“Чинагийн Галсан сан”-гийн тэргүүн, Хүний эрхийн үндэсний комиссын орон тооны бус зөвлөлийн гишүүн Г.Галтайхүүг энэ удаагийн "зочин”-оороо урилаа. Тэрбээр герман хэлээр бүтээлээ туурвиж, нүүдлийн соёл иргэншлийг буурал Европт сурталчилдаг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсангийн хүү билээ. Түүний ярианаас байгаль дэлхийг хайрлан хамгаалах, хүний төлөө үйлс бүтээх хүсэл “амтагдах” ажээ.
-Таныг ярилцлагад урихаар утас цохиход Баян-Өлгий аймагт явж байна гэсэн. Явсан хүнээс үг дуул гэдэг. Ямар ажил амжуулаад ирсэн бэ?
-Баян-Өлгийн Цэнгэл суманд, аав, ээжийнхээ нутаг усанд очоод ирлээ. Миний ч нутаг ус л даа. Тэнд тувачууд хэмээх цөөн уугуул иргэд амьдардаг. Тэдний дунд хамаатнууд минь бий. Манайханд хөөрөг өгөх гэж ёс байдаг юм. Ойрын хамаатны бурхан болсон хүмүүст хүндлэл үзүүлж, тэр айлын хүмүүст хөөрөг бариад “Бурхан болооч маань буян хишгээ хайрлах болтугай” гэж хэлдэг нутгийн ёс байдаг.
Ойрын хамаатнуудаас минь энэ жил гурван өндөр настай хүн бурхан болсон. Тэднийхээ орон гэрээр орж, хөөрөг өгөх ёсоо үйлдлээ. Бас тэнд хэрэгжүүлж буй төслүүдээ сонирхож, шалгаад нутаг усандаа залбираад ирлээ.
-Тувачууд өнтэй өвөлжиж байна уу?
-Цас бага орсон учраас өвөлжилт дажгүй ээ. Гэхдээ цаг эрт байна. Дөнгөж ес эхэллээ. Өвөл, цаашлаад хаврыг давж байж малчид санаа амарна. Хоёр жилийн өмнө зуд болж, тувачууд хүнд өвлийг давсан. Тэгэхэд манай сан чиргүүлтэй гурван ачааны машин өвс, 30 тонн хивэг худалдаж аваад, Алтай Таванбогд хүртэл явж, малын тэжээл нь дуусан зутарсан айлуудад тараасан.
Банкнаас мөнгө зээлээд, түүгээрээ өвс тэжээл авч дуусчихаад аргагүйдчихсан айл олон байсан. “Бурхны ивээлээр та нар ирж, тус болсноор хэдэн малтайгаа үлдлээ” гэж талархаж буй малчид одоо ч гэсэн таардаг.
-Та буюу танай сан Хүний эрхийн үндэсний комиссын орон тооны бус зөвлөлд цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр сонгогдон ажилладаг. Цөөнхийн эрхийг зөрчих тохиолдол олон гарч байна уу?
-Би цөөнхийн эрх ашгийг хамгаалж тав дахь жилдээ ХЭҮК-той хамтран ажиллаж байна. Манай сан үндэсний цөөнхийн эрхийг хамгаалж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж дуу хоолойгоо өргөдөг учраас сонгон ажиллуулсан байх. Үндэсний цөөнхөд тулгарч буй асуудлууд бий. Монгол Улс Хүний эрхийн конвенц, Европын холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгт нэгдсэн орон. Тиймээс ч хүний эрхийг дээдэлдэг улс.
Би тува, цаатан үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах талаар дуу хоолойгоо өргөж ажилладаг. Баян-Өлгийн аймгийн тува иргэдэд тулгарч буй гол асуудал бол өөрийн төлөөлөл байхгүй явдал. Тэд УИХ-д, аймгийнхаа ИТХ-д төлөөлөлгүй. Тиймээс дуу хоолойгоо дээш нь өргөж чадахгүй байна. Гэтэл жишээ нь Германы Шлесвиг-Хольштайн мужид дани хүмүүс амьдардаг. Тэднийг төрд төлөөлөлтэй байх эрхийг хамгаалсан хууль байдаг юм. Монголчууд Германы олон хуулийг хуулсан.
