Оны босгон дээр Ардын багш хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан С.Дулам багшийг “Хоймор”-тоо урилаа.
-Ардын багш цол хүртэж буйгаа хэзээ дуулсан бэ. Энэ баярт мэдээг хэрхэн хүлээж авав?
-Өнгөрсөн хавар МУИС-ийн 75 жилийн ойгоор нэр дэвшүүлснийг нь сонсож байсан л даа. Энэ нь их олон үе шат дамжиж, тэнхим, харьяа сургууль, МУИС, дүүрэг, нийслэл, яам гэж явдаг юм уу даа. Би ч бараг мартчихаад байтал шагнал гардуулахаас хоёр хоногийн өмнө сургуулийн захиргаанаас утасдаж, “Ерөнхийлөгчийн Тамгын газраас “С.Дулам багштай холбогдож чадахгүй байна. Яаж холбоо барих вэ” гээд байна” гэсэн. Би утасны дугаараа сольсон болохоор холбогдож чадахгүй байж л дээ.
Ингэж сураг дуулаад ямар хувцас өмсөхөө бодлоо. “Монгол дээлээ л өмсөнө” гэж бодоод хэдэн дээлээ гаргаж, өмсөж үзлээ. Бүгд хуучирчихаж. Миний хань дээл сайхан оёдог, уран хүн. Хэчнээн уран, хурдан ч гэсэн хоёр хоногийн дотор шинийг хийж арай амжихгүй гэнэ. Ингээд дээлний эрэлд мордлоо. Нэг газар очтол азаар яг миний хүссэн өнгийн дээл, малгайтайгаа хосоороо байж байна. Өмсөөд үзтэл яг таарсан. Ингээд дээлээ бэлдчихээр би гэдэг хүн бэлэн болчихож байгаа юм.
-Танай нутгийн Ц.Шийрэв дасгалжуулагч тантай хамт гавьяат болсон. Нутгийнхан тань магнай хагартлаа баярлаж байгаа байх даа?
-Тэгсэн. Дуудсан цагт нь яваад очтол нэг нутгийн, нэг голын, айл саахалт нутаглаж явсан Цэдэн-Иш гуайн маань хүү зогсож байсан. Бид хоёр тэрүүхэн тэндээ баярлаж, бэлгэшээн, бие биедээ баяр хүргэж, хамт зургаа татуулаад авсан шүү.
Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүлээн гэдэг газар, Зүүн харалдаа хондонд төрсөн юм гэнэ билээ. Хэдэн жилийн өмнө ахтайгаа, хүүтэйгээ хамт төрсөн бууцандаа очиж, унасан газартаа тэмдэг тавьсан. Хүүхдүүд мэдэж байг. Ах минь миний яг хаана унасныг мэдэх учраас зааж өгсөн.
Ах “Чамайг төрж байхад би гэрийн хатавчаар сэм харж амжсан. Чи бөөрөнхий цэнхэр юм унаж харагдсан, биенд чинь хонины хөх хоргол наалдсан байсан” гэж хэлдэг юм. 1950 он шүү дээ.
-Аав нь юм уу, айл, саахалтын эмээ эх бариад авчихдаг байсан гэдэг шүү дээ?
-Би айлын өргөмөл хүүхэд шүү дээ. Нэг хүүгийнх нь хоёр хүүхэдтэй, гурав дахь нь төрөх гэж байхад, нөгөө хүүгийнх нь хүүхэдтэй болохгүй байсан тул өвөө маань “Танайх дүүдээ хүүгээ өг, чи ахынхаа хүүхдийг ав” гэж хөвгүүддээ хэлсэн гэдэг.
Ээж төрөх болж, үүрээр өвдөхөд өвөө өсгөсөн аав, ээжийн маань гэрийн өрхийг нь татаж “Хүүгээ боож авах цаг чинь боллоо. Орж эх барьж ав” гэж сэрээсэн гэдэг юм. Ингээд өсгөсөн ээж минь намайг эх барьж авсан юм билээ.
-Өргөж авсан ээж, аав хоёр тань таныг амандаа хийвэл хайлчихна гэж, алган дээрээ тавибал бөмбөрчихнө гэж хайрлаж, энхрийлж өсгөсөн тухай та дурссан байсан?
-Чухам тэгж л өсгөсөн. Би эрх, дураараа, ааштай, зөрүүд гэж туйлгүй. Ямар сайндаа манай нутгийнхан “Сэндэнжавын хүү хүн болохгүй” гэцгээж байх вэ дээ. Ээж, аав хоёр минь намайг баргийн юманд хөдөлгөхгүй. Би гэж эрхэлсэн хүн л байна. Манайх нэгдлийн олон малтай, ганц гэр голдуу нутаглана.
Хань болох хүүхэд байхгүй учраас ганцаараа яриад л тоглоод байна. Элдэв хэлбэр дүрстэй чулуу цуглуулж, түүгээрээ айл гэр болж тоглоно. Гурван шуудай дүүрэн чулуу түүчихээд, нүүхдээ түүнийгээ авч явна гэж зөрүүдлэн ээж, аавынхаа аргыг барсан удаатай. Өөртөө бол ховор сонин дүрстэй чулуу цуглуулчихсан гэж бодоод хаяхгүй гэхгүй юү. Машин, трактор ховор, тэмээгээр л нүүнэ.
Таван тэмээндээ гэрээ багтааж ядаж байхад гурван шуудай чулуу авч явна гэж аашлах ямар олигтой байх вэ дээ. Аав, ээж минь намайг аргадаж байж талыг нь хаяж, талыг нь аваад нүүж билээ.
-Тэр эрх хүү хэр сурагч байв. Сургуульд ороод хүмүүжсэн үү. Эрх танхи ааш тань эрдэм номын мөр хөөхөд саад болоогүй юү?
-Намайг сургуульд ороход манайх сумын төв бараадасхийгээд буучихдаг болсон. Би мориор хичээлдээ давхина. Сургуулийн гаднах морины уяа дүүрэн байдаг байсныг бодоход олон хүүхэд ингэж явдаг байж. Хичээл тарангуут цулбуураа шувт татаж аваад л гэр гэр рүүгээ давхина даа.
