“Өнөөдөр”-ийн зочныг Д.Бор гэдэг. Яруу найргийн тав, орчуулгын дөрвөн номтой, нүүрэндээ сайхан инээмсэглэлтэй, сэтгэлдээ бусдын төлөө гэсэн галтай түүнийг мэддэг хүмүүс “Бор өөрийн цаг үедээ үнэхээр туг, дарцаг шиг явсан Монголын тэргүүний сэхээтэн, манлайлагч” гэдэг юм билээ. “Ертөнцийн бүх зүйл сайхан. Өт хорхой ч гоо үзэсгэлэнтэй. Хэн юуг яаж харж, дүгнэж, үзэж байгаагаас л бүх зүйл шалтгаална” хэмээн өгүүлсэн эрхэм хүмүүний ярилцлагыг болгооно уу.
-Зохиолч, орчуулагч хүнээс төөрөг тавилангийн талаар асуугаад яриагаа эхэлбэл ямар вэ. Амьдрал болж бүтэхгүй байна гэж зүхдэг, муу явж байгаадаа тавилангаа буруутгадаг хүмүүс бий. Таны бодлоор төөрөг гэж юу юм бэ?
-Амьдрал, хувь тавилан, төөрөг гэхчилэн чухам юу гэх нь хамаагүй бүгд тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Буй болж, төрдөг, өсдөг нь эцэг, эхээс хамаарах байх. Түүнээс хойш хэрхэн амьдрах нь чамаас л шалтгаална. Гэхдээ өгөгдөл, угсаа гарлыг үгүйсгэх аргагүй. Би азгүй хүн, энэ газарт л төрөх учиргүй байсан юм гэдэг хүнтэй олон таарсан. Энэ бол сэтгэлийн асуудал л даа.
Хийсэн бүтээснийг нь зохих ёсоор үнэлэхгүй болохоор урам нь мохож тийм зүйл ярьдаг байх. Эндээ муу муухайгаа дуудуулаад явсан хүн гадаадад очоод жигтэйхэн мундаг болчихдог нь нөгөөх л урам, сэтгэлийн дэмтэй холбоотой. Өмнөх нийгэмд хүн хөдөлмөрлөөд авсан хэдээрээ амьдралаа залгуулж хүрдэг байлаа. Харин өнөөдөр ажил хийгээд ч амьдрал нь дээшлэхгүй байгаа нь авдаг хэдтэй нь л холбоотой. Тэгэхээр хүний урам хугарна биз дээ. Тиймээс ажил хийгээд яах юм бэ гэж боддог хүн олширчээ.
-Та ярихдаа үргэлж инээх юм. Ер нь байнга инээмсэглэдэг үү?
-Ярвайж, урвайж явснаас инээмсэглэсэн нь дээр биз дээ. Миний байгаа нь энэ. Өөрт өчүүхэн ч гарзгүй элгэмсэг инээмсэглэл урамтай шүү дээ. Ямар сайндаа л Жанцанноров намайг дандаа “ярзайдаг” гэдэг юм. Би нэг их бухимдаж, огцом уурлаад байдаггүй зантай.
-Та аав, ээжээс хэдүүлээ вэ. О.Дашбалбар агсантай ямар холбоотой хүн юм бэ.
-Би Сүхбаатар аймгийн Онгон сумынх, аав, ээжээсээ ах дүү арвуулаа. Долоон хүү, гурван охинтой айлын ес дэх нь би. Дүү бид хоёр л сургуульд сурсан. Тухайн үед хүүхдээ сургуульд явуулах гэж зүтгэдэггүй байж. Манай ах, эгч нар гайхамшигтай ажилтай, анхиатай, мундаг хүмүүс. Тэд маань над шиг боловсрол эзэмшсэн бол хавьгүй илүү байх байсан. Манайх нутагтаа нэлээд баян айл байлаа. Яагаад баян бэ гэхээр ажиллах хүч сайтайнх.
