21 хоног гуурсаар хооллон, нянгийн эсрэг эмчилгээ хийлгэсэн хүүгийн хүслийг биелүүлж, эмчлэгч хоёр эмч нь амтат бялуу, “Монгол хэлээ сайн сураарай гээд” Д.Урианхай гуайн шүлгийн номыг дурсгажээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ оны нэг дүгээр сарын 13-нд хоолойн мах авахуулах мэс засалд орох явцдаа халдвар авсны улмаас 18 настай Жомартын Габдурахим хиймэл гуурсны тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байна гэсэн мэдээлэл, нүд халтирам зургийн хамт олон нийтийн сүлжээгээр тархсан билээ.
Мэс засалд орсноос хойш бараг жил болох гэж буй ч хүү үхэх, сэхэхийн ирмэгт байна гэсэн мэдээллийн дагуу бид Габдурахимын ээж Н.Назигүль, Баян-Өлгийн Нэгдсэн эмнэлгийн эмч О.Ментай, яаралтай мэс засал хийсэн УНТЭ-ийн эмч нартай уулзсан юм. Хүү одоо Монгол, Солонгосын хамтарсан “Сөүл” эмнэлэгт хэвтэж буй бөгөөд биеийн байдал нь сайжирчээ.
Тэрбээр ирэх хавар 12 дугаар ангиа төгсөх ёстой ч өвчний улмаас нэгдүгээр сараас хойш хичээлдээ яваагүй аж. Эхлээд түүний ээж Н.Назигүлийн яриаг хүргэе.
-Хүүгийн тань бие яаж байна?
-Одоо сайжирч байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоолойн мах авах хагалгаанд ороод халдвар авч, халуурч өвдсөн юм. Мэс засалд орсон орой нь хүүгийн минь хүзүү хөдлөхөд зовиуртай байхаар нь эмчид хэлсэн ч “Зүгээр ээ, эрх хүүхэд байна” гэсэн. Эмнэлгээс гарснаас хойш хоёр өдрийн дараа халуураад иртэл “Цөс нь өвдөж” гээд явуулсан.
Тэтгэвэртээ гараад хувийн эмнэлэгт ажиллаж буй нэг эмчид үзүүлтэл “Халдвар авсан байна. Яаралтай хот руу яв” гэсэн. Ингээд онгоцны тийз яаралтай олж, УНТЭ-т нэгдүгээр сарын 28-нд цээжний голт, үүнээс хоёр хоногийн дараа өвчүү нээх мэс засалд орж, 45 хоног хэвтлээ.
Эмнэлгээс гараад сарын дараа амьсгал нь тасалдаад буцаад ирсэн. Цагаан мөгөөрсөн хоолойд нь шарх үүссэн, 50-70 хувийн нарийсалтай байна гээд ХСҮТ-д мэс засалд оруулсан.
-Эмнэлгээс гарсны дараа зовиур илэрсэн. Хоолойн мах авах хагалгаа сайн болсон гэх юм. Яг юу болсон юм бэ?
-Хагалгаанаас гарсны дараа л хүзүү нь хөдлөхгүй байсан. Мэс засал хийх үед эмчийн нүүр рүү цус үсэрсэн гэсэн. Тэгэхэд их өвдсөн гэнэ лээ. Гэрээсээ ямар халдвар авах вэ. Өлгийн эмч нар халдвар орох зам нь нээгдсэн юм шиг байна гэсэн. Багажаа сайн ариутгасан, эсэхийг бид мэдэхгүй. Тэгээд ч мэс засал хийсэн эмч нь хараа муутай, нүдний шил зүүдэг. Хоолойн махыг нь гүйцэд аваагүй ч байж мэднэ.
Хүүгийн минь хүзүү хөдлөхгүй байхаар нь эмчээс “Судсыг нь тасалчихсан юм биш үү” гэж асуусан. Гэртээ гараад хоёр хоноход халуун нь 39 хэмээс буугаагүй. Түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь очиж үзүүлтэл “Цифазолин” тариагаар бичиж өгсөн. Түүнийг нь дөрөв хоног тарьчихаад нэмэргүй болохоор нь дахиад эмнэлэгт очсон. Аргаа бараад хувийн эмнэлэгт хандахад “Халдвар орсон байна, Улаанбаатар руу яв” гэсэн л дээ.