Намрын налгар өдөр мориныхоо дэлийг намируулаад, алсын бараа хараад давхиж явахад сонин сайхан мэдрэмж төрнө. Тэгэхэд миний анхны шүлгийн мөрүүд орж ирсэн. Яруу найргийн гэмээр мэдрэмж, гэрэл туяа тэр өдрүүдэд л над дээр туссан юм болов уу даа.
Ийм маягаар дөрөвдүгээр ангиа төгсөөд, Байдрагийн долоон жилийн сургуульд явж, эхний жилдээ дотуур байранд амьдарсан. Хүрээмаралын хоёр, Заг, Байдрагийн нэг, нэг хүүхэд, сумынхаа Гүрдоржтой зургуулаа нэг өрөөнд орлоо. Хожим МУБИС-ийн дэд захирал, ШУ-ны гавьяат ажилтан болсон Б.Пүрэв-Очир манай тасгийн дарга. Би тав, тэр долдугаар анги. Пүрэв-Очир жигтэйхэн хатуу дарга байлаа. Өдөр, шөнөгүй шал зүлгүүлчихнэ.
Байдрагийн сангийн аж ахуйгаас тракторын шатахуун молоконы лаазаар зөөж, тааран шуудайд шингээж байгаад зүлгээд байна. Манай өрөөний шал гэж хүний нүүр харагдахаар гялтайсан юм, манайх дандаа тэргүүний тасаг гээч болно.
Тэр жил манай нутагт зуд болж, аав, ээж минь хэдэн малаа аваад Бууцагааны нутаг Цагаан голд отроор өвөлжлөө. Хол газар шүү дээ. Ээж минь тэндээс хүүгээ эргэнэ гээд тэмээгээр гарч, нэлээд хэдэн хоног явж ирсэн байгаа юм. Тэнд ямар ах дүү байх биш. Нутгийн танил айлд намайг өвөртөлж унтаад өглөө нь “Би жижигхэн тракторын жолооч өвөртөлж унтах шиг боллоо” гэж билээ. Шал зүлгэсэн шатахууны үнэр биед шингэчихсэн байж л дээ. Эрдэм сурах гээд гэр орноосоо хол сууж байгаа хүү нь тракторын тос ханхлуулаад байж байхаар өрөвдсөн шиг байгаа юм.
Дараа онд нь “Нэг жил ч гэсэн хүүгээ гэрт нь өвөлжүүлье” гээд 200 гаруй км-ийн цаадах Баянбулаг сумын Сэрүүн булгийн хангайгаас аминыхаа хэдэн малыг тууж, гэрээ тэмээнд ачаад, өчнөөн өдөр наранд шаруулж, бороонд цохиулан байж Байдрагт нүүж очиж байлаа. Ганц эрх шар хүүгээ эрдэм сургах гээд байгаа хоёр шүү дээ. Тэд маань насаараа нэгдлийн мал малласан. Тэр жил нэгдлээсээ чөлөө авсан юм болов уу даа.
Би уран зохиол, математикийн хичээлдээ их дуртай, биеийн тамир, дархан мужааны хичээлд тун тааруухан. Нэг жил хамт өвөлжихдөө муу ээж минь миний дархан мужааны хичээлийн даалгаврыг хийж өгдөг байлаа. “Миний хүүгийн даалгавар” гээд л мод, төмөр бариад сууж байдаг сан.
Ээжийнхээ буянаар тэр өвөл дархан мужааны хичээлийг баатарлаг давсан даа. Миний хийдэг ажил ном унших. Дэлгүүр, номын санд ирсэн бүх номыг уншсан. 1963-1964 оны тэр өвөл, би гэдэг хүн мөн ч жаргалтай өвөлжиж билээ. Тэгээд хавар нь буцаад нүүсэн.
-Дахиад дотуур байранд орсон уу?
-Түүнээс хойш дандаа дотуур байранд суусан.
-Нөгөө эрх, дураараа нөхөр дотуур байранд гайгүй эвээ олоод байв уу?
-Дээд ангид сурдаг сумынхаа ах нарт боорцогноосоо илүүчлээд, тэднийхээ нөмөр нөөлөгт хоргодно. Тэд намайг ахлах ангийн сүр хүчтэй хөвгүүдээс хамгаална. Иймэрхүү маягаар харилцан ашигтай хамтран ажиллана. Гэрээс, ээж, ааваас хол болохоор бие дааж, олны дунд биеэ авч явж сурч байгаа юм.
-Таныг гадаадад сурах боломжоос татгалзан монгол хэл, уран зохиолын ангид орсон гэж сонссон. Яагаад тэгсэн юм бэ?
-Хотоос аль нэг их, дээд сургуулийн багш томилолтоор ирж хуваарь авчирч өгдөг байсан юм. Тэр хавар сургуулийн хашаан дотор нэг том цагаан гэр барьж, УБДС-ийн орос хэлний багш Баасандорж гэдэг хүн хуваарь авчирсан, сурагч элсүүлж буй сураг дуулдлаа. Тэр хүн сурагчдыг нэг, нэгээр нь дуудаж уулзана.
Наймдугаар ангиас хойш манай ангийг биеийн тамирын багш дааж авсан нь миний хувьд их азтай хэрэг байлаа. Бусад хичээлдээ гайгүй хэрнээ биеийн тамирын хичээлд муу намайг Цохио багш маань “өргөөд” шууд онц гаргачихна. Надаар юм хийлгэх ч үгүй, хийлгээд чадахгүйг мэддэг байсан биз. Ингээд азаар аравдугаар ангиа онц төгссөн болохоор Баасандорж багш намайг дуудаж, “Манай улсад инженер их хэрэгтэй. Чи Уралын политехникийн дээд сургуульд цахилгааны инженерийн ангид яв” гэлээ.
“Үгүй, би МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид орно” гэхэд “Тэр хуваарь чинь ирээгүй. Гадаадад явж, хэл ус сураад, газар үзэж, нүд тайлаад ирэхгүй яасан хаашаа хүүхэд вэ” гэж байна. Тэгэхээр нь би “Тэгвэл ирэх жил л орохоос. Энэ жил хуваарь ирээгүй юм чинь ирэх жил ирэх байлгүй” гэлээ.
Баасандорж багш ширээгээ тогшоод, духаараа харж хэсэг сууснаа “Чи их зөрүүд нөхөр байна шүү. Тэр хуваарь чинь ирсэн. Чамд л өгөх ёстой юм байж” гээд ширээнээсээ томилолтын хуудас гаргаж өгч билээ.