10 хүүхэд чинь жинхэнэ ажиллах хүч биз дээ. Нэг ах маань нэгдүгээр ангид ч сурч байгаагүй. Гэхдээ Төрийн соёрхолтой. Механик татлагыг санаачилсан Цэвэгжав шүү дээ. Цэрэгт яваад, тэндээ бичиг үсэг тайлагдаж, токарьчин болсон хүн. Хамгийн том ах маань 1939, 1945 оны дайнд оролцсон, онц хилчин, хүндэт чекист. Бусад ах, эгч минь бүгд л нутагтаа нэр хүндтэй, олондоо танигдсан, бас л мундаг байсан.
Харин О.Дашбалбар бид хоёр ах дүүсийн хүүхэд, 12 насны зөрүүтэй. Түүний аав миний ээжийн төрсөн дүү нь. Намайг гуравдугаар ангийн сурагч байхад тэрбээр төрсөн. Дашбалбар маань долдугаар анги төгсөөд аймгийн хүнсний үйлдвэрт гурил нухаж байгаад трактор, комбайны курсэд сурахаар ЗХУ руу явсан.
Буцаж ирээд мэргэжлээрээ хэсэг ажиллахдаа Сүхбаатар аймгийн “Зам” сонинд зохиол бүтээлээ нийтлүүлдэг байсан юм. Тэгээд удалгүй үүнтэйгээ холбоотойгоор Улаанбаатарт суурьших болсон. Хотын Эвлэлийн хороонд ажиллаж байгаад ЗХУ руу дахин явж, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурсан. Яг л өөрийн цэвэр авьяасаар, байгалийн төрмөл өгөгдлөөрөө явсан хүн.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би дунд сургуулиа төгсөөд ЗХУ-ын Ленинград хотын ХААДС-д сурахаар явсан. Тэндээ ургамлын мэргэжилтнээр сурч, төгссөн. Улсын зардлаар сурсан хүн чинь хуваарилсан газарт нь үг дуугүй очих ёстой. Тэр замаар явж Халх голын туршлага станцад томилогдсон. Би уг нь эмч болох хүсэлтэй, бас ч гэж гайгүй сурлагатай хүүхэд байлаа. Гэхдээ анагаахын сургуулийн хуваарь тухайн үед ирээгүй учраас ХААДС руу явуулсан юм. Тэр үед хэлний бэлтгэл анги гэж байгаагүй учраас шууд л орос хэлээр “нүдүүлсэн”.
Орос хэл огт мэдэхгүй амьтан “Орос, монгол ярианы дэвтэр” гэсэн, таван төгрөгийн үнэтэй номноос хэдэн үг цээжилснээ шүлэг шиг дуржигнуулдаг байлаа, эхэндээ. Тэгээд өөдөөс хариулахаар нь ойлгохгүй болохоор орос хүнээс зугтдаг байв. Сохорсон биш завшив гэгчээр юу ч мэдэхгүй очсон нь болсон гэж боддог. Яг орчинд нь хүчээр хэл сурахын давуу тал бий. Юу билээ гэж бодохгүй шууд оросоор сэтгэж, ярьдаг болдог юм.
-Оросоор “А” ч үгүй байсан хүү Пушкин, Есениний зохиол бүтээлээс орчуулах хэмжээнд очтол хэл сурчээ. Хүн бүр хэл сурах өөрийн арга барилтай байдаг. Та хэрхэн сурсан бэ?
-Залуу хүний ой ухаан яг л дуу хураагч шиг байдаг юм. Багш нарын ярьсныг огт ойлгохгүй хэрнээ тогтоочихсон байдаг. Хичээлдээ тогтмол суухаар орос үгнүүд чихэнд яг л дууны ая шиг хоногшчихдог юм билээ. Тэгээд толь бичгээс хараад юун тухай ярьсныг нь гадарлах жишээтэй явсаар хагас жилийн шалгалтын үеэр мэргэжлийн тодорхой үг хэллэгүүдийг мэддэг болсон.
Монголоор чухам юу гэж байгаа юм бүү мэд, ингэж хэлэхээр, тэгж хариулдаг гээд л хүчээр, зүтгэлээр сурсан даа. Хичээлийнхээ хажуугаар кино их үздэг байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор Ц.Дашдондов бид хоёр нэг нутгийнх. Тэрбээр автобусанд явахдаа ч орос, англи үг цээжилж, амандаа үглээд явдаг байж билээ.
