Уншигч-сурвалжлагч Б.ӨЛЗИЙБАЯР “Ард капитал групп” компанийн гүйцэтгэх захирал
Зочин Г.БАТЦЭНГЭЛ “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга, “Ард капитал групп” брокер дилерийн компанийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн зах зээлд жишиг болохуйц арга барилаар ажилладаг гэгддэг Б.Өлзийбаярыг энэ удаагийн уншигч-сурвалжлагчаараа томиллоо.
Манай сониныг Монголдоо суурьшсан цагаасаа хойш буюу 10 жил тасралтгүй захиалж байгаа тэрбээр бидний саналыг ихээхэн хүндэтгэлтэй хүлээж авсан юм. Б.Өлзийбаяр Монголын уул уурхайн “акул”-уудын нэг, анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй хөөрөлдөв.
-Урилгыг минь хүлээн авч ярилцах цаг гаргасанд баярлалаа. Миний мэдэх Г.Батцэнгэл захирал сэтгэл хөдлөлөө гадагш гаргадаггүй хүн. “Улстөрч гэж амьдралдаа ажил хийж, юм бүтээж үзээгүй.
Нийгмийнхээ шүүсийг сорж, бусдыг шаналган зовоож амьдардаг” гээд араас нь хараал хэлсэн “жиргээ”-г тань уншаад нэлээд бухимджээ гэж бодсон. Улстөрчид таныг бухимдуулаад байна уу?
-Хувь хүний үзэл бодлоо илэрхийлсэн “жиргээ”-тэй маань залуус, бидний үеийнхэн санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Нийгэмд ямар нэг асуудал тулгарч байгаа бол сүүлийн 30 жил улс орныг удирдсан улстөрчид хариуцлага хүлээх ёстой. Тэдэнд эрх мэдэл өгөөд, ажлаа хий, шийдвэр гарга, энэ улсыг хөгжүүл гэж сонгосон. Түүнээс биш, хоорондоо уралцаад, хэн нэгнийхээ дээр гарах гээд улс, нийгмийнхээ эрх ашгийг ардаа орхи гэж сонгоогүй.
Эдийн засаг, нийгмийн салбарт олон тулгамдсан асуудал байна. Наад зах нь утаа, хөрсний бохирдол, ачааллаа дийлэхээ больсон цэвэрлэх байгууламж гээд шийдэх асуудал олон байгаа. Цаашлаад олон улсын харилцаа, гадаад худалдаа, уул уурхайн салбарт тулгарч байгаа өчнөөн асуудал бий. Сонгогдсон улстөрчид тулгарсан асуудлыг шийдэх ёстой ч оролдлого, санаачилга гаргахгүй болохоор нь үзэл бодлоо илэрхийлсэн юм.
АН, МАН, МАХН аль нь ч төрийн эрх барьсан нь хамаагүй, сүүлийн 30 жил энэ улсыг удирдсан улстөрчид хамтын хариуцлага үүрэх ёстой. Нэг талаас шинэ үе, шинэ сонголт гарч ирэх ёстой гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүссэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 мянган хүн “цагаан сонголт” хийлээ. Өмнөхүүдээс хамгийн бага буюу 62 хувийн ирцтэй сонгууль болсон нь иргэд төрдөө итгэл алдарсны шинж.
-Загатнасан газар маажив гэгчээр улстөрчдийн хариуцлагагүй байдлын талаар хөндлөө.
Удирдах ажилтан компанид хор учруулсан бол өөрийн өмчөөр барагдуулна гэсэн хариуцлагын заалтыг улстөрчид Компанийн тухай хуульд тусгасан. Гэтэл өөрсдөө улс орноо “самарчихаад” хариуцлага хүлээхгүй байна.
-Улс төрийн хариуцлага тооцуулсан гэсэн гоё үгээр тэд халхавчилдаг. Дөрвөн жил эрх барилаа, сонгуульд ялагдлаа, хариуцлага тооцуулчихлаа гэдэг. Эсвэл албан тушаалаасаа огцорлоо, дахин сонгогдсонгүй гэнэ. Үүнийг хариуцлага үүрсэн гэж хэлэхэд итгэлгүй байна. Бусад орны жишээг харъя. Англи сонгодог парламентын засаглалтай улс.