-Гадаадад явах боломжоос татгалзатлаа их дурласан хэрэг үү?
-Миний хамгийн дуртай хичээл математик, уран зохиол байсан гэж дээр хэлсэн. Хоорондоо авцалдахгүй хоёр хичээлийн алийг нь сонгох вэ гэж ацан шалаанд явсан үе бий. Надад ямар зөвлөх хүн байх биш. Өөрөө л бодоод, шийдэж ядаад явж байтал математикаар дахиж оролдохгүй гэж өөртөө амлалт өгөх шалтгаан гарсан юм. Би сумаасаа шалгарч, аймгийн математикийн олимпиадад оролцдог байлаа.
Тэгэхдээ ер түрүүлж чадахгүй, дараагийн байрт нь л ороод байна. Би сумынх болохоор аймгийн хүүхдүүдээс сурлагаар муу байна гэж л бодоод явах. Гэтэл миний гол өрсөлдөгч, олимпиадад түрүүлдэг хүүхдийн ах математикийн багш, тэр дүүдээ олимпиадын бодлогыг задалж өгсөн тухай санамсаргүй сонслоо.
Тэр жил бүх бодлогыг ямар ч эргэлзээгүй зөв бодсон гэж өөртөө итгэлтэй байсан ч дахиад л нөгөө хүүхэд түрүүлэхэд үүнээс хойш математикаар оролдохгүй гэж өөртөө тангарагласан юм. Тэгээд л монгол хэл, уран зохиолын мэргэжил сонгосон хэрэг. Сүүлд нь мэргэжил сонгох ярвигтай ажлаас намайг чөлөөлж, ирээдүйн мэргэжилд маань шуудруулсан ах, дүү хоёрт баярлаж явдаг болсоон.
-Оюутан болоод Улаанбаатарт анх ирсэн үү. Сумаас нийслэлд ирэхэд хот, хотын хүмүүс ямар санагдаж байв?
-Би 1968 онд аравдугаар анги төгссөн юм. Тэр жил манай гэрийнхэн ээжийн эрүүл мэндийн байдлаас болоод намайг сургуульд явуулахгүй авч үлдэх тухай нэлээд ярилцсан. “Аравдугаар ангиа онц төгссөн юм чинь бага ангийн багшаар ажиллачих байлгүй. Баянбулагийн бага сургуульд ажилд оруулчихъя” гэж бараг шийдээд байснаа хүнээс асуусан шиг байгаа юм.
“Хүүгээ баллах гэж байгаа юм байна шүү. Сургуульд нь явуулъя” гээд ээж минь намайг дагуулаад хотод ирсэн. Хот гэдэг хөлгүй их газар байлаа. Хаана, юу байгаа нь мэдэгдэх юм алга. Хүмүүсийнх нь гоё ганганыг яав аа. Бүртгүүлэх гээд МУИС-ийн үүдэнд зогсож байтал хотын хэдэн охин ирлээ. Тэгсэн чинь тэд хөлийнхөө хумсыг будчихсан байх юм. “Хээ, ийм ганган улс гэж бас байдаг аа” гэж гайхсан хүн тэнд зогсож байв шүү дээ.
Хүүхдүүд хуваарь авсан ч гэсэн хотод ирээд элсэлтийн шалгалт өгдөг байсан юм. Дугуй танхимд шалгалт авлаа. Миний хажууд оросорхуу царайтай охин суув. Гурван асуулттай уран зохиолын бичвэрийн ажил хийх даалгавар ирж, нөгөөхөө хийж байгаад хажуугийн охин руу хартал өнөөх чинь байн байн гуяа хараад бичээд байх юм. Тэгтэл гялгар шилэн оймсных нь цаанаас жирийсэн бичиг харагдана. Түүнийг хараад би бүр мэл гайхсан. Гуянаас нь бичиг тодордог хүн арай баймааргүй юм гэж нэг хэсэг харж суусан.
Тэгснээ гэнэт цаг нартай чухал шалгалт өгч байгаагаа санаж, багагүй цаг алдсанаа ухааран, бичвэрээ бушуухан дуусгаад, багшид өглөө. Тэгтэл тэнд шалгалт өгч байсан хүүхдүүдээс хамгийн түрүүнд боссон байж. Харин шалгалтын ажил маань амжилттай болж, “Онц” төгссөн гэдгээр дараагийн шалгалтаасаа чөлөөлөгдөж байлаа.
-Яриа дурсамжаас тань харахад таны өргөмөл ээж, аав хоёр хүний хайлан гэмээр улс байж ээ.
-Хүний аав, ээж бүгд л үр хүүхдэдээ сайхан. Надад энэ хорвоо ертөнцөд миний аав, ээж шиг хүн байхгүй гэж бодогддог.
-Тэднийгээ баярлуулж, гайгүй багш болж, сайн яваагаа харуулж чадсан уу?
-Чадсаан чадсан. Би их сургууль төгсөөд шууд багш болсон. Багш болох тушаал гарангуут яамнаас бичиг аваад ээж, аавыгаа хот руу авчрахаар нутаг руугаа давхисан. Ингээд очиход тэр хоёрын минь бах нь ганц ханасан янзтай харагдаж байж билээ. “Сэндэнжавын Дулам хүн болохгүй. Энэ хоёр хүүхдээ даанч буруу эрхлүүлж” гэгдэж байсан хүү нь их сургуулийн багш болчихоод, аав, ээжийгээ хот руу аваад явж байгааг хүн болгон хараасай гэж бодсон болов уу.
Нэгдлийн малыг тушааж, аав, ээжийгээ онгоцоор явуулчихаад, ноосны машин гуйж гэрээ ачаад араас нь ирж байлаа. Бид гурав хотын хүн болох санаатай дөрвөн буудалд айлын хашаанд гэрээ бариад нэг жил өвөлжсөн. Насаараа малын захад явсан ээж, аав хоёр маань хотод идээшихгүй хэцүү байх шиг болохоор нь Чингэлтэйн эхэнд эзэнгүй шахам газар хашаа хатгаж, байшин бариад, хоёр үнээ авч өгсөн чинь хөгшдийн маань сэтгэл санаа сайхан тогтвортой болсон.
Харамсалтай нь, намайг хашаа хатгаж, байшин барьсан гэхээр хүмүүс итгэдэггүй юм.