-Олон нийтийн сүлжээгээр цацагдсан зураг УНТЭ-т хийсэн мэс заслын дараах үеийн зураг юм билээ. Шарх нь эдгэрсэн ч одоо хүртэл ийм байдалтай байгаа мэт сэтгэгдэл хүмүүст төрүүлж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. 256 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тиймээс “Эм тариа, ор хоногийн мөнгө олоход хэцүү байна, та нар тусалж чадах уу” гэж УНТЭ-ийнхнээс асуусан. Тэд нутгийнхаа бизнес эрхлэгчдээс асуугаад үзэхгүй юү гэхээр нь тэдэнд хандсан ч бүтээгүй. Харин охины минь найзууд хүүгийн зургийг фэйсбүүктээ тавьсан юм билээ. Казах хэлээр бичсэнийг кирилл рүү хөрвүүлэхдээ УНТЭ-ийн эмч нарын хийсэн хагалгаа амжилтгүй болсон гэж буруу бичсэн байсан.
Тэндхийн мундаг эмч нарын ач тусаар хүү минь амьд үлдсэнд үнэхээр их баярлаж сууна. Харин Баян-Өлгийн Ментай эмчид гомдолтой байна. Шүүхэд хандана гэж бодож байгаа. Тэр эмчийн буруугаас болж хүү минь мэс засалд долоон удаа орлоо. Эхлээд хоолойн мах авахуулах мэс засалд орсон. Дараа нь буюу нэгдүгээр сарын 28-нд цээжний голт, үүнээс хоёр хоногийн дараа өвчүү нээх мэс засал хийлгэсэн.
Гэтэл цагаан мөгөөрсөн хоолойн нарийсал гээд ХСҮТ-д хагалгаанд орж, үүний дараа сорви нь үрэвссэн гээд дахин мэс засалд орж, гуурс тавиулсан. Гэтэл амьсгалын дутагдалд орж, Солонгосоос стент (гуурс) захиж авчруулахаар болсон. Тэр нь иртэл амьсгалын дутагдал гүнзгийрсэн учраас өөр гуурс тавьсан. Ингээд энэ сарын 12-нд Солонгосоос авчирсан гуурс тавиулаад байна.
Долдугаар сард УНТЭ-т ирэх гээд хүүгийнхээ өвчний түүхийг аймгийнхаа эмнэлгээс авах гэтэл энд тэнд байгаа гээд өгөөгүй. Ингэсээр байгаад есдүгээр сарын 29-нд хүүгийнхээ картыг авсан юм. Гэтэл хүүгийн минь өвчний түүхийг өөрчилчихсөн байсан. Мэс засалд ороход нь 40 000 төгрөг өгөөд, хагалгаа хийхийг зөвшөөрсөн гарын үсэг зурсан.
Тэгсэн миний гарын үсэгтэй хуудсыг сольсон байна. Эх нь гээд миний нэрийг өөрөө бичсэн байна лээ. Бас аваагүй шинжилгээг авсан болгож бичсэн байсан. Ингэхдээ албан тушаал, гарын үсгээ зураагүй. Би хүүгийнхээ өвчний түүхийн дэвтрийн хоёр хэсэгт нь тэмдэг тавьчихсан байсан юм.
О.МЕНТАЙ: БИ 672 ХҮҮХДЭД ХООЛОЙН МАХ АВАХ МЭС ЗАСАЛ ХИЙСЭН, ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙГААГҮЙ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн эмч О.Ментайгаас болсон явдлын талаар тодрууллаа. Тэрбээр ЭХЭМҮТ-д сургалтад суухаар иржээ.
-“Аймгийн нэгдсэн эмнэлэгт хоолойн мах авахуулах мэс заслын үеэр хүүхэд нь халдвар авч, бие нь хүндрэн амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн” гэж Габдурахимын ээж ярьсан. Та мэс засал хийсэн эмчийн хувьд юу хэлэх вэ?
-2017 оны нэгдүгээр сарын 13-нд төлөвлөгөөт журмаар дөрвөн хүүхэд хоолойн мах авахуулах мэс засалд орсон. Тэдний хоёр дахь нь Габдурахим байсан. Хагалгааны явцад цус алдах, залгиур дахь бусад эрхтнийг хөндөх зэрэг хүндрэл гараагүй. Ном журмын дагуу хагалгаа 25-30 минут үргэлжлээд амжилттай дууссан.
Мэс засалд орсон бүх хүүхэд эдгэрээд эмнэлгээс гарсан. Харин Габдурахим дөрөв хоног эмнэлэгт хэвтсэн. Учир нь түүний ээж “Манайхан ханиадтай байгаа учраас хэд хоног эмнэлэгт байлгая” гэж хүссэн тул дөрөв хонуулаад гаргахад халуунгүй, зовиургүй байсан.
-Тэгвэл юунаас халдвар авсан гэж эмч хүний хувьд бодож байна вэ?
