Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч А.Алтансүхтэй ярилцлаа.
-Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны 15 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан, мөн нийгмийн анхаарлын төвд ороод буй зээлийн хүүгийн талаар таны байр суурийг сонсохоор ярилцлагад урьсан юм.
Өнгөрсөн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагууд хэрхэн төлөвшиж, төлжсөн бэ?
-Холбооны 15 жилийн ой, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль батлагдан гарсны 15 жилийн ой энэ жил тохиож байна. Гэхдээ анхны ББСБ үүсэн бий болсноос хойш 20 жилийн нүүр үзжээ. Түүх яривал Засгийн газраас “Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1996 онд боловсруулж гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн аж ахуй эрхлэх, бичил жижиг бизнесийг дэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнд чиглэсэн санхүүгийн институцыг байгуулах бодлого дэвшүүлсэн юм.
Банкны үйлчилгээ хүрэхгүй байгаа хэсэгт санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэг арга нь ББСБ байгуулах байлаа. Монголбанкнаас 1998 онд санхүүгийн салбарын өрсөлдөөнийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилттой журам баталсан. Энэ хүрээнд анхны ББСБ-ууд байгуулагдсан түүхтэй. Улмаар УИХ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг 2002 онд баталсан. Нэгдүгээрт, ядуурлыг бууруулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоёрдугаарт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, гуравдугаарт, иргэдийн зээлийн үйл ажиллагааг ил тод болгох, тайлан мэдээнд оруулж татвар хураамж авах, хяналт зохицуулалтад оруулах зорилготой хууль болсон.
Харамсалтай нь түүхэн үйл явцын дунд ББСБ-уудаар дамжуулан бичил жижиг бизнесийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх анхны зорилгоосоо хазайсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө ББСБ, хадгаламж зээлийн хоршоодоор дамжих ёстой байлаа. Хуулиар ингэж зохицуулсан ч нэг ч төгрөг дамжаагүй. Үүнийг ББСБ-уудын хөгжлийг хойш татсан бодлогын алдаа болсон гэж боддог. Өнөөдөр ББСБ-уудын зээлийн дундаж нь гурван сая төгрөг байгаа. Маш бага мөнгийг олон хүнд тарааж, зээлүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүргээ хангалттай гүйцэтгэж байна гэсэн үг.
Өнөөдөр нийт 535 ББСБ нэг их наяд төгрөгийн хөрөнгө, нийт 1.4 сая хэрэглэгч, 100 мянган байнгын зээлдэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэг их наяд төгрөгийн хөрөнгийн 80 хувь буюу 800 тэрбум нь өөрийн хөрөнгө. ББСБ хадгаламж татдаггүй, хувийн хөрөнгөөр санхүүжилт хийдгийг уншигчид мэдэх байх. ББСБ санхүүгийн зах зээлд тодорхой байр суурьтай, хэрэглэгчтэй цаашид санхүүгийн олон талт үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжтой салбар болсон гэж дүгнэж болно.
Банкуудын өөрийн хөрөнгө хоёр их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл ББСБ-уудын өөрийн хөрөнгө үүний 28 хувьтай тэнцэж байгаа нь томоохон санхүүгийн салбар болсны нотолгоо юм. Одоо ББСБ-ууд олон улсын санхүүгийн зах зээлийн хэм хэмжээнүүдийг нэвтрүүлээд эхэллээ. Харилцагчаа хамгаалах, хэт өрийн дарамтад оруулахгүй байх, бодит орлогод нь нийцсэн хариуцлагатай зээл олгодог болох шаардлагатай байна. Нийгмийн хариуцлагатай санхүүгийн үйл ажиллагааны шинэ стандарт шаардлага шалгуур ББСБ-уудад тавих шаардлагатай байгаа.
