Монгол Улсын иргэд Европын орон руу хууль бусаар нэвтрэхийг завдах, гадаадад оршин суугаа иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь ихсэж буй талаар Элчин сайдын яамд мэдээлээд удлаа. Тэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдээ эх оронд нь авчрах зэрэг шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч байгаа гэнэ.
Хамгийн сүүлд энэ сарын 7-нд хар тамхи тээвэрлэсэн хэргээр БНХАУ-д ял эдэлж байсан Л.Байгальмааг ялтан шилжүүлэх гэрээгээр эх оронд нь авчрав. Энэ мэт үүсээд буй нөхцөл байдлын талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
-Ирж буй мэдээллийг ажих нь ээ, гадаадад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэд энэ онд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Бодит байдал ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар гадаадын 75 улсад манай 145 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалж, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд хуулийн хүрээнд туслалцаа үзүүлэх зорилгоор манай улсын Элчин сайдын 43 яам үйл ажиллагаа явуулж байна. Бид өнөө жилийн тайлангаа сая гаргалаа. Энэ онд Монгол Улсын 420 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ.
Уг статистикийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10 хувиар өссөн байгаа юм. Эдгээр иргэний 49 хувь нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Сүүлийн үед гадаадад амьдарч буй иргэд хулгайн хэрэгт холбогдох нь ихсэх хандлагатай байгаа. Үүний улмаас гадаадад ял эдэлж буй хүмүүсийн дийлэнхийг хулгай хийсэн иргэд эзлэх боллоо.
Түүнчлэн хар тамхины хэрэгт холбогдох явдал энэ онд ихэсчээ. Манай 43 иргэн хар тамхи зөөвөрлөсөн, хэрэглэсэн, хил нэвтрүүлэхээр завдсан хэрэгт холбогдсон байна. Энэ бол өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт. Бид ийм хэрэгт холбогдсон иргэний мэдээллийг авсан даруйдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль хяналтын байгууллага руу явуулж байгаа.
-Монголчууд гадаад оронд хар тамхи хэрэглэх нь ихэссэн гэж сонссон. Өмнө нь голдуу зөөвөрлөдөг байсан шүү дээ. Өдгөө Монголд ч хар тамхи хэрэглэдэг хүн олширлоо.
Тэгэхээр манайд ийм бизнесийн зах зээл өргөжиж байгаа учраас гадаадаас хар тамхи зөөвөрлөх хүн олширсон болов уу?
-Ер нь бол энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон иргэдийн тоо олширч байгаа учраас гаалиас авахуулаад дотоодын байгууллагууд ажлын уялдаагаа сайжруулах шаардлагатай байна. Дотоодын хар тамхины хэрэглээ ихэссэн, цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулсан гэж ярьж байсан. Манайд эрэлт байгаа учраас гадаадаас авчирдаг хүн нэмэгдсэн хэрэг.
Монгол Улсад байгаа иргэдэд тэд л хар тамхий нийлүүлж байгаа гэж ойлгож болох биз. Энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой байж таарна шүү дээ. Тиймээс хаа хаанаа анхаарах ёстой болоод байна.
-БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял эдэлж байсан Л.Байгальмааг авчраад удаагүй байгаа. Мөн ийм хэрэгт холбогдсон Б.Халиун зэрэг хүмүүсийг удахгүй авчирна гэсэн сураг байна. Үнэн үү?
-Бидэнд 55 улсаас ялтан шилжүүлж ирэх эрх зүйн боломж бий. Гэхдээ ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан гээд шууд иргэнээ авчирна гэсэн үг биш. Эхлээд ял эдэлж буй хүн өөрөө хүсэлт гаргасан байх учиртай. Тухайн улсын холбогдох хуулийн байгууллага хүсэлтийг нь манай Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлдэг. Үүний дараа бид тухайн хүнд оноосон ял, түүнээс эдэлснийг нь хасаад, үйлдсэнийг нь хэрхэн дүйцүүлэн эдлүүлэхээ тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж авдаг юм.
