөн зунжингаа нэгнийхээ нутгаар зугаалсан. Сар шинийн баярын дараа “Бид дуулна” тоглолтоо төрсөн нутагтаа очиж тоглох төлөвлөгөөтэй. Эл тоглолтдоо “Нарлаг Монгол орон”, “Тунгалаг буянт”, “Миний нутгийн бараа”, “Бурхан бумбын орон”, “Хайрхан уулын бараа”, “Зулай цагаан Алтай” гэхчилэн 1950-иад оноос өнөөдрийг хүртэлх хамгийн сор дуунуудыг сорчлон дуулахаар бэлтгэлээ.
-Э.А: -Хамтарч тоглолт хийхийг их удаан мөрөөдсөн боловч завдахгүй явсан юм. “Та гурав тоглолтоо хийгээч” гэж Д.Амгалан биднийг их хатгасан шүү.