ББСБ-ууд цаг үетэйгээ зэрэгцэн санхүүгийн үйлчилгээг цахим орчинтой хослуулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Тухайлбал, цахим орчинд барьцаагүй зээл олгох, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, моргэйжийн зээл, кредит карт гаргах гэх мэт үйлчилгээ нэвтрүүллээ. Мөн гадаад оронд санхүү зээлийн үйл ажиллагаа эрхлэж эхэлж байна. Гэсэн хэдий ч ББСБ-уудад шинэ хууль эрх зүйн орчин, шинэ хөгжлийн түвшинд гарах шаардлага тулгарсан.
-ББСБ-уудын зээлийн хүү яагаад банкныхаас өндөр байдаг юм бэ?
-Банк нийт хөрөнгийнхөө 90 хувийг бусдаас хадгаламж, зээл, харилцах хэлбэрээр татаж төвлөрүүлдэг. Нийт хөрөнгийнх 90 хувь нь бусдын мөнгө учраас банк эрсдэлгүй ажиллах ёстой. Тэгэхээр эрсдэлтэй зээл олгох чадвар нь муу. Чанаргүй зээл нь нийт хөрөнгийнхөө 10 хувиас давж, өөрийн хөрөнгөгүй болбол банк дампуурна. Тэгэхээр маш найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, орлого, ашиг нь тодорхой хэсэгт зээл олгож “амьдардаг”.
Тэгвэл ББСБ өөрийн хөрөнгөөрөө санхүүжилт хийдэг учраас эрсдэл даах чадвар өндөр. Банкнаас зээл авч чадахгүй байгаа, үйл ажиллагааны эрсдэл арай өндөр, ашиг, орлого нь ирээдүйд чиглэсэн, иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд ББСБ-ууд зээл олгодог. Ямар нэг эрсдэл хүлээвэл бид өөрийн хөрөнгөөрөө л хохирно. Зээлийн хүү эрсдэлийн түвшинтэйгээ уялддаг. Тиймээс эрсдэл багатай хэсэгт нь банк, арай илүү эрсдэлтэйд нь ББСБ-аас зээл олгож байна. ББСБ-ууд нэг талаар бизнес инкубатор юм.
ББСБ-ын харилцагчид нь зээл авч үзээгүй санхүүгийн харилцаанд огт орж үзээгүй харилцагчид их байдаг. Харилцагчаа анхны зээл авахад нь зөвлөгөө өгч, барьцаа хөрөнгийг нь улсын бүртгэлд бүртгүүлнэ, газрыг нь гэрчилгээжүүлнэ. Ингээд зээлээ олгочихоод анхны санхүүгийн харилцаанд оруулж, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлж бизнесээ хэрхэн хөтлөн явуулахад хүртэл туслаж, зээлээ төлдөг сахилга баттай болгоно. Харилцагчийн бизнес аяндаа жигдрээд, сайн түүхтэй болоод, үр ашигтай ажиллаад ирдэг.
Ингээд л банкны шалгуур даваад харилцагч нь болоод яваад өгдөг. Энэ бол бидний нийгэмдээ оруулж буй хувь нэмэр юм. Хүү өндөр байгаа бас нэг шалтгааныг тайлбарлая. Банкны ажилтан дунджаар 100 сая төгрөгийг нэг л харилцагчид олгоно. ББСБ нэг зээлдэгчид дунджаар гурван сая төгрөгийн зээл олгодог гэж дээр дурдсан. Тэгэхээр ББСБ-ын ажилтан 100 сая төгрөг зээлдүүлэхийн тулд 33 зээлдэгчтэй харилцана. Ингэхээр үйл ажиллагааны зардал өндөр гардаг. Эрсдэлийн түвшин өндөр тул эрсдлийн сангийн зардал ч өндөр гардаг. Энэ бүхэн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлдэг.
-Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын зээлийн хүүгийн дундаж 0.8 хувиар буурсныг мэдээлсэн. Зээлийн хүү буурсан шалтгаан нь юу байсан бэ?
