Байнга таардаг байсан цэцгийн дэлгүүрийн /Флора цэцгийн дэлгүүр/ 3 давхарт түүний дуудсанаар яваад орлоо. Тэдний хамт олон намайг сургалтад хамрагдахаар ирсэн хүн гэж андуурсан бололтой угтан авав. Цаана Хонгороо хүүхдүүдийн зурсан зургийг наангаа над уруу залгаж байж л дээ, би орж ирэхтэй зэрэгцэн цүнхэнд утас дугарсан юм.
Миний төсөөлснөөс өөр юм аа. Сандал ширээ нь, ханын цаас нь, цонхон дээрх зураг бас том том ваартай цэцгүүд нь. Ингээд тэр намайг шууд л өрөө рүүгээ аваад орчихсон. Хөөрхөн жижигхэн өрөө. Жижигхэн өрөө нь бас жижигхэн ширээ, сандал, номын сан зэргээр тохижсон байв.
Тэр надад...
Нэг тийм фрэш жүүс шиг санагдав. Гэхдээ тэр жимс нь маш сайн арчилгаанд сайн тордуулж ургасан манго байх. Ярилцаад сууж байхад шим тэжээлээ сайн өгч байснаас нь харахад тэр бол яагаад ч урд зардаг жимсний лангуун дээрх хямдхан манго биш. Сорт сайтай шүүслэг манго байлаа. Түүнийг шинэхэн ундаатай зүйрлэсэн учир нь тэр бол дөнгөж ажил, амьдралаа эхлүүлж яваа залуу бүсгүй билээ.
Залуу сэтгэл судлаач түүнийг Э.Хонгорзул гэдэг. 2017 оны хавар "Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль"-ийг Сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Ногоон Цас” ТББ-ыг үүсгэн байгуулж амжилттай авч яваа нь өнөөдөр түүнтэй уулзах болсон хамгийн гол шалтгаан юм.
-За сонин сайхан юу байна? Дураараа яриарай.
Ажил ундарсаар л байна. 7 хоног бүр “Ногоон Цас” дээр олон янзын арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Өнгөрсөн зуны 7 сард эмэгтэйчүүдийн хорих “407 дугаар” ангид очиж сэтгэл зүйн зөвлөгөө өгөөч гэж нэг хүн санал тавьсан юм. Надад онолын л мэдлэг гэхээс практик туршлага маш бага байсан болохоор шууд зөвшөөрөөгүй. Тэгсэн санал тавьсан хүн хэн хэндээ тус болно оо гэхэд нь шууд л окэе! Гэсэн. Ингээд намайг долоо хоногтоо 2, 3 удаа хорих газарт хүргэж өгөөд өдөрт 3 хүнтэй л уулзуулдаг болсон юм. Тэр үед ингэж ажиллах нь надад таалагдаж эхэлсэн. Харин одоо тэр байгууллагын үйл ажиллагаа өөр тийшээ хандсан болохоор тэдэнтэй хамтарч ажиллахаа больсон хэдий ч би “Ногоон Цас” ТББ-аараа хамтран ажиллаж байгаа. Ингэхдээ арга барилаа бага зэрэг өөрчлөөд бясалгал сэтгэл засал 2-ийг хослуулж ажиллах гэж байгаа. Эхлээд бясалгал хийлгээд дараа нь ярилцдаг байх журмаар.
Өнгөрсөн 12 сард хэдэн найзуудтайгаа хүний 10.000 төгрөгөөр нийлээд 407 дугаар ангид хүмүүжиж байгаа 2 ээжийг хүүхэдтэй нь уулзуулж өглөө. Энэ бол зүгээр л тэдэнд барьж байгаа сэтгэлийн бэлэг. Маш удаан хугацаанд үр хүүхэдтэйгээ уулзахгүй байна гэдэг эмэгтэй хүний хувьд аймшигтай зүйл.
-Ямар 2 ээжийг сонгов?
