“Монгол Улсад нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй болсон, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь бээжин хэв шинжийн М.tuberculosis-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт судалгааны бүтээл туурвин Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач шагнал хүртсэн АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Г.Өлзийжаргалтай ярилцлаа.
-Та Монгол Улсад анх удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэр, онцлогийг тодорхойлсон гэж байсан. Энэ тухай ярихаас өмнө манай улсад сүрьеэ өвчний тархалт, нөхцөл ямар байгааг хэлж өгөхгүй юү?
-Манай улс Номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн тархалт өндөртэй долоон орны нэг. 2016 оны байдлаар 100 мянган хүн амд сүрьеэгийн 183 тохиолдол бүртгэгджээ. Австрали улс 23 сая иргэнтэй хэрнээ 100 мянган хүн амд сүрьеэгийн зургаан тохиолдол бүртгэгддэг. Гэтэл Монгол Улс гурван сая хүнтэй хэрнээ сүрьеэгийн 183 тохиолдол бүртгэгдсэн нь энэ өвчний халдвар өндөр байгааг харуулж буй юм.
Манай улс 2014-2015 оны хооронд ДЭМБ-ын гаргасан арга, аргачлалын дагуу үндэсний тархалтын судалгаа хийсэн. Энэ судалгаагаар100 мянган хүн амд сүрьеэгийн 756 тохиолдол илэрсэн нь бид сүрьеэтэй гурван хүний нэгийг илрүүлж чадахгүй байгааг харууллаа. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ манайд хүнээс хүнд шууд халдварлаж буй нь тогтоогдсон. Сүрьеэгийн өвчлөл манай улсад чимээгүй тахал шиг тархаж байна.
-Үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар сүрьеэгийн тархалт гурав дахин өндөр гарсан байна лээ. Энэ өвчин нэмэгдэж буй шалтгаан нь юу вэ?
-Амьжиргааны түвшнээс шалтгаалж энэ өвчний тархалт харилцан адилгүй байдаг. Иргэд эрүүл мэндийн боловсрол муутайн дээр амьжиргаагаа залгуулах гээд өвчний шинж тэмдгээ хайхрахгүй, эмчлүүлэхгүй явсаар уушгины идэвхтэй хэлбэрийн халдвартай сүрьеэгээр өвчилж байна. Үүнийгээ гэр бүл, найз нөхөд, бусад хүнд тарааж, халдварын гинжин хэлхээ үүсгээд байгаа юм. Хэрэв эрт үедээ оношлуулж, эмчилгээгээ эрт эхэлбэл энэ гинжин хэлхээг тасалж чадна.
-“Монгол Улсад нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй болсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь бээжин хэв шинжийн М.tuberculosis-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт таны бүтээлийн онцлог юу байв?
-Сүрьеэгийн үүсгэгч М.tuberculosis-ийн Бээжин хэв шинж гэдэг урьд нь тогтоогдсон зүйл. Дэлхийн эрдэмтэд 1991 онд сүрьеэгийн энэ хэв шинжийн нянг анх Бээжин хотоос илрүүлээд ийн нэрлэсэн юм. Харин манай судлаачид цөөн тооны өсгөврийг гадаад улс руу явуулж, Монгол Улсад Бээжин хэв шинж давамгайлдаг юм байна гэсэн анхны таамаглал дэвшүүлсэн байдаг.
Дараа нь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны зөвлөх Б.Буянхишиг эмч докторын зэрэг хамгаалах эрдэм шинжилгээний ажлаараа Монголд тархсан эмэнд мэдрэг сүрьеэд Бээжин хэв шинж давамгайлсныг тодорхойлсон байдаг. Харин би Монголоос ялгасан олон эмэнд тэсвэртэй 66 өсгөвөр дээр Бээжин хэв шинж 90 хувь хүртэл байдгийг тодорхойлсон. Бээжин хэв шинж нь бусдаасаа илүү хоруу чанартай, эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсгэх гээд байдаг өвөрмөц онцлогтой.
Би судалгаагаа хоёр үе шаттай хийсэн. Эхнийх нь Монгол Улсын түвшинд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалтыг 2004-2012 оны хооронд тодорхойлсон. Транс Сибирийн төмөр зам дагасан нутгуудад олон эмэнд тэсвэртэй сүрьеэ улсын дунджаас маш өндөр байгааг гаргасан. Тухайлбал, Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод зэрэг хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй нутагт сүрьеэгийн өвчлөл илүү тархсан байдаг.