-Эдийн засаг өсөж, инфляци буурч, валютын ханш тогтворжсон нь зээлийн хүү буурах үндсэн шалтгаан боллоо. Ам.долларын ханш жилийн дотор 1900 төгрөгөөс 2500 болж төгрөг 31 хувиар суларч байхад яаж бага хүүтэй зээл олгох вэ. Эдийн засаг тогтвортой өссөн 2010-2011 оны үед ББСБ-уудын зээлийн дундаж хүү 2.8 хувь болж буурч байсан. Эдийн засаг сайжрахаар эрсдэл багасаад зээлийн хүү буурна. Энэ бол анхдагч хүчин зүйл нь.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлж, 2.5 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргасан. ББСБ-уудыг чадавхжуулах энэ шийдвэр нь зээлийн хүү буурахад бас хүчтэй нөлөөллөө. Манай салбарт олон янзын байгууллагын соёлтой, үүсэл гаралтай ББСБ-ууд үйл ажиллагаа явуулдаг. Ломбард, хадгаламж зээлийн хоршоо, гадаадын төсөл хөтөлбөр, хувиараа зээл олгож байгаад ББСБ болсон байдаг. Үүсэл гарлаасаа шалтгаалаад өөр өөрийн арга барил, өөр өөр бүтээгдэхүүн, зан характертай. Ломбард ажиллуулдаг сэтгэлгээгээр зээл өгч буй хэсэг ч бий.
Гадаадын төсөл, хөтөлбөр гээд маш бага хүүтэй зээл олдог хэсэг ч байгаа. Олон улсын жишгийг дагаад хөгжиж байгаа нь ч бий. Харилцагчтайгаа хамтдаа хөгжиж, тэдний орлогод нийцүүлж зээлээ олгодог “Smart campaign” гэж олон улсын бичил санхүүгийн үйл ажиллагааны үзэл санаа байдаг. Үүнд нэгдэн орсон ББСБ-ууд ч байгаа. Тэдний хөгжил бусдаасаа түрүүлсэн. Тэд харилцагчаа өрийн дарамтад оруулахгүй, чанаргүй зээлтэй харилцагчид давхар зээл олгохгүй, орлогод нь нийцүүлж, зээлийн графикаа зохицуулдаг.
Жишээ нь, миний үүсгэн байгуулсан “БИД” ББСБ дэлхийн бичил санхүүгийн байгууллагуудын рейтингийг тогтоодог тусгай эрхтэй дөрвөн компанийн нэг Италийн “МайкроФаинансе рейтинг”-ээр нийгмийн хариуцлагаа үнэлүүлээд “В+” гэсэн үнэлгээ авсан. Үнэлгээний компани ББСБ харилцагч нь өрийн дарамтанд байна уу, бизнесийг нь хөгжүүлж байна уу, олгосон зээл нь харилцагчийнхаа амьдралын үнэ цэнэ, баяр баяслыг дээшлүүлсэн үү гэдэгт хөндлөнгөөс дүгнэлт хийдэг юм. Цаашид ББСБ-уудад тавигдах шаардлага шалгуурыг өндөржүүлж, хариуцлагатай зээлийн үзэл санааг нэвтрүүлэх замаар зээлийн хүүг бууруулах боломжтой.
-Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг тогтоох хуулийн өөрчлөлт ББСБ-уудыг тойроогүй. ББСБ-уудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 35 хувиар тогтоохоор ярилцаж байгаа гэж сонслоо.
-УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ийм санал гаргаад явж байгаа. Эхлээд ББСБ-уудын зээлийн хүү хэрхэн тогтдог талаар ойлголт өгье. ББСБ-ууд гадаадаас 8-9 хувийн хүүтэй ам.долларын санхүүжилт авдаг. Ам.долларыг төгрөгт шилжүүлэх олон улсын бирж дээрх төгрөгийн эрсдлийн хувийг 11 хувь гэж үзэж байгаа. Ингэхээр ойролцоогоор хүү нь 20 хувь болно. Мөн давхар татварт хүүний 20 хувь буюу дөрвөн хувийн хураамж төлдөг. Өөрөөр хэлбэл, суурь хүү 24 хувь болно гэсэн үг.
