Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүнийг зочноор урилаа.
-Улаанбаатар хотын унаган хүүхэд үү?
-Манайх Архангайн гаралтай айл. Гэхдээ би Баянгол дүүрэгт, хүмүүсийн хэлж заншсанаар Төмөр замд төрж, өссөн. Нийслэлийн 73 дугаар дунд сургууль төгссөн.
-Хөдөлгөөнтэй хүү байсан уу?
-Нийгмийн идэвхтэй хүү байлаа. Монголын хүүхдийн ордны найрал дууны дугуйланд сурдаг, сургуулийнхаа найрал дууны хамтлагт гоцолдог байв. Улсын уралдаануудад ч амжилттай оролцдог байлаа. Ахлах ангидаа “Ирээдүйн одод” өсвөрийн дуулаачдын уралдаанд оролцон, СУИС-д элсэх эрхээр шагнуулсан.
-Гэхдээ урлагийн биш, бизнесийн чиглэлийн мэргэжил сонгосон байх аа?
-Сэтгэл хоёрдсон л доо. Урлагт хэчнээн дуртай ч, өөр мэргэжил эзэмших нь надад илүү өгөөжтэй санагдсан. ХИС-ийг олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн. Гэхдээ дуулах хообийгоо орхиогүй. Сүүлд “Натур саунд” дуулаачийн дамжаа төгссөн.
10-аад жилийн өмнө ээжийн минь хуурай дүү манайд зочилсон юм. Намайг хараад “Яасан өндөр юм бэ. Загвар өмсчихөөр юм биш үү” гэлээ. Ингээд намайг загвар өмсөгч Э.Энхболдтой танилцуулж, Монголын дизайнеруудын холбоонд гэрээгээр ажиллах болсон. Тэнд зургаан сар л ажилласан. Удалгүй “Монгол модель” агентлагт орж, одоо хүртэл ажиллаж байна.
-Дан ганц загвар өмсөөд амьдрах боломж Монголд бий юү?
-Байхгүй ээ. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэй хүмүүсийн худалдан авах шунал бага. Хувцасны нэр, төрөл ч цөөн. Тиймээс эрэгтэй загвар өмсөгч олон байх шаардлагагүй. Үнэхээр супер од болдоггүй л юм бол загвар өмсөөд мөнгө олно гэж байхгүй. Харин загвар өмсөж байхдаа олонд бага ч гэсэн танигдан, танилын хүрээгээ тэлж, түүнийгээ бизнес эрхлэхдээ ашиглах нь илүү санагддаг.
-Фото модель чиглэлээр ажиллаагүй юу. Тийм, ийм брэндийн нүүр царай боллоо гэж огт сонсоогүй юм байна.
-Яг үнэндээ ажлын саналд тэгтлээ дарагддаггүй шүү дээ. Санал ирдэг л юм. Гэхдээ тэр болгонд оролцохыг хүсдэггүй. Болсон, болоогүй зүйлд тоглочихоор дараа нь үнэлэгдэхээ больчих байх. Үнэхээр гоё боломж олдох үед үүнээс болоод хасагдвал яана.
-Та загвар өмсөөд хүмүүст ид танигдаж эхлэх үедээ БНСУ руу явчихсан. Эндээ байсан бол хүмүүст илүү танигдах байсан гэж санагддаг юм.
-Харамсдаггүй. Тэгж л гадагшаа явж, юм үзэх байсан юм байлгүй.
-Тэнд байхдаа загвар өмсөх боломж байгаагүй юм уу?
-Тэр талаар бодоогүй. Тэнд Ионсей их сургуульд сурсан. Элдэв зүйлд сатааралгүй солонгос хэлээ түргэн сурахад л илүү анхаарсан. Дунд сургуулийн сурагч байхаасаа барилгын ажил хийж, ажлын амтыг мэдэрчихсэн болохоор тэнд ч бас зүгээр суугаагүй. Тэр үед аав минь барилгын материалын бизнес эрхэлдэг байв. Би тэндээс материал татаж, Монгол руу ачуулах, солонгос түншүүдтэйгээ харилцах зэрэг ажлыг нь нугалдаг байсан.