Тэнд хамгийн удаан хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй тэгээд ч ар гэрээс нь тэр бүр эргэлт ирдэггүй 2 ээжийг сонгосон. Нэгийг нь 3 хоног, нөгөөг нь хоёрхон цаг уулзуулсан. Яагаад гэхээр хүүхэд нь нярай байсан болохоор нярай хүүхэдтэй ээжүүдийг бага цаг уулзуулдаг дүрэмтэй юм билээ. Ээжтэйгээ уулзсан тэр нялх амьтан хэдий ухаан ороогүй ч гэлээ өмөлзөөд байсныг нь хараад эвгүй болсон шүү. Тэгээд л эмэгтэй хүнд чинь 00 цаас, ариун цэврийн хэрэглэл энэ тэрээс өгсүүлээд жижиг сажиг маш олон хэрэгцээтэй зүйл байна. Зарим нэг боломжтой эмэгтэйчүүдэд гэрийнхэн нь тэр хэрэгцээг нь аваад ирдэг эсвэл мөнгө явуулдаг ч юм уу ямар ч байсан нэг аргатай. Харин боломжгүй нэгэнд нь бол маш хэцүү юм билээ. Тэгээд бид хэд цуглуулсан хэдэн төгрөгөөрөө ахуйн хэрэглээний жаал жуул юм авч өгсөн юм. Яг энэ асуудлаар нэг ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэдэг компанитай бага зэргийн туслалцаа үзүүлээч гээд яриад л байгаа. Сардаа зүгээр борлуулж байгаа бүтээгдэхүүнээсээ 20 уутыг л илүүчлээч гэсэн юм хүсээд байгаа юм. Ингэвэл бас тэр байгууллагын хувьд нийгэмдээ үзүүлж байгаа сайн үйлс болчихно шүү дээ.
-Яагаад заавал эмэгтэйчүүдийн хорих газартай хамтарч ажиллахаар шийдсэн юм бэ?
Би дипломынхоо ажлыг “Мансууруулах бодис хэрэглэгчдийн сэтгэл зүйн онцлог” гэдэг сэдвээр хамгаалсан юм л даа. Судалгааны маш олон ажил хийсэн. Энэ ажлыг хийснээрээ хар тамхинд донтогчдыг шоронд эсвэл шар хадны эмнэлэгт биш сэтгэл судлаачдаар эмчлүүлэх бүрэн боломжтой гэдгийг л харуулахыг зорьсон. Тэгээд хорих газарт хар тамхинаас болж орсон маш олон хүн байсан учраас очиж ажиллах хамгийн том зорилго болсон юм.
Эмэгтэйчүүдийн хорих газарт яг одоогийн байдлаар 120 орчим хүн байдаг. Үүнээс 50 нь чанга дэглэмтэй, 70 гаруй нь жирийн дэглэмд хоригддог.
Хар тамхинаас болоод хоригдож байгаа эмэгтэйчүүдтэй ярилцаж судалгаа хийсний үндсэн дээр энэ хүмүүс ингэж хоригдоод хар тамхинаас гарахгүй гэдгийг батлах олон шалтгааныг олсон. Яавал эдгээр хүмүүс мансууруулах бодис хэрэглэхээ болих вэ гэвэл маш сайн хараа хяналтад байлгах нь хамгийн зөв арга гэж харсан. Хар тамхины хэрэгтэй холбоотой хүмүүс дийлэнх нь тэнсэн ялтай болж хоцордог. Харин миний бодож олсон эмчилгээ бол тийм хүмүүст байнгын тест хийгээд, бүлгийн сэтгэл засал гэж байдаг юм. Хэсэг бүлэг хүмүүс тойрч суугаад Би бол хар тамхичин тэр байна гээд л ярьж эхэлнэ гэсэн үг. Ингээд тухайн хүн маань 7 хоног бүр бүлгийн сэтгэл засалдаа ирэх ёстой харин бас нэг өрөөнд байнга шээсний тестийг өгч хяналтад байх юм. Хэрвээ ингэвэл тэр хүн 7 хоног болгон бүлгийн сэтгэл засалдаа ирээд шинжилгээ өгөөд байвал нөгөөхөө дахиж хэрэглэхгүй байх боломжтой болж эхэлж байгаа юм.
Мансууруулах бодис хүний биеэс долоо хоногийн хугацаанд гарч арилдаг.
Мэдээж тэр хүн чинь хар тамхи хэрэглэж байгаа ч ажлаа хийгээд л явж байгаа. Ажлынхаа хажуугаар сэтгэл засалдаа хамрагдаад, шинжилгээгээ өгөөд явбал тэр хүнийг нөгөө муу зуршлаас нь ангижруулах боломжтой болж байгаа юм. Мэдээж надтай хамт мэргэжлийн эмч нар тэр хүнд арга хэмжээ авна, эмчилгээгээ хийнэ, хар тамхины хор хөнөөлийн тухай ойлголт өгнө.
Та “Мөс битгий шаагаарай чи чадна” гэсэн бичиг харж байсан уу? Энэ үгний “ЧИ ЧАДНА” гэх тэр үг л хар тамхичдад Болно! Бүтнэ! Чи чадна! гэх тэр итгэл үнэмшлийг өгдөг аж.
