Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан ярилцлага авлаа.
-УИХ-ын чуулганаар Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг баталлаа. Эдгээр хуульд орж буй гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинээр баталсан хуулиудыг 1993 онд баталж, хоёр удаа шинэчлэн найруулж, дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан харилцааг хоёр салгаж, нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасанаараа онцлогтой. Малын генетик нөөцийн тухай хууль бол мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүхэлд нь эдийн засгийн эргэлтэнд оруулах, малыг “нөөц баялаг” гэж харсан үзэл баримтлалтай мал аж ахуйн салбарын суурь хууль юм.
Энэ хуулиар бид мал аж ахуйн үйлдвэрлэл дээр байгаа бүх нөөц баялагаа дөрвөн ангиллын дагуу бүртгэж, тэдгээрийн тоо, чанар, төлөв байдал ямар байгааг үнэлэх, үнэлгээний дүнд суурилж, хариу арга хэмжээ авах юм. Мөн мал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг зохистой, тогтвортой, үр ашигтай ашиглах, судалж сайжруулах, малын үүлдэр, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэдгээрийг устаж, мөхөхөөс сэргийлэх, хамгаалах, мөн генийн сан бүрдүүлэх, эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоо, тэдгээрийн чиг үүргийг тодорхой болгох зэрэг гол харилцааг зохицуулсан.
- Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэглэгч нь зөвхөн малчид уу?
-Энэ хууль зөвхөн малчдад зориулсан гэж ойлгож болохгүй. Шинэ хуулийн зорилго, хамрах хүрээ бол маш өргөн. Энэ хуулиар зохицуулж байгаа харилцаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй нийт малчид, малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн гол боловсон хүчин мал зүйчид, мал үржүүлэг, технологийн чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн нэгжүүд, зохиомол хээлтүүлгийн техникч нар, мэргэжлийн судлаачид, энэ чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, нийгэмлэгт үйлчлэх юм.
Үүнээс гадна олон улсын түвшинд манай улс үндэсний тайлан, мэдээллээ хүргүүлэх, харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшний дэвшүүлсэн зорилт, стандартыг мөрдөн хамтран ажиллах боломжийг нээж өгсөн.
-Малчдад мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох асуудлыг хуулиар зохицуулж байгаа юм уу?
-Тийм ээ, Малын генетик нөөцийн тухай хуулиар малчдад мэргэжлийн үнэмлэх олгохоос гадна малчин өрхийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгохтой холбоотой харилцааг тусгасан. Ингэснээр монголын малчид үндэсний өв соёлоо тээж яваа, олон арван арга ухааныг эзэмшсэн гэдэг талаасаа үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “мэргэжил”-ийн үнэмлэхийг тодорхой журмын дагуу авах юм.
Малчин өрхийн хувьд өөрийн хотноос гарч байгаа мал, үйлдвэрлэсэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг “энэ манайх” хэмээн баталгаажуулж, нийгмийн өмнө хариуцлага хүлээх тогтолцоо руу шилжиж байна. Энэ ажил төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оноос эхлэн хийж эхэлсэн ч журмаар зохицуулагдаж байсан. Одоо бол хуулиар зохицуулахаар боллоо.
-Малчид төрөөс ямар дэмжлэг урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа вэ?
-Малын тоонд биш чанарт анхаарах төрийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Малын генетик нөөцийн тухай хуульд бүхэлдээ малыг өсгөн үржүүлэх бүс нутгийн бодлого, стратегийг мөрдөх, гадаадаас авчирч байгаа мал, амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналттай ашиглах юм.
Мөн бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор ашиглах, тодорхой шаардлага хангасан малчин, мэргэжлийн нэгжийг урамшуулах зэрэг олон асуудал хуулиар шинэчлэгдсэн. Тухайлбал, тоо толгой нь цөөрч байгаа малыг хамгаалах, цөм сүргийн малыг бий болгож үржилд борлуулах, шинэ үүлдэр, омог бий болгоход урамшуулал олгох заалт орсон.
-Сайн чанарын хээлтүүлэгч малыг тусгайлан үнэлж, бүртгэх, гадаадаас авч байгаа мал, үрийг хянах зохицуулалт хуульд шинээр орж ирсэн гэж яригдаж байна. Энэ талаар та тодруулаач.
-Хээлтүүлэгч мал сүргийн тал гэж ярилцдаг. Малын генетик нөөцийн тухай хуульд анх удаа үржлийн малд удам зүйн үнэлгээг хийж, үржилд ашиглаж болно гэдгийг баталгаажуулж байх, тухайн үржлийн малын үнэт чанарыг үнэлж ангилал тогтоох, гойд ашиг шимт малыг үнэлэх системтэй болох зохицуулалт орж ирсэн. Ингэснээр сайн чанарын гэж яригддаг мал маань удам зүйн хувьд үнэхээр сайжруулагч мөн үү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж, баталгаажуулдаг болох юм.