-Таны орчуулгын анхны ном юу байв?
-Пушкин, Есенин, Гамзатовын алдартай шүлгүүдээс түүвэрлэж орчуулаад “Тогоруун цуваа” нэртэй цоморлиг гаргасан. Дараа нь тус тусад нь ном болгож тухайн бүтээлийг оросоор тавьсан. Хэл сурах хүн харьцуулж харахаас эхлээд хэрхэн орчуулсныг, бас алдаа, оноо нь юу байгааг зэрэгцүүлээд харж болно. Есениний мэндэлсний ойгоор намайг оросууд урьсан юм. Зардал мөнгөнөөс шалтгаалаад явж чадаагүй.
-Есениний шүлгийг орчуулах амаргүй гэж мэргэжлийнхэн ярьдаг юм билээ. Манайд түүний бүтээлийг орчуулсан олон хүн бий. Тэр дундаас та хэнийхийг таашаадаг вэ?
-Ж.Нэргүй оюутан цагаасаа л Есенинээр “өвчилсөн” хүн. Хамгийн олон бүтээлийг нь орчуулсан нь ч тэрбээр. Орчуулагч болгонд өөрийн гэсэн өвөрмөц чанар, ялгаа бий. Би бол утгаар нь орчуулдаг. Үгээр нь хөөж орчуулбал шүлэг болохгүй шүү дээ. Орос хэл мэддэг хүн бүр орчуулга хийхгүй. Би 60 гарсан хойноо орчуулж эхэлсэн.
Өмнө нь барьж авч байсан ч нэг л болохгүй байсан. Яагаад гэхээр, монгол хэл минь дутуу байж. Тэгээд монгол хүнд яаж хүргэх вэ гэдгийг бодож, ингэхдээ тухайн шүлэг найргийн бичлэгийн хэлбэр, өвөрмөц байдал, хэмжээ дамжааг нь алдагдуулахгүй орчуулах учиртай.
-Орчуулгын гараагаа оройтож эхэлсэн шигээ ном зохиолоо ч нэлээд хожуу гаргасан уу. Таны хоёр номыг Долгорын Нямаа гуай редакторласан юм билээ.
-Тэтгэвэрт гарч “сул” иргэн болсон хойноо л номоо хэвлүүлж, орчуулга хийж эхэлсэн юм. Одоо улирлын сайханд ногоо, мод бут тариад, өвөлдөө номоо бичиж, ёстой л өөрийн дураар амьдарч байна. Түүнээс өмнө дандаа л тушаал авсан цэрэг шиг энэ улсын төлөө явсан. 2000 онд аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор анхны номоо хэвлүүлсэн. Дараа нь ээждээ зориулаад “Шилийн Богд” номоо гаргасан. Мөн эхнэртээ номоор бэлэг барьсан.
Манай гэр бүлийн хүн Монголын эмэгтэйчүүд дундаас хүний зүрхэнд мэс засал хийсэн анхны эмч, шинжлэх ухааны доктор Цэцэгээ. III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч байсан, өдгөө “Цэцэнин” хувийн эмнэлэгтээ ажиллаж байна даа. Академич Т.Шагдарсүрэн, Ичинхорлоо, Төрийн соёрхолт Бундан болон Загдаа нарын мундаг эмч нарын багт ажиллаж явсан хүн шүү дээ.
Би хүүдээ “Тод толь”, охиндоо “Товч толь” номоо зориулсан. Ингээд гэр бүлийнхэндээ тус бүрт нь номон суварга босголоо. Цаашид ач, зээ нартаа зориулан ном гаргана даа. Охин, хүү хоёулаа эрдэмтэн. Тэд өсөж үржээд одоо би таван ач, хоёр зээтэй болсон байна.
