Торгоны зам дагуух 15 орноор дамжин 12 000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулахаар зорьж буй Н.Байгалмаа хэмээх бүсгүйтэй цахим хуудсаар нь холбогдон, ярилцлаа. Хөр цас, хүйтэн жавар сөрөн, идэр есийн хүйтнээр аяллаа эхлэн, хээрээр гэр хийн, монгол хүн ямар их тэсвэр тэвчээртэйг үлгэрлэж яваа түүний зорилго, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнд толилуулъя.
-Сайн явж байна уу, та. Одоогоор хэдэн км зам туулан, хаана хүрээд байна вэ?
-Сайн явж байна аа. Бид аяллаа арваннэгдүгээр сарын 8-нд эхэлсэн. Одоогоор 800 гаруй км зам туулан, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ирлээ. Өнөөдөр (энэ сарын 13) 30 км аялсан. Замдаа төөрөх, даарахаас авахуулаад хүндрэл, бэрхшээл тулгарахыг алийг тэр гэх вэ. Нүүр нүдгүй шуурах шуургатай 10-аад удаа таарлаа.
Мөрөөдлөө биелүүлж байгаа болохоор сэтгэл өег явна. Аялал минь адал явдал, эрсдэл ихтэйг урьдаас таамаглаж, хэрэндээ бие, сэтгэл зүйгээ бэлдсэн, хэр баргийн зүйлд шантрахгүй ээ. Ойрд хүйтэн, цасан шуурга ихтэй байгаа тул аялахад нэлээд хүндрэлтэй байна. Цагдаагийн ерөнхий газраас намайг дэмжиж, сумаас сумын хооронд нэг нэгээрээ өртөөчлөн хамт явж, аюулгүй байдлыг хангаж байгаа. Маргааш тэмээнийхээ нурууг амраангаа энд өнжинө.
-Тэмээгээр Торгоны зам дагуух 15 орныг дамжин, 12 000 км зам туулахаар аялж яваагаар тань олон хүн бахархаж байна. Энэ аяллын санаа танд хэрхэн төрөв?
-Хэдэн жилийн өмнө Австралийн аялагч Тим Коп Монголоос хоёр морь худалдаж аваад Унгар хүртэл аялсан нь миний бахархал төдийгүй цагаан атаархал төрүүлсэн. Бусад орныхон түүний аяллыг “Чингис хааны мөрөөр” гэдэг нэрээр андахгүй. Тэр үед би “Монголчууд нүүдэлчин ард түмэн. Тэгсэн мөртлөө эх орон, өвөг дээдсээ дэлхийд сурталчлах хэмжээний дөмөгхөн аялал хийсэн бил үү. Гаднын хүн монгол морины тэвчээр, шандсыг бусдад таниулж чадлаа. Бид яагаад чадахгүй гэж” бодсон юм.
Тэгээд өвөг дээдэс минь мөрөө тодоос тод гаргасан Торгоны замаар явбал зүгээр гэх санаа төрсөн ч хэрхэн аялах талаараа нэлээд эргэцүүлсэн. Сарлаг, мориор, эсвэл явган аяллаар олон км зам туулсан аялагч олон бий. Тэгэхээр тэднээс өөр, шинэлэг санаа хэрэгтэй байлаа. Юу юунаас илүү эх орноо, монгол хүний тэсвэр тэвчээр, өв уламжлалаа дэлхийд сурталчлахыг чухалчилсан. Удаан бодсоны эцэст тэмээгээр аялахаар шийдсэн юм.
Шийдсэн ч гэж дээ анхандаа мөрөөдсөн хэрэг, үнэнийг хэлэхэд. Өнөөдөр ингээд мөрөөдлөө биелүүлэхээр аялж явна чинээ тухайн үед төсөөлөө ч үгүй. Бүтэхгүй байх вий гэж боддог байснаа нуугаад яах вэ. Монгол морьтой холбоотой хууч яриа, домог мэт яригддаг түүх олон. Тэр хэрээр гадаадынхан монгол морины тэсвэр тэвчээрийг сайн мэднэ.
