НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Монголд Улсаас
НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан нар гэргийн хамт. 2001 он
Гавьяат хуульч, дипломатч Ж.Энхсайханыг “Хоймор”-тоо урилаа.
-1950-иад оны үеийн тоотой сэхээтний нэг, дипломатч аавын хүүгийн бага нас хэрхэн өнгөрсөн бол?
-Би багаасаа аав, ээжийгээ даган гадаадын улсуудаар явсны ачаар олон орны хэл соёл, зан заншил, амьдрал байдалтай өнгөцхөн боловч танилцаж амжсан азтай хүн. Аав маань Хятадад суух анхны Элчин сайдаар томилогдоход би ээжийнхээ гэдсэнд байж, намайг төрсний дараахан ээж, хоёр эгч бид дөрөв Бээжинд очсон. Тэнд намайг хятад хүн хоёр жил харж, өсгөсөн тул монгол, хятадаар хольж ойр зуурын юм ярьдаг болоод Монголд буцаж ирсэн гэдэг. Хоёр настай, дөнгөж хэлд орж байгаа хүүхэд Монголдоо ирээд хятад хэлээ мартсан.
-Аав тань 1961 оноос НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгч, 1964 оноос Чехословакт, 1966 оноос Францад, дараа нь Египетэд Элчин сайдаар томилогдож, таны яг сурч боловсрох үед дипломат албанд зүтгэж, улсаас улсын хооронд “нисэж” байжээ. Тэр бүхэнд гэр бүлээрээ хамт явж байв уу?
-Байнга суухаар томилогдсон газарт нь гэр бүлээрээ хамт явна. Аавыг НҮБ-д байнгын төлөөлөгчөөр томилогдоход би 12-13 настай байв. НҮБ-ын сургуульд ороод хичээлээ ойлгодог болтлоо нэг хэсэг зовсон доо. Англи хэлний А ч үгүй хүүхэд багшийн заасныг ойлгоход хэцүү байсан. Тиймээс хэл шаардахгүй ойлголцдогоор нь зургийн болон биеийн тамирын хичээлдээ хамгийн дуртай, идэвхтэй оролцдог байлаа.
Зурагтаар хэлний мэдлэг шаардахгүй Чарли Чаплин мэтийн хошин кино үзнэ. Сургуулийнхаа соёл урлагийн арга хэмжээнд монгол дээл өмсөж, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг монгол, англиар уншина. Заримдаа монгол дуу дуулна. Иймэрхүү маягаар сурч, орчиндоо дасаж байлаа.
Нэг өдөр хичээлдээ очтол манай ангийн багш Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннедигийн нэрийг хэлж, баахан юм яриад уйлаад байв. Ярианых нь өнгөнөөс ямар ч байсан таагүй юм болж, хичээл орохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхнээ, Жон Кеннеди алагдаж, багш бидэнд түүний намтар, алуурчны болон алах болсон шалтгааны талаар ярьж, хоёр өдөр гашуудал зарласан юм билээ.
Мөн манайхыг Нью-Йоркт байх үед Английн “Beatles” хамтлаг Америкт анх удаагаа ирж тоглосон нь сэтгэлд тод үлджээ. Хүүхдүүд “Beatles”-ийн тухай үлгэр, домог шиг ярьж, дууг нь сурцгаагаад л. Би ч бас тэдний дууг сурч, дагаж дуулдаг байлаа. Одоо бодоход тэртээ холын мэт яригддаг олон үйл явдлын дэргэд байж дээ.
-Аавыгаа НҮБ-д анхны Байнгын төлөөлөгчөөр томилогдох үед та учир мэдэхээр болчихсон байж. Тухайн үеийн дипломат алба, тус албаны ажилтнуудын ахуй хангамж, ажиллах арга барил, ажилдаа хандах хандлагыг өнөөгийнхтэй харьцуулахад өөр байв уу?
-Бид очсон даруйдаа өөрийн гэсэн байргүй, НҮБ-ын байрны ойролцоох зочид буудалд хэсэг байрлаад, 1963 онд нэг баян хүний байрыг худалдан авч засвар хийлгээд орсон юм. Төлөөлөгчийн газрынхан бүгд нэг дороо ажиллаж, амьдарна. Чуулганы үеэр хамт хооллоно.
Тэгэхдээ улс төр, хошин шог зүйл ярьж эхлээд, дараа нь монгол дуу тавьж дагаж дуулна, зарим нь нулимс унагаана, заримдаа бүжиг хийж вальс ч эргэнэ. НҮБ-ын чуулганд манай төлөөлөгч үг хэлбэл их баяр хөөр болж, тэр орой нь хамт олноороо тэмдэглэдэг байв. Хүүхдүүд тэр үед нь гэр гэртээ орж хичээлээ давтана.
Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохын тулд 1946-1961 он хүртэлх 15 жилийн хугацаанд гишүүнээр элсэх өргөдлөө дөрвөн удаа өгч, янз бүрийн хурал, чуулганаар 13 удаа хэлэлцүүлсний эцэст НҮБ-ын ногоон гантиган индэр дээрээс Монголын дуу хоолой сонсогдож эхэлсэн. Үүний үнэ цэнэ, энэ эрхийг олж авахын тулд давсан даваа, саад бэрхшээл бүхнийг биеэр мэдэрсэн болохоор аав маань НҮБ-ын индрээс монгол хүний хоолой сонсогдох бүрт их баярладаг байсан байх.
Манай төлөөлөгчийн газрынхан гадуур чөлөөтэй явдаггүй байлаа. Гадагш явахдаа заавал аюулгүй байдлын асуудал хариуцсан хүнд хэлж, хаашаа ямар ажлаар явах, хэдийд ирэхээ тэмдэглүүлнэ. Оройтож ирвэл зэмлэл хүртдэг байсан байх. Энэ нь олон улсын харилцаа нэн эгзэгтэй байснаас болсон хэрэг болов уу. 1962 оны намар ЗХУ дунд тусгалын цөмийн пуужингаа Кубад байрлуулснаар Карибын хямрал гэгч гарч, ЗХУ, Америкийн хооронд цөмийн дайн гарч болзошгүй нөхцөл үүссэн байсан.
Зурагтаар, хичээл дээр ч энэ талаар байнга ярьдаг байсан болохоор би сайн санаж байна. Хэдийгээр асуудлыг хоёр тал шийдвэрлэсэн боловч НҮБ энэ талаар нэлээд маргалдсаныг зурагтаар шууд нэвтрүүлж байв. Аав болон дипломатууд ихэвчлэн НҮБ-д, харин Байнгын төлөөлөгчийн газрынхан бид энэ маргаан хэрхэн дуусахыг мэдэхгүй хэдэн өдөр байрныхаа зурагтын өмнө суусан.
Хэрэв дайн гарвал ямар хохирол учруулах талаар Америкийн судлаачид, мэргэжилтнүүд ярьж, хоорондоо ч маргалддаг байсан нь санаанд бүүр түүр үлдэж.
Карибын хямралын дараахан байдал тайвширсан нэг өдөр аав, ээжтэйгээ хотоор явж байгаад лам дээлтэй хүнтэй тааралдахад аавтай мэндэлж, ярилцаад, миний нэр, насыг асууж, “Их номтой хүн болоорой” гээд толгойг минь илсэн юм. Тэр хүн Дилав хутагт Жамсранжав гэдэг маш сонин түүхтэй монгол хүн байсныг дараа нь аав хэлсэн.
-Нэг улсаас нөгөө рүү нүүсэн тэр жилүүдэд ерөнхий боловсролыг хэрхэн эзэмшсэн бэ. Тийм нөхцөлд сурч боловсроход хүндрэлтэй байв уу, эсрэгээрээ бусад улсын хэл, соёлд суралцах давуу тал болсон уу?
-Хүүхэд л болсон хойно шинэ орчинд очих сонирхолтой, сайхан л даа. Гэхдээ олон газар явах нь дунд сургуулийн насны хүүхдэд хүндрэлтэй байлгүй яах вэ. Хэл ус, зан заншил, соёл уламжлал өөр газар очоод, огт мэдэхгүй шинэ орчинд дасах амаргүй. Арай гэж нэг орны хэл сурч, хичээлээ ойлгож, найз нөхөдтэй болж байтал түүнээ орхиод дараагийнх руу нь явах болно. Шинэ оронд очоод бүхнийг шинээр эхэлнэ. Хичээлийн программд дасах гэж нэлээд хэцүү байдаг байв. Энэ хүсэх юм биш.
Өнөөдрийнх шиг интернэт байгаагүй учраас найз нөхөдтэйгөө захидлаар л харилцана. Нэг хэсэг захидал, зураг солилцож байгаад аажимдаа сураг тасарна даа. Тиймээс надад гадаадын багын найз, нэг ангийн хүүхэд гэж бараг байхгүй. Хэл усыг нь овоо сурсан ч дараа нь огт хэрэглэхгүй, өөр хэл сураад явчихаар амархан мартагддаг юм билээ. Түүний оронд нэг газарт тодорхой хугацаагаар суурьшин амьдрах нь илүү өгөөжтэй гэж боддог. Энэ хугацаанд хэд хэдэн хэл сурсан боловч 2-3 нь л амьдралд хэрэг болсон.
-Аавын тань талаар залуус тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч Б.Жаргалсайхан гэж хэн байсан талаар бага зэрэг тодруулах уу?