-Юунаас ч халдвар авсан байж болно. Хэрэв эмнэлгийн дотоод халдвар байвал тухайн өдөр тухайн мэс заслын өрөөнд хагалгаанд орсон бүх хүүхдэд халдварын шинж илрэх ёстой, тэгээгүй. Хэрэв хагалгаа хийх явцад халдвар авсан бол хүзүү хавдаж, булчирхай цочих, хагалгааны шарх идээлэх гэх мэт зүйл ажиглагдана.
Ийм зүйл байхгүй, шууд цээжний голт үрэвссэн байгаа юм. Энэ их өвөрмөц тохиолдол. Улсын хэмжээнд ийм хүндрэлүүд тохиолддог. Дээрх голтын үрэвслийн улмаас хүүхдүүдэд эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг.
-“Гэрээ сайн цэвэрлээд хүүхдээ хүлээж авъя гэтэл ачааллаа даахгүй байна гээд хөөх нь холгүй эмнэлгээс гаргасан. Эмнэлэгт байхдаа хүү минь хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байсан” гэсэн нь ямар учиртай юм бол?
-Эмнэлэг халдвартай орчин учраас хүүхдээ хурдан гаргах хэрэгтэй. Аль ч эмнэлэг, III шатлалынх ч ийм хагалгааны дараа өвчтөнийг хоёр хонуулаад, зөвлөгөө өгөөд гаргадаг. Габдурахим нэгдүгээр сарын 17-нд эмнэлгээс гараад 24-нд “Халуурлаа” гээд ирсэн. Хагалгааны дараах 11 дэх хоног дээр халуурсан зовиуртай ирсэн учир эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт гурав хоног зохих эмчилгээг нь хийж Улаанбаатар хот руу шилжүүлсэн.
Мэс засал хийсэн дөрвөн хүүхдийн багаж, халаадыг зориулалтын биксэнд (ариутгалд өгөх зориулалтын сав) хийж авчирдаг. Эдгээр багажаар мэс засал хийлгэсэн бусад хүүхэд ямар нэгэн халдваргүй эдгэрээд гарсан. Би 2013 оны гуравдугаар сарын 1-нээс аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Энэ хугацаанд нийт 672 хүүхдэд хоолойн мах авах мэс засал хийсэн. Янз бүрийн хүндрэл гарч байгаагүй. Манай аймаг алслагдсан учраас тэдгээр хүүхдэд хагалгаа хийснээр чирэгдэл, зардлыг багасгахаас гадна улсын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж байна.
МАШ ХҮНД ХҮҮХДИЙГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОН
УНТЭ-ийн Чих, хамар хоолой судлалын тасгийн эрхлэгч, доктор Л.Бямбасүрэн, тэргүүлэх зэргийн эмч С.Нэргүй, Г.Гантогос, ахлах зэргийн эмч Э.Алтандөш, резидент эмч Н.Ган-Эрдэнэ нартай уулзсан юм.
-Ж.Габдурахим танай эмнэлэгт анх ямар оноштой, бие нь ямаршуу байдалтай ирсэн юм бэ?
Э.Алтандөш-Баян-Өлгий аймгийн харьяат Ж.Габдурахим энэ оны нэгдүгээр сарын 28-ны бямба гаригийн 15.00 цагт манай эмнэлэгт ирсэн. “Хүзүүгээ хөдөлгөж чадахгүй, халуурна, хоолой, цээжээр өвдөнө, цэртэй ханиалгана” гэсэн зовиуртай байсан. Яаралтай шинжилгээнүүд хийж, хүзүүний компьютерт томографийн зураг авахад цээжний голтын өмнөд болон арын хэсэг идээлж үрэвссэн байв.
Ингээд яаралтай мэс засал хийсэн. Баян-Өлгий аймагтаа нэгдүгээр сарын 13-нд хоолойны мах авахуулах мэс засал хийлгээд эмнэлгээс гарснаас долоо хоногийн дараа зовиур нь эхэлсэн юм шиг байна лээ. Амны хөндийг ангайлгахад ямар нэгэн буглаа, мэс заслын дараах хүндрэл гэж сэжиглэхээр зүйл байгаагүй. Хүзүүний хоёр талаар эмзэглэлтэй, тунгалгийн булчирхайнууд томроогүй байсан.
-Аймгийнхаа эмнэлэгт мэс засалд орохдоо халдвар авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь үнэн юм уу?
-Мэс заслын үед эсвэл гэртээ гараад халдвар авсан уу гэдгийг тодорхойлох боломжгүй. Эмнэлгээс гарсны дараа дээрх зовиурууд илэрсэн байгаа юм. Мэс заслын үед халдвар авах боломж бага. Ариун орчинд, ариун багажаар хийдэг.
