Зүүн гар талаас “Рио тинто” группийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Мөнхтүшиг, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак
“Оюутолгой” компанийн хувьцааны 66 хувийг эзэмшигч “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн ням гаригт Монголд хүрэлцэн ирснийг манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчийг төлөөлж буй тэрбээр ирсэн өдрөө “Оюутолгой” компанийн уурхайтай танилцаж, тэдний үйл ажиллагааны хэсгийн хамт олонд шагнал гардуулжээ.
Түүнчлэн тэрбээр өчигдөр Улаанбаатарт “Рио тинто” группийн төлөөлөгчийн газрыг нээх ёслолд оролцсон юм. Үүнийхээ дараа сурвалжлагчидтай уулзаж, ажлын айлчлалынхаа зорилго, Оюутолгойн бүтээн байгуулалтын талаарх зарим мэдээллийг дэлгэж, цөөн асуултад хариуллаа. Энэ үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Рио тинто” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлаар томилогдсон Д.Мөнхтүшиг нар түүнтэй хамт байлцав.
Жан Себастьян Жак “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны хэсгийн хамт олонд “Рио тинто” группийн гүйцэтгэх захирлын нэрэмжит “Аюулгүй ажиллагааны дээд шагнал”-ыг гардуулжээ. Тус группийн хэмжээнд аюулгүй ажиллагааны хамгийн сайн үзүүлэлттэй уурхайд уг шагналыг гардуулдаг аж. “Манай групп дэлхийн олон оронд 60 гаруй уурхай ажиллуулдаг. Эдгээрээс тавхан жил ажиллаж байгаа “Оюутолгой” компанийн хамт олон энэ шагналын эзэн боллоо. Энэ амжилтад гар хумьж сууж байгаад хүрдэггүй, маш их хичээл зүтгэл шаарддаг.
“Рио тинто”-гийн бусад уурхайгаас төлөөлөгч ирж, “Оюутолгой”-н аюулгүй ажиллагааны арга барил, туршлага, соёлоос суралцах болно” гэж Жан Себастьян Жак тэдний амжилтыг үнэлж байлаа. Тэрбээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэхэд буюу 18 сарын өмнө Монголд саатаж байсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээс хойш амжуулсан ажилтай танилцаад төлөвлөгөөний дагуу явж байгаа гэсэн түүний итгэл улам баталгаажсан гэнэ. Мөн “Рио тинто”-гийн гүйцэтгэх захирал гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийж буй инженерүүдтэй уулзсан байна. Ингээд түүнд 7-10 жилийн дараа “Рио тинто”-гоор овоглодог, гүний уурхайн хамгийн шилдэг инженерүүдийг “Оюутолгой” компани бэлтгэнэ гэсэн итгэл төржээ.
Уулзалтын үеэр Жан Себастьян Жак “Оюутолгой” компанийн Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодруулах цөөн тоо, баримтыг танилцуулав. Энэ онд тус компани 14 мянган хүн ажиллуулах гэнэ. Үүний 94-95 хувь нь монголчууд байх аж. 2010 оноос хойш татвар, хураамжаар 1.5 тэрбум ам.доллар Засгийн газарт төлсөн байна. Түүнчлэн өнгөрсөн онд 1.7 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авах гэрээг дотоодын компаниудтай байгуулжээ.
Тэрбээр ажилчдын цалин, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдэд төлж буй хөлс эдийн засагт дам байдлаар эерэг нөлөөтэй гэж тодотголоо. Тэгвэл “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дотоодын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчид Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцохоос гадна үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, шохойн чулуу, тээрмийн ган бөмбөлгөө үндэсний компаниас худалдан авдаг болсон. Аюулгүй ажиллагааны арьсан бээлий, төмөр хамгаалалттай ширэн гутлыг Монголоос нийлүүлнэ” гэж түүний яриаг тодруулав.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхлэх үед зэсийн эрэлт өсөн, үнэ нь нэмэгдэх хүлээлт байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн шинэ технологи, цахилгаан машины үйлдвэрлэлд их хэмжээний зэс хэрэглэж, улмаар эрэлт өснө гэж “Рио тинто”-гийнхон тооцоолж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр Оюутолгойгоос өөр томоохон уурхай ойрын жилүүдэд ашиглалтад орохгүй юм байна. Иймээс зэсийн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн олборлолт эхлэх хугацаа зэсийн эрэлт өсөх үетэй давхцаж байгаад ихээхэн найдлага тавьж байгаа гэсэн үг.
Энэхүү таамаглалыг дуулгасан Жан Себастьян Жак “Рио тинто” Монгол Улстай урт хугацаанд түншлэх сонирхолтой байгаа. Тиймээс Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээлээ. Монгол Улстай хамтран ажиллах төсөл зөвхөн “Оюутолгой”-гоор тогтохгүй. Мэдээллийн технологийн үйлчилгээг Монголоос авч эхэлсэн. Үүнээс гадна ашиглалт малтмалын хайгуул хийнэ. Энэ ажлыг “Рио тинто”-г төлөөлөн Монголд хэрэгжүүлэхээр Д.Мөнхтүшиг бидний эгнээнд нэгдэн орсонд баяртай байна” гээд түүнийг сэтгэгдлээ хуваалцахыг урив.
