Монголчууд дуунд дуртай дуучин ард түмэн. Дуулаад зогсохгүй "Хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл" бүжиглэдэг бүжигчин ард түмэн байсан талаар түүхэн сурвалжуудад тэмдэгдэн үлдсэн байдаг. Өнөө цагт Монголын бүжгийн урлагийг хөгжүүлж буй цөөнгүй залуус буй боловч дуучдад дарагдаад эх орондоо төдийлөн үнэлэгддэггүй гэх. Үүнийг дуунд түшиглэсэн олон тэмцээн уралдаанаас харж болно. Тэгвэл бүжиг сонирхогч залуус маань олон улсын хэмжээнд өөрсдийгөө хэрхэн үнэлүүлж байгаа, ямар түвшинд явааг харуулах зорилгоор "Дэлхийн хэмжээний Монгол бүжигчин" цуврал ярилцлагыг хүргэхээр болсон билээ. Ярилцлагын хоёр дахь зочноор УДБЭТ-ын балетын бүжигчин Б.Батчимэгийг урьж ярилцлаа.
Бүжгээр хичээллээд хэр удаж байгаа вэ?
-Ер нь цэцэрлэгт байхаасаа л гимнастикаар хичээллэж эхэлсэн. 2006 онд сонгодог урлагтай танилцаж бүжгийн ертөнцтөд эргэлт буцалтгүйгээр орохоор шийдсэн. .Тэгээд л 2011 онд хөгжим бүжигт явах болсон. УДБЭТ-таа оюутан цагаасаа гэрээтээр ажиллаж байгаад одоо үндсэн бүжигчнээр ажиллаад гурван жил болж байна.
Монголчуудын сонгодог урлагийг хүлээж авах байдал, ойлгох ойлголт нь хэр хэмжээнд байгаа гэж хардаг вэ? Монгол балетын бүжигчдийг олон улсад илүү үнэлээд байх шиг?
-Нэг үеэ бодвол тоглолт маань суудал дүүрэн хүнтэй болсон болохоор үзэгчид ойлгодог болж буй мэт. Гэхдээ сонгодог урлагийнхны дайны хөдөлмөрлөөгүй хөнгөн бүтээлүүдийг үзэгчид илүү ойшоох үе ч бий. Харин олон улсад илүү үнэлэгддэг гэдэг үнэний хувьтай. Саяхан бид Солонгосын Олон Улсын Балетын жүжигчдийн тэмцээнд багагүй амжилттай оролцоод ирсэн. Тухайлбал, балетын жүжигчин О.Хатанбаатар гуравдугаар байрын шагнал, Б.Дөлгөөн Тусгай байрын шагнал хүртэж М.Тэлмэн бид хоёр Самьеонг Их сургуульд суралцах эрхээр шагнуулсан. Олон улсын хэмжээнд гологдохооргүй ирээдүйтэй гэж үнэлсэнд урам зориг авсан.
Тэтгэлэгийн дагуу Солонгос Улсад суралцах бодол байна уу?
-Солонгос улс надад сайхан санал тавьсан ч би эх орондоо үлдэхээр шийдсэн. УДБЭТ-таа үргэлжлүүлэн ажиллах болно. Солонгос улсад 4-5 жил суралцаад сайхан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо байгаа бүхэн минь ч бас надад үнэ цэнэтэй. Би монголдоо хөгжиж болно оо гэдгийг харуулахыг хүссэн.
Солонгос улс надад татгалзахын аргагүй санал тавьсан ч би эх орондоо үлдэхээр шийдсэн.
Гадаадад суралцаж ажиллахаар хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байгаа өнөө үед эх орондоо хөгжинө гээд үлдэхэд юу нөлөөлөв. Юу таныг эх оронд тань хүлж чадсан бэ?
-Миний хайртай хүмүүс, хамт олон, УДБЭТ. Би өөрийгөө бүжгийн хувьд болоогүй байгаа амьсгаа маань ч бүрэн задраагүй гэж боддог. Гэхдээ хүн хаана ч байсан хөдөлмөрлөж л чадах юм бол хөгжих боломжтой шүү дээ.
Өөрийгөө болоогүй байгаа гэж боддог гэлээ. Шантрах үе байдаг уу?