Долгорын Нямаа гуай миний “Товч толь”, Р.Гамзатовын “Шүлэг, найраглал” номыг минь редакторласан. “Товч толь”-доо би дан дөрвөн мөртүүд багтаасан. Бор гэдэг хүний, амьдарч байсан үеийн тусгал болсон толь юм. Гамзатовын бүтээл монголчууд бидэнд ойр учраас орчуулсан. Миний бодсон, хэлэх гэсэн санаа түүний зохиолд тусгагдсан байдаг.
Нөгөөтэйгүүр, Гамзатов богино мөртүүд бичдэг байсан юм. Найман мөртөөрөө Лениний одон хүрсэн хүн шүү дээ. Манайхан найраглал, роман, тууж л бичихгүй бол зохиолч гэж хардаггүй нь хачирхалтай. Би бол богино мөрт бичдэг хүн.
-Уг нь хамгийн чамбай, авьяастай нь хайкүгийн хэлбэрийг сонгодог гэх юм билээ.
-Хэлэх санаагаа шууд л хэлдэг сонгодог хэлбэр. Ганц зүйл хэлэх гээд долоон шидийн юм донгодох шаардлага байхгүй. Дан дөрвөн мөртөөр ном гаргасан хүн манайд цөөхөн.
-Пушкин, Есениний бүтээлээс орчуулахад хэр ялгаатай байсан бол?
-Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Дашням миний номын өмнөтгөлд “Монголчлох арга буюу борчлох эв дүй” гэж бичсэн. Мөн орчуулгын талаар дэлгэрэнгүй сайхан өгүүлсэн. Жишээ нь, Пушкиний “Загас, загасчин хоёрын үлгэр”-ийг Дамдинсүрэн гуай “Алтан загасны үлгэр” хэмээгээд дөрвөн мөртийг нь 14 мөр болгон орчуулсан. Орчуулга хэрхэн хийхийг тэрбээр гайхалтай сайхан үлгэрлэсэн.
Үүнээс харахад “Алтан загасны үлгэр” бол Дамдинсүрэн гуайн бүтээл болсон байгаа биз. Ерөөс орчуулга гэдэг тухайн хөрвүүлэн буулгасан хүний хувьд том бүтээл болдог. Орчуулагч нар нэг бүтээлийг яг адил буулгана гэж ерөөс байхгүй. Тухайн улс, үндэстний сэтгэхүйн онцлогт тохируулан орчуулдаг юм. Тиймээс эх хэлээ мэдэхгүй хүн орчуулга хийнэ гэж худлаа.
Таны асуултад хариулахад, Пушкин, Есенин хоёрын амьдарч байсан үе, тухайн цагийн амьдралын хэв маяг, соёл нь өөр байсан учраас орчуулахад их ялгаатай. Пушкиний бүтээлээс орчуулах ёстой хэцүү. Тэр бол Францын соёлын нөлөө нэвтэрсэн Орос орны сэхээтний давхаргын төлөөлөл. Харин Есенин бол орос тосгоны найрагч. Яг л манай Чойном, Дашбалбар нар шиг байгалийн өгөгдөлтэй, авьяастай нэгэн байсан.
-Таныг олон жил багшилж, бас удирдах алба хашсан гэж сонссон.
-Би Бэлчээр тэжээлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан хүн. Монгол бол мал аж ахуйн орон. Өмнөх нийгмийн үед бүх аймаг, сум, бригадад тэжээлийн үйлдвэр, цех байлаа. Баруун аймгуудад тэжээл бэлтгэх өвс ургамал тарих зорилгоор услалтын систем олныг байгуулсан түүхтэй. Харин хожим ардчиллын үед тэдгээрийг буулгаж, сүйтгээд Хятад руу төмрийн хаягдал болгоод ачуулчихсан. Ер нь бүгдийг нь устгасан шүү.
Шинэ нийгэм байгуулж байна гэчихээд бүтээж босгохоосоо илүү нураасан нь их байх. Ийм л хүмүүс хамгийн өндөр албан тушаал хашаад, асар их цалин аваад явж байна. Хүмүүс өмнөх нийгмээ харааж зүхдэгийг би их гайхдаг. Тэр үед бүх зүйлийг бодлогоор явуулдаг, ард иргэдийн төлөө бүтээн байгуулдаг байсан. Яах вэ, арын хаалга энэ тэр гэсэн буруу зүйл байсан нь үнэн.
