Банкны салбарт олон жил ажилласан туршлагатай санхүүч Б.Найдалаатай ярилцаж, Төвбанк болон Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар байр суурийг нь сонслоо.
-Хуулийг нь өөрчилж, Төвбанкны хараат бус байдлыг сайжруулна гэж байна. Төвбанкны үйл ажиллагаанд улс төрийн нөлөө тусдаг гэж та хардаг уу?
-Төвбанк сонгодог утгаараа улс төрөөс хараат бус байх ёстой. Бид хараат бусаар ажиллаж байна гэж бодож ирсэн. Гэтэл хуульд зааснаас үл хамраад, Төвбанкинд улс төрийн шууд томилгоо хийж байгаа. Ийм тохиолдолд улс төрийн зорилгоор Засгийн газартай ямар нэг байдлаар сонирхол нэгдэх, үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл бүрдэнэ. Төвбанкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно гэсэн заалт тусгасан байна лээ.
Эдийн засаг, нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхийн тулд Төвбанк, Засгийн газар хамтраад ажиллах нь зөв. Гэхдээ Төвбанкны зорилго монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Энэ үндсэн зорилгоосоо халиад, иргэдийн орлого, нийгмийн халамж, ажилгүйдэл ч юм уу, Засгийн газрын шууд хариуцах ажлыг хамтраад хийгээд эхэлбэл хэрэг бишдэнэ. Ялангуяа 2012-2016 онд Төвбанк Засгийн газрыг дэмжих санхүүгийн эх үүсвэр мэт, улс төрийн сонирхол нэгтэй ажилласан нь алдаа болсон.
-Төвбанк мөнгөний бодлогоороо дамжуулж зөвхөн инфляцыг өсөхгүй байх бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үздэг хэсэг хүн бий.
Тэгвэл инфляцаар зогсохгүй, ажилгүйдлийг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэх ёстой гэдэг хүмүүс байдаг. Хэн нь зөв яриад байгааг олон нийт сайтар ойлгохгүй юм.
-Төвбанк төгрөгийн ханшийг савалгаагүй байлгаж, эдийн засгийн тогтвортой суурь бүрдүүлэх учиртай. Энэ нь зорилгоо биелүүлбэл эдийн засгаа дэмжих гол ажил болно. Засгийн газар үүнд нь тулгуурлаж, татвар, татаас, халамж, хөрөнгө оруулалтын бодлогоороо дамжуулж, ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах ёстой юм.
Суурь нөхцөлийг нь хангах, түүнд нь тулгуурлаж, эдийн засгаа өсгөх бодлого хэрэгжүүлэх хоёрын ялгаа заагийг хадгалах нь хараат бус байх тухай асуудал юм. Төвбанк арилжааны банк шиг зээл олгоод, том төслийг мөнгө хэвлэж санхүүжилтээр дэмжих, Засгийн газрын хариуцах ажилд хэт санаа зовох нь буруу.
Өмнө нь манай Төвбанк иймэрхүү байдлаар ажилласан. Засгийн газар зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Төвбанкийг татан оролцуулах, ямар нэг байдлаар улс төрийн сонирхлоор холилдох нь буруу.
-Төвбанкны ерөнхийлөгчийн дангаар шийдвэр гаргах эрх мэдлийг хязгаарлахаар хуулийн төсөлд заасан байна лээ. Танхимын зарчмаар шийдвэр гаргах давуу талтай юу?
-Өмнө нь Төвбанкны ерөнхийлөгч дангаар шийдвэр гаргаад эрсдэлтэй алхмууд хийсэн учраас одоогийн энэ тогтолцоог өөрчлөх гэж байна. Уг нь хоёр талтай асуудал. Одоо Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд саналаа хэлдэг, эцсийн шийдвэрийг Төвбанкны ерөнхийлөгч дангаараа гаргадаг зарчмаар ажиллаж байгаа. Нэгэн хүн дангаараа хариуцлага үүрэх механизм юм.
Орон тооны зөвлөл байгуулаад, хамтын шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээдэг байя гэсэн хувилбар яригдаж байна. Хоёр хувилбар давуу болон сул талтай. Уг нь хамтын шийдвэр гаргадаг байх нь зөв. Бодлогын туршлагатай, мэргэжлийн чадвартай хүмүүс ярилцаж байгаад шийдвэр гаргавал оновчтой байж магадгүй. Гэтэл энэ зөвлөлийг оруулаад бүх томилгоонд улс төрийн нөлөө ордог нь нууц биш.