-Аав маань Дорнод аймгийн Халхгол сумын хүн. Халхголынхонд То вангийн үеэс айлын ганц хүүг лам болгохгүй, төрийн албанд бэлтгэж, монгол бичиг үзүүлэх ёстой гэсэн ойлголт тогтсон учраас аав минь долоон настайгаасаа нутаг усандаа нэртэй бичгийн хүмүүсийн нэг Мягмар үйзэнд шавь орон, бичиг үсэг заалгасан. Дараа нь хошуу тэнхимийн сургууль, аймгийн дунд сургууль, Намын төв сургуулиар дамжин, КУТВ (Дорно дахины сургууль)-д суралцсан.
Багадаа ээжээсээ өнчрөн, шарилын газрынх нь дэргэд хэдэн цаг гашуудаж суугаад нутгаасаа гарсан аав минь эрдэм номын мөр хөөснийхөө ачаар тухайн үеийнхээ мэдлэг боловсролтой хүмүүсийн нэг болсон юм. Намтраас нь харвал төрөл бүрийн ажилд дайчлагджээ.
Хориодхон настайдаа Хотын залуучуудын хорооны дарга, Залуучуудын төв хорооны тэргүүлэгч, Залуучуудын сонин, сэтгүүлийн эрхлэгч, Засгийн газрын “Үндэсний эрх” сонины эрхлэгч, Уран зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж явсан. Анхны шог сэтгүүл болох “Хүмүүжил ба жигшил”-ийг хорин настайдаа санаачлан гаргасныг нь мэдэх хүн цөөн байх. Ухамсарт амьдралынхаа дийлэнхийг дипломат албанд зориулсан болохоор дипломатч гэдгээр нь илүүтэй дурсдаг юм.
-Аав тань дипломат албанд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн хүн. Түүний төдийлөн дурсагддаггүй үйл хэргийн тухай хүүгийн хувиар танаас тодруулах гэсэн юм.
Тухайн үед аргагүйн эрхэнд хийгдсэн, монголчуудын хувьд одоо ч харамсал төрүүлсээр байдаг нэг асуудал нь Орост алдсан газар нутаг. Аав тань нутгаа бүрэн бүтэн үлдээхийн тулд газрын зураг зуруулж байсан гэдэг?
-Тэр талаар надад ярьдаг байсан. Маршал Х.Чойбалсан 1941 онд хойд хилийн газрын зургийг зурах ажлыг аавд даалгасан юм билээ. Ингэхдээ “Чамд тусгай өрөө гаргаж өгнө. Чи Хүрээлэнгээсээ (Шинжлэх ухааны хүрээлэн) юм уу, хаанаас юм, сайн зураач олж ав. Энд нутгийн хэдэн өвгөн ирээд байгаа. Тэдэнтэй уулзаж сайн яриул. Хамгийн гол нь түүхт байдлыг сайн харгалзах хэрэгтэй” гэсэн гэдэг.
Тэгээд аав даавуун дээр зурсан дээр үеийн хошуудын хилийн зураг, нутгийн өвөгчүүдийн яриа, өвөлжөө бууцны мэдээллээр бүдүүвч ноорог гаргаж, түүнийгээ Германд хэвлүүлсэн бор шаргал болон Симуковын ногоон зурагтай тулган, багагүй ажил болж байж Давст уулын араар, Тэсийн гол, Увс нуураас тэртээ алсуур хилийн шугамаа татсан газрын зураг зуруулжээ. Газрын зургийн мэргэжилтэн, зураг буулгах багаж төхөөрөмж аль аль нь байгаагүй тэр үед хийсэн уг зургийг алдарт Чойдог, Цэвэгжав нар зурсан юм гэнэ билээ.
Үүнээс сарын дараа аавыг Москвад суух Элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар явуулахдаа маршал Х.Чойбалсан Монгол, Тувагийн хилийн асуудлаар зуучилж өгөхийг хүссэн захидал Молотовт өгүүлж, уг зургийг хавсралт болгосон гэдэг. Москва орох замд аав минь маршалын гарын үсэгтэй, Молотовт хаягласан захидал, хилийн газрын зураг хийсэн цүнхээ биенээсээ огт салгаагүй, босовч, суувч барьж явсан тул хамт явсан хүмүүс нь “Чи их мөнгөтэй хүн юм аа даа” гэж асуусан тухай дурсдаг байлаа.
-Хилийн асуудал аавын тань зурснаар шийдэгдээгүй, бид багагүй газраа Орост алдсан. Энэ талаар юм хэлдэг байв уу?
