“Би дөрвөн хүү, хоёр охинтой. Хамгийн отгон нь болох Оки (Д.Отгондалай)-г нэгдүгээр ангид сурч байхад буюу 1996 онд хань минь бурхан болсон юм. Тухайн үед тэнгэр нурчих шиг л санагдаж, “Хүүгийнхээ тэмцээний зардлыг нь яана аа, санхүүгийн хүндрэлийн улмаас өрсөлдөж чадахгүй байх вий” гээд тэвдэж, сандарсан маань цөөнгүй.
Тухайн үед манайх хэдэн үхэртэй байсан нь их нэмэр болсон. “Идэш яана аа” гэж санаа зовохгүй, сүүг нь худалдан, ойр зуурын хэрэгцээт зүйлээ авч дөнгөдөг байлаа. Хэдэн үхэр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, тэтгэврийнхээ буянаар л хүнд үеийг даван туулсан даа, бид” хэмээн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалайгийн ээж Д.Чимэдцэеэ гуай өгүүлэв.
Өнчирч үлдсэн зургаан хүүхдээ ганцаараа өсгөн, отгон хүү Д.Отгондалайгаа олимп, дэлхийн медальтан болгосон түүнээр бахархахгүй байхын аргагүй. Д.Чимэдцэеэ гуай 2010 онд Улаанбаатар хотод шилжиж ирснээсээ хойш Д.Отгондалайтайгаа хамт амьдарч байгаа юм билээ.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Хүү, бэр хоёроо ажилд явсан хойгуур хоёр ачаа хараад, үртэй хүний жаргалыг эдэлж суугаа бололтой.
-Сайхаан. Сайхан өвөлжиж байна уу, хүү минь. Энэ жил их утаатайг эс тооцвол мөн ч сайхан өнтэй байна аа. Хүү, бэр хоёр маань ажил ихтэй болохоор зав тун хомс. Хоёр ачтайгаа муур хулгана болж хөөцөлдөөд, хоол, ундыг нь хийгээд л өдрийг өнгөрүүлдэг. Оки (Д.Отгондалай)-гийн том охин ханиад хүрээд, ойрд бие нь жаахан тааруу байгаа. Харин бага нь ёстой додигор байна аа.
Хүүгийндээ, хоёр ачаа тойглоод л амьдрахаас илүү жаргал гэж юу байх вэ. Ядарч буйгаа ер мэдэрдэггүй, мэдэрсэн ч дорхноо умартчихдаг юм. Хүүхдүүд байхгүй эсвэл, ийш тийшээ явсан үед ёстой балардаг. Хүн, хүүхэд санах, хүлээх ёстой хэцүү. Сэтгэлээр унаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг юм.
Риогийн олимпын үеэр халтирч унасны улмаас хөл бэртсэний дараа ингээд л явж чадахгүй, хүүхдүүдээ зовоох нь гэж санаа зовж байтал ашгүй сайхан эдгэсэн. Хөлөндөө хадаастай ч зовиур багатай. Бие чилээрхэхгүй, хөл гайгүй байвал үр, ачтайгаа хамт дэлхийг тойрон алхсан ч яах вэ (инээв).
-Та ер нь хэзээ “нийслэл” эмээ болсон юм бэ. Түм түжигнэн, бум бужигнасан Улаанбаатар хотод ирснийхээ дараа дасахад хамгийн хэцүү зүйл юу байв?
-Окигийн том охин мэндэлсэн жил буюу 2010 оноос хойш нийслэл хотод амьдарч байна. Анхандаа дасахад хэцүү байснаа нуугаад яах вэ. Үе үе алсыг харуулдан, нутгийнхаа зүг санаа алддаг байлаа. Одоо ч дасаад хэр баргийн зүйлийг тоохоо больж дээ.
Боломж л бүрдвэл хүүхдүүдтэйгээ хамт нутаг руугаа явахыг хичээдэг. Дорнодод очихоор сэтгэл тайвшраад, нэг их амар амгаланг мэдэрдэг юм.
-Энэ жил Д.Отгондалай гавьяат олимпоос хүртсэн хүрэл медалиа ДАШТ-ийхтэй ихэрлүүлсэн. Түүгээр ч үл барам саяхан болсон “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар дахин шалгарлаа.
Хүүгээрээ их бахархдаг байх. Үүнийгээ хэр илэрхийлдэг вэ, ил хэлдэг үү?