-Нэлээд олон төрлийн бизнес эхэлсэн ч босгож чадалгүй шатсан. Гэсэн ч дахин шинэ зүйл оролдож, туршсаар л байгаа юм билээ. Түргэн хоолны газар хүртэл ажиллуулж үзсэн гэсэн үү?
-Барилгын материал борлуулах, түргэн хоолны газар, клуб ажиллуулах зэргээр 20 гаруй удаа бүтэлгүйтсэн. Туйлбаргүй гэхээсээ илүү туршлагагүй байсан юм. Тэр болгоноос надад тохирох, ашигтай бизнес нь юу вэ гэдэгт суралцаж байгаа юм. Өрөнд их орсон доо. Гэр бүлийнхнээ ч их зовоосон. Өрөнд орохоороо л байраа барьцаанд тавиад зээл авчихна. Тэрийгээ махийж байгаад дарчихаад, дахиад эхэлдэг байв. Одоо бол арай өөр л дөө. Долоо хэмжиж, нэг огтолдог болсон.
-Бүтэлгүйтэх бүртээ маш их харамссан байх. Гэхдээ сэтгэл хамгийн их гогдсон бүтэлгүйтэл чинь аль нь вэ?
-Нэлээд хэдэн жилийн өмнө “Бургер стэйшн” гэж түргэн хоолны газар ажиллуулах гэж үзээд чадаагүй. Тэр л их харамсалтай санагддаг. KFC, “Burger king” зэрэг гадаадын франчайзингийн газруудтай өрсөлдөх туршлага байгаагүй. Хэзээ нэгэн өдөр үргэлжлүүлнэ гэж боддог. Орхиж чадахгүй байгаа.
-Загвар өмсөгч дөрвөн залууг VR хамтлаг байгуулан, дуулж эхлэхэд хүмүүс их гайхсан. Сайн, муу олон л үг сонссон байх.
-Э.Энхболд СУИС-ийн дуулаачийн ангид сурч байсан. Би ч хүүхэд байхаасаа дуулах дуртай байлаа. Огт дөргүй хүмүүс биш шүү дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө Э.Энхболд бид хоёр хамт дуулъя гэж ярилцдаг байлаа. Гэхдээ ажил болгож чадахгүй л явсан. Ж.Дамдинцэрэн сургуулиа төгсөн, Японоос ирээд бидний санааг дэмжиж, Б.Галбадрахаа нэгтгэсэн. Ингээд л үзээд алдахаар шийдсэн дээ. “Чи намайг санах уу” дуугаа анх бичүүлж, дүрсжүүлсэн.
-Бие даасан уран бүтээл хийж буй гэсэн үү?
-Эхний дуугаа нэгдүгээр сарын 1-нд цацаж амжсангүй. Энэ сард багтаад клипээ хүмүүст хүргэнэ. Мөн энэ онд таван дуутай цомог гаргахаар төлөвлөсөн.
-Тайзан дээр загвар өмсөж алхдаг хүнд микрофон бариад дуулахад арай өөр мэдрэмж төрнө биз?
-Сурагч байхдаа олон уралдаанд оролцсон болохоор биеэ барих нь гайгүй. Гэхдээ загвар өмсөхөөс мэдээж өөр. Сонирхолтой.
-Тэгвэл камерын өмнө жүжиглэхэд ямар санагддаг вэ. Хоёр ч кинонд тоглосон шүү дээ?
-“MN-25 дугаар суваг” телевизийн “Би хайртай” олон ангит, “Хүлэгү” пикчерс, “Эмоци” продакшны хамтран бүтээсэн “Гурван найз: Эргэж ирсэн нь” кинонд тоглосон. Мэргэжлийн жүжигчин биш учраас амархан байхгүй нь лавтай. Гэхдээ тэвддэггүй ээ.
-“Гурван найз: Эргэж ирсэн нь” кинонд таныг солонгос хүний дүрд тоглож, хэлээр нь ярихыг харсан. Гадаадын хэдэн хэлээр ярьдаг вэ?