-Танай эмнэлэгт хоёр удаа мэс засалд орсон гэл үү. Үүнийг тодруулахгүй юу?
С.Нэргүй-Хүүгийн цээжний өмнөд арын хэсэгт том хэмжээний үрэвсэл үүссэн учраас ганц эмч мэс засал хийх боломжгүй. Тиймээс бид мэс заслын багаа дуудаж, ирсэн өдрийнх нь 17.00 цагт хагалгаа хийх боломжтой байсан ч ар гэрээс нь зөвшөөрөл авах гээд хугацаа алдсан. Ингээд хоёр талын хүзүүний зайн нэвчээс, голтын арын зайн буглаа нээх хагалгааг 23.00 цагт хийсэн.
-Ар гэр нь зөвшөөрөл өгөхөд яагаад ингэж удсан юм бэ?
-Казах үндэстэн өөрийн гэсэн ёс заншилтай. Тиймээс Габдурахимын аавын аав буюу овгийн ахлагч нь зөвшөөрсний дараа мэс засал хийх ёстой гэсэн. Ээж, эгч, хамаатан садан гээд олон хүн байсан ч өвөөтэй нь холбоо барих гэж нэлээд удсан. Өвөө нь аймгаасаа алслагдсан сум явсан учраас утас нь холбогдохгүй байсан.
Эхний хагалгаа амжилттай болсон. Маш их хэмжээний идээ гарсан. Дахин компьютерт томографийн зураг авахад цээжний өмнөд голтын хэсэгт мэс засал хийх шаардлагатай болсон. Ингээд хоёр хоногийн дараа дахин мэс засал хийсэн. Өвчүүг нь нээхэд их хэмжээний идээ бээр гарсан.
-“Олон удаагийн мэс засал амжилтгүй болж хүүгийн цусанд халдвар орж, үхэх сэхэхийн даваан дээр буй учраас тусламж хүсэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ ямар учиртай юм бэ?
Л.Бямбасүрэн-Зөвхөн хоолойн мах авах хагалгааны дараа ийм хүндрэл гардаггүй. Шүд нь өвдсөнөөс ч ийм халдвар авсан хүн бий. Жилд 40 гаруй хүн хүзүүний буглаа, голтын зайг нээж идээг суллах мэс засал хийлгэж байна. Олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа зураг мэс засал хийсний дараах үеийн зураг. Одоо Габдурахимын шарх эдгэрч, биеийн байдал сайжирсан. Маш хүнд ирсэн хүүхдийг манай эмч нар хөл дээр нь босгосон. 45 хоног манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан.
Гэхдээ сарын дараагаас “амьсгаадаад байна” гээд ирсэн. Зураг автал цагаан мөгөөрсөн хоолойд нь сорви үүсээд, сорви нь амьсгалах зайг нь багасгасан байхаар нь бид ХСҮТ-ийн Гавьяат эмч Пүрэвдоржид үзүүлсэн. Тэрбээр цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс тавьж, сорвийг нь тайрч авах мэс засал хийсэн. Зургаан сарын дараа гуурсаа авахуулсан ч хэсэг хугацааны дараа нөгөө сорви дотогшоогоо ургаад ирсэн.
Цагаан мөгөөрсөн хоолой Th1 түвшинд нарийсаж, амьсгалын дутагдал илэрсэн тул тасагтаа хэвтүүлсэн. Удалгүй түүнийг “Сөүл” эмнэлэгт шилжүүлсэн. Тус эмнэлэг хагалгааны сорви ургуулдаггүй стентийг Солонгос руу захиалсан юм. Энэ хооронд амьсгал боогдох хүндрэлээс сэргийлж стент тавьсан. Гэтэл дөрвөн удаагийн хагалгаа амжилтгүй болсон мэт мэдээллийг нийгмийн сүлжээгээр тараасан нь харамсалтай.
-Цагаан мөгөөрсөн хоолой нь нарийссан нь мэс засалтай холбоотой юу?
Г.Гантогос-Олон шалтгаантай. Хувь хүний биеийн онцлог нөлөөлнө. Голтын үрэвсэлтэй хүн жилдээ хэдээрээ мэс засал хийлгэж буй ч ингэж цагаан мөгөөрсөн хоолой нарийссан тохиолдол сүүлийн таван жилд гараагүй. Аюул амь наснаас нь холуур өнгөрсөн учраас бүр боломжгүй боллоо гэхэд гуурс зүүгээд амьсгалж, амьдрах боломж бий.