Лидер нь намаа манлайлаад сонгуульд оролцоно. Ялбал шууд Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож, улс орныхоо нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг. Ялагдсан намын дарга нь ажлаа өгч, шинэ үеийнхэн удирдаад, үзэл суртал, үнэт зүйлдээ нийцсэн бодлогоо танилцуулаад дараагийн сонгуульд өрсөлддөг. Миний бодлоор улс төрийн хариуцлага гэж үе солигдохыг хэлэх байх. Манайд бол сонгуульд ялагдсан намын дарга дөрвөн жилийн дараа дахиад намын дарга болно гээд үзэлцэж байна.
Хариуцлага хүлээлгээд иргэдийн сонгоогүй нөхөр газрын дарга болоод явчих жишээтэй. Манайхан хаалгаар оруулахгүй гэхээр тооноор ороод ирдэг гэж ярьдаг даа. Улс төрийн сүүлийн 30 жилийн өрнөлийг харахад, 30-40 хүний царай л эргэлдээд байгаа биз. Улс төрд үе солигдохгүй байгаа шалтгааныг хэлж мэдэхгүй юм.
Цөөн хүн амтай орны зовлон юм уу, эсвэл системийнх нь буруу юм уу. Ардчилсан нийгэм байгуулахыг хүсэж байгаа ч намууд нь гол зарчмуудаа баримтлахгүй, үе солигдохгүй удаж буй нь хөгжлийн гацаа болж байна.
...Бид нэг хөдлөөд явбал өчнөөн хариуцлага үүрч, бөөн ажил болно. Ажиллаад эхэлтэл уучлаарай, түр журмаа больчихлоо гэвэл яах вэ. Тоглоомын дүрмээ солихгүй гэх баталгаа алга. Тиймээс тогтвортой орчин бүрдчихлээ гэсэн итгэл төрсөн цагт шийдвэр гаргаж, хариуцлагатай алхам хийнэ...
-Улс төрийн гажиг тогтолцоо эдийн засагтаа нөлөөлж, муутгаж байгаа. Зөвхөн эдийн засаг гэлтгүй бусад салбараа ч уналтад оруулсан. Эдийн засаг одоо л сэхэх гээд дуншаад байна уу гэсэн мэдрэмж төрж байна.
Миний ажигласнаар 2010 онд иймэрхүү байсан. 2011 оны супер өсөлт рүү дахиж орох болов уу?
-Манай улс эхлээд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх хэрэгтэй. Түүндээ суурилж дунд болон урт хугацааны зорилтоо тавих ёстой. Зорилттой амьдрах шаардлагатай байна. Түүнээс биш салхи дагаж хийсээд байж болохгүй. Зорилтоо зөв тодорхойлоод, тууштай хэрэгжүүлэх нь чухал. Жишээ нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлах гэх мэтээр санхүүгийн сахилга батын талаар их ярьдаг.
Гэвч нидэр дээрээ хуулиар тогтоосон сахилга батын хязгаараа хэрэгжүүлдэггүй. Төсвийн үрэлгэн зарлагыг бодитоор танасан нь ховор. Зарлага нь байнга өсөж байна. Анзаарвал эдийн засаг, санхүүгийн хямралтай үед ч Монгол Улсын төсвийн орлого өсөж байгаа. Эдийн засаг ч тодорхой хэмжээгээр тэлж байна. Илүү хурдтай өсөх боломжийг макро эдийн засгийн тогтворгүй орчин болон улс төрийн ухвар мөчид шийдвэрүүд хаадаг. Судалгаанд үндэслэсэн гэхээс илүү сэтгэл хөдлөлд автаж гаргаснаас болж цочмог шийдвэрүүд нь эдийн засгаа хорлодог.
Үүний тод жишээ нь 68 хувийн татвар. Сүмогийн 68 дахь аварга монгол хүн болсныг бэлгэдэж, хуульд ийм тоо тавьсан гэж ярьдаг. Үнэн, худлыг нь мэдэхгүй юм. Зэсийн экспортод өндөр татвар тавиад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ОХУ-д өгдөг ашгаас өөрсдөдөө үлдээх санаатай байсан юм билээ. Тэгснээ хадуураад алтнаас 68 хувийн татвар авахаар нэмээд тусгачихсан.
Үр дүнд нь алтны худалдаа далд эдийн засгийн хэлбэр рүү шилжсэн. Алдаагаа засаж залруулах гэж 10 жил ноцолдлоо. Монголбанкинд алт тушаавал өсөн нэмэгдэх татварыг нь 2.5 хувиар тооцно гэж аргадаж байж алтны худалдаагаа ил болгож байна.
-Тогтворгүй байдал хаа сайгүй байна, тийм үү?