-Би тийм ч хатуу, хаалттай хүн биш ээ. Хүн урмын амьтан. Тиймээс юу юунаас илүү бусдадаа урам хайрлаж байх хэрэгтэй. Тиймээс би хүүгээрээ бахархдагаа аль болох илэрхийлэхийг, урам хайрлахыг хичээдэг. “Миний хүү мундаг шүү” гээд духан дээр нь үнсэх дуртай. Хүү минь олон амжилт гаргаж намайг төдийгүй монгол түмнээ баярлуулж байна. Ээжийнхээ ачийг хариулсаан. Олимп, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Азийн наадмын аварга цолтой Монголын анхны боксчин болж, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан хүүгээрээ бахархдаг.
-Эх хүний зөн хамгийн мэдрэмжтэй нь гэдэг. Та хүүгийнхээ амжилтыг зөгнөдөг үү?
-Зөгнөдөг шүү. Риогийн олимпод оролцохоор явахынх нь өмнө Окиг ялаад, том цом хүртэж байна гэж зүүдэлсэн юм. Тэр зүүдээ их бэлгэшээсэн. Айсуй амжилтыг нь зөгнөсөн гэдэгт итгэдэг.
-Риогийн олимп гэснээс Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тоглолтод Францын тамирчин С.Үмияад эргэлзээтэй шүүлтийн улмаас дийлдсэн. Та тэр тулааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би тэр үед хөлөө бэртээчихсэн, эмнэлэгт хэвтэж байсан юм. Хөл сойлттой, нэлээд зовиуртай. Окигийн тоглолтыг нь үзэж чадаагүй, бурхандаа залбираад л хэвтэж байлаа. Тэгж байтал “Оки ялагдчихлаа, Францын тамирчин медалийг нь луйвардчихлаа” гээд шуугьсан. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн талаар тэгсэн, ингэсэн бол гээд шүүмжлэх дэмий. Гэхдээ тоглолтын бичлэгийг нь үзэхэд Оки ялсан, шүүлтийн луйвар орсон байна лээ.
Хүү минь алтын дайтай хүрэл медаль хүртсэн. Олимпын дараа хүүтэйгээ хурдан уулзах юм сан гэж хэчнээн их яарсан гэж санана. Бас болоогүй ээ бэртэлтэй хөлнийхөө балгаар эх орондоо ирэхэд нь онгоцны буудлаас тосож чадахгүй бол яана гэж санаа зовоод байгаа юм аа. Дөрвөн дугуйтай тэргэнцэртэй хүүгээ тоссон, би.
-Зөвхөн Гавьяатыг бус таныг хүртэл монгол түмэн хүндэлж байна, олны танил болохоор ямар бодол төрөх юм бэ?
-Их сайхан шүү. Хүүгээрээ л бахархах сэтгэл юуны түрүүнд төрдөг. Олны ийм сайхан хүндлэл, хайрыг хүлээх хувьтай, азтай төрсөн шүү, бид. Гадуур явж байхад хүмүүс “Гавьяатын ээж” гээд л мэндэлдэг юм. Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Цаашид өнөөгийнхөөс ч илүү өндөр амжилт хүүг минь хүлээж байгаа. Бүхий л боломж, бололцоогоороо хүүгээ дэмжинэ ээ.
-Боксын спортоор хичээллэх амаргүй. Үргэлж ачаалалтай бэлтгэл хийнэ, бэртэж гэмтэх эрсдэл ихтэй. Тэр хэрээр хүүхдээ энэ спорттой амьдралаа холбоход олонх эцэг, эх дургүйцдэг юм билээ.
Харин та Д.Отгондалайг 15 настайдаа боксчин болоход хэрхэн хүлээж авав?
-Оки багын л юм юм сонирхдог, авьяастай хүүхэд байсан. Боксоос өмнө бөхөөр хичээллэдэг байсан ч мэс засалд орсныхоо дараа больсон. Хагалгааны дараах зовиурын улмаас нэг хэсэг биеийн тамирын хичээлдээ ч сууж чадаагүй. За яах вэ, бөхөөр бол хичээллэж л байг, биеийн хөгжил, эрүүл мэндэд нь тустай гэж бодож байсан юм. Гэтэл надад хэлэлгүй нууцаар боксын бэлтгэл хийж эхэлсэн юм билээ.
Нэг өдөр “Ээж ээ, 1500 төгрөг өгөөч” гэхээр нь “Ав аа, ав, миний хүү. Юунд хэрэглэх гэсэн юм” гэж асуутал “Найзуудтайгаа хамт боксын дугуйланд явж байгаа. Сарынх нь төлбөрийг өгөх гэсэн юм” хэмээн үнэнээ хэлсэн. Тухайн үед би хүүгээ боксчин болгох дургүй байсан, үнэнийг хэлэхэд. “Боксоор хичээллэхээр тархи доргих, юм хурдан мартдаг болох зэрэг олон гэмтэй” гэх олны цуу яриа нөлөөлсөн тал бий.