Гэсэн ч боловсон хүчнээ бодлогоор бэлтгэж, амьдралд хүрэх цалин өгдөг, чадалтай, мэдлэг боловсролтой нь дээшээ ахидаг байлаа. Үүний жишээ бол би. Надад ямар ч татаас, арын хаалга байгаагүй. Гэтэл би Эвлэлийн төв хорооны хоёрдугаар дарга хүртэл өөрийн чадлаар явсан. Түдэв даргын орлогч байлаа. Халх голд гитар, бөмбөг хоёртой л очоод залуучуудыг манлайлж явсан даа.
Би ХААДС-д 10 жил багшилсан, “Монгол фермер” нэртэй, хөдөө аж ахуйн чиглэлээр хувийн анхны дээд сургуулийг Б.Сүхээ, В.Алзахгүй нарын хамт үүсгэн байгуулсан. Сүүлийн үед их, дээд сургуулиуд хэт бизнесийн зорилготой болсон нь харамсалтай.
-Нийгмийн, хүний чанар дордлоо. Бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний чанар ч муудлаа гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Уг нь гуравхан сая иргэнийхээ нүдийг бүлтийтэл амьдруулах боломж манайд бий. Ердөө хэдхэн компанийн хийх хэмжээний ажил шүү дээ. Монгол хүн цатгалдаад хахаж үхэж л гэж яримаар. Гэтэл өлбөрч, өлсөж, өрөндөө баригдлаа гэх юм. Биднийгээ сайхан амьдруулах сонирхол дээр суудаг хэдэд байхгүйдээ л учир нь бий. Ер нь ардчилсан нийгэм гэж байдаггүй юм. Боол, феодал, капиталист, социалист нийгэм бий. Ардчилсан гэж нэрлээд байгаа чинь угтаа капиталист нийгэм шүү дээ.
Энэ бол хүнийг боддог нийгэм биш. Харин социалист нийгэмд нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө, чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд, тэр хэрээрээ ав гэдэг зарчимтай. Үүнд буруу нь юу байгаа юм бэ. Биднийг бага байхад сурагчийн дүрэмд “Эрдэмтэй боловсон ард болж, эх орондоо аль болох их үйл хэрэг бүтээхийн төлөө эрдэм сурахыг шаргуугаар мэрийн хичээх ёстой” гэж заасан байлаа.
Эрдэм сураад эх орондоо ихийг бүтээнэ гэсэн байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, бусдын төлөө амьдарна гэсэн үг. Би насан туршдаа энэ зарчмаар явсан. Өөрийн хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй. Өөрийн хүслээр ажиллаж байсангүй. Сургуульд ч, Халх гол руу ч төр, засагт “хөөгдөж” томилогдсон. Одоо тэгж томилбол “Гайгүй байлгүй, хүний эрх” гэх байх.
-Халх гол гэснээс тэр сайхан газрыг гадаадынханд хуваагаад өгчихлөө, дэлхийд гайхагддаг хөрс нь үржил шимгүй болох нь гэхчилэн нэг хэсэг шуугисан. Та мэргэжлийн хүний хувьд тэр газар үнэхээр ховор хөрстэй, эсэхийг хамгийн сайн мэдэх байх?
-Хөрсний ялзмагт үе буюу үржил шим сайтай давхарга нь хамгийн зузаан. Ердийн хөрснийх 10 гаруй см байдаг бол Халх голынх 30-40 см зузаан. Монголд тариа тарихад тохиромжтой нэг сая гаруйхан га газар бий. Түүнээс 800 гаруйг нь хагалаад, элээж, доройтуулчихсан. Үлдсэн жаахан хэсэг нь Халх голд л байна. Тэгэхээр үүнийг өөрсдөө зөв ашиглах хэрэгтэй.