-Мөнөөх захидал, зургийг ЗХУ-ын Гадаад яаманд гардуулах үеэр дэлхийн II дайн эхэлсэн тул иймэрхүү асуудлыг авч хэлэлцэх хүнгүй болсон байх. Дараа нь Туваг ЗХУ-д нийлсэн хойно, 1950-иад оны сүүлчээр хилийн асуудал дахин сөхөгдөж, хэлэлцээ эхэлсэн. Тэр үед газар нутгаа ЗХУ-д өгөхгүй гэсэн манай Гадаад харилцааны сайд Аварзэд уг хэлэлцээнээс болон буруудаж, шийтгүүлсэн.
“Одоо энэ асуудлыг эргэн хэлэлцэх гэвэл олон улсын болон хоёр талын харилцааны өнөө цагийн уур амьсгалд харшлахгүй байлгүй” гэж аав минь бичиж үлдээсэн байдаг. Хэлэхийг хүсэж, сэтгэлдээ тээж явсан үг нь энэ байх.
-Судар бичгийн хүрээлэнгийн нэрийг Шинжлэх ухааны хүрээлэн болгоод удаагүй байхад аав тань даргаар нь ажилласан юм билээ. Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын домог болсон хүмүүсийг удирдаж ажилласан үеийнх нь талаар та мэдэх үү?
-1940-1950-иад оны үе шүү дээ. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажил шинэ тутам байсан тэр үед зүүн аймагт геологийн зураг авахуулах, ховор, үнэт эрдэс хайх, газрын тос илрүүлэх, говьд тарвас, амтат гуа болон хүнсний ногоо тарих туршилт хийх, хөрсний болон усны нөөцийн газрын зураг бүтээх, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэдэнд буулгах, “Эрдэнэ зуу” хийдийг сэргээн засварлах, түүх дурсгалын зүйл болон ховор ан амьтныг хамгаалалтад авах зэрэг олон ажлыг эхлүүлсэн гэдэг юм.
-Аав тань урд хөршид суусан анхны Элчин сайд. Тэр үеийнхээ талаар дипломатч хүүдээ юу ярьдаг байв?
-Монгол Улсын хувьд Элчин сайдын яамаа нээсэн хоёр дахь улс нь өмнөд хөрш. Өмнө нь ганц Орост л Элчин сайдын яамтай байсан хэрэг. Аав минь Хятадад очоод байр сууц олохоос эхлээд Элчин сайдын яамны дайтай болгох ажлыг бүгдийг өөрөө хийсэн. Манай Элчин сайдын яаманд Мао Зэдун хэд хэдэн удаа ирсэн тухай ярихдаа аав “Мао дарга том, бага аливаа асуудалд маш логиктой, Хятадын эртний гүн ухаантны сэтгэхүйн арга барилаар ярьдаг байсан” хэмээн дурсаж байв.
Мао Зэдун “Манай улс танайд их өртэй. 200 гаруй жил ноёрхсоныхоо төлбөрийг бид төлөх ёстой”, “Эртний сударт зүүн хойд зүгээс том дугуйтай тэрэг хөллөсөн хүмүүс нүүдэллэн ирэв гэсэн нэгэн зүйл байдаг юм. Тэднийг би монголчууд байсан байх гэж боддог”, “Та нар толгой дээгүүр байх ёстой” гэх мэтийн үгсийг нэг бус удаа хэлснийг аав “Манжийн ноёрхлыг Хятад өвлөж авсан”, “Та нар ингэж өөрсдөө ирж бидэнтэй нэгдсэн”, “Оросуудын өмнө битгий бөхөлзөөд бай” гэсэн санаагаа далдуур илэрхийлсэн хэрэг хэмээн тайлж ойлгосон талаараа ярьж байсан.
-Б.Жаргалсайхан гуай дипломат алба хашихын хажуугаар цөөнгүй ном бичсэн байдаг.
-Аав түүх, танин мэдэхүй, уран зохиолын 10 ном бичсэн. Үүний наймыг нь гавьяаны амралтад суусныхаа дараа хэвлүүлсэн. “Алаг жарны бодрол” номондоо нэг жарны Монголын улс төр, нийгмийн амьдрал, нөхцөл байдал, гадаад бодлогын талаар бичсэнийг хүмүүс сайн мэднэ. Хоёр жилийн өмнө номыг нь хоёр дахь удаагаа хэвлэсэн.
Хэдхэн сарын өмнө аавын тэрхүү номыг англи хэлнээ орчуулж хэвлэх санал АНУ-аас ирснийг зөвшөөрсөн. “Гучаад оныхон”, “Хувь тавилангийн эрхшээл” гэдэг ном нь манай улсын 1930, 1940-өөд оны аж амьдрал, улс төрийн дотоод нөхцөл байдлын талаар өөрийн үзсэн, харснаа, мөн оролцож явсан тухайгаа бичсэн байдаг.