-Төр хүчтэй байх ёстой. Тийм байж л улс хөгжинө. Төр бол хүн биш тогтолцоо. Улстөрчдийн төлөө ажиллаж байгаа нь биш, ард түмний төлөөх нь төр юм. Хүмүүс албан тушаалд томилогдохоороо “Би төр” гэсэн ухагдахуунаар ханддаг юм шиг санагддаг. Хувь хүний үзэмжээр биш, тогтоосон хууль, журамдаа захирагдаж ажиллах ёстой. Ингэж байж төрийн хар хүн болно. Миний анзаарснаар хувийн хэвшилд гадаадад суралцсан, туршлага хуримтлуулсан хүмүүс нэмэгдэж, чадавх нь сайжирч байна.
Харин төрийн алба хаагч, төрийн институцын чадавх нэг хэвэндээ байгаад байх шиг. Хувийн хэвшил болон төрийн байгууллагын чадавхын түвшин ойрхон байж хурдтай хөгжинө. Нэг нь сайн байгаад, нөгөө нь муу бол хойш нь чангаана. Иймэрхүү зүйлүүдээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид хэрхэх нь хамаарна. Ний нуугүй хэлэхэд, надад өөдрөг төсөөлөл алга.
-Хувийн хэвшил гэснээс танай компанийн үйл ажиллагаа ямар байгаа вэ? Жил гаруйн өмнө нэлээд хүнд байдалтай байсан. Харин өнгөрсөн хугацаанд өрөө төлөх хугацаагаа хойшлууллаа, нүүрсний үнэ өсчихлөө, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж чадлаа.
-Амаргүй үеийг тууллаа. 2012 оноос хойш нүүрсний үнэ тасралтгүй буурсан. Компанийн хөгжлийн нэг бэрх шат руу өгсөж, давж гарлаа. Уул уурхай үнийн мөчлөгтэй бизнес учраас давах ёстой шатаа давсан гэж бодож байна. Компани цагийн сайханд ч, муухайд ч тогтвортой үйл ажиллагаа явуулах чадвартай бүтэцтэй, зорилттой байж урт хугацаанд оршин тогтноно.
Сүүлийн 3-4 жилийн үнийн уналтаас үүдсэн бэрхшээл, саад маш том сургамж болсон. Хувь хүний ч, компанийн гүйцэтгэх захирлын хувьд ч тэгж дүгнэж байна. Сайн, бас хэцүү үеийг ч мэдэрч байж үндсэн компанийн бүтэц, зардал хуваарилалт, хөрөнгө оруулалт ухаалаг болдог юм байна.
Бид гадаадынхныг мундаг гэж хараад сууж байх уу, эсвэл өөрсдөө дэлхийн хэмжээнд биш юм аа гэхэд бүс нутагтаа үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани бий болгоё гэсэн зорилготой “Энержи ресурс”-ийг анх байгуулсан. Зорилгодоо хүрэхийн тулд сайныг ч, саарыг ч үзнэ.
-“Дэлхийн зах зээлд үнэ ийм байдаг. Бид зах зээлийн үнийг сонсоод баярламаар ч юм шиг. Хилээр гаргаад экспортолж чадахгүй болохоор уйлмаар ч юм шиг” гэж бичсэн “жиргээ”-г тань уншсан. Нүүрсний зах зээлийг цаашид хэрхэн төсөөлж байна вэ?
-Тавантолгойн ордоос нүүрс олборлож, экспортлох “Ухаахудаг” төслийг 2008 онд эхлүүлэхдээ боловсруулах үйлдвэр барих, өртөг багатай зам тавих ёстой гэж байнга ярьж байсан. Ялангуяа далайд гарцгүй улсын хувьд төмөр зам тавих нь маш чухал байлаа. Зам, дэд бүтэц зах зээл рүүгээ чиглэсэн байх ёстой. Мэдээж зах зээл маань урд хөрш. Хятад бол дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч, коксжих нүүрс олборлогч. Бас коксжих нүүрсний хамгийн том импортлогч.
Энэ том боломжийг ашиглах ёстой гэсэн байр сууринаасаа гажаагүй. Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх төмөр зам тавина гэж ярьж, маш удаан маргалдсаныг хүмүүс мэдэж байгаа. Баярлууштай нь, арван жил ярьсны эцэст Монголын улстөрчид, олон нийт боловсруулах үйлдвэр барих, төмөр зам тавих ёстой, тэгж байж нүүрсээ дэлхийн зах зээлд хүргэж, олон улстай өрсөлдөх юм байна гэдгийг ойлголоо.