-Мужааны даалгавраа ээжээрээ хийлгэж байсан хүн яаж байшин барих вэ гээд үү?
-Яг тэгдэг юм. Ах, дүү нар тусалсан л даа. Би ч залуу байж. Шөнө нь номоо бичээд, өдөр нь байшингаа барьдаг байлаа. Хашаа барих банз, барилгын материал одоогийнх шиг санаан зоргоор олдохгүй. Банз зүсээд үлдсэн хаягдал ёзоорыг нь авахын тулд Оросын СОТ-2-ын гадна шөнөжин дугаарлана. Тэгж авсан ёзоороо сүхээр цавчиж, шулаад нэг банз шиг юм болгоно шүү дээ. Тэр үед газарт орох гэж нэг сүрхий аюул байлаа.
Арай гэж нэг газар олж хашаа бариад төвхнөж байтал “Газарт орлоо. Тэд хоногийн дотор нүү” гээд хөөчихдөг. Социализмын үед хувийн өмч гэж байсан биш. Газар өмчлөх тухай зүүдэнд ч байхгүй. Ямар ч өчиггүй нүүнэ. Нүүхгүй удвал торгуультай. Тиймээс хүмүүс газарт орохоос их айна.
Би ч гэсэн газарт орохоос айгаад, ойрын хэдэн жилдээ газарт орохооргүй, хоёр хөгшнийг амьдад нь хөөгдөхгүй байхаар газар л хашаа барья гэж бодоод Чингэлтэйн өврийн хамгийн зэлүүд газрыг сонгосон юм. Шөнө нь үнэг хуцдаг байсан гээд л бодчих.
-Таныг их сургуулиа төгсөхөд ШУА авах гэж байсан. Тухайн үед МУИС-ийн захирал байсан Ж.Батмөнх гуай булаацалдаж авч үлдсэн гэл үү?
-ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Буддын судлалын сектор гэж байлаа. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нь түүхч Гонгор гэж хүн байв. “Халх товчоон” гэдэг ном бичсэн лут эрдэмтэн. Нагаржунын “Рашааны дусал”-ын төвд, монгол тайлбарыг харьцуулсан судалгаа хийж, дипломоо хамгаалснаас минь болсон юм болов уу, намайг Буддын судлалын секторт авна гэж Гонгор гуай нэлээд хөөцөлдсөн.
Тэгэхэд Ж.Батмөнх дарга арай ч Сайд нарын Зөвлөлийн дарга болчихоогүй, МУИС-ийн захирал байлаа. Тэр “Энэ хүүхдийг сургуульдаа багшлуулна” гэсэн юм шиг байна билээ. Дээд боловсролын хороо бас тэгж шийдсэн юм байлгүй. МУИС-ийн Хэл зохиолын тэнхимд багшил гэсэн тушаал гарсан.
-Хоёр том байгууллагын хоёр том хүн булаацалдаж, Ж.Батмөнх гуай авч үлдээсэн гэхээр та ямар нэг зүйлээрээ онцгой оюутан байсан юм болов уу?
-Дипломын дүн сайтайн дээр дипломоо оросоор бичиж хамгаалсан юм. Тэр үед орос хэлийг онцгой чухал гэж үздэг байлаа. Монгол хэл, уран зохиолын анги төгсөж буй хэрнээ оросоор дипломын ажлаа бичиж гэж ярьцгааж байсан. Тэр маань нөлөөлсөн байж магадгүй.
-Чой.Лувсанжав, Ш.Гаадамба гээд домог болсон хүмүүсээс номын дуу сонсох хувь тохиожээ. Эрдэмт багш нарынхаа тухай дурсаач.
-Биднийг оюутан байхад монгол судлалын хамаг томчууд сэрүүн тунгалаг байлаа. МУИС-ийн цагийг эзэлсэн багш нар бидний үед хичээл заасан хэвээр байсан. Миний номын багш Чой.Лувсанжав, уран зохиолын мэргэжлээр Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ж.Бадраа, төвд хэлний Х.Гаадан гээд олон сайхан хүнээс номын дуу сонссон. Академич Ш.Лувсанвандан багш бидэнд хичээл ордог байлаа. Энэ сайхан хүмүүсийн номын гэрэл гэгээ биднийг гийгүүлсэн гэж болно.
Хоёр өвгөн багш (Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн) хичээл заахгүй ч гэсэн сэрүүн тунгалаг, тэднийхний гэр орноор орж, үг сургаалыг нь сонсох боломжтой байлаа. Оюутан байхад Ринчен багшийн гэрийг нь мэддэг ч, очиж зүрхэлдэггүй байв. Залуу багш болчихоод “Би энэ мэргэжлийг эзэмшиж, ажиллаж яваа хүн гэчихээд Ри багшаас юм асууж, үг сургаалыг нь сонсохгүй байж болох уу. Нэг мэдэхэд тэр хүн тэнгэртээ хальчихвал ямар харамсалтай вэ” гэж бодож байгаад намрын нэг сайхан налгар өглөө очлоо.
Хаалгыг нь тогших гэтэл онгорхой байх юм. Хотын айлууд хаалга үүдээ дангинатал түгжээд, “Хэн бэ, яах гэж байгаа юм” гэж байцаадаг хэвшил тогтоод удсан үе. Чив чимээгүй шууд яваад орох эвгүй оргиод, гайхахдаа 2-3 тогштол цаад өрөөнөөс Ри багш гараад ирлээ. Тэгээд “Хэн бэ, яах гэж яваа юм” ч гэсэнгүй, шууд л “Та морилон саатна уу” гээд номынхоо өрөөнд оруулав. Тэгэхэд дөнгөж л босож байсан бололтой, цээж нүцгэн байлаа. Настай хүний цээж үрчийж, сулбайсан байдаг бол Ри багшийнх тиймгүй, их сайхан тэвхгэр биетэй, цал буурал сахалтай, яг л үлгэрийн юм шиг санагдаж байж билээ.
Тэр мөч надад одоо ч гайхамшигтай санагддаг. Би бэлдэж очсон хэдэн асуултдаа хариу авч, түүнээс хойш овоо нүүр хагаран, айж чичрэх нь гайгүй болсон. Хааяа утсаар юм асууна. Тэр үед Ри багш сүрхий шүүмжлүүлж, “Намын амьдрал” сэтгүүлд бичигдчихээд байлаа. Ри багш дарга нарт их ширүүн, над мэтийн жирийн хүмүүст жигтэйхэн сайхан ааштай, их сонин хүн байж билээ.