Мөн сүрьеэгийн халдвар Улаанбаатараас нарны цацраг хэлбэрээр бусад аймаг руу тархаж байгааг тогтоосон. Дараагийнх нь молекул биологийн арга, аргачлалыг ашигласан судалгаа. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдээс ялгасан омогт судалгаа хийсэн юм. Тэдний дунд Бээжин хэв шинжээр үүсгэгдсэн сүрьеэ 90 хувь тархсан нь илэрсэн.
Мөн удам зүйн зураглалыг гаргахад 42 хувь буюу олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй таван өвчтөний хоёр нь нэг нэгэндээ халдааж буйг илрүүллээ. Өөрөөр хэлбэл, олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүс нэг нэгэндээ эсвэл өөр хүнд халдвар тарааж буйг лабораторийн аргаар шинжлэх ухааны үндэстэй гаргасан.
-Ижил төрлийн нянгаар халдварлагдсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Шинжилгээ хийсэн сүрьеэгийн нянгийн 42 хувь нь удам зүйн хувьд нэгэнтэйгээ 100 хувь ижилхэн байсан. Мөн удам зүйн зураглал дээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нарны цацраг байдлаар монголчуудын дунд тархаж байгааг илрүүлсэн. Тодруулбал, ийм өвчтэй хүмүүс бие биедээ халдвар дамжуулж байна гэсэн үг. Эрт үедээ оношлуулахгүй байгаагаас өвчтэй гэдгээ мэдэхгүй гэр бүл тэр тусам бага насны хүүхдэдээ халдвар тарааж байна.
-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн бусдад шууд халдвар тарааж байна гэсэн үг үү?
-Өөрөө мэдэхгүйгээр өрөөл бусдад амьсгалын замаар халдвар тарааж байна. Тиймээс сүрьеэгийн шинж тэмдэг илэрбэл эртхэн эмчид хандах хэрэгтэй. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй бол үр хүүхэд, гэр бүлдээ халдвар тараана. Хэрэв хүүхэд нь халдвар авчихвал хоёр жилийн турш 14 200 ширхэг эм ууна шүү дээ.
-Ийм хэлбэрийн сүрьеэ бүрэн эмчлэгдэх үү?
-Сүрьеэгийн хамгийн гол үндсэн эмчилгээ болдог хоёр эм бий. Үүнд тэсвэртэй нянгаар үүсгэгдэж буй хэлбэрийг олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж нэрлэдэг. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ 60-70 хувь хүртэл эмчлэгддэг. Харамсалтай нь, 100 хувь эмчлэгдэхгүй.
Үндсэн эмчилгээнээс гадна бусад эмэнд ч тэсвэртэй болчихсон байдаг учраас хоёрдугаар эгнээний эмийг хэрэглэх шаардлагатай болдог. Энэ нь элэг гэмтээх, хараа, сонсголгүй болох цаашлаад үргүйдэх гээд эмийн гаж нөлөө ихтэй. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж, эрт илрүүлэгт орох шаардлагатай.
-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ буурахгүй байгаа шалтгаан юу вэ?
-Хоёр талтай. Эмчилгээгээ зургаан сар хийлгэх ёстой байтал тасалснаас олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй болж байна. Хүмүүс зовиур нь багасаад ирэхээр эдгэрсэн гэж бодоод эмчилгээгээ хаячихдаг. Үүнээс болж нян нь эмэнд тэсвэртэй болдог. Яг үнэндээ антибиотикийн буруу хэрэглээнээс болж хүн нянд дийлдэх гээд байна шүү дээ. Эмчилгээгээ бүрэн дуусгаж чадвал бид сүрьеэгийн халдварыг тодорхой хэмжээгээр бууруулж чадна.
-Гэтэл бид сүрьеэ өвчнийг төдийлөн тоодоггүй. Энэ нь амьсгалын замаар халдварлаж, маш хурдан тархдаг. Шүлс, цэрээ ил хаядаг улсад илүү аюултай. Халдварын тархалтыг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй бол?
-Хамгийн чухал нь эрт илрүүлэг. Нэг талаас иргэн эрт үедээ өрхийн эмнэлэг, дүүргийн сүрьеэгийн диспансертаа хандах хэрэгтэй. Нөгөө талаас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхан эрсдэл бүхий хүн амын дунд сүрьеэгийн илрүүлгийг идэвхтэй хийж байна. Ингэж иргэн болон эмч, ажилтнууд хоёр талаасаа хамтран ажиллаж өвчнийг эрт илрүүлснээр эмчилгээ яаралтай хийлгэх боломжтой.