Төр зөв бодлогоо гаргаад, хувийн хэвшил нь тухайн төслийг хариуцаад ажилладаг боломж бүрдүүлмээр байна. Тээврийн дэд бүтцийн салбарт төрөөс ямар бодлого баримтлах нь чухал болохоос төслийг хувийн компани, эсвэл төрийн өмчит аж ахуйн нэгж хэрэгжүүлэх нь сонин биш. Эцсийн дүндээ Монгол Улс л хожих ёстой.
Нүүрс, төмрийн хүдэр гэх мэт овор ихтэй бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээх, өртөг багатай зам тавих ёстойг ойлгосон учраас одоо тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Монголын нүүрсний зах зээлд боловсруулах үйлдвэр, төмөр зам маш чухал нөлөөтэй хэвээр байгаа.
-Маш их хугацаа алдсан байна.
-Хувийн хэвшил илүү түргэн сэтгэдэг байж магадгүй. Гэхдээ түрүүн ярьсанчлан хувийн хэвшил төрийн байгууллагын чадавхаас хэтэрхий тасарчихаар нөгөөх нь гүйцэж ирэх, олон нийтийн мэдлэг, боловсрол нэмэгдэж, асуудлыг ойлгохын тулд цаг хугацаа шаарддаг юм байна. Уул уурхайн төслүүд урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг.
Өөрийнхөө компаниар жишээ авъя. Бид “Ухаахудаг” төслийг эхлүүлээд 10 жил боллоо. Хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг ч хүртэж чадаагүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл аваад, хэн нэгэнд түүнийгээ зараад, мөнгө халааслаад явчихаж байгаа хүмүүс бид биш. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаа, бонд гаргаад, зээл аваад Монголдоо хөрөнгө оруулаад, бүх лай зовлонг нь үүрээд явж байгаа хүмүүс. Тиймээс уул уурхайн салбарыг зөв талаас нь харж ярих ёстой.
-Би хөрөнгийн зах зээлд ажилладаг хүний хувьд танайх шиг мундаг компаниуд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргаасай гэж боддог. Ямар бодлого хэрэгжүүлбэл танайх дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргах вэ?
-Уул уурхай бол урт хугацааны маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бизнес гэдгийг өмнө нь дурдсан. “Ухаахудаг” төслийн бүтээн байгуулалтыг 2014 онд дуусгасан. Зургаан жил ажиллаж байж жилд 15 сая тонн нүүрс олборлох, баяжуулах, экспортлох уул уурхайн цогцолбор бий болгосон. Тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт босгосон.
Тухайн үед Монголын хөрөнгийн зах зээлээс ийм хэмжээний хөрөнгө босгох боломж байгаагүй. Одоо ч хэвээрээ байна. Банкны салбар ч ийм их зээл олгож чадахгүй. Банкны нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэх ёсгүй гэсэн журамтай. Тэгэхээр манай банкуудын нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 50-60 сая ам.доллароос хэтрэхгүй гэж бодож байна. Тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгох нөхцөл Монголын санхүү, хөрөнгийн зах зээлд байхгүй байгаа биз.
Иймээс л гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжсан. 2009 оноос судалгаагаа эхлүүлээд 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржийг сонгосон. Хонконгийн хөрөнгийн бирж эргэлдэж буй хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн эхний тавд ордог. Нөгөө талаар үйл ажиллагаа явуулахад харьцангуй ойр. Заримдаа хөрөнгийн биржтэй шуурхай мэдээ солилцох шаардлага гардаг. Цагийн зөрүүгүй учраас биржтэй харилцахад амар. Өдөр, шөнийн зөрүүтэй байвал харилцахад түвэгтэй.
Энэ мэт зүйлээс хамаарч, Хонконгийн хөрөнгийн биржийг сонгож, хөрөнгө босгосон юм. Монголын хөрөнгийн зах зээл хөгжих шаардлага бий. Сүүлийн үед гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгосон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгэх талаар ярьж байна. Санхүүгийн зохицуулах хороо давхар бүртгэлийн журам баталсан.
Манай компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх асуудлыг судалж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос журам батлахад болон Монголын хөрөнгийн биржид санал бодлоо хүргүүлсэн. Гэхдээ хууль, эрх зүйн орчин тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн тохиолдолд эцсийн шийдвэр гарах болов уу. Нөгөө талаар компанийн зорилго, хөрөнгө босгох шаардлага, бусад зүйлтэй уялдуулан авч үзэх ёстой.
-Давхар бүртгүүлэх бодол байгаа юм байна, тийм үү?