-Тэгж шүүмжлүүлснээс нь хойш хүмүүс жийрхдэг болсон гэдэг.
-Зарим нь тэгдэг байсан байх. Ялангуяа албан тушаалтнууд бол тэгж магадгүй. Надад ямар алдах албан тушаал байх биш. Ри багш Чой.Лувсанжав багшийн маань номын багш байсан. Багш маань хамгийн гол шавь нь. Гэтэл би багшийнхаа багштай нэг ч уулзахгүй байж болох уу даа гэж бодсоор яваад орсон юм даг.
Нэлээд удаан бодож, зүрх алдсан ч “Ямар араатан амьтан байгаа биш, буруу юм яривал залруулаад өгөх байлгүй. Хэдий болтол ингэж сүрдэж, тойрч явах вэ, тэр хүний номын авшиг орших байлгүй” гэж бодсон.
-Нагаржунын “Рашааны дусал”-ын төвд, монгол тайлбарыг харьцуулсан судалгаа хийж, дипломоо хамгаалсан гэлээ. Төвд хэлийг яаж сурсан юм бэ?
-Монгол хэл, уран зохиолын ангид судалгааны хэл, сурвалжийн хэл гэж үздэг юм. Сурвалжийн хэл гэдэгт нь төвд, манж хэл үздэг, судалгааны хэл гэдэгт нь франц, англи хэл үздэг хоёр бүлэгтэй. Би Монголын эртний уран зохиолын нэлээд нь Төвдтэй холбоотой, төвд эх сурвалжийг үзэхгүйгээр цаашид судалгаа хийхэд нэн бэрх гэж бодоод төвд, франц хэл үздэг бүлгийг нь сонгосон юм л даа.
-1985-1987 онд Францад багшилсан гэсэн. Социализмын үед яаж тийм эрх олж, ямар шугамаар явсан юм бэ?
-Тэгэхэд би өөрөө явъя барья гээгүй юм. Франц улс Монголоос багш урьсан юм билээ. Тэр нь яамаар дамжаад намын Төв хороогоор шийдэгдэнэ шүү дээ. Намын дээд сургууль хавиас юм уу, 2-3 хүнийг нэр дэвшүүлж л дээ. Гэтэл нөгөөдүүл нь хоорондоо заргалдаад, хэн нь ч явахааргүй болсон юм билээ. Цаад тал нь аравдугаар сар гэхэд багшаа бэлэн байлгах ёстой гэсэн байхад, дараа оны гуравдугаар сар болтол манайхан хүнээ шийдээгүй сууж байж.
Боловсон хүчин хариуцсан Лувсаноров гуай гэж айхтар хашир хүн байв. Тэр хүн багш нарыг судлаад, намайг франц хэл жаахан үзсэн гэж дуулсан шиг байгаа юм. Тэгэхэд би франц хэлээ бие дааж үзсээр ганц нэг шүлэг орчуулчихаад байв. Тэгээд франц хэл үздэг, хаашаа ч явж багшилж үзээгүй нөхрийг явуулъя гэсэн юм байгаа биз. Нэг өдөр дуудаад “Франц явуулах саналтай байна. Өөрөө юу гэж бодож байна” гэсэн. Би дуртай байлгүй яах вэ дээ.
-Хөрөнгөтөн оронд яаж биеэ авч явахаас эхлээд баахан захиас даалгавар өгсөн үү?
-Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орох чинь тун сүрдмээр юм билээ. Улс төрийн товчооны гишүүн, том том дарга нар сууж байна. Зарим нь ч гар хуруугаа зангаж “Хөрөнгөтөн оронд очиж байгаагаа мэдэж байна уу нөхөр минь” гэж зандраад л айхтар байсан. Ж.Батмөнх багш Сайд нарын Зөвлөлийн дарга болчихсон, тэнд хурал даргалж байв.
Тэр “За миний хүү их хөлийн газар очих гэж байгаа шүү. Бодолтой явна биз дээ” гэсэн нь санаанд тодхон байна. Доохно хавьд сууж байсан нэг хүн гар хуруугаа зангаад нэлээд загнах маягтай яриад байсан. Би сандарч, балмагдаад түүнийг нь ойлгож, тогтоосонгүй. Надад захиас захиж байсан нь тэр байх.
-Франц хэл, соёл, уран зохиолд дурладаг залуу эрдэмтэн Парист очоод тэр захиас даалгаврыг мартаж орхисон уу, гайгүй юу?
-Парист очихдоо би “Дэлхийн соёлын төв энэ газрыг сайн үзэж авъя. Хэлийг нь сайн суръя. Дахиж ирэх аз ер нь дайрахгүй байх” гэж бодсон. Тэнд гурван жилийн хугацаагаар ажиллах болохоор гэр бүлээрээ очсон юм. Манайх Элчин сайдын яаманд байрлана. Амралтын өдөр хүүхдүүдээ өглөө эрт сэрээж, нойрмогоор нь чирээд гарна. Жуулчдад зориулсан аяллын гарын авлага бариад, таван таван хошуу тэмдэглэгээтэй Эйфелийн цамхаг, Ялалтын хаалганаас эхлээд бүгдийг үзсэн.
Хүүхдүүд маань “Унтъя л даа” гэнэ. “Үгүй явна, дараа нь та нар надад баярлана” гээд л чирээд гарна. Ингэж явахдаа элчингийнхнээс жаахан нуугдана. Бодвол тэднийг явуулахдаа бас л “Хөрөнгөтөн оронд бодолтой байгаарай” гэсэн байлгүй, ЭСЯ-ныхаа байрнаас гарахгүй, гэр гэртээ бүгээд байна. Тэгэхээр нь бид болохгүй юм хийгээд байгаа юм шиг санагдаж, аминдаа л нуугдаж гарна. Гэхдээ тэд мэдэхгүй байна гэж юу байх вэ. Нэг хашаанд байгаа юм чинь.