Орон тооны зөвлөлд нь улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус, чадвар сул, элдэв янзын зорилготой хүн орж ирээд, улстөржсөн шийдвэр гаргаад байвал яах вэ. Хариуцлага тооцох хүн олдохгүй бол хэрхэх вэ. Хуульд зөвлөлд орох хүмүүст тавих шалгуурыг заасан байна лээ.
Шалгуураа сайн мөрдөөд, хамтын шийдвэрээ баримтжуулж протокол үүсгээд, түүнд суурилаад ерөнхийлөгч эцсийн шийдвэр гаргадаг байж болно. Төвбанкны ерөнхийлөгч эрх мэдэлтэй, хариуцлага үүрдэг байх ёстой. Түүнээс биш, олон хүний шийдвэрийг дамжуулаад сууж байдаг хүн болчихвол хариуцлага хүлээхгүй болно.
-Парламентын дарга шиг байж болохгүй гэж бодоод байгаа юм.
-Харин тийм. Монголбанкны ерөнхийлөгч хурлын дарга биш шүү дээ. Монголбанкны хэрэгжүүлж буй зорилгын төлөө хариуцлага үүрээд явж байгаа хамгийн гол хүн. Эрх мэдэлтэй, түүндээ тохирсон хариуцлага үүрдэг, мэдлэг боловсролтой хүн байх ёстой. Төвбанктай холбогдуулж ярих нэг санал байдаг юм. Төвбанк арилжааны банкуудыг зохицуулдаг.
Анзаарвал, Төвбанкны ерөнхийлөгч мөнгөний бодлоготой холбоотой ажил руугаа түлхүү анхаараад, банкны зохицуулалт руу хандах завгүй юм шиг санагддаг. Банкны зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороонд нэгтгэж шилжүүлээд, Монголбанк зөвхөн мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд ажиллаасай гэсэн хувийн бодол байдаг. Санхүүгийн зохицуулах хороо гэж зөвхөн банкны бус санхүүгийн зах зээлийг зохицуулдаг байгууллага байгуулагдаад олон жил болж байгаа ч өнөөгийн шаардлагад нийцэхүйц институт чадавх бүрэн сууж амжаагүй гэж боддог.
Нөгөө талд нь Төвбанк гэж банкуудаа зохицуулдаг, мөнгөний бодлого хэрэгжүүлдэг нүсэр бүтэц бий. Санхүүгийн зах зээлийн хөгжлийг банкны бус салбар буюу банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, даатгал, хөрөнгийн зах зээлийн сул хөгжил хойш нь татаж байгаа гэсэн судалгаа гарсан. Банк болон банкны бус салбараа хамтад нь хөгжүүлэхгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй.
Ингэхийн тулд санхүүгийн зах зээлийг нэгдсэн байдлаар зохицуулдаг, хооронд нь уялдуулдаг, одоогийн Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны бүрдүүлсэн нөөц чадавхыг нэгтгэсэн илүү чадалтай институт хэрэгтэй. Угаас хүч, нөөц багатай Монголд санхүүгийн салбарыг хоёр талд зохицуулаад хүч тарамдаж, цаг хугацаа, боломж алдаж байгаа гэж үзэж байна.
-Төвбанкны Засгийн газарт санхүүжилт олгох асуудлыг боловсронгуй болно гэж заасан байна лээ. Төвбанк Засгийн газарт мөнгө зээлдэг байх хэрэгтэй юү, эсвэл хориглох нь зөв үү?
-Төвбанкны мөнгөний бодлого, мөнгө хэвлэхтэй холбоотой онцгой эрхүүд байж л таарна. Гол зарчим нь Засгийн газар татвар, төсвийн бодлогынхоо хүрээнд эдийн засгийн өсөлт, нийгмийн асуудлуудаа шийдвэрлэж, удирдаж байгаа байгууллага. Төвбанк бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийн суурь таатай орчныг бүрдүүлэх шал өөр зорилготой. Энэ хоёрыг хольчихвол Төвбанктай байх хэрэггүй.
Зааг ялгааг нь тодорхой болгоод, Төвбанк нь улс төрийн болон Засгийн ажилд хутгалдахгүй бол хүн бүр Засгийн газар мөнгө хэвлэх эсэх, Төвбанк зээл олгож болох эсэх тухай танин мэдэхүйн шинжтэй зүйлээр дэмий маргалдмааргүй байгаа юм.
-Би танаас эсрэг тэсрэг үзэл бодлуудыг л асуугаад байгаа юм шүү. Бас дахиад ийм асуулт тавья. Төвбанк ашигтай ажиллах ёстой, ёсгүй гэсэн маргаан гарлаа. Таны бодлоор ашигтай ажиллах ёстой юу?