Харин үндэсний цөөнхийг төлөөлөх эрхийг хамгаалсан хуулийг нь аваагүй юм билээ. Ийм хуулийн төсөл санал болговол яасан юм гэж би бодож байгаа. Үндэсний цөөнх өөрийн төлөөлөлтэй байж, дуу хоолойгоо өргөн тулгарсан бэрхшээлээ шийдүүлнэ. Тувачуудыг ажилд авдаггүй, цэцэрлэгт тува хүүхдүүдэд зориулсан бүлгэм байхгүй, казах хүүхдүүдтэй ахлах сургуульд хамт сурч байхдаа монгол хэлээр заалгахгүйн улмаас хичээлээ ойлгодоггүй гэх мэт эрх нь зөрчигдсөн олон асуудлыг ХЭҮК-ын 16 дугаар илтгэлд тодорхой бичсэн нь бий.
Хамгийн сүүлд тувачуудын эрхийг зөрчсөн жишээ тува оршуулгын газрынх нь хашааг эвдэж сүйтгэсэн явдал боллоо. Өөд болсон өвөг дээдсээ нутаглуулдаг газар бол ариун газар. Тиймээс энэ бол цааш нь гаргаж тавих ёстой, хүний эрхийг зөрчсөн асуудлын бас нэг жишээ мөн.
-Аавын тань ярианаас тувачуудаа өмөөрсөн, өмгөөлсөн үзэлтэй нь мэдрэгддэг. Та ч бас тийм үзэлтэй юм байна гэж бодогдлоо.
-Би Монгол Улсын иргэн гэж хамгийн түрүүнд боддог. Манай улсад олон үндэсний цөөнх бий. Тэднийг нэг нь би. Цаашлаад цэнхэр дэлхийн иргэн гэж боддог. Өөрийгөө ямар нэгэн булан руу шахахаас илүүтэй хар, шар толгойтой байх нь хамаагүй бид нэг дэлхийг иргэд гэж хардаг. Тиймээс нэгдэж, нийлж, нэгнийгээ хүндэлж ажиллаж, амьдрах ёстой.
Би тува, чи казах, тэр дөрвөд, энэ ази, африк гэж харахаасаа илүү эхлээд хүн гэж харах хэрэгтэй. Монголчууд “Хүүхдээ хүн болгочих юм сан” гэж ярьдаг. Миний үзэл энэ л зарчмыг дагадаг. Мэдээж үндэсний цөөнх Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэж чадахгүй байвал, тэдний эрхийг хамгаалахын төлөө дуугарах ёстой. Бас байгаль орчин, хэл соёлыг нь хамгаалах үүднээс нутаг усаа дэмжилгүй яах вэ.
-“Чинагийн Галсан сан” ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Аавыг таны нэг сая мод тарьж, улсдаа бэлэглэх зорилго тавин ажиллаж буйг уншигчид мэдэх байх.
-Би 2005 онд ХБНГУ-ын Heidelberg-ийн их сургуулийг магистрийн зэрэгтэй төгсөж, ирээд “Монгол-Германы гүүр” байгууллагад ажиллаж эхэлсэн. Улмаар 2007 онд “Чинагийн Галсан сан”-гаа байгуулаад, гурван чиглэлээр ажиллаж байна. Хөдөө, орон нутгийн малчдыг дэмжих, байгаль орчноо хамгаалах, мөн Монгол, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг. Байгаль орчны ажлын хүрээнд бид 2009 оноос хойш одоогоор 700 мянган мод суулгац Монгол Улсдаа бэлэглэлээ.