Энэ хуулийн шинэ зохицуулалтаар “Монгол Улсын үржлийн гойд ашиг шимт малын ном” хөтөлдөг болно. Энэ заалтыг хэрэгжүүлснээр улсын хэмжээний гойд ашиг шимт малыг аймаг, сумаар нь нийтэд мэдээлэх цахим хуудас ажиллах юм. Тэгэхээр үржлийн үнэт чанараар үнэлэгдэн улсын бүртгэлд орсон малын үнэ жирийн малынхаас 2-3 дахин өндөр үнэтэй байна. Бусад оронд ийм л жишигтэй байдаг. Сүүлийн 20 гаруй жилийн байдлаар авч үзэхэд манай мал бүхий иргэн, малчид, хуулийн этгээдүүд төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөл үрийг сайн гэж гадаадаас авч, хяналтгүй ашиглах, удам зүйн хувьд ямар нэгэн үнэлгээгүй, баталгаажаагүй эцэг малыг дур мэдэн хээлтүүлэгчээр тавих зэрэг нийтлэг дутагдал их байсан.
Үүнээс улбаалан монгол малын үүлдэрлэг байдал алдагдах, давжаарах, ашиг шим буурах, эрлийзжих, тэсвэр хатуужил нь буурах, өвчинд нэрвэмтгий болох, сүргийн бүтэц алдагдах зэрэг асуудал үүссэн. Цаашид энэ хуулийн болоод дагалдан гарах хууль, журам, заавар, стандартын хүрээнд эдгээр асуудлыг шийдвэрлэх юм.
-Одоо сум болгонд мал зүйч ажиллахгүй байгаа гэсэн сураг гараад байх юм. Энэ үнэн үү. Шинээр гарсан хуулийг хэрэгжүүлэх хэмжээнд энэ мэргэжлийн боловсон хүчний нөөц бий юу?
-2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлахад сум бүрт мал эмнэлэг, үржлийн тасгийг гурван хүний орон тоотойгоор байгуулсан. Энэ үед 330 сумын тасагт нэг мал зүйч, нэг малын эмч, нэг хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн Засгийн газар, салбарын яамны шийдвэрийн дагуу ажиллаж байв. Харамсалтай нь 2014-2016 оны хугацаанд мэргэжлийн эдгээр хүмүүсийг эрх зүйн үндэслэлгүйгээр, төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар халах, чөлөөлөх асуудал нэлээд гарсан.
Үүний улмаас 63 мал зүйч ажлаас чөлөөлөгдөж, 267 суманд мал зүйч ажилаж байна гэж манай Агенлагийн авсан судалгаагаар гарсан. Ер нь өмнөх хуулиар суманд мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан төрийн бүтэц байх асуудал зохицуулалтгүй байсан. Мөн хувийн хэвшлийн үйлчилгээний нэгжүүд мал эмнэлгийн болоод үржлийн ажлыг хавсарч хийж болохоор зохицуулалттай байсан тул хөрөнгө, санхүүжилтийн байдлаас хамаараад малын үржлийн ажил, үйлчилгээг дагнан хийдэг нэгжийн тоо бага байсан.
Ер нь судалгаагаар боловсон хүчний нөөц шинэ хуулийг хэрэгжүүлэхэд хангалттай байгаа юм билээ. Бид дунд мэргэжлийн мал зүйчдийг ахисан түвшний сургалтанд хамруулах ажлыг ХААИС-тай мөн хамтран хийж буй. Орон нутгаас энэ чиглэлийн мэргэжлийг сонирхох залуучуудын тоо ихсэх хандлагатай. Энэ намар 96 оюутан шинээр мал зүйч мэргэжлээр сурахаар элссэн мэдээтэй байна.
-Энэ хуульд орж буй гол өөрчлөлтүүд юу вэ?
-Мал эмнэлгийн салбар бодлого, хэрэгжилт, хяналтын нэгдмэл бүтэц, тогтолцоотой болж, дотоод, гадаад зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагаа олон улсын жишигт хүрнэ.
Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлдэг болсноор халдварт өвчний голомтын тоо буурч, улмаар олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статустай бүс нутгийн хэмжээ нэмэгдэж малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох бизнесийн таатай нөхцөл бүрдэнэ.
-Малыг экспортод гаргахад малын эрүүл байх тухай асуудал хөндөгддөг. Энэ тал дээр ямар зохицуулалт орж байна вэ?