Гэтэл тэмээгээ хэр сайн мэдэх билээ, бид. “Тоо толгой нь дорвитой өсөхгүй байна. Тэмээгээ хайрлая” гэхээс өөрөөр хайрлаж, хамгаалж чадаж байгаа бил үү. Тиймээс тэмээ гэж ийм сайхан, амгалан, тэнхээтэй амьтан Монголд байдгийг дэлхийд сурталчлахын тулд сонгосон. Зүгээр нэг тэмээ унаад бус, нэг их ачаатай биш ч жин тээгээд аялж байгаа нь бусад орныхны анхаарлыг татаж байгаа юм билээ. Нөгөө талаар ингэж аялахад аялал жуулчлалын салбарт 11 жил ажиллаж, уулын спортоор цөөнгүй жил хичээллэн, хорхойсож байгаа минь багагүй нөлөөлсөн. Багаасаа малын захад өсөж, амьдралын хатуу хүтүүг үзсэн нь надад их дэм болж байна.
-Идэр есийн хүйтэнд хээрээр гэр хийн, тэмээгээр аялна гээд төсөөлөхөд ч бэрх. Аяллыг тань гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Үнэнийг хэлэхэд анхандаа тийм ч сайшаагаагүй. Би “Чадна” гэж зүтгэсээр байгаад зөвшөөрүүлсэн. Ээж намайг ууланд авирна гэсэн бол хориглох байсан. Нөхөр минь намайг үргэлж дэмжин, урам өгдөг юм. Надтай адилхан аялал жуулчлалын салбарт ажилладаг. Бас над шиг уулын спортод дуртай. Энэ аялалд надтай хамт аялахыг хүссэн ч хүүхдүүдээ яах билээ. Аргагүйн эрхэнд ар гэрээ дааж үлдсэн. Бид хоёр гал голомтоо бадраагаад 10 жил болж байна. Хоёр охинтой.
-Гэр бүлийнхнийгээ их санан, охиддоо санаа зовж байгаа нь дамжиггүй. Холбоо барих боломж хангалттай гардаг уу?
-Бас ч дажгүй ээ. Хоёр юм уу, гурван хоногт нэг удаа холбоо барьж дөнгөдөг. Хоёр охиноо, ханиа их санаж байна. Хөөрхий ээжийн минь санаа зовж байгаа даа. Аав, ээж хоёр Увс аймагт амьдардаг. Ээж хотод ирэн, хоёр ачаа харж суугаа. Аяллын явцад боломж олдвол гэртээ очно оо. Тэгэх шаардлага ч гарч магадгүй. Жишээлбэл, Казахстан том газар нутагтай. Казахстаны нутгийг туулахаас өмнө визний хугацаа дуусвал эх орондоо ирж сунгуулахаас өөр аргагүй.
-Аяллаа эхлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?
-Амар байгаагүй ээ. Хамгийн хүндрэлтэй нь санхүүгийн асуудал, эмнэг 10 тэмээ сургах, таван орны долоон аялагчийг цуглуулж зорилгоо нэгтгэх байсан. Тэр бүхэн хүсэл мөрөөдлийг минь үгүй хийж, чөдөрлөж чадаагүй. Гурван жилийн хугацаанд төлөвлөсөн аялал маань БНХАУ, Казахстан, Узбекистан зэрэг 15 орноор дамжин, 12 000 км үргэлжилнэ. Аяллын явцад зарим орныг хасаж, замаа танахыг үгүйсгэх аргагүй.
-Анх наймуулаа аялалд гарсан. Монголчуудаар бус, гадаадын иргэдээр багаа бүрдүүлсэн нь сонирхол татаж байна. Ер нь монгол хүмүүст хамт аялах санал тавьсан уу?
-Би монголчуудтайгаа хамт аялахыг үнэхээр их хүссэн, чадах бүхнээ хийсэн. Даанч хэн ч саналыг минь дэмжээгүй, олонх нь намайг дооглосон. Шоолж инээхэд нь урам хугардаг юм билээ. Говь-Алтайгаас цааш явахад Амай нэрээр нь хүмүүс сайн таних Ж.Золбаяр ах гурав хоног хамт аялж, туршлагаасаа хуваалцъя гэсэн. Хамгийн анх намайг дэмжсэн хүн бол 18 жилийн турш аялж байгаа Английн иргэн Б.Карл. Тэгээд нэлээд туршлагатай, алдартай долоон аялагчаар багаа бүрдүүлсэн юм.