-Байхгүй гэж хэлэхгүй. Сая давхар бүртгэлийн түр журам баталсан. Энэ нь ямар учиртай, юу гэсэн үг юм, бүү мэд. Сар, жил, эсвэл арван жилийн хүчинтэй журам юм уу. Бид нэг хөдлөөд явбал өчнөөн хариуцлага үүрч, бөөн ажил болно.
Ажиллаад эхэлтэл уучлаарай, түр журмаа больчихлоо гэвэл яах вэ. Тоглоомын дүрмээ солихгүй гэх баталгаа алга. Тиймээс тогтвортой орчин бүрдчихлээ гэсэн итгэл төрсөн цагт шийдвэр гаргаж, хариуцлагатай алхам хийнэ.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг “Энержи ресурс”-д хариуцуулах талаар хүн бүр ярьдаг. Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын хэлэлцээрийг оруулах гэхэд гацаасан. “Энержи ресурс” руу ч нэлээд дайралт хийсэн.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг хувийн хэвшилд шилжүүлэх хэлэлцээр хэрхэж байгаа вэ? Монгол компаниуд хоорондоо өрсөлдөж, ханшаа буулгаж, баялгаа үнэгүйдүүлэхийн оронд хамтарч ажиллах хэрэгтэй шүү дээ.
-Гол санаа нь баялгаа үнэд хүргэж зарах юм. Бид үүнийг байнга ярьдаг. Тавантолгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, Монгол Улсад хамгийн ашигтай хувилбар гаргах өнцгийг эхлээд харах ёстой. Түрүүн боловсруулж, нэмүү өртөг шингээх шаардлагатай гэсэн, ингэж байж ордын нөөцийг бүрэн ашиглана. Түүнээс биш, хамгийн сайн хэсгийг сорчлоод олборлочихоор үлдсэнийг нь яах юм.
Тавантолгойн орд газрын бүсэд ажилладаг аж ахуйн нэгжийн хувьд тухайн үед Засгийн газар тендерийг нь зарлахад сонирхлоо илэрхийлээд оролцсон. Хятадын томоохон нүүрс олборлогч, тээвэр ложистикийн асуудлаа өөрийн талдаа тодорхой хэмжээгээр шийдвэрлээд явах боломжтой “Шинхуа” компанитай хамтарсан. Мөн гуравдагч зах зээлд нүүрс гаргах шаардлага байсан учраас Японы “Сүмитомо” корпорацыг нэмсэн.
Бид саналаа өгөөд, өрсөлдөөд зах зээлийн жамаар, хууль дүрмийн дагуу тендерт оролцсон. Тендерээ яаж шалгаруулах, хэнийг сонгох вэ гэдэг нь мэдээж, төр, засгийн шийдвэрлэх асуудал. Төр хувийн хэвшлийг татан оролцуулаад, Тавантолгойг хөгжүүлэх шийдвэр гаргана гэвэл бид оролцоход бэлэн гэдгээ л илэрхийлсэн хэрэг. Учир нь бид энэ салбарт хамгийн их мэдлэг, туршлага хуримтлуулсан хамт олон.
Нөгөө талаар хамгийн их хөрөнгө оруулсан компани. Оролцуулахгүй гэвэл шийдвэрийг нь дагана. Тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулаад, ажлын байр бий болгоод, ордынхоо нөөцийг бүрэн ашиглаад, нэмүү өртөг шингээж баяжуулаад, төмөр зам тавиагүй ч тээврийн асуудлаа авто замын хэмжээнд шийдэхийг оролдоод, хичээгээд ажиллаж байна. Гэтэл хажууд нь төрийн өмчит компани 180 градусын эсрэг ажиллаад байгаа нь төрийн бодлого юу юм бол гэсэн бодол төрүүлж байна.
2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг уншихад нэмүү өртөг шингээх шаардлагатай, ордыг сорчилж болохгүй, экспортын орлогыг нэмэгдүүлэх ёстой гэж заасан байдаг. Манайх төрийн бодлогын хүрээнд ажиллаж байна гэж боддог.
Компанидаа ч, улсдаа ч хамгийн өндөр үр өгөөжтэй байх зарчмаар ажиллаж байгаа. Хамтрах уу, үгүй юү гэдэг нь бизнесийн, улс төрийн шийдлүүд байх. Гэхдээ төрийн бодлого гарсан бол түүнийх нь хүрээнд бүгд ажиллая.
-Таны ярианаас төрийн бодлого, хууль, журмыг ягштал мөрддөг юм байна гэсэн ойлголт авлаа. Илэн далангүй ярилцсанд баярлалаа.