Энэ хэргийн цаад талыг дахиад нэг харах юм бол мэдээж асуудалтай хүн л хар тамхи хэрэглэж байгаа. Хэтэрхий их ганцаардалтай, гэр бүл нь аз жаргалгүй эсвэл нэг хүрээлэлд үлдэхийн тулд хэдий мансуурах хүсэлгүй ч гэсэн хамт байхыг хүсдэг хүмүүс нь хэрэглэдэг бол тэднийг орхихгүйн тулд даган дуурайж хэрэглэдэг хүмүүс ч цөөнгүй бий.
Ямар ч асуудалгүй хүнд мансууруулах бодис хэрэглүүлэхэд тэр хүнд дахиж тэгэх сэдэл төрдөггүйг судалгаагаар баталсан байна.
Хонгороо 3 дугаар сарын 1-нээс эхэлж хорих газартай хамтарч ажиллахаар болжээ.
Би “Хохирогчгүй ялтан” гэж нэг нийтлэл бичиж байгаа. Зүгээр л сонирхлоороо. Шоронд байгаа цорын ганц хохирогчгүй ялтан бол хар тамхичид байдаг. Хар тамхичид бол өөрийнхөө хувьд хохирогч нь болоод ял эдэлдэг. Тийм болохоор эдгээр хүмүүст сэтгэл зүйчидтэй хамтарч ажиллах нь хамгийн үр дүнтэй арга гэж хараад байгаа юм. Яагаад гэвэл донтогчид бол сэтгэл зүйн эмгэгтэй ӨВЧТӨН юм. Ингэж засал хийгээд нийгэм эдгээр хүмүүсийг хүлээж авах нь хамгийн чухал. Тэгэхгүй манайхан бол хар тамхичин гэхээр гадуурхах, цааш нь түлхэх гээд байдаг тал анзаарагддаг. Хэрвээ тэгэхгүй бол хар тамхичид бүлэг үүсгээд тэндээ бүр уусан шингэж буцаж гарах арга замгүй болдог. Бүлэг үүснэ гэдэг нь тэднийг улам илүү нягт болгож байгаа явдал юм. Бүлэг үүсчихсэн бол задрахад хэцүү. Яагаад гэвэл энэ бүлгээс гарвал нийгэм түүнийг хүлээж авахгүй юм чинь. Жишээлбэл ЛГБТ хүмүүс байна. Зөвхөн тэр бүлэгтээ л байхыг хичээгээд байдаг. Зөвхөн өөрсдийнхөө ордог баарандаа л ордог. Жирийн нэг газар ороод нэг залуу гэй хөдөлгөөнөө хийж бүжиглэж байгааг харвал манайхан барьж аваад зодох ч юм уу тиймэрхүү л үйлдэл гаргана.
Э.Хонгорзул бол хар тамхичдад сэтгэл зүйн засал хийх гэж оролдож байгаа анхдагч сэтгэл судлаач юм.
СЭМҮТ дээр би оюутан байхдаа дадлагын ажил хийж байсан. Тэгэхэд хар тамхинд донтсон 4 залуу эмчлүүлж байлаа. Гэхдээ тэнд “Мансууруулах бодис хэрэглэгчийн сэтгэцийн асуудлууд” ч гэдэг юм уу тийм тусдаа тасаг байхгүй. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүстэй хамт эмчилдэг. Тэр нь эргүүлээд нөгөө хүнийг сэтгэцийн маш хүнд байдалд оруулж байдаг юм. Ингээд тухайн өвчтөнийхөө өмнөх муухай дурсамжийг нь мартуулах энэ тэр арга авах биш харин ч эргэж сануулаад тэр үйлдлээс нь өөрийг нь жигшүүлэх юм бол эмчилгээ үр дүнгээ өгөх юм шиг санагдаад байгаа юм.
Ер нь баруунд хар тамхичдыг өөрөөр нь жигшүүлэх арга барилыг баримталж эмчилдэг юм билээ.
Хар тамхи хэрэглэгчид бүгд хордлогын шинж тэмдэгтэй байдаг.
Шоронд орсон дийлэнх хар тамхичид хүчтэй химийн гаралтай мансууруулах бодис, мөс хэрэглэснээс болж шийтгүүлдэг. Хар тамхичидаас хамгийн анх хэдэн насандаа мансуурч үзсэн бэ гэсэн судалгаа авахад 15 гэсэн хариултыг сонгож байжээ.