-Нэрт дипломатчийн удам залгасан хүүтэй ярилцаж буй учраас аавын тань талаар нэлээд дурдлаа. Ээж тань бас тухайн үеийнхээ сэхээтэн бүсгүйчүүдийн нэг байсан гэл үү?
-Миний ээж Сайн ноён хан аймгийн Хөндлөн мэргэн хошууны засаг ноён Мэргэн гүн Гомбожав гэдэг сонин түүхтэй эх оронч, эрдэмтэй хүний охин Цэрэнгийн Марта гэдэг хүн байв. Гомбожав өвөө хошуу ноёны хэргэмээсээ татгалзан, номын мөр хөөж Герман, Францад суралцсан ХХ зууны эхэн үеийн Монголын тэргүүний сэхээтнүүдийн нэг байжээ.
Өвөө маань Монгол хэлний тайлбар толь зохиох, монгол хэл, бичгийг сайжруулах ажилд оролцож явсан. 1937 онд тухайн үеийн монгол судлалын томоохон төв Ленинградад сурч, ном бичиж байхад нь түүнийг гадаадын тагнуул, хорлон сүйтгэгч хэмээн баривчилж, бичиж байсан болон хичээн цуглуулж байсан ном, материалыг нь хураасан байдаг. ЗХУ-д хилс хэргээр хоригдож байгаад учир битүүлгээр таалал төгссөн өвөөг маань 1956 онд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн комиссын шийдвэрээр цагаатгасан юм.
Ээжийг багад нь Дашийн Балдандорж гэдэг айл үрчилж авсан бөгөөд үрчилж авсан ээжээрээ овоглосон юм билээ. Ээж 1950-иад оны дунд үед МУИС-ийг монгол хэлний багш мэргэжлээр төгссөн. Аавыг дагаж явахын хажуугаар мэргэжлээрээ ажиллаж, үр хүүхдүүдээ өсгөн, “Ёс горимын зарим асуудал” хэмээх ном бичиж олны хүртээл болгож байсан. Ээж минь аливаа асуудалд бодитой, шударга, асуудалд шүүмжлэнгүй хандаж чаддаг хүн байсан.
-Мэргэжлээ сонгоход аав тань нөлөөлсөн үү?
-Үгүй дээ. Тийм шаардлага байгаагүй. Би аав, ээжтэйгээ хамт хэд хэдэн орноор явсан учраас өөрөө олон улсын харилцааг, нэн ялангуяа олон улсын хуулийг сонирхдог байсан.
-Таны намтарт 1969 онд Египет Улс дахь Америкийн их сургуульд улс төр судлаачийн мэргэжлээр сурсан гэсэн байна билээ. Америкийг дайсан мэт үздэг байсан тэр үед Америкийн их сургуульд сурахыг зөвшөөрч байв уу?
-Тэр сургуулийг төгсөж чадаагүй. Төлбөр өндөртэй сургуульд суралцаж төгсөнө гэдэг тэр үед боломжгүй зүйл байсан учраас тэнд жил хагас сураад, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд орж, олон улсын эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Дараа нь аспирантурт эчнээгээр сурч, олон улсын байгууллага, хурлын шийдвэр гаргах олон улсын эрхзүйн асуудлаар (өөрөөр хэлбэл дипломат арга тактикийн асуудлаар) диссертацаа бичиж, хаалттай хамгаалсан.
Судалгааны ажлууд маань хожим амьдрал дээр яриа хэлэлцээ хийх, манай талд нааштай шийдвэр гаргуулахад хэрэг болж байлаа.
-Ажлын гараагаа та хаанаас эхэлж байв?
-Олон улсын харилцааны сургууль төгссөн учраас ГЯЯ-ны Гэрээ эрхийн хэлтэст хуваарилагдсан. Тэр үед манайх олон улсын гэрээ конвенцод нэгдэж орох асуудлыг судлах, мөн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн шугамаар олон төрлийн гэрээ, хэлцэлд нэгдэж орох хэрэгтэй байсан учраас орчуулгын ажилд их дайчлагддаг байлаа.
-Дөнгөж төгсөж ирсэн залуу ажилтны туулдаг бэрхшээлийг туулсан уу, эсвэл аавынхаа нөмөр нөөлгөөр гайгүйхэн өнгөрсөн үү?
-Бусад залуу ажилтнуудын адил байсан. Олон нийтийн болон бусад ажилд бусдын адил дайчлагдана. Харин ажил мэргэжилдээ гологдож, адлагдаж явсангүй.
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн хуулийн болон гадаад бодлогын зөвлөх, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ямар, ямар бодлого, шийдвэр боловсруулахад нь оролцсон бэ?
-1990-ээд оны эхээр шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, гадаад шинэ нөхцөл байдлыг зохих ёсоор тусгасан Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын болон Цэргийн номлолын үндсийг тодорхойлсон гурван баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд зохион байгуулснаараа бахархаж явдаг.