-Малын эрүүл байдлаа баталгаажуулах, мах боловсруулах үйлдвэрийн технологийн түвшин, эрүүл ахуйн шаардлага тухайн хүлээн авагч талын эрэлтийг хангаж байгаа эсэх нь махны экспортыг хийх суурь асуудал байдаг. Ялангуяа А зэрэглэлийн гоц халдварт өвчний тохиолдолд олон улсын малын эрүүл мэндийн байгууллагын тогтоосон шаардлагаар шууд хорионд ордог.
Тэгэхээр улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд хорионд ордог асуудлыг өөрчлөх, цэгцлэх стратеги, тактикийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг хуульд шинээр тусгасан. Урьдчилан тандах, хариу арга хэмжээ авах, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, шуурхай байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах замаар малын эрүүл байдлыг баталгаажуулах, экспортод гаргах боломж энэ хуулиар зохицуулагдана.
-Ер нь энэ хоёр хууль батлагдснаар орон нутагт төрийн болоод хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд ямар бүтэц, уялдаатай ажиллах вэ?
-Суманд одоогийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа “мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн нэр өөрчлөгдөж, “Хөдөө аж ахуйн тасаг” нэртэй болж, хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлийн төрийн анхан шатны нэгжийн чиг үүрэгт ажлыг хариуцаж хийнэ. Энэ тасгаас малын эмч нь “Мал эмнэлгийн тасаг”-руу шилжин ажиллана. Сум, аймаг, улсын түвшинд мал эмнэлэг босоо тогтолцоотой болно.
Аймгийн түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаагаа хэвээр эрхэлж, энэ бүтцийн мал эмнэлэгийн чиг үүрэг босоо тогтолцооны бүтэц рүү шилжинэ. Хувийн хэвшлийн мал эмнэлгийн болон малын үржүүлэг, технологийн нэгжүүд хуульд заасан чиг үүрэгт ажлыг хариуцан хийж, сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч нартайгаа гурвалсан гэрээтэй ажиллана.
Мал бүхий дүүрэгт тасаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газарт бүтцийн нэгж ажиллахаар шинэ заалт туссан болно. Мөн мэргэжлийн холбоод, нийгэмлэг зэрэг нь тодорхой чиг үүргийг төрийн өмнөөс гүйцэтгэхээр заасан.
-Төрөөс малчдыг эрхлүүлэх бодлого барилаа гэх шүүмжлэл бас сонсогддог. Ядаж малын хөлийн татварыг авч болдоггүй юм уу?
-Улирлын онцлог, тухайн нөхцөл байдлаас үүдээд хөдөө орон нутагт явахад янз бүрийн л асуудал байдаг. Гэхдээ хөдөөгийн хөгжлийн ялгавартай байдал, иргэдийн орлого бага, ажлын байргүй байгаа нь суурь асуудал. Малчдын хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон мал болон малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бага, худалдан борлуулах зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ муу байгаагаас орлого муу байна. Үүний улмаас малдаа хангалттай хадлан, тэжээлээ бэлтгэж чадахгүй ган, зудад хохирол их амсдаг.
Малын бэлчээрийн даац хэтэрч, нийтдээ газрын үржил шим муудаж байгаа зэрэг нь эмзэг асуудал. “Малчдыг эрхлүүлэх” гэдэг яриаг би хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн нэг. Малчид үгүй бол хүн амыг хэн хүнсээр хангаж, үндэсний голлох үйлдвэрүүд хаанаас түүхий эдээ авах юм бэ. Зах хязгаар нутагт хэн эзэн суух юм бэ, дэлхийд гайхагдаад буй нүүдлийн соёл иргэншлийг хэн тээж, өвөлж яваа юм бэ гээд яривал олон зүйл бий. Гэхдээ нийгмийн өмнө хүлээх хариуцлагын хувьд иргэн бүр үүргээ гүйцэтгэх ёстой гэж хэлэх дуртай. Малчдыг аливаа татвараас чөлөөлсөн, урамшуулал олгохоор тэднийг төр эрхлүүлж байна гэдэг.
Цаг хугацаа, нөхцөл байдал гэдэг гол хүчин зүйл байна. Хөдөө орон нутгаар явахад малчид маань малын хөлийн татвар өгье гэж ярьдаг хэсэг байхад өгөх дургүй хэсэг байдаг. Урамшууллын хувьд тодорхой цаг хугацаанд үүргээ гүйцэтгэсэн бол өөрчлөх асуудал гарна, гэхдээ өөр чиглэлд шилжүүлэх ч юм уу.
Тэгэхээр өнөөгийн байгаль экологийн өөрчлөлт, нийгмийн хөгжилтэй уялдаад шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд нилээдгүй байгаа гэдэгтэй малчидтайгаа санал нэгддэг. Бэлчээр нутгаа хамгаалах, ашиглах, татвар, урамшуулалтай холбоотой асуудлаар манай яамныхан судалж байна.