Охидын дунд турах гэж мөс хэрэглэх тохиолдол элбэг болжээ. Энэ нь маш том эндүүрэл юм.
1 грамм мөс 2015 онд зарагддаг байснаасаа 10 дахин үнэтэй болсон байна.
Энэ нь цагдаагийн байгууллагын хараа хяналт хатуу болсонтой холбоотой. Харин хүссэнээрээ мөсийг олж авахад охидод санхүүгийн тал дээр хүндрэлтэй байдаг учир охид үүний төлөө диллерүүдэд /нууцаар хар тамхи борлуулагч/ биеэ үнэлэх тохиолдол ч ихэссэн тухай тэр ярьсан юм. Мөс хэрэглэсэн хүн дээд талдаа 3 хоног унтахгүй, хоол идэхгүйгээр огтхон ч ядрах мэдрэмжгүй явж чаддаг байна. Харин үйлчилгээ нь гарсны дараа маш ихээр сульдсан байгаагаа мэдэрдэг гэнэ. Ингээд тухайн хүний бие махбодь нөгөө бодисоо эргээд нэхэж эхэлдэг байна. Иймд та дүүгээ, ойр дотны найзыгаа, магадгүй охиноо нэг анзаараад үзээрэй.
“Ногоон Цас” ТББ
2017 оны 10 дугаар сараас эхэлж ажиллаж байгаа ТББ долоо хоног бүр идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Зураг зуруулах, кино үзүүлэх зэрэг аргаар хүний сэтгэлзүйтэй ажиллаж болдог тухай тэр ярилаа. Ингээд тэр уран зургийн багштай сургалт явуулж бас Ням гариг бүр кино өдөрлөг зохиодог ажээ. Сэтгэл зүйн драм төрлийн кино сонгож гаргадаг бөгөөд киноны дараа үзэгчидтэйгээ сэтгэгдлийг нь хуваалцаж, уран бүтээлийн бяцхан шүүмж, дүрийн тухай юу харуулахыг зорьсон гэх зэргийг ярилцдаг байна.
Удахгүй “АГАМ” номын клубийн үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа. Энд хүмүүс бүгд нэг номын тухай биш өөр өөр янзын шинжлэх ухаанд суурилсан ном уншиж номынхоо тухай бусадтайгаа хуваалцаж ярилцахад энэ клубийн утга учир нь орших аж. Тэр уран зохиол, өгүүллэг энэ тэр гэхээс илүү шинжлэх ухааны ном унших дуртай болохоор ийм эвэнт зохиож байхаар шийдсэн байна.
“АГАМ” номын клуб 1 сарын 25-наас ажиллаж эхлэх юм байна.
Түүний өрөөний бяцхан номын сан шинжлэх ухааны олон сонирхолтой номуудаас бүрджээ.
Бас нэг зүйлийг сонсоод танилаараа бүр их бахрахсан юм. ЕБС-иудад сэтгэл зүйн тухай цуврал лекц тавьж байгаа гэнэ. Одоогийн байдлаар нийт 5 сэдвийн хүрээнд. "Би хэн бэ? Би үе тэнгийнхэн дундаа хэн бэ? Би гэр бүлийнхэн дундаа хэн бэ? Муу зуршил гэж юу вэ? Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?"
Удахгүй үүн дээр хуулийн тухай болон эрүүл мэндийн талаар нэмж ярьдаг болох гэж байгаа. Эрүүл мэндийн сэдвээр ярих лекцийн хөтөлбөр удахгүй батлагдана. Үүнд:
- Хорт зуршил
- Бэлгийн боловсрол гэсэн сэдвүүд хамрагдах юм.
Ингээд төгсгөлд нь Хонгороо хийж байгаа ажилдаа итгэл үнэмшил дүүрэн ингэж хэлэв.
Хар тамхины хэрэглээ архиныхаас шал ондоо. Хэзээ ч аав, ээж нар хүүхдийнхээ дэргэд мансуураад сууж байдаггүй. Харин хажууд нь архи ууж, тамхи татаж байгаа тохиолдол зөндөө л байгаа. Тэгэхээр энэ архи, тамхины асуудлыг бол хүүхдийнхээ дэргэд хамаагүй хийдэг учраас энэ бол байж болох зүйл гээд ойлгуулчихсан гэсэн үг. Харин хар тамхины асуудал ухамсарт нь тэгж гүнзгий суугаагүй байдаг болохоор мансууруулах бодис хэрэглэгчдийг аврах бүрэн боломжтой гэж би итгэдэг.