Тэр үед улс төрийн уур амьсгал эерэг, улс төрийн нам, хүчнүүд хамтдаа Монгол Улсад тун хэрэгтэй эдгээр үзэл баримтлалыг гаргахаа сайтар ухамсарлаж, ойлгохгүй зүйлээ шууд асууж, хариулт аван нэгдсэн ойлголттой болж байв. Улс төрийн намуудын хамтын ажиллагааны үр дүнд гайгүй сайн бодлоготой болсон гэж үздэг.
Тэдгээрийг шинэчлэхдээ баримт бичгүүдийнх нь хэрэгжилтийг дүгнэж, ямар заалт нь сайн, аль нь тааруу хэрэгжсэнийг зөв тогтоосон бол цаашид манай улс эдийн засгийн аюулгүй байдалдаа түлхүү анхаарах шаардлагатай байгаа дүр зураг гарах байлаа.
Хуулийн зөвлөхөөр богино хугацаанд ажиллахад Үндсэн хуулийн үзэл санаа, заалтын дагуу УИХ-д өргөн барьсан, хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгч, ЕТГ-ынхантай зөвлөлдөж, Ерөнхийлөгчийн бодлого, байр суурийг боловсруулахад оролцож байв. 1992 онд Ерөнхийлөгч П.Очирбат гуай Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай санаачилга гаргасны дагуу түүнийг бусад оронд, нэн ялангуяа хөрш болон цөмийн зэвсэгтэй орнуудад зөв тайлбарлаж ойлгуулах талаар нэлээд ажилласан.
-Та бас НҮБ-д улсаа төлөөлөн Байнгын төлөөлөгчөөр ажилласан. Аав, хүү хоёр НҮБ-д эх орноо төлөөлсөн тохиолдол та хоёроос өөр байхгүй. Энэ бол бахархам хувь тавилан. Тэр үед аав тань танд юу захиж байв?
-Аавынхаа хашиж байсан албыг хаших болсноо их бэлгэшээж, хичээж ажилласан. Намайг томилогдоход аав минь олон улсын харилцаанд амь бөхтэй бичигдээгүй хууль үйлчилдгийг байнга санаж явах, асуудалд өөрийн буюу жижиг улсын ашиг сонирхлын үүднээс хандах, сул талаа эргүүлж хөшүүрэг болгох, асуудлыг шийдэхэд эвийг олж, аясыг тааруулахад анхаарах хэрэгтэй гэж захиж байсан.
Мөн социалист орнуудын хоорондын харилцаа, их гүрний бодлого, хандлага, жижиг улсуудын эв санааны нэгдэл гэх мэт олон асуудлыг өөрийн туршлагаас хэлж өгсөн. Тэдгээр захиас, зөвлөгөө нь миний ажил, амьдралд их хэрэг болдог.
Миний НҮБ-д ажилласан жилүүд бол манай шинэ гадаад бодлогыг олон улсад таниулсан он жилүүд байлаа. 1990-ээд оны дундуур гэхэд манай улс шинэ Үндсэн хуулиа, мөн дээр дурдсан бодлогын чанартай гурван баримт бичгээ батлаад, хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, их гүрнээс хараат бус, бие даасан гадаад бодлогоо хэрэгжүүлж, улсынхаа ашиг сонирхлыг урьтал болгож эхэлсэн үе юм.
Намайг Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байх үед Монгол Улс нэлээд олон асуудал дээр АНУ-аас өөр санал өгснийг АНУ анзаарч, Гадаад харилцааны дэд сайдад анхааруулж байсан байдаг. Түүнийг би шүүмжлэл гэхээсээ илүү бие даасан бодлогын илэрхийлэл гэж хүлээж авсан. Нэг хэцүү зүйл бол тэр үед манай улс НҮБ, түүний энхийг сахиулах үйл ажиллагаанд их өртэй байсан. Гурван жил орчим ажилласны дүнд манай улс өрөө дарсан нь биднийг улс төрийн гэхээсээ илүү сэтгэл зүйн дарамтаас ангижруулж, бусадтай эн зэрэгцэн, нүүр бардам ажиллах боломжийг олгосон.
Монгол Улсаа, түүх соёлоо Нью-Йоркт сурталчлах зорилгоор 2000, 2001 онд хоёр жил дараалан айлын талаас хөрөнгө босгуулан соёлын өдрүүдийг зохион байгуулсан. Энэ хугацаанд төрөл бүрийн сангаас нийтдээ 240 мянга орчим ам.долларын хөрөнгө босгосон. Манайхыг сонирхсон хүн олон байсан, мөн хөрөнгө босгох аргыг ч зах зухаас нь сурч эхэлсэн нь тэр.