ББСБ-ын үйл ажиллагааны зардал 8-10 хувь байдаг. Ингээд бодохоор нийт 32-34 хувийн зардалтай ажилладаг. Тэгээд ашгаа нэмээд, хүү нь 40 хувьд тогтож байна. Өнөөдөр ББСБ-уудын өөрийн хөрөнгийн өгөөж найман хувь буюу банкны хадгаламжаас хоёр дахин бага байна. Зээлийн хүүг 35 хувиар тогтоочихвол ББСБ-ууд цаашид эрсдлээ дааж, хэвийн ажиллах боломжгүй нөхцөл үүснэ. Бичил зээлд хүүгээс илүү хүртээмж чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.
Жишээ авъя. Банк 100 сая төгрөг сарын хоёр хувийн хүүтэй зээллээ гэж бодъё. Сард хоёр сая төгрөгийн хүү төлнө. ББСБ гурван сая төгрөг сарын гурван хувийн хүүтэй зээлье гэж бодъё. Хүү нь 90 мянган төгрөг болно. Асар том зөрүү гарч байгаа биз. Зээл хэмжээ ихсэх тусам хүүгийн түвшин чухал болдог. Тэгвэл бага мөнгөөр эргэж байгаа бизнест хүүгийн түвшин төдийлөн нөлөөлдөггүй. Тэдэнд санхүүгийн хүртээмж, бизнесийн эргэлт чухал.
Үйлдвэр нэг тэрбум төгрөгийн зээл авлаа гэхэд хүү нь 0.1 хувиар нэмэгдвэл нэг саяыг илүү төлнө. ББСБ-аас зээлсэн гурван сая төгрөгийн хүү 0.1 хувиар нэмэгдэхэд төлбөр нь 3000-аар л өснө. Бичил бизнес эрхлэгчид зээлийн хүү 3000 төгрөгөөр нэмэгдэх нь сонин биш. Гол нь бизнесээ хийх эргэлтийн хөрөнгө чухал. Бизнес, хөрөнгө оруулалтын их дүнтэй зээлийг бичил зээлээс ялгаж, салгахгүй хүүг нь харьцуулан авч үзэх нь буруу.
-Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг хуулиар тогтоодог болбол ямар нөхцөл үүснэ гэж төсөөлж байна вэ?
-Санхүүгийн хүртээмж байхгүй болно. Өндөр эрсдэлтэй хэсэгт зээл олгох байгууллага олдохгүй. Одоогоор ББСБ-уудын чанаргүй зээл нь 14 хувь байгаа. Өөрөөр хэлбэл, 100 хүний 14 нь эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр бид чамгүй эрсдэл үүрч байгаа биз. Бид гарааны бизнесийг санхүүжүүлэх боломжгүй болно. Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа, орлого олох, эсэх нь тодорхойгүй хүнд, ядуу, бага орлоготой хэсэгт хэн зээл олгох вэ. Улмаар хууль бус санхүүгийн үйл ажиллагаа дэлгэрнэ. Уг нь иргэдийн зээлийг ил болгоё, тайлагнуулъя, татварыг нь авья гэсэн бодлогоор хууль баталж, ББСБ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Ашиг орлогоо бодсон ББСБ-ууд ломбард болж, зохицуулалтгүй далд байдалд орж, хянах боломжгүй болно. Иргэний журмаар зээл олгож эхэлнэ. Иргэний хуулиар ингэх эрх нь бий. Замбараагүй зүйлс газар авч, зогсоох гэж оролдоод байгаа өдрийн зээл гаарна. Тэгэхээр өндөр хүүг тулгаж, санхүүгийн дарамтад оруулна. Хууль бус шаардлагууд ч тавьж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ. Томоохон ББСБ-ууд нь зээл олгохын оронд олон улсын зах зээлээс үнэт цаас худалдан авахыг илүүд үзэх биз. Лав л Монголын хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авахгүй. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайлан нь худлаа, засаглал нь буруу.