Гэтэл нөгөө хэдэн баячуул мөн л авчихаад, хятад, солонгос, япон хүмүүсээр сүйтгүүлж эхэлсэн. Социализмын үеийн дарга нар олон түмний төлөө байсан. Харин өнөөгийн дарга нар өөртөө ямар ашигтайг бодохоос биш, өргөн түмэнд хүртээхийг боддоггүй.
Түүх ярихад, Халх голын 30 жилийн ойн үеэр би яг тэнд ажиллаж байсан юм. Гарамгай баатар Дандар, Гонгор, Чогдон, Төмөрбаатар гээд л тэнд тулалдаж явсан мундаг хүмүүст үйлчилж, үгийг нь сонсож явсан хосгүй азтай хүн шүү дээ, би. Олон хүний амиар хамгаалсан үнэтэй газраа ашиглахын тулд Халх голын хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станц байгуулсан түүхтэй.
Хөрс боловсруулах, тэжээлийн ургамал, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, мал аж ахуй эрхлэх гээд асуудлыг цогцоор нь судалсан. Тэгээд тэр үед Сүмбэрийн сангийн аж ахуй байгуулагдаж, шар буурцгийг Монголд анх тарьсан түүхтэй шүү дээ.
-Та мод тарьдаг гэсэн. Хэчнээн мод “төрүүлэв”?
-Би Санзайд хашаа байшинтай. Тэндээ 10 гаруй төрлийн жимс жимсгэнэ тарьж, ашиг шимийг нь хүртэж байна. Хуш тарьсан. Сайхан ургаж байна. Надаас өөр хүн хашаандаа самар ургуулаагүй байх шүү.
-Түрүүн та хүн харамсахгүй амьдрах хэрэгтэй гэсэн. Өнгөрсөн амьдралдаа огт харамсахгүй амьдарч чадсан уу?
-Урлаг, сурлага, спортоор гайгүй оюутан байлаа. Сургуулиа төгсөж ирээд л атар газар руу томилогдсон. Багаж, төхөөрөмж, унаа хөсөг муутай ч би тэнд амьдралд суралцсан. Гэхдээ сайхан залуу насаа хязгаар нутагт өнгөрүүлсэндээ заримдаа жаахан харамсдаг ч улс, нийгэмдээ үр ашигтай ажиллаж, амьдарснаараа бахархдаг.
-Амьдралын явцад хамгийн их баярласан, гуниж гутарсан үе тань хэзээ бол?
-Амьдралд баярлууштай явдал өчнөөн тохиолдоно шүү дээ. Хүн биологийн амьтан, нөгөөтэйгүүр, нийгмийн нэг эд, эс. Энэ утгаараа сайн хань ижил, үр хүүхэдтэй болсондоо хамгийн их баярласан. Нийгмийн гишүүний хувьд олон түмэнд үнэлэгдэж, хүндлэгдэх хэмжээнд хүрсэндээ баярладаг. 20 жил хөдөө хөхөрч, гадаа гандсаных ХАА-н ухааны доктор болсон. Хамгийн чухал нь би эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон.
Га газар хагалж үзээгүй гавьяат агрономич, ганц цагийн хичээл зааж үзээгүй гавьяат багш цаана чинь байна. Энэ талаар би “Эрдэмгүй эрдэмтний уршиг, алдаргүй алдартны аймаг, гавьяагүй гавьяатны гай гүрэн улсыг үрнэ” гэж бичиж байлаа.
Амьдралд гутарсан үеийн талаар би “Гэгээн зүг гэлдэрч явлаа. Гэнэт төөрөөд будилж орхилоо” гэж нийгмийн цаг төрийн байдлыг бичиж явлаа. Ер нь дэлхий даяар шинжлэх ухаан, техник, технологи нь л хөгжөөд байгаа болохоос хүн өөрөө ёс суртахуунаар ухарч, хүмүүний чанар алдагдаад байна.
-Тэгвэл хөгжих хэрэггүй юм уу?
-Техник, технологийн хөгжлөөсөө болж л хүн төрөлхтөн мөхнө. Бүх юм хэм хэмжээтэй. Бүдгэрэх, гялалзах хугацаатай. Ургасан ногоо хагдарна. Учирсан бүхэн хагацна.
-Та тэрс үзэлтэн үү?