Гэтэл миний буцахаас өмнөхөн Гадаад явдлын яамнаас ЭСЯ-нд даалгавар ч юм уу, нэг захидал иржээ. Түүнд нь “Манай дипломатчид суугаа орныхоо соёлтой танилцалгүй ирдэг” гэсэн байв. Өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж эхэлсний илрэл нь тэр захидал. Тэгэхэд намайг суугаа орныхоо соёлтой хамгийн их танилцдаг хүн байна гээд, сүүлд нь элчингийнхээ машиныг гаргаж өгч, хүмүүсээ дагуулаад үзүүлдэг болсон. Парисаар яваагүй газар цөөхөн.
-Дараа нь Парист олон очсон биз дээ?
-Тоогоо алдсан. Тэр үед юм ингэж өөрчлөгдөнө гэж мэдэхгүй явлаа. Намайг Францаас буцаж ирэхэд юм нэлээд өөр болсон байсан шүү.
-Ардчилсан хөдөлгөөнд их сургуулийн багш нар их үүрэгтэй оролцсон. Таныг ч бас тэр үйл явдалд идэвхтэй оролцож явсан гэж дуулсан?
-Ихэвчлэн залуу багш нар, байгалийн ухааныхан идэвхтэй оролцсон. Намайг бол ахмад хүн гэж үзэх хандлагатай. Би ардчилсан улсад байж байгаад ирсэн учраас ийм зүйл болохоос аргагүй гэдгийг ойлгож байсан. Францад байхдаа би олон намын тогтолцоо, улс төрийн олон ургальч үзэл гэж байдаг, намууд сонгуулиар засгийн эрх авдаг гэдгийг газар дээр нь үзэж, ойлгосон. Ний нуугүй хэлэхэд олон хүнээс илүү ойлголттой байлаа.
Энэ өөрчлөлт гарцаагүй учраас үүнд саад хийх хүч байхгүй, гэхдээ үүнийг далимдуулаад үймүүлэх улс гарч ирж, үймээн самуун дэгдэх вий гэдгээс санаа зовно. Тиймээс ийм бодлоор санаа нэгдсэн хэдэн хүнтэй нийлээд “Эх оронч нэгдлийн фронт” гэдэг төрийн бус байгууллага байгууллаа. Зохиолч Л.Хуушаан гуай гол санаачлагч нь, сэтгүүлч С.Жамбалдорж гуай, Д.Лүндээжанцан бид дэмжигч гишүүд нь. Хоёр тал талцаж, мөргөлдөх вий, хэрэв тийм юм болбол хоёр талыг эвлэрүүлэх, уян хатан аргаар яриа хэлцэл хийхэд нь зуучилж туслах нь манай байгууллагын үүрэг, зорилго шүү гэж бид хоорондоо ярьсан.
Тэгж байтал нөгөө айхтар өлсгөлөн боллоо. Байдал нэлээд хурц үедээ оччихсон, Улс төрийн товчоо огцрохын өмнөхөн юм даг, Ардчилсан хувьсгал хийж байгаа нөхөд “Одоо нэг нэр хүндтэй хүний л үг хэрэгтэй байна. Үг хэлж өгөөч” гэв. Тухайн үед би амьхандаа хөөрхөн нэр хүндтэй, олонд танигдчихсан байсан юм байлгүй.
Тэгээд “Энэ залуус зөв зүйлийн төлөө тэмцэж яваа. Гэхдээ хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. Ямар нэг сөрөг зүйл, мөргөлдөөнд хүрэхгүйгээр, дандаа яриа хэлэлцээний аргаар шийдэх нь хамгийн зөв зам шүү” гэсэн утгатай товч үг хэлсэн. Тэр үед хэлэх үгээ бичиж тэмдэглэсэн цаас маань одоо ч хадгалаастай байгаа.
Мөн “Олон ургальч үзэл”, “Олон ургальч эв нэгдэл” гэсэн хоёр гурван цуврал нийтлэл бичиж “Утга зохиол, урлаг”, “Хөдөлмөр” сонинд хэвлүүлсэн. Дараа нь талуудын төлөөллийг оролцуулсан телевизийн анхны ярилцлага болоход оролцож, санал бодлоо хэлж л байлаа. Одоо бидний үгийг нэг их гаргадаггүй юм. Тухайн үед ардчиллынхан бидэнд тийм ч таатай хандаагүй. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, нэр хүндээр илүү учраас өмнүүр нь ороод байр суурийг нь булаачих вий гэж, нөгөө талаасаа хуучин намын даалгавраар явж байна хэмээн хардаж сэрдсэн байх.
-Намын даалгавраар янз бүрийн хүмүүс явсан гэдэг шүү дээ. Нээрэн, та бүхэнд нам даалгавар өгсөн үү. Одоо үнэнээр нь хэлэхэд болохгүй зүйл үгүй байх?
-Нөгөө хүмүүс маань тийм холбоотой байсан, эсэхийг би мэдэхгүй. Миний хувьд чин үнэнийг хэлэхэд хэрэв хоёр тал мөргөлдвөл үүнийг далимдуулаад гадаадын цэргийн хүч ороод ирэх вий гэж санаа зовдог байсан. Тиймээс үүнийг яриа хэлэлцээгээр шийдээсэй, зэр зэвсэгт бүү хүрээсэй гэж үнэхээр залбирч явсан.
Тэр бодлоо л газар сайгүй ярьж, бичиж явсан нь тэр. “Олон ургальч үзэл” гэдэг нэр томьёог би оноож гаргасан юм шүү дээ. Зарим хүн санаж байгаа байх, 1988 онд “Утга зохиол, урлаг” сонинд анх “Олон ургальч үзэл, оюун санааны шаардлага” гэсэн нийтлэл бичиж байлаа.
“Плюрализм” гэдэг үгийг монголчлохын тулд таван хэлний толь ухаж байж “ургальч” гэдэг үг олоод, түүнийгээ олон ургальч үзэл болгож, хүний нийгэмд олон ургальч үзэл байх хэрэгтэй, нэг үзэл суртлаар, бүгдийг хүчээр захирдаг байж болохгүй, гэхдээ олон янзын үзэл бодолтой ч эргээд эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэсэн санаатай цуврал нийтлэл бичсэн. Тэр маань улс төрийн нэр томьёо болсон юм.
-Та МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байсан байх аа?