Аль нэг улсын шүүхээс 10 жил хорих ял сонсоод, хоёр жилийг нь эдэлсэн иргэнээ авчраад бид шууд суллачихаж болохгүй шүү дээ. Тиймээс үйлдсэн хэрэгт нь Монгол Улс ямар ял оноодог, шилжүүлэн авч буй хүнд ямар шийтгэл ногдуулах вэ гээд олон асуудлыг судалж, тохиролцдог. Ингээд гэрээ байгуулсны дараа иргэнээ авчирдаг юм.
Гэхдээ зарим орон оноосон ялынхаа тодорхой хугацааг тухайн улсын хориход эдэлсэн байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Тиймээс багагүй хөөцөлдлөгөө, хугацаа шаарддаг гэж ойлгож болно.
Одоогоор 13 улсад манай 158 иргэн ял эдэлж байна. Тэдний 96 нь БНХАУ-д байгаа. Ер нь гарч буй гэмт хэрэг, зөрчлийн ихэнх нь тус улсад үйлдэгдсэн байдаг. Энэ онд Хятадад арав орчим жил ийн ял эдэлсэн Л.Байгальмааг авчирлаа. Түүнээс гадна мөн тус улсаас дахин хоёр иргэнээ авчрах гээд хэлэлцээ хийж байна. Бид уг хэлэлцээрийг бараг бүтнэ гэсэн найдлагатай байгаа. Гэхдээ одоохондоо тэдний нэрийг зарлаж болохгүй.
Б.Халиуныг шилжүүлэн авчрах асуудлыг ярьж эхлээд удаж байна. Харамсалтай нь, түүний үйлдсэн хэрэг хүнд төрөлд ордог учраас тухайн улс нь шийдвэрээ гаргахгүй байгаа юм.
Хар тамхи зөөвөрлөж буй хүмүүсийн ихэнх нь өндөр шан харамж авахаар тохиролцсон байдаг шүү дээ. Хар тамхины хэмжээ, төрлөөс нь хамаараад оноох ял нь тусдаа байдаг. Мансууруулах чадвар өндөртэй хар тамхийг 50 граммаас илүүг тээвэрлэвэл Хятадад цаазаар авдаг. Тиймээс бид энэ талын мэдээллийг иргэдэд хүргэж байгаа. Мэдээлэлгүйгээсээ болоод санамсаргүй байдлаар гэмт хэрэгтэн болж, ял эдэлж буй хүн цөөнгүй бий.
-Монголчууд ихэвчлэн Хятадад л гэмт хэрэгт холбогддог гэлээ. ОХУ-д цөөнгүй иргэн сурч байгаа. Тэд гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргах нь бага байдаг хэрэг үү?
-Орост гэмт хэрэгт холбогдох нь бага. Хар тамхи хэрэглэсэн цөөн тооны хэрэг гарсан. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн байцаалт нь үргэлжилж байгаа. Хятадад байгаа шиг хар тамхи хэрэглэсэн зөрчил огт гараагүй.
-Манай иргэд хууль бусаар хил нэвтрэхийг завдах боллоо. Ийм хэрэгт энэ онд хэчнээн иргэн холбогдов?
-Турк, Унгар, Болгар, Украин, Серб зэрэг орноор дамжин Европын улсууд руу хууль бусаар хил нэвтрэх гэсэн оролдлого хэд хэд гарсан. Ийм хэрэгт өнөөдрийн байдлаар 30 орчим иргэн холбогдоод байна. Тухайн хүмүүстэй уулзаж, ярилцахад “Европын орон руу гаргаж өгнө” гэсэн залилангийн шинжтэй гэмт хэргийн хохирогч болсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гадаадын оронд очиж амьдрал, ахуйгаа сайжруулах гээд залилангийн хэргийн хохирогч болсон хэрэг. Мөн манай улсад “Шенгений орон руу ажилд зуучилна”, “Европ руу гаргана” гэсэн зар түгээмэл. Түүний цаана залилан мэхлэх үйл ажиллагаа нуугдаж байгааг иргэд ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Манай Элчин сайдын яамд шуурхай ажилласны үр дүнд хууль бусаар хил нэвтрэхийг завдсан иргэдээ авчирсан.
-Харилцан визгүй зорчдог орнуудаар дамжуулан хил нэвтрүүлэх гэж оролддог юм байна, тийм үү?