-Төвбанк ашгийн төлөө байгууллага биш, арилжааны банк ч биш. Тэгэхээр ашиг гэдэг ойлголт бидний анхаарлын төвд байх ёсгүй. Ашигтай ажилласан уу, алдагдалтай ажилласан уу гэхийн оронд цаана нь хэрэгжүүлсэн бодлого зөв үү буруу юу, төсөл үр дүн юу болсон гэж сонирхох нь зөв болж таарах гээд байгаа биз.
Тэр нь бидэнд сонин болохоос биш, ашигтай, эсвэл алдагдалтай ажиллачихлаа гэсэн яриа байх ёсгүй. Төвбанк учраас арилжааны банкнаас шал өөр хандах ёстой.
-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Төвбанк тогтоож болно гэж тусгасан нь нийгмийн анхаарлын төвд орлоо.
Зээлийн хүү буураасай гэж хүлээж байсан олон нийт хүчээр доошлуулах нь гэж баярлаж байгаа. Гэтэл банкны удирдлагууд, зарим эдийн засагч эсэргүүцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Би ямар нэгэн байгууллагыг төлөөлдөггүй, хараат бус мэргэжилтний хувьд хариулъя. Зээлийн хүүг үнэхээр бууруулмаар байна. Дээд хязгаарлалтыг нь 18 хувь гээд заачихмаар байна. Жилийн дундаж хүүг нь нэг оронтой тоонд оруулчихмаар байна. Гэхдээ бодит байдлыг аваад үзвэл зээлийн хүү нь 1990 онд эдийн засаг нээгдсэнээс хойш гурван сая монголчууд бидний хийсэн ажлын дүн үнэлгээ юм.
Онц, сайн, дунд гэдэг шиг. Зээлийн хүү анх 40-50 хувь байсан. Одоо дунджаар 20 хувь болгожээ. Бид 10 хувь болгож чадсангүй. Өөрөөр хэлбэл, муу, дунд дүн авчихаад байна. Зээлийн хүү бол Төвбанк ч юм уу, аль нэг арилжааны банк буулгачихдаг зүйл биш. Зах зээлийн жамаар тогтож байгаа бидний ажлын үр дүн. Юугаар тогтдог вэ гэхээр бизнесийн орчин муу, авлига цэцэглэсэн, Засгийн газар тогтворгүй, гишүүд, сайд нарын жижиг улс төр, явган хэрүүл, цаашилбал жишээ нь УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон гээд бүх болж бүтэхгүй, жижиг том зүйлс зээлийн хүү өндөр тогтоход нөлөөлж байгаа.
Тэгэхээр бид бүгд хам хэрэгтэн. Хууль гаргаад зээлийн хүүг буурууллаа гэхэд сөрөг үр дүн гарна. Хүүг хүчээр тогтоовол өндөр хүүтэй ч зээл аваад бизнес хийгээд амьдралаа авч яваа иргэд, жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл олдох нь багасна. Банкууд зээлийн шалгуураа өндөрсгөх учраас “жижгүүдэд” зээл олдохгүй. Тэрийг нь дагаж авлига цэцэглэнэ. Том харилцагчид бол харин хожно.
Зээлийн хүүг бууруулахын тулд хуультай зууралдахын оронд Засгийн газраа тогтвортой ажиллуулах, татвараа шударгаар хураах, авлигыг таслан зогсоох, шүүх тогтолцоог шударга, хурдан болгох, банкуудын үр ашгийг сайжруулж гэх мэт цогц арга хэмжээ авах шаардлагатай. Маш олон муу зүйлийг цэгцэлж сайжруулж байж, зээлийн хүү буурна. Хууль батлаад л буруулчихна гэвэл дэндүү мэргэжлийн бус, иргэдээ хуурч доромжилсон зүйл болно.
-Банкууд өндөр ашигтай ажиллаж байгаа учраас зээлийг хүүг бууруулах зөв гэж ярих хүнтэй таарлаа. Банкуудын ашгийг багасгая гэсэн санаа юм уу даа.
-Уг санаа нь зөв. Манай эдийн засгийн суурь бүгдэд тэгш боломж олгодоггүй гажигтай. Зөвхөн банкны салбар гайгүй хөгжөөд бусад зохицуулалтгүй салбарууд нь тааруу хөгжчихсөн. Иймээс ашигтай байж болох бүх зүйлийг банкинд наагаад төвлөрөл үүсгээд, банк дагасан эдийн засаг, бизнесийн салбартай болж ирж байна. Үүнийг задлаад, банкны бус санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зохицуулалт хийх хэрэгтэй гэж боддог. Зөвхөн банкуудын ашгийг бууруулах зорилгоор хуулийн өөрчлөлт хийхийг дэмжвэл бууруудна.