-Аялагчид замын дундаас буцсаар ганцаараа үлдсэн гэж дуулсан. Тэд яагаад больчихсон юм бэ?
-Уг нь Б.Карл аялал дуустал, бусад нь БНХАУ-ын хил хүртэл явахаар төлөвлөсөн. Гэтэл тэд Монголын өвөлд бууж өгөн, замын дундаас буцлаа. Нэг нь бүр 22-ын товчоо өнгөрөөд л “Болилоо” гэсэн. Б.Карл тэмээ худалдан авахад нэмэрлэсэн 10 сая төгрөгөө буцаан авсан нь санхүү, сэтгэл зүйн хувьд багагүй цохилт болов. Б.Карл бид хоёр хамтдаа гурав хоног аялсан. Тэр аяллаа зогсоон, буцаад зургаа хонож байна.
-Тэднийг аяллаа зогсоох бүрт нь Улаанбаатарт хүргэж өгсөн үү?
-Тэгсэн. Аяллаа түр зогсоон, тухайн очсон нутгийнхаа малчдад тэмээгээ хөлсөөр харуулж байгаад хотод хүргэж өгсөн. Долоон удаа хотод очиж, буцсаар нэлээд цаг алдлаа.
-Ганцаараа үлдэхдээ хэр их сэтгэлээр унав?
-Юу гэж тэгэх вэ. Харин ч эсрэгээрээ “Бууж өгөхгүй, би чадна” гэж өөрийгөө хурцалж, өөртөө л найдаж, итгэхээс өөр аргагүйг ухаарсан. Хэд хоногийн өмнө дүү минь надад туслахаар ирээд их дэм болж байгаа. Намайг Хятадын хил хүргэж өгөөд буцна.
-Та дүүгээ дуудсан юм уу?
-Үгүй ээ, тэгээгүй. Би их дотогшоо хүн. Хэцүү зүйл тохиолдвол дотогшоо л эмтэрнэ, ийм хэцүү, тэгж шаналж байна гэж бусдад хэлдэггүй. Ер нь ганцаараа нус, нулимсандаа холилдон, шалдаа буудаг хүн шүү дээ. Миний дүү намайг ганцаараа үлдсэнийг дуулаад туслахаар ирсэн юм.
-Тантай хамт аялахаар санал тавьсан хүн бий юү?
-Байхгүй. Цахим хуудсандаа нийтэлсэн постны доор “Би хамт аялъя, эсвэл тэдэн төгрөгөөр дэмжье. Дансаа чатаар явуулаарай” гэж сэтгэгдэл бичдэг л юм. Гэхдээ түүнийгээ ажил хэрэг болгон, амласандаа хүрдэг нь хуруу дарам. Зүгээр л бусдад сайн хүн болж харагдах гэж хичээдэг, хэлбэр хөөдөг хүн ямар олон болсон юм бэ.
-“Больё” гээд шантармаар үе гарах юм уу?
-Өө, ёстой тэгж бууж өгөхгүй. Монгол хүн тэмээгээр 12 000 км зам туулж яагаад чадахгүй гэж. Үнэнийг хэлэхэд энэ аялал хэнд ч амар санагдахгүй. Майхнаа буулган, тэмээндээ өвс тэжээл тавьж, жингээ ачаалснаар өдөр бүрийн аялал эхэлнэ. Гэхдээ зүгээр ээ. Мөрөөдөлдөө хүрэх жижигхээн шалгуур л гэж бодож байгаа. Алхам, алхмаар урагшлах бүрт мөрөөдөлдөө шат, шатаар ахиж байгаа гэж бодохоор буцах эрхгүй.
-Аяллын бүх зардлаа өөрөө зохицуулдаг уу. Монгол юм уу бусад орноос дэмжиж байгаа албан байгууллага бий юү?
-Монголын бүхий л томоохон байгууллагын удирдлагатай уулзаж, дэмжлэг хүссэн. Нэг нь ч дэмжээгүй. Бүх зардлаа өөрөөсөө гаргаж явна. Долоо хоногт хамгийн багадаа 400-гаад мянган төгрөг зарцуулж байна. Намайг дэмжиж байгаа ганцхан байгууллага нь Цагдаагийн ерөнхий газар. Энэ дашрамд тус байгууллагын хамт олонд баярлаж буйгаа илэрхийлье.