Тэгээд Ё.Төмөрбатаа дасгалжуулагчтай уулзтал “Зүгээр ээ, битгий санаа зов. Хүү чинь авьяастай, хөдөлмөрч. Сайн боксчин болно оо. Урмыг нь битгий хугалаарай, сайн дэмжээрэй” гэсэн. Тэгэхээр нь яаж багшийнх нь үгнээс зөрөн байж хүүгээ болиулах вэ. Би хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг юу юунаас илүү эрхэмлэдэг. “Юу ч гэсэн сонирхлынхоо дагуу боксоор хичээллэг. Тэгээд тууштай явбал, эсвэл тэгсхийгээд сонирхол нь буурвал тэр л биз” гэж бодож байлаа.
-Та зургаан хүүхэдтэй юм билээ. Гавьяатаас өөр спорттой нөхөрлөсөн хүүхэд бий юү?
-Би дөрвөн хүү, хоёр охинтой. Хоёр дахь хүү маань бөхөөр хичээллэдэг байсан ч тууштай барилдаагүй. Найзууд нь өхөөрдөн “Суран хар” хоч өгөхөөр нь ичээд, барилдахаа больчихсон юм билээ.
-Хаа холын Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирэн, тэмцээнд оролцох амаргүй нь мэдээж. Тэмцээнд оролцох зардал, санхүүгийнх нь асуудлыг хэрхэн зохицуулж байв?
-Үнэнийг хэлэхэд амар байгаагүй ээ. Хань минь 1996 онд бурхан болсон. Тэжээгчээ алдсаны тэтгэмж болон тэтгэврийн зээл аваад л хүүгийнхээ тэмцээний зардлыг шийддэг байлаа. “Тэмцээний зардлыг нь яана аа, санхүүгийн хүндрэлийн улмаас өрсөлдөж чадахгүй болох вий” гээд тэвдэж, сандарсан маань цөөнгүй. Хүйтний улиралд Дорнодоос Улаанбаатар хотод ирж тэмцээнд оролцох бэрхшээлтэй, унаа олдохгүй. 2004 оны УАШТ-д өрсөлдөхөөр явсан нь санаанаас ер гардаггүй юм.
Оки бэлтгэл хийдэг тамирчид болон Ё.Төмөрбатаа багштайгаа хамт “УАЗ-469” машинд 18-уулаа чихцэлдэн суугаад нийслэл хотыг зорьсон юм. Гэтэл Хэнтий аймаг орчимд автомашин нь эвдэрчихэж. Тэмцээнийх нь хугацаа дөхчихсөн байсан тул ачааны машинд дайгдан, эсгий нөмөрч явсаар хотод ирсэн гэнэ лээ.
Өнөөх автомашинаараа тэмцээн болох газартаа хүргүүлэн, хувцсаа солиод л шууд өрсөлдсөн гэдэг. Тэр жил хүү минь улсын хошой аварга болж, Дорнодын боксчид багаараа түрүүлсэн юм. Тэгж л зүтгэн байж Оки өнөөгийн амжилтад хүрсэн.
-Харамсалтайгаар ялагдан, бэртэж гэмтэх ч юм уу тиймэрхүү хүнд үед хүүгээ өрөвдөн, бокс тоглохыг нь болиулмаар санагддаг уу?
-Зөндөө, зөндөө. Багадаа ОХУ-д болсон цөөнгүй тэмцээнд эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдахад нь өрөвддөг байсан. Гэхдээ өөрт нь юу гэж хэлэх вэ. Хамгийн харамсалтай нь, 2011 оны ДАШТ. Хүрэл медалийн төлөө Ирландын боксчин Жон Жоё Нэвинтэй тоглохдоо гурван үеийн турш илүүрхэн, өрсөлдөгчөө хоёр ч удаа хүнд цохилтод оруулсан мөртлөө дийлдсэн.
Хэрэв шударгаар шүүсэн бол медалиас гадна олимпын эрх авах байсан юм. Улмаар өнөөх боскчин нь Лондоны олимпод хүч сорин, мөнгөн медаль хүртсэн шүү дээ.
-Хүүгээ сэтгэл, санаагаар унахад нь хэрхэн урамшуулж, дэмждэг вэ?