Улаанбаатар хотын Бэлх, мөн Баян-Өлгийн Цэнгэл суманд мод үржүүлгийн газартай болсон. Бид сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууллагаас гадна олон газартай удаан хугацаагаар энэ тал дээр амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо. Баянхошууны Зүүнсалааны маш цэвэрхэн үлгэр жишээ хороо байдаг юм. Иргэд нь хашаандаа сүүлийн таван жил байнга мод тарьж амжилттай ургуулж байна.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад хамгийн том хандивлагчаар шалгарч байлаа. Батлан хамгаалах яамтай хамтарч ажиллаад Тавантолгойн цэргийн ангид 80 мянган суулгац бэлэглэж, одоо сайхан төгөл болсон байдаг. Цаашдаа ч цэргийн ангиудтай хамтарч ажиллана. Улаанбаатарын гэлтгүй Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Ховд аймаг дахь цэргийн ангид ч энэ жил 20 мянган мод суулгац бэлэглэсэн. Хашаатай, устай, хамгаалалттай газарт мод хамгийн сайн ургана.
Цэргийн анги энэ гурван шаардлагыг маш сайн хангадаг. Цэргийн ангиудтай энхийн журмаар хамтарч ажилладаг гэж боддог шүү. Бид малчдыг дэмжих, тэдний соёлыг хамгаалах хүрээнд тува түмэндээ зориулсан “Хийморь” гэсэн наадмыг ес дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Жижиг ястан, үндэстэн бүр өөрийн хэл соёлоо авч үлдээсэй гэж би боддог.
Өөрийн онцлогийг шингээсэн жижиг соёлоо хаяад, бүгд даяаршиж адил болбол тоогүй хэрэг. Хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэх ёстой. Наадам хийснээрээ нутаг усаа хайрлах, өв соёлоо дээдэлж хүндлэх ухаарлыг хойч үедээ үлдээж байгаа хэрэг.
-Монгол Германы хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
-Манай сан Герман, Швейцарийн хоёр төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг. Би Германаас ирээд, хамгийн анхны герман хэлээр цацдаг радиог байгуулсан. Мөн герман хэлээр сонин гаргаж байлаа. Хүүхэд, залууст тэр улсын хэл соёлыг хүргэж, өөрийн нутаг усаа бас герман хэлээр, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдрүүлэх гэсэн хэрэг. Герман орон том соёл, түүхтэй орон. Бас асуудлыг харах өнцөг нь ч зөв.
Байгаль орчинтой холбосон нэг жишээ авъя. XVIII зуунд амьдарч байсан Германы зохиолч, фи лософич Жан Жак Руссо “Буцаад байгаль руугаа” гэж хэлсэн байдаг. Бид байгальд ойрхон, ээлтэй байх ёстой. Хамаг газраа бетондоод байгалиасаа холдон хөндийрвөл хүн амьдралын жам ёсоо алдаж сайхан чанараа гээнэ гэсэн үг. Тиймээс байгалийг шүтэж, ойрхон амьдарвал уур уцаар, бухимдал чинь багасна гэсэн ухааныг хэлсэн юм болов уу гэж би боддог юм.
Германы зохиолч Альберт Швейцер амьдралынхаа хамгийн идэвхтэй үеийг Африкт өнгөрүүлсэн байдаг. Тэр африкчуудад туслахын тулд эмч болж, эмнэлэг барьсан. Тэдний төлөө амьдарсан. Түүнд Нобелийн Энхтайваны шагнал гардуулахад тухайн үедээ өвчтнүүдээ хаяад явж чадахгүй гээд очих завгүй хөдөлмөрлөж байсан гэдэг. Жилийн дараа шагналаа авсан л даа. Зөвхөн өөрийн бор ходоодны биш, бусдын төлөө, хүн хүнээ хүндэлж зорилготой амьдарна гэдгийг харуулж чадсан хүн.
Бид Монгол, Германы харилцааг бэхжүүлэх хүрээнд ийм үлгэр дуурайллыг залуустаа өгөхөөр ажиллаж байсан, ажиллаж ч байна.
-Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг гэж сонссон. Байгалийг хайрлах үзэлтэй тань холбоотой юу?