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Монгол улсад онцгойлон дэмжлэг үзүүлж, “зуд” хэмээх нэр томьёог НҮБ-ын баримт бичгүүдэд оруулахад таны хүчин чармайлт их байсан гэдэг юм билээ?
-Миний хүчин чармайлт ч юу байх вэ дээ. Зуд гэдэг байгалийн аюултай үзэгдлийг зөв ойлгуулах шаардлага байсан. Үүнийг тайлбарлахад нэлээд хүндрэл гарч, олон зүйлийг тоочих хэрэгтэй болсон. Англи хэлэнд зуд гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйлд оноож өгсөн нэр байхгүй учраас “Цас их орж мөс тогтсоны улмаас мал олноороо хорогддог үзэгдэл” гэх мэтээр тайлбарлах болно.
Ж.ЭНХСАЙХАН: Хөрш орнууд манай хилийн ойролцоо цөмийн хаягдлаа
булшлахаар завдаж байна
Тэгснээс энэ бүгдийг агуулсан зуд гэдэг үгийг НҮБ-ын хэллэгт нэвтрүүлэх нь дээр гэж үзсэн. Манайхаас хэн ч байсан энэ үг НҮБ-ын хэллэгт орох байсан биз ээ.
-Кофи Аннан манай улсад айлчилж, дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу хандуулсан. Үүнд НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн хувь нэмэр орсон байж таарна. Тэр үед ямар үйл явдал, яриа хэлцэл өрнөж байсныг дурсвал сонин байх?
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүн орнууддаа үе үе айлчилдаг, гэхдээ тогтсон хугацаа байхгүй. Элчин сайд бүр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг айлчлуулах, НҮБ-тай тогтоосон харилцаагаа өргөжүүлэх бодолтой байдаг. Бид ч мөн тэгж ажилласан. Манай идэвхтэй гадаад бодлого, улс оронд өрнөж байсан ардчиллын үйл явц, мөн Монгол Улс НҮБ-д төлөх өрөө барагдуулсан нь тус нэмэр болсон.
-Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарлах, энэ статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, цөмийн зэвсэг бүхий орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд амаргүй байсан уу?
-Тэр их амаргүй байсан. Энэ асуудлаар олон улсын, нэн ялангуяа хоёр хөрш болон цөмийн зэвсэгтэй улсуудын дэмжлэгийг авах, статусаа боломжийн хэмжээгээр баталгаажуулахад нэлээд хүчин чармайлт гаргаж, цаг ч их зарцуулсан. Тэр тусмаа цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй энэ талаар яриа хэлэлцээ хийхэд хэцүү байв. Тэд бидэнтэй уулзахаасаа өмнө манай асуудлаар хэрхэх талаар урьдчилан ярилцаж, үүнийгээ бидэнд мэдээлдэггүй байлаа. Мөн нэг бус удаа битүү аргаар улс төрийн сүрдүүлэг ч хийж байв.
Эхний үед нэг ширээний ард суугаад бодлого, байдлаа тайлбарлах үед тэд бие бие рүүгээ сонин сонин харцгааж, эвэртэй туулай үзсэн мэт болцгоодог байснаа аажмаар бие биенээ ойлгож, хүндэтгэдэг, яриа хэлэлцээ явуулдаг болсон. Нэг жижиг улстай таван гүрэн яриа хэлэлцээ хийх нь гаднаас харахад зохимжгүй гэж үзэх учраас бид голдуу АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байлаа. Баталгаа олж авахын тулд давхардсан тоогоор цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн мэргэжилтэн, Элчин сайд нартай 80 гаруй удаа уулзаж, ярилцсан байдаг.
Тэр үед манайхыг Туркменистаны адил байнга төвийг сахисан улс болгоё гэсэн санал ч гарч байсан. Бид хариуд нь “Байнга төвийг сахисан улс гэж зарласан нэг удаагийн тогтоол бидэнд хэрэггүй, аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй” гэж хэлж байв. Ямар ч л гэсэн тэд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг хүлээн зөвшөөрч, түүнийг зөрчих аливаа үйлдэл хийхгүй гэдгээ манайд төдийгүй өөр өөрсдөдөө амлаж, дэлхийд зарласан.
Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгээр хөөцөлдөх давалгаанд Монгол Улсыг татан оролцуулахгүй гэсэн баталгааг хамтарсан тунхаглал хэлбэрээр гаргасан гэж хэлж болно. Хоёр жил тутам манай энэ асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцэж, тогтоол гаргадаг. Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг урагшлуулж, цөмийн зэвсэгтэй таван гүрнээр эрх зүйн үндэстэй баталгаа гаргуулах ажил орхигдоод буйд санаа зовж байна. Энэ ажлыг монголчууд бид урагшлуулахаас өөр улс хийхгүй шүү дээ.