-Минй авир эрс. Миний араншин тэрс.
-Монголчууд их азгүй улс, Түдэв гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосонгүй гэсэн яриа бий. Та тэр хүнтэй ажиллаж байсан шүү дээ. Түүний талаар товчхон тодорхойлно уу. Бид яагаад оюунлаг, ухаантай хүнээ сонгож, харж чадахаа больчихов?
-Яагаад гэвэл, агуу нэгний дэргэд хүн өөрийн жижгийг мэддэг учраас айдаг байхгүй юу. Боловсрол, чадвар муутай хүмүүс өөрөөсөө дор нэгнийг сонгодог юм. Өөрөө дөнгүүр харагдах гэж. Энэ маш их аюултай. Манай нийгмийн өнөөгийн дүр зураг ийм л болчихож. Мэдлэггүй, боловсролгүй, чаддаггүй хүмүүс чадварлаг, сайн нэгнийг хажуудаа байлгахаас айдаг. Түдэв гуайн хурааж, хуримтлуулсан мэдлэгийг барахгүй. Тийм хүнээ бид сэрүүн тунгалаг цагт нь түшиж, оюуных нь өгөөжийг хүртэх учиртай.
-Амьдралын учир утга гэдгийг та юу гэж тайлбарлах вэ?
-Дашбалбар маань “Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном” гэсэн. Би “Хэн нэгэнд хэрэгтэй бол хүмүүн таны жаргал тэр. Юунд ч ямар нэмэргүй бол ерөөсөө таны зовлон тэр” гэж бичиж байлаа. Тэгэхээр амьдралын утга учир бол бусдад хэрэгтэй байх шүү дээ.
Өнөөдөр үр хүүхэд, ач зээдээ хэрэгтэй байгаадаа, хүмүүстэй уулзаж үзсэн харснаа, мэдсэн дуулснаа хуваалцаж байгаадаа, мод тарьж, ном бичиж чадаж байгаадаа талархаж явдаг. Энэ бүхэн миний аз жаргал юм. Хүнд бөндгөр, цүндгэр, бандгар гэж гурван зүйл байна. Энэ цаг үед дан бөндгөрөөрөө, бүр аль алинаар нь амьдарч чаддаг хүн байхад зөвхөн цүндгэрээрээ явдаг нь ч бий.
Залуу халуун насаа эх орондоо зориулсан, өдгөө зөв зүйтэй амьдралын үлгэр дуурайл болж буй Д.Бор гуай “Монгол шиг гайхалтай байгаль, цаг ууртай, монгол хүн шиг гайхамшигтай тэсвэр тэвчээр, авьяас ухаантай, бас энэрэнгүй нь энэ хорвоо дээр үгүй. Монголчуудыг хэдэн мянганы турш хооллож, хувцаслаж, тэжээж ирсэн, хосгүй баялаг болсон мал сүргээ бид шүтэж, эрхэмлэх учиртай.
Сүүлийн үед мал сүргээ муулж, ашиг шим багатай гэж адлах хандлага гардаг боллоо. Монгол морийг жижиг давжаа гэхчилэн гоочилж байна. Хэдэн хөгшчүүлээ хүртэл ад үзэж, тэр хэдэн хүн л өнгөрөөдөхвөл нийгэм цэвэршинэ гэж ярьдаг болж. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар ниргэнэ гэсэн үг бий.
Урдахгүй хойдох, уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй юм. Тэгэхээр хүмүүс минь өнгөрсөн түүх, уламжлал, ахмад үеийнхэн рүүгээ битгий ингэж нулимаач. Аливааг зөвхөн өөрийн сэтгэлгээ, тархины хэмжээгээр дүгнэж болохгүй” хэмээснийг тунгаахад илүүдэхгүй биз ээ.
Тэрбээр “Нүүр дүүрэн инээд байг. Нүд дүүрэн гал байг. Сэтгэл дүүрэн итгэл байг. Цээж дүүрэн баяр байг” гэж “Өнөөдөр”-ийн уншигчдыг ерөөгөөд ярилцлагаа өндөрлөв.