Д.Мөнхтүшиг “Өмнө нь “Рио тинто”-гийн Монголыг хариуцсан захирал ажиллаж байсан. Төлөөлөгчийн газрын анхны захирлаар нь намайг томиллоо. “Рио тинто” манай улсад “Оюутолгой”-гоос өөр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Би Монголд явуулах үйл ажиллагааг нь удирдаж, “Рио тинто”-той холбож ажиллах юм. Жишээлбэл, “Рио тинто”-гийн уурхайнуудад мэдээллийн технологийн үйлчилгээ хүргэдэг, дотоодын инженерүүдээс бүрдсэн компани нь манай төлөөлөгчийн газрын нэг хэсэг байх юм. “Рио тинто”-той хамтран ажиллах олон боломжийг нээхээр хичээж ажиллах болно” гэлээ. Ингээд Жан Себастьян Жакийн сурвалжлагчдын асуултад хариулсныг хүргэе.
-Сүүлийн үед уурхайд робот машин ажиллуулах гэх мэтээр технологийн дэвшил ашиглах болсон. “Оюутолгой”-д хэтдээ ийм техник, технологийн дэвшил ашиглах уу?
-Автоматжуулах нь олон давуу талтай. Тухайлбал, аюулгүй ажиллагааг нэрлэж болно. Магадгүй робот ашигласнаар хүнийг аюултай нөхцөлд ажиллуулахаас сэргийлнэ. “Рио тинто”-гийн бусад уурхайн туршлагаас харахад автоматжуулалт нэвтрүүлсэн хэдий ч илүү ур чадвар, өндөр мэдлэг шаардсан шинэ ажлын байр бий болгох боломжтой байдаг.
Өрсөлдөөнтэй зах зээлд ажиллаж байгаа учраас компанийн зардал бусадтай өрсөлдөхүйц байх ёстой. Автоматжуулалт нь зардал бууруулах давуу талтай. Алс ирээдүйд “Оюутолгой”-д автоматжуулалтын технологи нэвтрүүлэх нь тодорхой. Гэхдээ ойрын таван жилд өргөн хүрээнд автоматжуулалт нэвтрүүлэхгүй. Харин “Оюутолгой”-д үйл ажиллагааны менежментийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ системийн тусламжтайгаар цаг үеийн мэдээллийг ажилтнууддаа шуурхай хүргэснээр аюулгүй байдлыг нь хангаж, бүтээмжийг нь нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Туршилт нь тооцсоноос илүү үр дүнг харуулж байгаа.
-Монголчууд “Оюутолгой” төслөөс хэзээ ногдол ашиг хүртэх вэ гэдэг асуудал байнга маргаан дагуулдаг. Дубайн гэх гэрээгээр ногдол ашиг хүртэх хугацааг хойшлуулсан шүүмжлэл өрнөсөөр байна.
Ногдол ашиг хүртэх хугацааг хэлэх боломжтой юу?
-Ногдол ашиг хуваарилахын тулд бизнес ашигтай байх ёстой. “Оюутолгой” төсөлд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан, нэмээд гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбумыг зарцуулж байна. Хувь нийлүүлэгч бүр “Оюутолгой” компанийг аль болох хурдан ашигтай ажиллуулж, ногдол авахыг хүсэж байгаа. Монгол Улсын Засгийн газар энэ төслийг 34 хувийг эзэмшихдээ өөрт ногдох хөрөнгө оруулалтыг хийхгүй, ирээдүйд олох ногдол ашгаараа төлөх сонголт хийснийг мэдэж байгаа биз.
Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд бид олон улсын санхүүгийн байгууллагуудаас мөнгө зээлсэн. Тэднээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх ёстой. Би өнөөдөр төдөн онд ногдол ашиг хуваарилна гэж хэлэх боломжгүй. Зах зээлийн хүчин зүйлсээс гадна компани хэзээ ашигтай ажиллаж эхлэхээс хамаарна. Төсөл Монгол Улсад өгөөжөө өгч эхэлснийг заавал ярих ёстой.
Дахин дурдахад, 15 мянган ажлын байр бий болгож, 1.5 тэрбум ам.долларын татвар, хураамж төлж, 2017 онд дотоодын компаниудаас 1.7 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авах гэрээ хийсэн байна. Алсын хараатай хандаж, Оюутолгойг дэлхийн хэмжээний уурхай болгоод, түүнээсээ өгөөж хүртэх нөхцөл боломжийг хангах хэрэгтэй.
-Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгө оруулагчид “Оюутолгой” компанид эрчим хүч нийлүүлэх үнийн саналаа өгсөн ч “Рио тинто” хариу өгөөгүй байгаа. Хэзээ хариу өгөх вэ?
-Эрчим хүч нийлүүлэх хэлцэл талуудын хооронд үргэлжилж байгаа. Тодорхой үр дүнд хүрээгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй.
-Монголын Засгийн газар “Оюутолгой” компанид татварын акт тавьсан. Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой үл ойлголцол үргэлжлээд байна уу. Үл ойлголцлыг арилгахын тулд “Рио тинто” компани ямар нэг алхам хийх үү?
-Татварын актын тухайд бизнес эрхлэхэд тохиолддог хэвийн зүйл гэж дүгнэж болно. Манай группийн үйл ажиллагаа явуулдаг Америк, Австрали зэрэг оронд иймэрхүү асуудал үүсэж, бид ярилцаж, хэлэлцээд шийдвэрлэдэг. Татварын албаны актыг 10 орчим хоногийн өмнө хүлээж авсан. “Оюутолгой” компанийн удирдлагууд үүссэн асуудлыг цэгцлэх, ойлголтоо нэгтгэхээр Монголын татварын албаныхантай уулзаж байгаа.