Хөрөнгийн зах зээлийн лангуун дээр нь итгэх бүтээгдэхүүн одоогоор алга байна. Тиймээс тийшээ хөрөнгө оруулахгүй. Хэрэв зээлийн хүүгийн түвшинг багаар тогтоовол хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө шилжинэ гэж зарим хүн яриад байгаа. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Тэгж механикаар сэтгэж болохгүй. Нөгөөтэйгүүр зээлийн хүүгийн дээд хэмжээг абсолют тоогоор төрөөс зохицуулна гэдэг бол эргээд социализм руугаа ухарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төр санхүүгийн хүндрэлтэй байгаа хэсгийгээ нэг бол иргэнээс, эсвэл өндөр хүүтэй ломбардаас зээл ав гэж тулгах нь.
Бичил санхүүжилтийн механизмыг институц маягаар системтэйгээр хөгжүүлэх учиртай. Энэ салбарыг төр дэмжиж, хяналт, зохицуулалтаа хийн, зөв шаардлага тавиад, сайн үзэл санааг тулгах замаар, бодлогоор өрсөлдөөн бий болгож хөгжүүлэх хэрэгтэй. Зээлийн хүүгийн түвшинд олон улсын жишиг стандарт тавиад, сайн ажиллаж байгаа ББСБ-уудаа төрөөс дэмжиж, хүүг нь аажмаар бууруулах бодлого хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш, шууд хязгаарлана гэвэл санхүүгийн хүртээмжийг шууд үгүй хийнэ гэсэн үг юм.
-ББСБ-ууд өндөр хүүтэй өдрийн зээл олгодог болсон гэх яриа бий. Мөн мөнгө хүүлэгч гэж муучлах болсон. Үнэхээр хүүлэлт хийгээд байна уу?
-ББСБ-ууд өдрийн зээл олгосон тохиолдол гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ надад баримттай мэдээлэл алга. СЗХ болон холбоо үүнийг эрс хориглож байгаа. Хүүгийн түвшин ярихад мөнгө хүүлэлт гэж юу вэ, зээлийн хүү гэж юу вэ гэдгээ ялгаж ойлгох хэрэгтэй. Хүүлэлтийг томьёолох ёстой. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ойлголтоор томьёолж болохгүй. Банк 18, ББСБ 35 хувиас дээш хүүтэй зээл олговол хүүлэлт болно гэж ярьж байна лээ.
Өөрийнхөө санаанд орсон тоог тавьчихаад, түүнээсээ дээшихийг нь хүүлэлт гэж ярьж болохгүй. Тухайн зах зээлд оролцогчдын дундаж хүүгийн түвшин, нийтээр дагаж мөрдөж байгаа хэм хэмжээнээс хоёр дахин өндөр хүү тогтоовол хүүлэлт гэнэ гэх ч юмуу томьёолох ёстой. Эрх зүйн толь бичигт “Мөнгө хүүлэлт гэж зах зээлийн хувь хэмжээнээс маш өндөр хүүтэй зээл олгож үүрэг гүйцэтгэгчийг үгүйрүүлэх, хоосруулахад чиглэсэн хэлцэл байгуулан хүүлэхийг хэлнэ” гэж томьёолсон байдаг. Бас нэг өөр тайлбар тольд “санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар, мөлжлөг маягаар явуулж байгааг хүүлэлт” гэсэн байдаг.
Гэтэл хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа банк болон ББСБ-уудыг мөнгө хүүлэгчид гэж шууд нийгэмд зарлан тунхаглах нь хэр зохистой вэ. Манай иргэний хуулийн 282.2-т хүүгийн хэмжээг хязгаарлах хангалттай зохицуулалт байдаг. Үүнд “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж тооцно” гэсэн заалт бий. Өдрийн зээл иргэдээс авсан хүмүүс шүүхэд хандахад хангалттай асуудлаа зохицуулах боломжтой.