-Солонгост сурсан болохоор тус орны хэлийг эзэмшсэн. Мөн Сингапурт суралцаж байсан болохоор англиар ярьчихна. Гадаадын дөрвөн хэл сурахыг хүсдэг. Хятад, франц хэл сурахаар оролдож байна.
-Өнгөрсөн зун олон залуус Гэрэлт гудамжинд чөлөөт цагаа өнгөрүүлсэн байх. Хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хэр хангалуун байна вэ?
-Хүүхдийн 100-гийн гудамж руу харах тоолондоо “Гадаадад залууст зориулсан гэрэлт гудамж байдаг. Энэ гудамж л яг тохирно доо” гэж боддог байв. Санаагаа өмнөх нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж байсан ч хэн нь ч тоогоогүй. Уг нь бүгд мөрийн хөтөлбөртөө ийм санаа тусгасан юм билээ. Энэ жил Су.Батболд дарга харин дэмжлээ. Маш богино хугацаанд их олон газартай хамтарч ажилласан. Талархахгүй байх аргагүй.
Хүмүүсийн хэл ам ч тойроогүй. Алдаа, оноо бий. Яваандаа улам сайжруулна. Одоогоор нийт 440 метр урт гудамж буй. Ирэх зунаас гэр бүлийн болон залуусын гэж тусгаарлан үйл ажиллагаа явуулна. Мөн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж, тэдний хөтөлбөрт оруулах болсон. Уг нь яваандаа Сансар, III, IV хороололд гэрэлт гудамжтай болчихвол хүмүүсийн төвлөрөл арай багасаж, тухайн дүүргийн хүмүүс ч гэрээсээ хол явах шаардлагагүй болно.
-Та хэр мөрөөдөмтгий хүн бэ?
-Их мөрөөдддөг шүү. Хүүхэд байхдаа биелэхээргүй олон зүйл мөрөөддөг байжээ. Одоо бол өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэх арга зам хайдаг. Би сансарт нисэж, эх дэлхийгээ гаднаас нь харахыг мөрөөддөг. Олон хүнийг сайн сайханд уриалж, бүтээх юм сан гэж хүсдэг.
-Цахим хуудаснаас тань харахад аялах дуртай санагдсан.
-Эхлээд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахыг хүсдэг юм. Эх орныхоо үзэсгэлэнг бишрээгүй байж гадаадын сайхныг шүтэж, тэнд хөрөнгө оруулж яах юм бэ. Ирэх зун аялах чиглэлээ гаргачихсан.
-21 аймагт бүгдэд ч очиж үзсэн үү. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг вэ?
-15 аймагт очиж үзсэн. Архангайнх болоод ч тэр үү, Хоргын тогоо, Тайхар чулуу, Тэрхийн цагаан нуур их дотно санагддаг.
-Гадаад хэл сурахыг зорьж байгаа гэж хэлсэн. Өөр юу сурахаар төлөвлөсөн бэ. Хамгийн сүүлд шинээр юу хийж сурав?
-Хоёр жилийн дараа гадагшаа явж, магистрт сурах төлөвлөгөөтэй. Дараа нь үүргэвчтэй аялмаар байна. Саяхнаас гитар, төгөлдөр хуур тоглож сурч байна. Албан бичиг стандартын дагуу бичиж сурах ч гэсэн чадвар биз дээ. Сүүлд үүнийг л сайн сурлаа.
-Ажил, мэргэжлээсээ өөр ямар зүйлийг гаргууд хийдэг вэ?
-Өвөө минь олон хүүтэй. Ач, зээ хүү нар нь ч олон. Бидэнд “Өвөө нь та нарт эд хөрөнгө өвлүүлж чадахгүй ч бүгдийг нь гарын дүйтэй болгоно” гэдэг байв. Гарааш, машин засахдаа, гагнуур хийхдээ, мод түлээ бэлдэхдээ, хадланд явахдаа, байшин барихдаа ч биднийг дайчилдаг, зааж өгдөг байлаа. Түүний ачаар гарын дүйтэй болсон шүү. Ямар ч л байсан гэрийнхээ дотоод засал, сантехникийн болон цахилгааныг янзалчихдаг. Ганцаараа амьдардаг болохоор хоол ч сайн хийдэг.