-Тийм болж таарч байна. 10 жилийн өмнө аялал жуулчлал бас эрхэлж эхэлсэн гэх үү дээ. Манай кэмп Цэнгэл сумын Цэнгэл хайрхан уулын өвөрт бий. Тувачуудаа түшиглэж, тэднийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийн эко аялал жуулчлал хөгжүүлж байна. Олсон орлогоосоо “Хийморь” наадмыг зохион байгуулах, нутаг ус хүн ардаа дэмжих төсөл хөтөлбөрт бас зарцуулж буй. Бид нэг удаа 20 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын баг хүлээж авдаг.
20-иос дээш хүн хүлээж авбал нутгийн иргэдийн амьдрал, онгон дагшин байгальд муугаар нөлөөлнө гэж үздэг нь ашгаас илүү нутаг ус, өв соёлоо дээдэлсэнийх. Голдуу герман хэлтэй хүмүүс манайхаар үйлчлүүлдэг. Тэд нутгийн иргэдтэй хаяа дэрлэн амьдарч, айлуудыг олон талаар бас дэмждэг. Жуулчид манайд ирээд, цаг зогссон мэт мэдрэмж төрж байна гэдэг.
2-3 долоо хонохдоо нүүдэлчдийн соёлыг ойлгоод, амьдралдаа хэрэгтэй зүйлс, ертөнцийг үзэх үзлээ баяжуулаад буцдаг. Нүүдэлчид гэж их эд хогшил, хөрөнгө зоорьгүй мөртлөө үргэлж инээж байдаг, биднээс аз жаргалтай хүмүүс юм шиг байна гэлцээд дахин дахин ирэхийн ерөөл тавиад явдаг.
-Та Цэнгэл суманд эсгийн үйлдвэрлэх цех ажиллуулдаг юм байна лээ. Бас сарлагийн сүүгээр бяслаг үйлдвэрлэх төсөл тань сонирхол татсан.
-Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан 10 хүн ажиллах эсгий үйлдвэрлэх цех байгуулж өгсөн. Байрыг нь гаргаж, тоног төхөөрөмжийг нь суурилуулсан. Хэсэг эмэгтэй ажлын байртай, тодорхой хэмжээний орлоготой боллоо. Мэдээж тэдний цаана хүүхдүүд, гэр бүл нь бий. Бас л орон нутгийн иргэдийг дэмжих хамтын хөтөлбөр. Сарлагийн сүүгээр бяслаг хийхийн хувьд Монголын шинэ брэнд бий болгох санаатай юм. Би Монголыг Азидаа жижиг Швейцарь болох ёстой гэж боддог.
Монгол хэдэн зуун мянгаар нь бараа үйлдвэрлэдэг орон болоод хэрэггүй. Урд хөрш гэж асар том үйлдвэр байхад бид хэрэггүй. Харин цөөн тооны маш чанартай, өөр хаана ч байхгүй ховор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох ёстой. Үүний нэг жишээ нь сарлагийн сүүгээр бяслаг хийж буй явдал. Сарлаг далайн түвшнээс 3000 метрээс дээш бэлчээрлэж чаддаг. Өөр мал хүчилтөрөгчийн дутагдалд ороод ингэж чаддаггүй. Тийм өндөрт эмийн ургамлаар баялаг. Нэг литр сүү өгч, 10 хувь нь бяслаг болно. Бид германуудтай хамтраад Европ технологиор бяслаг хийж байгаа.
Учир нь хэдэн жил ч хадгалсан ч мууддаггүй юм. Германаас мэргэжилтнүүд ирж, ямар ч цахилгаангүй газар хоёр жил дараалан бяслаг хийсэн. Швейцарьт Альпийн нуруунд модон байшинд ил гал дээр зөвхөн зуны гурван улиралд бяслаг хийж, байхад бид яагаад гэртээ болохгүй гэж бодсон. Швейцарийн бяслаг дэлхийд алдартай. Тэгвэл бид Алтайн сарлагийн бяслаг гэдэг шинэ брэнд гаргаж байна. Бяслагандаа “Тува яки” гэж нэр өгсөн. Тува гэж ард түмний минь нэр, яки гэж сарлагийн олон улсын нэршил.