-Та аялал жуулчлалын “Off road Mongolia” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм билээ. Компанийнх нь ажил хэвийн үргэлжилж байгаа юу?
-Манай компанийн хоёр менежер хариуцаж байгаа. Хүйтний улиралд ажил харьцангуй багатай болохоор эндээс ерөнхийд нь чиглүүлж, заавар, зөвлөгөө өгдөг.
-Амьтан л болсон хойно янз бүрийн ааштай. Ямар ч зан гаргаж, туйлж, таврахыг нь урьдчилж таашгүй. Эдэлж яваа тэмээнүүд чинь сургаад удаагүй байгаа гэж та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Яагаад нас, бие гүйцсэн тэмээ хөсөглөөгүй юм бэ?
-Бүгдийг нь өнгөрсөн зун малчидтай хамт буйллаж байгаад сургасан. Би Монголын тэмээний холбооныхонд хандаж, тэмээ худалдаж авахад зуучлахыг хүссэн юм. Тэд миний саналыг зөвшөөрч, Ханын хэцийн хүрэн үүлдрийн 10 тэмээ авчирч өгсөн. Уг нь аль болох нас, бие гүйцсэн, уналга ачлагад эдлэгдсэн, номхон тэмээ авах хүсэлтэй байсан ч тэд малчдад хулхидуулсан гэсэн. Би Увс аймгийн Өмнөговь сумынх. Багадаа хөдөө өссөн болохоор малын дөртэй. Анхандаа зан аашийг нь сайн мэдэхгүй тэмээнүүдийн учрыг нь олох гэж нэлээд будлисан. Одоо аль нь ямар зантайг андахаа байсаан.
-Тэмээнүүддээ нэр өгсөн үү. Алийг нь ихэвчлэн унадаг бол?
-“Чингис”, “Говь”, “Луу” зэрэг өөр, өөрийн нэртэй. Анхандаа “Луу”-г унах дуртай байв. Өөрийнхөө төрсөн жилийг бэлгэдэн тэгж нэрлэсэн юм. Одоо ихэвчлэн “Говь”-ийг унаж байна.
-Тэмээ хэдийгээр тэвчээртэй, тэнхээтэй ч удаан хугацааны аяллын явцад ядарна, турж, эцнэ. Тэр үед хүч тамирыг нь хэрхэн сэлбэхээр төлөвлөв?
-Энэ их чухал. Ер нь аяллын явцад нэг улсын хил дээр хоригт орвол дор хаяж 1-2 сар болно. Тэр хооронд тэмээнүүдийнхээ хүч, тэнхээг сэлбэж, тамиржуулж хангалттай амжих байх. Зарим хүн “Амьтан тамлалаа” гэж шүүмжилж байна. Хүсэл, мөрөөдөлдөө л хүрч байвал бусад нь хамаагүй гэж хайхрамжгүй хандах хүн би биш. Өөрөөсөө илүү тэмээнүүдээ хайрлаж, тэжээн, аль гайгүй гэсэн витамин, уураг, тос өгч байгаа.
Аяллын өмнө бүх тэмээгээ вакцинд хамруулсан, өдөр бүр сая гаруй төгрөгийн үнэтэй витамин өгдөг. Тэмээ бүрээ өдөрт 3-4 боодол өвсөөр тэжээдэг. Аяллаа дуусгасны дараа тэмээнүүдээ эх орондоо заавал авч ирэх нь миний бас нэг гол зорилго. Цаг агаарын хүндрэл, тэмээгээ хооллох надад ер хэцүү биш байна. Би уг нь аль болох даруухан, бусдад мэдэгдэхгүйгээр аялахаар төлөвлөсөн ч яалт ч үгүй бусдын анхаарлыг татчихлаа.
Тэр хэрээр олны зүгээс эерэг, сөрөг хандлага ажиглагдаж байна. Намайг дэмжиж, урам өгдөг цөөнгүй хүн байгаа ч харамсалтай нь, сөрөг нь тэднээс хавьгүй олон. Нийгмийн зүгээс ийм их сөрөг дайралт ирж, намайг гоочилно чинээ төсөөлөөгүй.