-Сонгодог урлаг хүнд элемент ихтэй. Халаалтгүй, байнгын бэлтгэл сургуулилалтгүй л бол бэртэх гээд байдаг. Хоёр жилийн өмнө би өвдгөө мултлаад жил шахуу бүжиглэж чадаагүй. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Өглөө сэрээд л алхаж үзье гэхээр болохгүй байх үед дахиж бүжиглэж чадахгүй бол яана аа гээд уйлаад л байдаг байсан. Чадахгүй юм байна өө гээд л шантарч байсан үе зөндөө. Өөр мэргэжил сонгодог байж уу гэж ч бодож байсан. Одоо харин эдгэрсэн болохоор олон жилийн хөдөлмөрөө үгүй хийх эрхгүй гэдгээ илүү ухаарч байгаа. Хэцүү санагдсан ч чадна аа гээд л үргэлжлүүлдэг.
Тоглохыг хүсдэг дүр юу вэ?
-Бүжиг намайг голно уу гэхээс би бүжгээ голно гэж байхгүй байх аа. Залуу жүжигчин надад гол дүр гэхээсээ туслах дүрүүд оногддог ч дүр бүрээ хайрладаг. Гэхдээ Хунт нуурын хар, цагаан хун бол баллетын бүжигчин бүрийн хайртай дүр байдаг.
Баллетаас гадна Бачата, Кизомба бүжиглэдэг. Хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байсан гэж сонссон. Ажлын хажуугаар хэр зав чөлөө гарч бусад сонирхлоо хөгжүүлдэг вэ?
-14 хоногт нэг юм уу 7 хоногт нэг удаа тоглолттой байдаг. Тэгэхээр 1 дэх 2 дахь өдрөө амраад 3 4 5 дахь өдөр бэлдээд хагас бүтэнсайнд тоглолттой байдаг. Өглөө ажил дээрээ 10 цаг гэж очоод л бэлтгэлдээ орно. Хажуугаар нь нийтийн бүжиг бүжиглэх дуртай.
Нийтийн бүжгийнхэн өөрсдийгөө "Салса гэр бүл" гэж их л дотночилдог юм билээ. Ер нь Нийтийн бүжгийн холбооноос зохиосон тэмцээнд тантай л портнерлосон байхад залуугаас үл хамааран тэргүүн байр эзэлдэг гэсэн ойлголт гарсан байсан нь хоёр ч тэмцээнд түрүүлснээс болсон байх.
Портнерууд маань ч гэсэн мундаг залуус байсан. Одоо хоёулаа багшлаад явж байгаа. Баллетаас авах мэдрэмж нийтийн бүжгээс авах мэдрэмж хоорондоо их ялгаатай. Ажил амьдрал минь болсон сонгодог урлагаа нэгт тавих ч нийтийн бүжигт ч бас донтоод жил гаруй хугацаа өнгөрчээ.
Ямар залуу таалагддаг вэ?
-Төгс залуу хүлээгээд байдаг. ххэ Гэхдээ Боловсролыг нь илүү харна. Ирээдүйтэй юу ирээдүйгүй юу? Амьдралаа яаж авч явахаар залуу вэ? гэх мэтчилэн тэгээд л дараа нь царай, бие, мэдээж надаас өндөр байна уу гээд бусад зүйлсийг харна даа.
Одоо Perfect dance тэмцээнд оролцож байгаа гэсэн. Тэмцээний талаар тодруулбал?
-Тэмцээний шторк хийхэд төрөл бүрийн бүжигчдийн зургийг авах шаардлага гараад ажлаас маань намайг төлөөлж очоод зурганд ороод ир, тэмцээнд нь ч гэсэн ороод үзэх санал тавьсан юм. Тэгээд одоогийн байдлаар нэгдүгээр шатандаа тэнцсэн. Эхний шатны үзүүлбэрээ бараг ямар ч халаалтгүй үзүүлсэн болохоор жоохон санаа зовж байсан ч тэнцээд дараагийн шатанд орох эрхтэй болсон.
Дараагийн шатны шалгаруулалт хэзээ вэ? Тэмцээний хэдэн үе шаттай бол?
-Энэ тэмцээн 4 үе шаттай хоёр сарын хугацаанд явагдах болно. 2-р шат 1-р сарын 13-нд болно. Тэмцээний өдөр бас Хунт нуур тоглогдох тул давхцаж байгаа. Аль алинд хичээж орох болно.