Би саяхан Германы 200 төрлийн бяслаг зардаг том компанитай танилцаад ирлээ. Тэд сарлагийн сүү, тийм мал байдгийг ч мэдэхгүй байна. Европт сарлагийн баялаг байхгүй. Тиймээс маш том зах зээл юм. Энэ бол жижигхэн сангаас санаачилсан нэг эхлэл. Элчин сайдынхаа яамдаар дамжуулаад, гадаадад амьдарч байгаа иргэдээ ашиглаад, Монголын брэндийг борлуулдаг дэлгүүр 10 том хотод нээгээд, ноос, ноолуур, арьс, ширээр чанартай, ховор бүтээгдэхүүн хийж, борлуулах боломж бидэнд бий.
-Дэлхийд нэртэй удирдагчийн нэг, Германы канцлер Ангела Меркелийг манайд айлчлах үеэр та уулзсан. Тухайн үед ямар яриа хөөрөө өрнөсөн бэ?
-ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 2011 аравдугаарын 12-нд Монголд ирээд, Германд их, дээд сургууль төгссөн таван хүнтэй Элчин сайдын яамандаа хоол идэх хүсэлт тавьсан. Тэр манайхаас газрын ховор элемент хамтарч олборлох гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн байсан л даа. Хүн болгонтой танилцаад, ямар ажил эрхэлж байгааг асуусан. Миний ярих ээлж ирэхэд надаас “Та Монголын ирээдүйг юу гэж бодож байна” гэж асуулаа.
“Бид уул уурхайг хөгжүүлнэ гээд хошуурч байна. Эдийн засаг өсөж байна. Гэхдээ бид байгалиа сүйтгэж, усаа ширгээж, хүн ард эрүүл мэндээрээ хохирч, уул, ус маань хилэгнэх вий гэж болгоомжилж байгаа” гэж хэлсэн. Мэдээж уул уурхайд хамтарч ажиллахаар ирсэн том гүрний төрийн тэргүүнд тэгж хэлэхээр гайхна биз дээ. “Яагаад” гэж асуусан. Тэгэхээр нь “Намайг багад газар ухаад улаан чулуу гарвал ээж чинь үхнэ гэж өсгөсөн. Мөн Алт газрыг гагнадаг гэж монголчууд ярьдаг. Тийм учир бид газар дэлхийтэй хүндлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн.
Гэтэл “Та тэгээд Монголыг яаж хөгжинө гэж бодож байгаа юм бэ” гэж асуулаа. “Газрын хэвлийн баялгаас олборлож болно. Гэхдээ замбараагүй үйл ажиллагаа явуулж зөвхөн ашиг хонжоо харсан энэ байдлыг зогсоох ёстой. Уул уурхай хөгжлийн гол тулгуур биш, өөр боломжууд бий. Бид хүний хөл хүрээгүй олон сайхан нутаг, байгаль, цэвэр усаа хадгалж үлдэх ёстой. Хүнийг шинжье гэвэл найзыг нь шинж, нутгийг шинжье гэвэл усыг нь шинж гэж үг байдаг. Усаа бохирдуулчихаад хэнд юугаа үзүүлэх вэ.
Тэрний оронд Монголыг дэлхийн онгон дагшин газар болговол яасан юм. Хүмүүс ирж үзэг. Аялал жуучлалыг хөгжүүлж байгальд ээлтэй үйлс хийвэл хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хариултал юу ч хэлээгүй. Тэр өдөр аавынхаа номыг түүнд бэлэглэсэн. Хоёр долоо хоногийн дараа Германы Элчин сайдын яамнаас яриад хүрээд ирээч гэлээ. Очтол Ангела Меркелиэс “Би буцаж явахдаа аавын тань номыг уншлаа. Их таалагдсан. Танд болон танай ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн захиа ирсэн байсан.