-Намайг ЗХУ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалаад ирэхэд шууд намд элсүүлчихсэн. Би улс төрийн идэвх муутай, нэг их намын гишүүн энэ тэр гэж явсангүй. Улс төрд орно гэсэн бодол огт байхгүй явтал 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө аймгийн намын хорооны дарга Г.Жадамбаа утасдаад “Бид судалгаа хийж үзсэн. Та нэр дэвшвэл ялахаар байна” гэдэг юм байна.
“Надад улстөрч болох авьяас ч байхгүй. Социализмын үед аймгийн дарга, сумын дарга, намын даргын аль нэг нь заавал Баянбулагийн хүн байдаг, заримдаа хоёулаа манай нутгийнх байсан үе ч бий. Баянбулаг олон даргатайгаараа алдартай, “Баянбулагийн еврейчүүд” гэдэг хочтой шүү дээ. Манай сумаас улс төрд орох зөндөө хүн бий. Тэднийг дэвшүүл. Би чадахгүй” гэлээ.
Хэд хоногийн дараа дахиад ярихаар нь өнөөхөө л хэллээ. Зүгээр л хичээлээ заагаад явж байсан багш надад төрийн сонгуульд нэр дэвшинэ гэж санаанд багтахгүй байгаа юм чинь. Гурав дахиа ярихдаа Г.Жадамбаа дарга “Танай нутгийнхан “Ганц гайгүй сэхээтэнтэй юм сан. Тэр маань биднийгээ тоохгүй юм” гэж байна” гэлээ. Ингээд л нутгийнхандаа томорхсон, үнэрхсэн хүн болчих юм байна гэж бодоод зөвшөөрсөн.
6-7 хүн өрсөлдөхөд би 50 гаруй хувийн саналыг ганцаараа авч, үлдсэнийг нь бусад нь хуваасан гэхээр гайгүй итгэл хүлээлгэсэн байгаа биз. Тэр судалгааны үр дүн нь үнэн байсан юм билээ.
-УИХ-ын гишүүнээр ажилласан тэр дөрвөн жил таны хувьд хэрхэн өнгөрсөн бэ?
-Би хэл, соёлын асуудалд л оролцоно. Соёлын өвийн болон Соёлын тухай, Боловсролын багц хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг батлуулсан. Төрийн албан ёсны хэлний тухай хууль амархан батлагдана даа, монгол хэлний асуудлыг дэмжихгүй гишүүн байхгүй байлгүй гэж бодтол маш их бэрхшээл тулгарсан. Би үнэндээ тун их гайхсан. Сүүлдээ бүр батлуулж чадахгүйд хүрээд Үндсэн хуулийн “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн өгүүлбэрээр гул барьж байж батлуулсан шүү. Сонин юм билээ.
-Яагаад дэмжихгүй байсан юм бол?
-Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн ойлгоогүй. Бизнесийнхэн их дургүй байдаг юм билээ. Тэгээд ер нь улс төр бол миний оролдох зүйл биш юм, сурч дадсан эрдмийн ажлаа хийе, хичээлээ заая гэж боддог болсон доо.
-Төрийн албан ёсны хэл гэснээс та Үндсэн хуулийн хэл найруулгыг нягтлах ажлын хэсэгт орж байсан гэсэн үү?
-Үндсэн хуулийн хэл найруулгын ажлын хэсэгт орж, санал бодлоо хэлж байсан. “Их засаг” нэртэй Үндсэн хуулийн анхны эхийн найруулгын ноорог одоо ч надад байдаг. П.Очирбат гуай Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй Эрдэмтдийн зөвлөл байгуулахад бүрэлдэхүүнд нь багтсан юм. Эрдэмтдийн зөвлөлөөр монгол бичиг, хэл соёлын талаар нэлээд ярьдаг байв. Тэр нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд туссан. Ер нь энэ жилүүдэд болсон гол гол үйл явдалд оролцож, түүхийн гэрч болж явжээ.
-Та одоо ямар чиглэлийн судалгаа хийж байна вэ?
-МУИС тэтгэвэрт гаргаад байтал СУИС профессорын баг байгуулж, энэ багийн ахлагчаар ажиллаач гэж урьсан тул одоо тэнд ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол орны хадны зургийн дотроос хүний биеийн хөдөлгөөн, бүжигтэй холбоотой дүрсүүдийг өөрийнхөө судалсан бэлгэдэл зүйн кодоор тайлах гэж оролдож сууна. Энэ нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн соёл, зан үйлийг сэргээж, бүжгэн жүжиг бүтээж байна.
Хүмүүс намайг ямар ч хамаагүй салбар руу орлоо гэж бодож магадгүй. Гэхдээ миний бэлгэдэл зүйн дөрвөн ботийн нэг нь дүр дүрсийн болон дохио зангааны бэлгэдэл зүйн тухай юм. Дүрс, хүний хөдөлгөөн, дохио зангаа бүгд утга учиртай. Тэр нь урт удаан настай. Тэр кодоор хадны зургийг тайлах боломж байна уу гэж судалж байна. Дундговь аймгийн Дэл уулан дахь бүжиглэж буй мэт 17 хүний дүрс болон хөдөлгөөний тайлал нэлээд сонирхолтой зүйл болсон гэж бодож байгаа.
Түүгээрээ цомнол бичиж, “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжиг тавьсан. Дараа нь Хэнтий аймгийн Биндэр уулын Рашаан хадан дахь бүжиглэж буй хүний дүрсийг тайлж тайлбарлаад “Тамганы бүжигчин” гэдэг бүжгэн жүжиг тавьсан. Энэ хоёроо зангидсан “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн цомнолоо бичээд өгчихсөн. Үндэсний урлагийн их театрын найруулагч Д.Баярбаатар үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа.
-Та Монголын домог зүй, бэлгэдэл зүйг судалсан анхны эрдэмтэн. Энэ сэдвийг яагаад сонгосон юм бэ?
-Домог зүйг мэдэхгүйгээр аливаа орны соёлыг ойлгох боломжгүй гэж би үздэг. Эртний Грекийн соёлыг судалъя гэхэд Грекийн домог зүйг мэдэхгүйгээр нэг ч алхахгүй. Их сургуульд ороод хичээл үзэхэд Грек, Энэтхэг, Хятадын домог зүй гэх хэрнээ Монгол домог зүй гэж ярьдаггүй байсан. Ингээд “Монголчууд яагаад домог зүй бүтээдэггүй билээ. Домог гэдэг зүйл байгаагүй гэж үү” гэсэн эргэлзээнээс анхны судалгаагаа хийсэн.
