Өнгөрсөн ням гаригт “UB palace”-т болсон “Нүргээн” тоглолтын үеэр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таарч, ярилцав.
-Таныг олж уулзах гэж их явлаа. Харин энд таарлаа.
-Өнөөдөр арванхоёрдугаар сарын 10. Одоогоос 28 жилийн өмнө МоАХ-ны анхны чуулганыг нээж, удирдаж байлаа. Энэ өдөр “Хурд”, “Никитон”-ы “Нүргээн” тоглолт таарлаа. Сайхан л байна.
-Энд тоглолт үзэж байгааг тань дуучин Батчулуун хэлэхэд бүх хүн алга ташсан. Ямар санагдав?
-Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай. Өнгөрсөн долдугаар сараас хойш ийм олон хүний өмнө анх удаа харагдлаа.
-Таныг ч бараг тоглолт үзүүлэхгүй шахам хүмүүс зураг авахуулаад, зарим нь урьж бүжиглэж ч байх шиг.
-Ингэж явах чинь сайхан шүү дээ. Олныхоо дунд би жаргалтай байдаг.
-Ерөнхийлөгч Элбэгдорж юу хийж байгаа бол, юу хийх бол гэсэн хүлээлт, бас болгоомжлол улс төрийнхний дунд, хэвлэлийнхэнд ч их байна. Та юу хийж байна вэ?
-Монгол ус, мод гээд санаачилга дэвшүүлээд ажиллаж байна. Нэг ч болов илүү мод тарья, нэг ч болов гол, цөөрөм, нуур, татам үлдээе гээд явж байна.
Мөн шинэчлэлийн асуудлаар сонирхсон хүмүүст зөвлөгөө өгч байгаа. “Дэлхийн бодлого” олон улсын чуулганд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад бэлгээ гардуулж өглөө. Өмнө нь харьцаж байсан зарим удирдагчтай уулзаж, ярьж хөөрөлдлөө. Сонин ихтэй л байна.
-Цаг байдаг бол танаас сонин их сонсмоор л байна. Шинэчлэлийн асуудлаар зөвлөгөө өгч байгаа гэлээ. Энэ тухайгаа хэлж болох уу?
-Шинэчлэл дуусахгүй. Тиймээс зөвлөгөө дуусахгүй. Бүх газарт л шинэчлэл хэрэгтэй байдаг. “Энэ л голтой юм хэлэх байх” гэж хүмүүс боддог бололтой. Зовлон үзсэн чавганц гэж ярьдаг даа.
-Ирээдүйн төлөвлөгөөг тань сонирхож байна. Та улс төрд эргэж орох уу?
-Монголтой холбоотой сайн бүхэнд хувь нэмрээ оруулах нь миний байнгын зорилго. Түүх, соёл, уламжлал, нэр, харилцаа холбоо гээд хийх ажил их бий.
Мөн байгаль орчин, орчны бохирдол гээд миний үргэлж санаа зовдог ажлууд ч байгаа. Өнгөрснийг эргэцүүлэн бичих, хийх ажил ч бий. Шинэ санаа оноо байнга л төрж байна.
-Миний сонирхсон улс төртэй холбоотой асуултад та хариулаагүй л байна.
-Монголын төлөө бол гал ч барина. Монголчууд гэрээ шинэчилж барих цаг ирж байна. Тэнд хийх ажил их бий. Хуучин улс төрийн хувьд би гадаа нь байгаа хүн. Гэрийн хуучин хэрүүл надтай, надгүй явж л байна.
-Та нэлээд удаан чимээгүй байлаа. Ялангуяа сошиалаар таныг их харлуулах юм.
-Тэр чинь харин зүгээр юм биш үү. Мартуулахгүй. Намайг гутааж цалин, мөнгө, шагнал авдаг амташсан, мэргэшсэн бүлэглэл үүсээд удаж байгаа.
-Тэр бүлэглэлийг нэрлэж болох уу. Та хариу няцаалт хийхгүй юм уу?
-Нэрлэсэн ч, нэрлээгүй ч хүмүүс мэднэ. Ганц хоёрхон хүн л санхүүжүүлж, хор, тэжээлээр хангаж байдаг юм. Тэр нь авах юмгүй гүтгэлэг, гутаалт байдаг. Сүүлийн үед “Таныг арай дэндүүлж байна” гээд надаас илүү дургүйцлээ илэрхийлэх хүний тоо ихсэж байна.
Хэрүүл, зөрчил, хов л монголчуудын хайран цагийг хамгийн их шатаадаг. Тэр цагаа хийж бүтээхэд зориулбал... гэж бодогдох л юм. Эхлээд асуудал тойрч зөрчилддөг байснаа хувь хүн хоорондын зөрчил нь асуудлаасаа томроод, зарим нь улсдаа, аймагтаа багтахгүй болдог. Үүнийг ойлгох, зохицуулахыг улс төрд шинэ хандлага, урлаг гэж сүүлийн үед нэрлэх болж дээ.
-Орчны бохирдолд санаа зовж байгаа гэлээ. Энэ талаар тодруулна уу?
-Болдог бол энэ утаа, бохирдлын эсрэг бүгд босмоор байна. Нэгддэг бол энэ гамшигт цэг тавихын төлөө бүгдээрээ нэгдмээр байна. Энэ утаа, хөрсний хор биднийг баллах нь. Байнгын бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Үүнээс болж өвдөж зовохгүй хүүхэд гэж алга. Аав, ээж гэж алга. Энэ хэдэн эмч, сувилагч дайны талбарт байгаа юм шиг л зүтгэж байна. Саяхан би нэг эмнэлгээр орлоо. Хүнд байна.
-Ямар шийдэл харж байна вэ?
-Шийдэл бол зөндөө. Мэдээж нэг аргаар шийдэхгүй. Тууштай, нэгдсэн, байнгын бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг УИХ болон Засгийн газрын гишүүд, хотын захиргааныхан, иргэдээр өргөтгөн хуралдаад тодорхой зөвлөмж, шийдвэр, төлөвлөгөө гаргасан. Бас шинэ санаа оноо, шийдэл ч их гарч байгаа. Хамтраад ажиллая. Монгол Улс энэ гамшигт байдлаас хэзээ нэгэн цагт ангижирч л таараа. Гэхдээ яарахгүй бол болохгүй.
-Та яараад байх шиг байна. Дараа тантай дэлгэрэнгүй ярилцаж болох уу?
-Ярилцлага авах хүсэлт тасрахгүй юм. Би ойрд фэйсбүүк, твиттерээ идэвхтэй ашиглахгүй байгаа. Хүмүүсээс ирж буй асуултад сардаа нэг удаа хариулж хэвшихээр төлөвлөж байна. Бодитой нэр хаягнаас хандсан тодорхой асуултад дуртайяа хариулна. Хэвлэлийнхэнд ч ялгаагүй.
-Цаг гаргасанд баярлалаа, танд.
-Бүгдэд нь ардчиллын ойн болон шинэ оны мэнд хүргэе. Сониныхондоо мэнд хүргээрэй. Баяртай.