-Спортод ялалт, ялагдал үргэлж л ээлжилдэг юм байна. Байнга ялна, медаль хүртэнэ гэж юу байх вэ. Хүү минь сэтгэлийн тэнхээтэй. Хэр баргийн зүйлд сэтгэлээр унахгүй. Гэхдээ хүн л болсон хойно урам хугарах, сэтгэлээр унах үе тохиолдолгүй яах вэ. Тийм үед нь “Миний хүү мундаг шүү. Хичээгээрэй. Сайхан гүнзгий амьсгаа авчих. Өнөөдрийг л даваад гарчихвал маргааш өглөө их сайхан нар мандана аа” гэж урам өгдөг дөө.
Ер нь бэртэж, гэмтэх вий гэж санаа их зовох юм аа. Тэмцээнтэй өдөр нь миний нойр ер хүрдэггүй. Ямар амжилт гаргах нь хамаагүй бэртэж гэмтэлгүй л тэмцээнээ дуусгавал сэтгэл амардаг.
-Олны танил, нэр хүндтэй байх амаргүй гэдэг. Амжилтдаа эрдэж, буруу замаар орсон хүн цөөнгүй. Хүүгээ тэгэх вий гэж санаа зовдог уу?
-Зоволгүй яах вэ. Хүү минь ухаалаг, хүмүүжилтэй болохоор харьцангүй гайгүй ээ. Олны дунд биеэ зөв авч яваарай, бусдыг хүндэлж, хайрлаж байгаарай гэж захидаг. Оки миний үгнээс гарахгүй ээ, “За ээж ээ” л гэдэг юм. Яг хэлсний дагуу алдаагаа засдагт нь олзуурхаж явдаг.
Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг гэргий байдаг гэдэг үнэн. Манай бэр мундаг. Оки тэмцээн, бэлтгэл гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Тэр бүхэнд арыг нь найдвартай дааж, гэрт орж эм, гадаа гарч эр болдог.
-Та Сүхбаатар аймгийн хүн юм билээ. Ер нь танайх Дорнод аймагт хэзээ шилжиж очсон юм бэ?
-Хань минь онгоцны буудлын шатахууны няраваар ажилладаг байсан юм. Бид хоёр хоёулаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх. Би эхээс дөрвүүлээ, хамгийн том нь. Гурван дүү минь Сүхбаатар аймагт амьдардаг.
Манайх 1969 онд нутгаасаа гарч, Улаанбаатарт ирж суурьшсан. Нөхөр маань нисэх буудалд, би I эмнэлэгт ажиллаж байлаа. Нөхрийг минь Дорнод аймаг руу томилж, 1977 онд манайх тэнд шилжиж очсон.
-Нөхөр тань өөд болсны дараа та ачааны хүндийг үүрсэн нь мэдээж. Зургаан хүүхэд ганцаараа өсгөн, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх амаргүй. Тухайн үеийг хэрхэн туулав?
-Хамгийн отгон нь болох Окиг нэгдүгээр ангид сурч байхад хань минь өөд болсон юм. Хүүгээ сургууль, бэлтгэлд хүргэж өгөх том ажилтай байлаа, тухайн үед. Манайх хэдэн үхэртэй байсан нь их нэмэр болсон. Идшиндээ нэг бяруу идчихнэ, хэдэн үнээнийхээ саалийг худалдаад, ойр зуурын зүйлсээ авчихдаг байсан.
Хэдэн үхэр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, тэтгэврийнхээ буянаар л хүнд үеийг давсан даа, бид. Би дөрвөн хүү, хоёр охинтой. Түрүүчээсээ ажил төрөл хийгээд ирэхээр ачаа хавьгүй хөнгөрдөг юм билээ.
-Зарим эцэг, эх хүүхдийнхээ тоглолтыг үзэж чаддаггүй юм билээ. Та ер нь тэмцээн дээр нь очиж дэмждэг үү?
-За ёстой, ганц чаддаггүй зүйл чинь тэр. Багад нь тэмцээн бүрт нь алгасахгүй очиж, дэмждэг байсан. Харин одоо тэгж зүрхэлдэггүй юм аа. Өрсөлдөгч нь довтлоход өвдөж байгаа болов уу гэж өрөвдөөд тоглолтыг нь ер үзэж чаддаггүй. Жаахан байж байгаад л юу болж байна гээд хүнээс асуудаг. Тоглолтыг нь дуустал залбираад суудаг юм.
-Удахгүй шинэ он гарна. Шинэ жилээ хэрхэн тэмдэглэх вэ?
-Өмнө нь Шинэ жилээр нутагтаа очиж баярладаг байсан. Сүүлийн жилүүдэд тэгж амжихгүй л байна. Энэ жил гэртээ хүүхдүүдтэйгээ хамт тэмдэглэнэ. Гоё баярлана аа. Үр хүүхдүүдээ тойруулан, бужигнаад суух сайхан шүү.