Энд, тэндхийн монголч эрдэмтэн, XIX зуунаас хойших Оросын эрдэмтдийн судалгааг уншихаар “Энэтхэгийн хуулбар, Төвдийн зээлбэр л байхаас биш, монгол домог зүй байхгүй” гэж бичсэн байх юм. Эндээс дараагийн эргэлзээ төрлөө. “Монголчууд ямар ч домог зүйн сэтгэлгээгүй, Энэтхэг, Төвдийн домгийг хуулаад суудаг, өөрсдөө энэ ертөнцийн тухай юу ч боддоггүй ард түмэн гэж үү” гэсэн бодолдоо хөтлөгдөн удаах судалгаагаа хийхээр шийдсэн. Гэтэл хамгийн зөв зам руугаа орсон юм байна билээ.
Тэр үед судалгааны сэдвийг намын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс баталдаг байлаа. Тэнд “Монголын уран зохиолд социалист реализм үүсэж, хөгжсөн нь”, “Монголын уран зохиол дахь шинэ хүний дүр” гэх мэтийн сэдэв бол үнэ цэнэтэйд тооцогдож, хурдан батлагдана. Домог зүй судална гэвэл шашинтай холбоотой гээд батлагдахгүй. Би үүнийг мэдэх болохоор батлуулъя ч гэж бодоогүй. Эрдмийн зэрэг горилогч гэдэг замаар явах нэг боломж байсан юм.
Ингэвэл сэдвээ батлуулахгүйгээр өөрөө судалгаагаа хийж, зохиолоо бичээд, эрдэмтэн мэргэдэд толилуулж, зөв зүйтэй гэж үнэлэгдвэл эрдмийн зэрэг авна гэсэн үг. Тэр замыг сонгосон. Судалгааны ажил овоо болж байтал Чой.Лувсанжав багш минь Москвагийн Дорно дахины хүрээлэнтэй холбогдож, тэнд дэд эрдэмтний зэрэг хамгаалуулахаар болсон. Энд хамгаалах гэхээр шашинтай холбоотой, хоцрогдсон бүдүүлэг гэх мэтээр гуйвуулах хүн гарч мэдэх учраас тэгж яваа хэрэг шүү дээ.
Москвагийн Дорно дахины хүрээлэнгийнхэн миний бүтээлийг маш их сонирхож хүлээж авсан. Ингээд ЗХУ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалчихаар манайхан яаж ч чадахгүй. Хамгийн гол нь Азийн бусад орны домог зүйг судалсан жинхэнэ эрдэмтэн, мэргэжилтүүд нь тэнд байдаг, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөөд, эрдмийн зэргээ хамгаалаад ирэхээр хэн юу хэлэх вэ дээ.
-Та хэн нэгэн өрмийг нь хамаагүй, түүхий сүү шиг сэдэв олж авчээ?
-Яг тийм. Домог зүй судалж байхдаа домог зүй нь тэр чигээрээ бэлгэдлээс бүтсэн болохыг ойлгож мэдсэн. Бэлгэдэл зүйг судлахгүйгээр Монголын соёлыг ойлгох боломжгүй юм байна гээд дараагийн судалгааны сэдэв маань өөрөө тодроод ирж байгаа юм.
Сүүлд Германы гүн ухаантан Эрнст Кассириер “Соёл гэдэг бол бэлгэдлийн тогтолцоо юм” гэж үзсэн байсан. Тэгэхээр би хамгийн зөв замыг сонгосон гэсэн үг. Би өөрийгөө “Алттай довонд бүдэрсэн азтай жаал” гэж хэлдэг юм. Үзэл суртлын хэлтэст батлагдахгүйг нь мэдсээр байж домог зүйг барьж авсан минь хамгийн зөв зам байсан.
-Та Ардын багш болтол хагас зуун жил ажиллахдаа олон хүнд хичээл заасан байж таарна. Тэднээс таныг баярлуулж, магнайг тань тэнийлгэж яваа шавь олон уу?
-Гайгүй эрдэмтэн болчихоод дэлхийд цоролзож яваа хүн ч байна. Миний гарын шавь Б.Мандухай Харвардын их сургууль төгсөөд Массачусетсийн технологийн их сургуульд багшилж байна. Энд би дипломын ажлыг нь удирдаж байсан юм. Дараагийнх нь Бум-Очир хүү минь байна. Бум-Очир миний хүү төдийгүй шавь минь юм. Миний зургийн аппарат, камерийг үүрээд л хээрийн шинжилгээнд явдаг хүүхэд байлаа.
Тэр Кэмбрижийн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалаад Лондоны их сургуульд багшилж байгаа. Бас миний шавь Габи Бамана Антоон Мостаэрт Монгол судлалын төвд ажиллаж байгаад, хугацаа нь дуусахад надад хадаг барьж, монгол соёлыг судлахаар шавь орсон доо. Тэр минь Африкаас төрсөн цорын ганц монгол судлаач. Монголоор ус цас шиг ярина. Хөдөөгүүр явж нэлээд судалгаа хийсэн.
Өнгөрсөн жил Боннын их сургуулийн олон улсын хуралд лекц уншихаар ирэхэд нь би тэнд байж таарсан. Лекцэнд нь яваад ортол цаашаа хараад л нэг юм ухаад байна. Гэтэл нэг шар хадаг гаргаж ирээд золгож байна билээ. Тэр маань Уэльсийн их сургуульд докторын зэрэг хамгаалаад, одоо АНУ-ын Миннесотагийн их сургуульд ажиллаж байгаа. Миний шавь Г.Нандинбилиг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, отгон шавь Д.Нямдорж маань манай тэнхимд багшилж байгаа. Энэ хүүхэд авьяас, онгод, мэдрэмжтэй, сайн яруу найрагч даа.
Олон жилийн түүхтэй МУИС-ийн уран зохиолын дугуйлан, нэгдлийг хичээллүүлж байна. Яг одоо бэлгэдэл зүйгээр докторын ажил бичиж байгаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар Н.Нарангэрэл шавь маань сайн ажиллаж байна. Ингээд дурдаад байвал олон хүн бий. Бүгдийг нь дурдвал цаг, цаас хүрэлцэхгүй. Шавь нар сайн явна гэдэг багшийн хамгийн том баяр, шагнал юм шүү дээ.