-Хөр цас, хүйтэн жавар сөрөн зүтгэж яваа энэ аяллаар таны мөрөөдөл хязгаарлагдахгүй байх. Аливаа зүйлийг гэгээлгээр төсөөлөх сайхан. Аяллаа дуусгасны дараа юу хийх вэ?
- Би аль болох олон хүнд туслах, бүх бололцоогоороо дэмжихийг хүсдэг. Аяллаа дуусгасны дараа олон сайн үйлсийн аян зохиож, ядарсан хүмүүст туслахыг хичээнэ. Дэлхийн талыг эзэлж явсан өвөг дээдсийнхээ нэг хэсэг замаар аялахаар зорьж яваагаараа бахархаж байна. Өвөг дээдэс минь тэнгэрийн орноос харан, баярлах байх аа. Юуны түрүүнд монгол хүн болж, малчны гэрт төрснийх өв уламжлал, эх орноо аялал жуулчлалаар дамжуулан дэлхийд сурталчлах.
Миний аялал Монголын аялал жуулчлалд чухал ач холбогдолтой. Монголчууд бид тэмээг уналга, ачилгад эдлэх нь жилээс жилд багассаар байгаад харамсдаг. Хэчнээн сайхан тэнхээтэй, түшигтэй мал билээ дээ. Тиймээс ховордож буй хоёр бөхтэй тэмээг дэлхийд сурталчлах зорилготой. Монгол туургатнуудаас олон хүн намайг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Бүр хоёр ч хүн “Манай нутагт тэмээтэйгээ ирвэл наадам хийнэ” гэж хэлэхэд нь их баярласан. Хамгийн сайхан урмын үгийг харийн оронд амьдарч байгаа монголчууд, монгол туургатнууд хэлж, улам хичээх эрч хүч өгч байна. Эх орондоо амьдарч байгаа зарим хүн юмыг жаахан томоор сэтгэдэг, алсыг хардаг байгаасай. Намайг заавал дэмжих албагүй. Зүгээр л элдвээр шүүмжлэхгүй, урам хайрлан “Хичээгээрэй. Мундаг шүү” гэж хэлэхэд л хангалттай.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Миний асуугаагүй, таны хэлэх юм сан гээд үлдсэн зүйл байна уу?
-Намайг дэмжиж болон шүүмжлэн хурцалж байгаа монголчууддаа баярлалаа. Миний ярилцлага зарим хүнд монголчуудаа өөлсөн, муулсан санагдаж магадгүй. Үнэндээ зарим хүн “Чадахгүй байсан юм бол яах гэж аялал эхлүүлсэн юм бэ” энэ тэр гээд шүүмжилбэл би тоохгүй. Харин ч эсрэгээрээ алдаагаа засан, авах гээхийн ухаанаар хандахыг хичээнэ. Гэтэл тэрнээс аймар сөрөг хандлага ирээд байгаа болохоор хэцүү л байна.
Миний аяллын тухай сайтад нийтэлсэн нийтлэл, мэдээний доорх сэтгэгдлийг унших, өөрийнхөө цахим хуудсанд пост оруулахаас халгадаг. Хүмүүс “Мөнгөө үрж ядаж яваа хүүхэн байна даа”, “Монголчуудаа тоохгүй гадаадынхантай ангалзаад явж байна, энэ лав тэдэнтэйгээ зүгээргүй байх”, “Сайхан шоучин гар” гээд янз бүрийн сэтгэгдэл бичдэг. Нийгмийн бухимдал, стрессээс болж тэгж бичсэн байх гэж бодож, өөрийгөө тайтгаруулж сууна. Би уг нь аливаа зүйлд гэгээлгээр ханддаг. За энэ яах вэ, миний л амьдрал. Мөрөөдөлдөө хүрсний минь дараа намайг ойлгох байх аа.
Эвдэрхий сандлыг хадчихад жайжигнахаа болиод, суухад тухтай болдогтой адил аялал минь Монголын аялал жуулчлалд өчүүхэн ч болтугай хувь нэмэр оруулна, эх орноо дэлхийд сурталчилж чадна гэх итгэл, сэтгэлээрээ жигүүрлэн, хөглөгдөж явна, би. Өвлийг өнтэй даван, урин цагтай золгож, энх тунх амьдраарай хэмээн монголчууддаа сайн, сайхан бүхний дээдийг хүсье.
-Ярилцсанд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.