Хятад улс яг ийм зохицуулалттай юм байна лээ. Дээд хүү жилийн 35 хувь, үүнээс дээш бол шүүхэд ханд, шүүх 35 хувьд бариулан асуудлыг шийддэг. Гэхдээ бид юанийн дэргэд төгрөгийн ханш хэр тогтвортой билээ гэдгээ харах хэрэгтэй. ББСБ-уудын дундаж ашиг нь өөрийн хөрөнгийн найман хувь байна гэж дээр хэлсэн. Эндээс үнэхээр мөнгө хүүлж, өндөр ашиг олж байгаа гэж харагдахаар байна уу. Хадгаламжийн хүүнээс даруй хоёр дахин бага байгаа юм.
-Та төрөөс дэмжлэг үзүүлбэл хүү буурна гэж ярьж байна. Төр эдийн засгийн орчноо тогтвортой болгочихвол зээлийн хүү аяндаа буурчих юм биш үү?
-Эдийн засгийн орчин тогтвортой байх тусам зээлийн хүү буурах нь ойлгомжтой. Үүнээс гадна байгууллагуудаа мэргэшүүлэх, улам хөгжүүлэх, олон улсын чиг хандлага руу чиглүүлэх, хариуцлагатай зээлийн зарчмуудыг хэрэгжүүлэх, төрөөс дэмжих бодлого баримтлах ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлага 2021 он гэхэд ББСБ-уудын зээлийн хүүгийн дунджийг 2.1 хувьд хүргэнэ гэсэн маш тодорхой зорилт тавьсан.
Манай холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад шат дараалсан арга хэмжээ авч, энэ зорилтыг хэрэгжүүлэх боломжтой. Түүнээс биш, төрөөс хатуу хязгаар тогтоох нь утгагүй. Зүйрлэбэл, талхны үнийг тогтоож байгаатай адил. Та нар ард түмнийг хэтэрхий шулаад байна, талхаа 500 төгрөгөөс дээш үнээр зарж болохгүй гээд өртгөөс нь бага үнэ тогтоовол үйлдвэрлэгч ажлаа шууд зогсооно. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бодитой бус тогтоох нь үүнтэй ижил зүйл. Хүүг бууруулах маш олон арга замууд бий.
-ББСБ-тай харилцдаг хүмүүс бол мэдээлэлтэй байгаа байх. Харилцдаггүй хүмүүст бол өндөр хүүтэй зээл олгодог газар гэснээс өөр нарийн мэдээлэлгүй байдаггүй юм билээ.
-Банк санхүүгийн системийн нэгэн чухал эд, эс нь ББСБ мөн. Хүмүүст санхүүгийн боловсрол эзэмшүүлж байна. Улмаар санхүүгийн харилцаанд хүмүүсийг хөтлөн оруулж, банкны найдвартай харилцагчдыг төрүүлдэг. Улсдаа чамгүй хэмжээний татвар төлж, санхүүгийн тайлангаа сар бүр гарган, байнга хянуулж байна. ББСБ-ууд 10 төрлийн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад шинэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. ББСБ-уудын үйл ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг судалж, бичил санхүүжилтийн хүрээмжтэй байдал, үр нөлөөг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн санал болгохоор ажиллаж байгаа юм. Нөгөө талаар төрийн хяналт, зохицуулалтыг улам чамбайруулах, мөн зохицуулах хорооны чиг үүргийг зохицуулалтад нь байгаа байгууллагуудын зах зээлийг хөгжүүлэх тал руу нь хандуулах зорилготой. Санхүүгийн зах зээлийн хүртээмжийг хөгжүүлж байж Монгол Улс ядуурлаас гарах ёстой.