-Тийм. Өнөөдрийн байдлаар манай улс 19 оронтой харилцан визгүй зорчиж байгаа. Залилангийн хэрэг үйлдэж буй хүмүүс иргэдийг тухайн улсуудад аваачаад, тэндээсээ Европ руу нэвтрүүлэх гэж оролддог. Тэгээд оролдлого нь бүтэхгүй бол зарим зуучлагч нь хил нэвтрүүлж өгөхөөр аваачсан иргэнээ төөрүүлж орхиод буцах жишээтэй.
Харин зарим нь иргэдийг өтгөн ойтой уулаар явуулж, хил давуулахыг завддаг. Болгарт ийм зөрчил гарсан. Ийм хэрэгт холбогдох иргэдийн тоо олширч байгаа учраас бид тогтмол сэрэмжлүүлдэг. Хэрэгт холбогдсоных нь дараа туслах бус, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэсэн үг шүү дээ. Гэвч иргэд мэдээлэлгүйгээсээ болоод хохирсоор байгаа юм.
-Ийм хууль бус үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүстэй танай газар хэрхэн тэмцдэг юм бэ?
-Ийм хэрэг үйлдэх хүн олширч байгаа учраас бид энэ талаарх мэдээллийг мөн л цагдаагийн байгууллагад хүргүүлдэг. Ингэхдээ дан ганц цагдаагийн байгууллагатай хамтрахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Хариуцлагатай аялъя” хэмээх аяныг өнгөрсөн аравдугаар сараас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран өрнүүлсэн. Үүний хүрээнд худал виз мэдүүлэхийн сөрөг үр дагаврыг ойлгуулахыг хичээж байна.
Хэрэв та визээ худал мэдүүлбэл гэр бүл болон хамаатнуудаа гадаад оронд аялах боломжийг хаана гэсэн үг. Мөн харилцан визгүй зорчих хоёр улсын хэлэлцээрт иргэдийнх нь визээ үнэн бодит мэдээлж байсан, эсэх нь чухал нөлөө үзүүлдэг юм. Тиймээс уг аяныг бусад холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
-Зарим улс визийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагаа эхлүүлж, хяналт, шалгалтаа чангатгаад байна. Манай улсын иргэд БНСУ-д “хар”-аар амьдрах нь түгээмэл. Энэ онд ийм хэчнээн хүн ирэв?
-Монгол иргэд олноороо амьдарч буй гадаадын улс нь Өмнөд Солонгос. Өнөөдрийн байдлаар 42 мянган иргэн тэнд ажиллаж, амьдарч байгаагийн 30 орчим хувь нь визийн хугацаа хэтрүүлсэн буюу хууль бусаар амьдардаг. Тус улсын холбогдох албаныхан ийм зөрчилтэй иргэдийг албадан буцаахаас гадна хамтын ажиллагааныхаа хүрээнд өршөөл үзүүлдэг.
Хүмүүс өршөөлийн хугацаанд сайн дураараа нутаг буцвал тухайн улс руу дахин нэвтрэх эрхийг нь хэвээр үлдээдэг. Харин албадан буцаагдаж байгаа иргэдийн эрхийг хасаад, тэднийг манай Элчин сайдын яам эх оронд нь авчирдаг. Яг нарийн тоог мэдээлэх боломжгүй.
-Давхар иргэншилтэй Казах иргэдийн асуудал өнгөрсөн жил нэлээд хөндөгдсөн. Тэр юу болсон бэ?
-2009 оноос уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн байдаг. 1990-ээд онд Казахстан бие даасан улс болсныхоо дараа казах хүмүүсийг улсынхаа иргэншилд оруулах бодлого явуулсан байдаг. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн олон хүн тийш очсон. Тэдний олонх нь Монгол Улсын иргэншлээс гараагүй атлаа Казахстаны харьяат болчихсон байдаг. Хоёр иргэншилтэй болчихсон байна гэсэн үг л дээ.
Гэтэл Монгол, Казахстан хоёулаа давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Тиймээс үүсээд буй асуудлыг шийдэхээр хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулж, казах хүмүүсийн хүсэлтийг нь сонсох уулзалт хийж байгаа. Монгол, Казахстан гээд аль улсын иргэншлийг сонгохоо тухайн хүн өөрөө шийдэх юм. Энэ асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй, хэлэлцээний түвшинд яваа. Гэхдээ жил бүр тодорхой тооны иргэн Монголын иргэншлээс татгалзаж байна.