Арай шүүмжлэлтэй өөр өнцгөөс харж, байгаль орчны төлөө ярьчихсан маань энэ. Мөн Хамбург хотод хоёр сая хүн оролцсон том арга хэмжээ 2014 онд болсон. Үүнийг нэг хэсэг нь байгаль орчны төлөө тэмцэгчийг, уул уурхайн зохион байгуулалт, удирдлагыг зөв гэж үздэг хүнтэй мэтгэлцүүлэх байв. Байгаль орчны төлөө дуу хоолойгоо өргөх төлөөлөгчөөр тус арга хэмжээнд оролцож байсан намайг урьж, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Сийгмар Габериал, “Дойче” банкны нэг том захирал хоёртой мэтгэлцүүлсэн.
Тухайн үед Ангела Меркельд хэлсэн санаагаа дэлгэрэнгүй ярьж байлаа. Байгалийн баялаг хэзээ нэгэн цаг дуусна. Тэр цагт бид яах вэ гэдгээ одоо бодох ёстой. Газрын баялгаас өөр нар, салхины эрчим хүч гээд ашиглаж болох олон зүйл бий. Айл бүр дээвэр дээрээ нарны энерги хураагуур тавиад, түүнийгээ улсдаа зараад, ашиг олдог Германы системийг гэр хороололд нэвтрүүлбэл яасан юм гэсэн санаачилга дэвшүүлсэн. Би Монголын ногоон намын гишүүн. Үзэл санаагаа дагаж энэ намд элссэн юм.
-Мэргэжлийн өндөр чадвартай монголчуудаа эх орныхоо хөгжилд дайчлах зорилготой “Зөгийн үүр” төслийг хэрэгжүүлж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд нэлээд идэвхтэй ажилласан гэсэн. Гэвч төслийг үр дүнд хүргээгүй гэж олон нийт үздэг. Та хэрхэн дүгнэдэг вэ?
-“Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд би багтаж байлаа. Манай өмнөх удирдах зөвлөлийн гишүүд энэ төслийн шавыг тавьсан байсан. Цааш хэрэгжүүлэх нь харин бидний ажил байлаа. Германы Засгийн газраас санхүүжүүлж, манай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад амьдарч буй монголчуудыг хариуцсан алба гэж байсан санагдаж байна, тэднийхтэй, Германы хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад цалин хөлсгүй ажиллаж эхэлсэн дээ.
Гол үүргийг манай “Монгол-Германы гүүр” үүрч, Удирдах зөвлөл дотроо төслийг зохион байгуулах хүнээр би ажилласан. Европт байгаа, сургууль төгсөөд хоёроос дээш жил мэргэжлээрээ ажилласан монголчуудаа юуны түрүүнд татъя гэсэн бодлого баримталсан. Бид Европт ажиллаж, амьдарч байсан 150 монгол мэргэжилтнээ Германы Берлин хотод урьсан. Монголоос хоёр сайд тэргүүтэй төрийн байгууллагынхан, 74 компанийн төлөөлөл ажил санал болгож бас бидэнтэй хамт явсан.
Ингээд Берлин хотод зочидтойгоо төрийн бодлогыг танилцуулах зөвлөгөөн, ажлын яармаг зохион байгуулсан. Бид холбож зохион байгуулах үүрэгтэй байсан. Үүнийгээ манай хамт олон муугүй гүйцэтгэсэн гэж боддог. Мэргэжилтнүүд биднийг эх орон дууджээ, Монголдоо хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Харин тэднийг тогтоож авч үлдэх, тогтвортой байдлыг нь хадгалахыг төр, засаг, компаниуд хариуцах ёстой.
Би энэ хөтөлбөрийг хувьдаа Монголын ирээдүйн төлөө зоригтой зөв алхам хийж, санаа тавьсан бодлого баримталсан төсөл гэж боддог. Цөөн ч гэсэн хүн эх орондоо ирж, компаниуд чадварлаг мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож, зөвлөгөө авч, Монголын хөгжилд бага ч гэсэн түлхэц болсон гэж бодож байна.