Сүүлийн 27 жилд Монгол Улсын ядуурал буурсангүй. Тэгэхээр алдаа байна гэсэн үг. Алдааны нэг нь ядуу, бага орлоготой хэсэгт санхүүжилт очихгүй байгаатай холбоотой. Очсон ч маш өндөр өртөгтэй санхүүгийн үйлчилгээ хүртэж байна. Хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж буй байгууллагуудаа төр дэмжиж хөгжүүлэхгүй байна. Товчхондоо, ББСБ-уудын ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Нэг талаар ББСБ-ууд дагавар хүүхэд шиг явж ирлээ. Өнгөрсөн хугацаанд төрөөс ямар нэг байдлаар дэмжээгүй учраас ингэж хэлэх үндэстэй.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бодлого нэг түвшинд байж, нийт санхүүгийн зах зээлээ зохицуулахгүй бол банкнаас бусад санхүүгийн зах зээл орхигдсон. Арилжааны банкуудыг Монголбанк зохицуулж байгаа. Магадгүй арилжааны банкны зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороонд нэгтгээд, хамтад нь хөгжүүлэх ёстой гэж боддог. Санхүүгийн үйлчилгээг хүнээр зүйрлэбэл, яслийн хүүхдэд ломбард үйлчилж, цэцэрлэгийн боловсролыг хадгаламж, зээлийн хоршоо олгож байна. Дунд боловсролыг ББСБ-ууд өгч байгаа.
Тэгвэл их, дээд сургуулийн боловсролыг банкууд олгож байна. Төр их, дээд сургуулийн боловсрол олгодог банкууд руу бүх анхаарлаа хандуулаад байна. Хүмүүсийг доороос нь торниулж буй ББСБ-уудыг төдийлэн анхаардаггүй. Дахиад дурдахад, ББСБ-уудын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг нь санхүүгийн хүртээмж юм. Хүртээмжтэй санхүүжилт бол олон улсад хөгжлийн үндсэн гаргалгаа нь болдог. Хүртээмжтэй санхүүжилтийн ачаар ядуурал буурч, нийгмийн дундаж давхарга зузаардаг. Бидний нэг их наяд төгрөг бол дөнгөж бизнесээ эхэлж байгаа ядуу, бага орлоготой хэсэгт хүрч буй мөнгө.
Энэ хэсэгт банк санхүүжилт хийдэггүй. Төр санхүүжилт хийхээрээ үргэлж хорлодог. Засаг дарга нарын олгодог “Орон нутаг хөгжүүлэх сан”-гаар жишээ авч болно. Энэ сангаас мөнгө зээлсэн хүн эргүүлж төлөхгүй гэсэн бодол тээдэг. Ингээд санхүүгийн ямар ч сахилга батгүй иргэдийг бий болгож, тэднийг хорлож байна. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа 120 хадгаламж, зээлийн хоршоо байгуулж, 16 тэрбум төгрөг тарааж өгсөн. Төрөөс хийж буй санхүүжилт хүмүүсийг санхүүгийн зөв харилцаанд оруулдаггүй.
Дандаа буруу тийш нь залдаг. Хэрэв мэргэжлийн байгууллагаар дамжуулсан бол санхүүжилтийг маш үр дүнтэй зарцуулах байсан. Олон иргэнийг ажил хөдөлмөртэй, санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгох байлаа. Иргэд нь ч тэр улс нь ч тэр санхүүгийн сахилга батгүй үрэлгэн хэрэглээтэй, олсон, хийж бүтээснээсээ ихийг зарцуулах дуртай нийгмийг бий болгоод байна. Одоо 16 тэрбум төгрөг хэрхэн зарцуулаад ямар үр дүнд хүрснийг нь шалгах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, МАН-аас дэмжиж буй хуулийн төсөлд Монголбанк зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох чиглэлтэй байна. Энэ нь маш эрсдэлтэй. Хэн нэг томоохон банкны нөлөөгөөр зах зээлд оролцогчдоо түлхэн гаргах хэрэгсэл болж хувирах магадлалтай. Тиймээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд энэхүү эрх хэмжээг “онцгой тохиолдолд хэлэлцэн тогтоож болно” гэж олгох нь зөв болов уу. Ингээд танай сониноор дамжуулан холбооныхоо нийт гишүүдэд болон салбарынхандаа баярын мэнд хүргэж, цаашдын нийгмийн хариуцлагатай санхүүгийн ажил үйлсэд нь амжилт хүсье.