Үүнд анхаарах хэрэгтэй гэж боддог. Энэ асуудалтай холбогдуулж хоёр зүйлийг цохон тэмдэглэмээр байна. Тогтоол зөвхөн манай цөмийн зэвсгээс ангид статусын асуудлыг зохицуулж байгаа хэрэг биш юм. Тогтоолын нэр нь “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”. Яриа хэлэлцээ хийсний дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын гадаад аюулгүй байдал, түүний дотор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал зэрэг асуудлыг хамарч байгаа учраас эдгээр асуудалд манай улс анхаарлаа онцгойлон хандуулж, НҮБ-тай идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй.
Хоёрдугаарт, НҮБ болон цөмийн зэвсэг байгаа цагт манай энэ асуудлыг Ерөнхий Ассамблей хоёр жил тутам хэлэлцэж тогтоол шийдвэр гаргах нь нэг ёсондоо Монгол Улсын гадаад аюулгүй байдал олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд байгааг харуулж буй хэрэг. Тиймээс бид энэ асуудлыг гадаад бодлогоо хэрэгжүүлэх улс төрийн чухал арга хэрэгсэл болгож ашиглах хэрэгтэй юм.
-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Судалгаа шинжилгээний ажлын хажуугаар “Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирлын албатай. Яг одоо бол хоёр чиглэлээр судалгаа хийж, анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нэг нь, Зүүн хойд Азид тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн ТББ-уудтай хамтран ажиллаж байна.
2015 онд Улаанбаатарын үйл явц гэгчийг эхлүүлж, жил бүр хурал хийж байгаа. “Цэнхэр сүлд” энд голлох үүрэгтэй. Өнгөрсөн долдугаар сард Умард Солонгосын байгууллагын урилгаар Пхеньянд айлчилж, ойрын 2-3 жил Улаанбаатарын үйл явцын чиглэлээр хийж болох ажлын талаар ярилцсан.
Хоёр дахь нь, хөрш орнууд манай нутгийн ойролцоо цөмийн ашигласан түлшээ булах бодлого явуулж буйг төрийн эрх барих байгууллагуудад ойлгуулж, сануулахаар оролдож байна. Хөрш орнууд цөмийн ашигласан түлшээ хаана, хэрхэн булшлах гэж байгаа талаар бодитой мэдээлэл олж авахын тулд манай улс ойрын хоёр сард багтааж Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцод нэгдэж орох хэрэгтэй байгаа юм.
Хэрэв тэгвэл ирэх оны тавдугаар сард болох уг конвенцод нэгдсэн талуудын хуралд бүрэн эрхтэйгээр оролцож, мэдээлэл авах боломжтой болно. Дараагийн хурал нь 2021 онд болох бөгөөд тэр үед БНХАУ Ганьсу мужийн Бэйшаньд цөмийн аюултай хаягдлаа байрлуулах талаар эцсийнхээ шийдвэрийг гаргана. Тэгсэн цагт манай улс яаж ч ажиллаад тэрхүү шийдвэрийг нь өөрчлөх боломжгүй болно.
Мөн 2025 он гэхэд манай хойд хөрш Красноярск мужийн Нижнеканскийн чулуулаг хөрсөнд аюултай шаар хаягдлаа булшлах, эсэх шийдвэрээ гаргана. Энэ талаар УИХ мэдээлэлтэй байгаа боловч өнөөг хүртэл конвенцыг соёрхон батлах шийдвэр гаргаагүйд санаа зовж байна.
-Энэ конвенцод нэгдсэнээр манай улс нутаг дэвсгэртээ цөмийн хог хаягдал булшлуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ гэх болгоомжлол байдаг биш үү?
-Юу гэж дээ. Конвенцыг уншихад, мөн олон улсын нарийн мэргэжлийн хүмүүсээр тайлбарлуулсан ч бусад улс орны ашигласан түлш буюу шаар хаягдлыг авах үүргийг конвенцод оролцогч улсууд хүлээхгүй. Тиймээс конвенцод нэгдэж орохыг эсэргүүцэж байгаа хүчнүүд чухам ямар учраас конвенцод нэгдэж орсноор нарийн мэдээлэл олж авч, түүнийхээ үндсэн дээр хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээ хийхийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна.
Үүнийг сайтар бодох хэрэгтэй. Цаг их алдаж байна. Хэрэв манай хоёр хөрш эцсийнхээ шийдвэрийг гаргачихвал манай улс яаж ч учирлаад, шаардаад тэрхүү шийдвэрийг нь цуцлуулах боломжгүй болж, хөрш орнуудтайгаа мөнхийн хэрүүлийн алим “өнхрүүлэх” болно. Тэгэх нь ямар ч л гэсэн манайд тун ашиггүй.