-Монголбанкны ерөнхийлөгч улс төрийн томилгоо, ялсан намын төлөөлөл байдаг нь нууц биш. Хэрэв ерөнхийлөгч сонгуулийн оноо цуглуулахын тулд зээлийн хүүг хүчээр буулгаад байвал яах вэ?
-Монголбанкны ерөнхийлөгч хамгийн түрүүнд улс төрөөс хараат бус байх ёстой. Монголбанкны ерөнхийлөгч сонгуулийн оноо авах зорилготой шийдвэр гаргасан тохиолдлууд бий. Бид одоо дасал болоод, Монголбанкны ерөнхийлөгч улс төрийн албан тушаалтан, сонгуулийн дараа солигдох ёстой юм шиг боддог болчихож. Эрүүл орчинд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооход болохгүй юмгүй. Байх ёстойгоос, тухайн зээлийн эрсдэл, ашгаас давсан хэтэрхий өндөр хүү бол хүүлэлт мөн.
Ийм шударга бус хүүлэлтийг зогсоохын тулд хүүгийн хязгаар байж болно. Харамсалтай нь, өнөөгийн орчинд ийм эрх мэдэл өгчихвөл сонгууль дөхөөд ирэхээр улстөрчид Монголбанкны ерөнхийлөгчийг шахаж эхэлнэ. Хараат бус байдал алдагдана. Ийм сөрөг үр дагавартай учраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг авч хаясан нь дээр.
Одоохондоо улс төрөөс хараат байх чадавх байхгүй, иймд хуульд тийм буруугаар ашиглагдах нүх оруулаад хэрэггүй.
-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөгийн мөрдөж байгаа хуультай харьцуулж уншаад, жижиг банкуудыг татан буулгаад, заримтай нь нэгтгээд, томуудыг илүү чадалтай болгох эрх зүйн бэлтгэл хийж байна гэж дүгнэсэн. Магадгүй ингэх нь зөв үү?
-Бүтцийн өөрчлөлт хийнэ гэхээр заавал жижиг банкуудыг татан буулгана гэсэн үг биш. Жижиг ч байна уу, том ч байна уу эрүүл зөв бүтэцтэй болгоно гэсэн санаа юм. Мууг нь сайнтай нь нэгтгээд ч юм уу, “цэвэрлэгээ” хийхийг үгүйсгэхгүй. Банкуудыг нэгтгэх гээд бэлтгээд байгаа юм биш, гол нь эрүүлжүүлэх зорилготой хууль гэж харж дэмжиж байна.
-Засах зүйл олонтой болоод хуулийн заалтын 70-80 хувийг нь өөрчилж байгаа болов уу?
-Банкны салбар эдийн засгийн толь гэдэг. Хэчнээн зохицуулалт хийж байгаа ч эдийн засагт өрнөсөн буруу, зөв бодлого, алдаа банкинд ирж хуримтлагддаг. Тодорхой жишээ хэлэхэд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд банкуудаар дамжуулж, аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Заримынх бизнес нь амжилтгүй болж, зээлсэн мөнгө нь муу зээл болсон. Ингээд эрсдэл нь банкинд хуримтлагдлаа. Төр тодорхой төслийг хүүгүй ч зээлээр санхүүжүүлж болно.
Гэхдээ хүү биш, эдийн засгийн орчин чухал байгаа биз. Зах зээл байхгүй, бүтээгдэхүүн нь борлогдохгүй тохиолдолд ямар ч сайхан үйлдвэр бариад нэмэргүй. Үйлдвэрлэл хөгжүүлэх санаа нь зөв байсан ч буруу бодлого нь банк болон аж ахуйн нэгжүүдээ хүнд байдалд орууллаа. Ярилцлагын эхэнд хөндсөн Төвбанк юу хийх, Засгийн газар юу хийх ёстойн харьцуулалт энэ жишээгээр гараад ирж байгаа биз.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийж буй нь эрүүлжүүлэх эхний алхам юм. Банк сайн засаглалтай, элдэв бөглөөс, саадгүй эрүүл байж эдийн засгийн өсөлтийг хангах хөшүүрэг болно. Банкны салбар дэн дун байвал эдийн засгийн өсөлтийг хангаж, үүргээ гүйцэтгэж чадахгүй.