-Нийтэч хүн үү?
-Их нийтэч. Танилын хүрээ өргөн. Гэхдээ дотнын найз цөөн. Цөөхөн хүнд л сэтгэлээ нээдэг.
-Гадаадын хэд хэдэн оронд суралцаж, аялж байсан шүү дээ. Энэ орны ийм, тэндхийн тийм чадварыг манай залуус эзэмшээсэй гэж хардаг байх.
-Манайд мэндлэх, хүндлэх ёс алдагдаад байна уу даа гэж хардаг. Энэ нь хүмүүжилтэй л холбоотой байх. Япончууд шиг цэвэрч, хөдөлмөрч, солонгосууд шиг ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, тууштай, тэмцэж чаддаг байгаасай гэж хүсдэг.
-Өдрийн ажлаа төлөвлөдөг үү?
-Ягштал төлөвлөдөг. Биелүүлэхийг ч хичээдэг.
-Төлөвлөсөн ажил өөрөөс биш, бусдаас шалтгаалан биелэхгүй үе бий. Тийм үед бухимддаг уу?
-Би ер нь уурлаж, бухимдах дургүй. Өөрийгөө тэгж зовоож, хямраах ямар хэрэг байна вэ.
-Хүлээцтэй хүн байх нь ээ.
-Хэр баргийн зүйлд уурлахгүй. Уурласан ч хурдан тайвширчихдаг юм.
-Нулимс хэр ойртой хүн бэ?
-Нэг их уйланхай биш ээ. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө уйлсан юм байна. Яах аргагүй, бачуурмаар, уйлмаар санагдах үе хүнд тохиолддог шүү дээ.
-Эцэг, эхчүүдийн хүмүүжүүлэх арга барил ондоо. Аав, ээж тань таныг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Хүссэнээр минь л байлгасан. Тэглээ гээд буруудаагүй. Харин ч хамжааргатай өссөн байх. Бүх зүйлийг бэлдэж өгөхөөс илүүтэй “Өөрөө хийж үз” гэдэг байлаа. Үргэлж намайг дэмждэг дээ. “Зөв амьдар. Хүнд муу санаж болохгүй” гэж захидаг юм. Би ч хичээдэг.
-Та үрэлгэн үү?
-Их үрэлгэн.
-Юунд мөнгөө хамгийн их үрдэг вэ?
-Гэр ахуйн бараа, шинэ тавилгад их үрдэг.
-Номтой хэр ойр вэ. Хамгийн сүүлд ямар номын хавтсыг хаав?
-Д.Төмөрбаатар гуайн “Хакүхогийн ментал буюу дотоод хүч” номыг уншсан. Би ер нь уянгын, адал явдалт зохиол гэхээсээ илүү философийн юм уу, алдартай хүмүүсийн амжилтын түүх, замналын тухай ном унших дуртай. Тэндээс урам их авдаг.
-Хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
-Тэр, энэ гэж нэр цохож хэлэхгүй. Хүн бүрээс авууштай чанарыг нь олж харан, өөртөө суулгахыг хичээдэг.
-Цахим хуудаснуудыг хэр идэвхтэй ашигладаг вэ?
-Твиттер хэрэглэдэг. Фэйсбүүк, инстаграм ашигладаг. Хол байгаа хүмүүстэйгээ харилцаа холбоотой байх, шинэ мэдээллээ хуваалцах зорилгоор л хэрэглэдэг дээ.
-Таныг хүмүүс ямар хүн байсан гэж дурсаасай гэж хүсдэг вэ?
-Зөв хүн, олон хүнийг сайн сайханд уриалсан үлгэр жишээ хүн байсан гэж бодоосой гэж хүсэж байна.
-Гэр бүл төлөвлөлтийн талаар юу гэж бодож байна вэ?
-Хэт залуудаа гэр бүл зохиож, алдсан хүн шүү дээ. Би хөөрхөн охинтой. Одоо бол яарахгүй. Өөрийгөө бэлэн гэж бодохгүй байна.