Эмчилгээ хийлгэснээр халдваргүй болж, амьсгалын зам болон нус цэрээр дамжуулан бусдад өвчин тараахгүй. Сүрьеэтэй өвчтөн илэрлээ гэхэд гэр бүлийн гишүүдийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар авсан, эсэхийг илрүүлнэ. Хэрэв далд хэлбэрийн сүрьеэтэй байвал идэвхтэй болохоос нь өмнө сэргийлж болно.
Хүний нөөц, санхүү, зөв бодлого, зохион байгуулалттай байж чадвал бид 4-5 жилийн дотор сүрьеэгийн өвчлөлийг эрс бууруулах боломжтой. Бид гуравхан саяулаа учраас энэ халдварыг хурдацтай бууруулж чадна. Үүн дотроо Улаанбаатар хотын хүн амын дундах сүрьеэг бууруулбал улсын хэмжээнд энэ халдварын 70 хувийг устгалаа гэсэн үг. Орон нутагт сүрьеэгийн халдварын 30 хувь л тархсан байдаг.
-Шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчид хандаж болох уу?
-Хамгийн түрүүнд сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн хүмүүс эмчид хандвал сайн. Хоёр долоо хоног буюу түүнээс дээш хугацаанд халуурч, ханиалгасан хүмүүс сүрьеэгийн диспансерт хандан оношоо тодруулах нь зөв. Харин шинж тэмдэг илрээгүй хүмүүс далд хэлбэрийн сүрьеэг илрүүлдэг арьсны сорил тавиулж цээжээ рентгенд харуулаад оношлуулж болдог.
Гэхдээ арьсны сорил нь далд сүрьеэг шууд илрүүлж чаддаггүй учир сүүлийн үед судлаачид хүлээн зөвшөөрөхөө больсон. Харин дараа үеийн илүү мэдрэг шинжилгээ болох интерферон гамма чөлөөлөгдөх шинжилгээг “Монголын эрүүл мэндийн үүсгэл” төрийн бус байгууллагаас өөр газар хийж чадахгүй байна. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан иргэдийн 80 хувь нь далд хэлбэрт буюу өвчилснөө мэдэхгүй явдаг.
-Та Австралийн “Сидней” их сургуульд докторын зэрэг хамгаалахын зэрэгцээ ажиллаж байсан юм билээ. Энэ талаараа ярихгүй юу. Мөн эх орондоо судалгаа хийхэд хүндрэл бэрхшээл юу байна?
-Анагаах ухааны докторын зэргээ Монголын олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн молекулын тархвар зүй болон Австралийн Нью Саут Уэльс мужийн сүрьеэгийн молекулын тархвар зүйн судалгааг хийж хамгаалсан. Сургуулиа төгсөөд тэндээ олон улсын төрийн бус байгууллагад ажиллаж, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийг хөгжүүлэхэд хэрхэн нотолгоо цуглуулж дүн шинжилгээ хийдгийг суралцсан. Харин одоо нутагтаа ирээд хамт олонтойгоо ажиллах сайхан байна.
Австралид ажил, амьдралын дэглэм нь тогтчихсон байдаг. Ажил нь тогтмол цагт эхэлж, нэгэн хэвийн үргэлжилдэг бол монголчууд олон зүйлийг зэрэг амжуулдаг. Судалгааны ажил хийхэд нэг үеэ бодоход багаж, тоног төхөөрөмж нь байдаг, тодорхой хэмжээгээр санхүүжилт олгодог болжээ. Харин тоног төхөөрөмжийн байнгын ажиллагааг хянаж, эвдрэл гэмтлийг нь засах инженер дутагдалтай байна.
-Цаашдын ажлын төлөвлөгөөгөө сонирхуулахгүй юу?
-Би АШУҮИС-даа багшлахын зэрэгцээ инновац, гарааны компани хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Цаашид дэлхийн жишигт нийцсэн, импортыг орлох эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх, өргөжүүлэхийг хүсэж байна. Мөн оюутнуудтайгаа хамтран сүрьеэгийн талаарх мэдээллийг ард иргэдэд нас насанд нь тохируулан хүргэх талаар ажил хийхээр төлөвлөсөн.
Эцэст нь хэлэхэд албан байгууллагуудыг ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, сүрьеэгүй байгууллага гэж олон нийтэд зарлан, бусдыгаа манлайлахыг уриалж байна.