Хүүхдүүд заримдаа өвөө, эмээтэйгээ үзэл бодол нийлэхгүйн улмаас хэлж, ярихыг нь чихнийхээ гадуур өнгөрөөх нь бий. Харин ахмадууд ийм тохиолдолд ухаалаг хандаж “хэлээ хазах” нь элбэг. Ийм явдал зөвхөн Монголд бус, олон орны үе үеийнхний дунд үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Үзэл бодол, яриа нийлэхгүй гэсэн шалтгаанаар бид ахмад үеийнхнээ сонсохгүй, тэд биднийг “тоохгүй” байвал үндэстний эмгэнэл болох буй за.
Тэгэхээр харилцан хүндлэлтэй хандаж, ахмад нь залуу үеэ, хойч үе нь өвөө, эмээгийнхээ үгийг сонсдог сайхан уламжлалаа авч явах үүрэгтэйгээ санах ёстой. Энэ үүднээс “Үе үеийнхэн” булан нээж, өөрийн цаг үедээ тод мөртэй ахмад болон залуу хоёр хүнийг уулзуулж, санаа оноог нь солилцуулах болно. Магадгүй настай нь “загнаж”, залуу нь “гомдохыг” үгүйсгэхгүй.
Тэгсэн ч хамгийн чухал нь хоёр биенээсээ сурч мэдэх зүйлээ авч, гээхийг нь орхиж, уншигчдад ч өгөөжтэй яриа өрнүүлэх нь гол зорилго. Анхы зочны маань нэг Ц.Мөнхжин бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач. Нөгөө зочны нэрийг Ц.Чинзориг гэдэг. Оюун ухааны наадгай болсон даамын спортоор дэлхийд танигдаж яваа мундаг хүү. Хоёр үеийн баатруудын маань ярилцлагыг болгооно уу.
-Монгол хүмүүс мэндэлж хүндлэх сайхан ёстой улс. Мэндэлснийхээ дараа нэр усаа мэдэлцэх нь хүн төрөлхтний түүхэнд түгээмэл ёс. Олон орныхон ихэвчлэн “Таны нэр бэ” гэж асуудаг бол монголчууд “Таны алдар хэн бэ” гэдэг.
Энэ нь их учир утгатай. Алдар гэдэг нь нэр төрөө алдар мэт өргөж яваа гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Тэгэхээр өнөөдөр миний хамтрагч болж буй хүүгээс “Чиний алдар хэн бэ. Аль сургуулийн сурагч вэ” гэж асуугаад ярилцлагаа эхэлье.
-Намайг Цэнд-Аюушийн Чинзориг гэдэг. “Сант” сургуулийн 12а ангид сурдаг.
-Хэд сурдаг хүүхэд билээ?
-Ер нь оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүд хичээл номондоо сайн байдаг. Голдуу “Эй”, “Би” буюу онц, сайн сурдаг.
-Биднийг сурагч байх үед онц сурдаг хүүхэд нэг удаа “дөрөв”, эсвэл “гурав” гэсэн үнэлгээ авчихвал сайн, дунд сурлагатан гэх жишээтэй. Дандаа “тав” авдаг хүүхдийг л 100 хувь онц сурлагатан гэдэг байлаа. Энэ нь чанарыг чухалчилсан үзүүлэлт байсан гэж боддог.
Одоо үед сурлагын үнэлгээг нийт дүнгийн нийлбэрийн дунджаар тооцож, 75, 50 гэхчилэн хувийг нь гаргаж байна. Энэ бол сургууль болон ангийн үзүүлэлтэд чухал байж болох ч тухайн сурагчийн сурлагын чанарыг тооцоход учир дутагдалтай санагддаг. Гэхдээ үүнд хүүхдүүд буруугүй л дээ.
Ахмад үеийн төлөөлөл болсон зочин маань Монголын боловсролын системийн талаар тун шүүмжлэлттэй ханддагаа хэлээд, үе үеийн сурагчдын сурлага буюу хөдөлмөрийнх нь чанарын ялгааг олон жишээгээр тайлбарлалаа. Түүнийхээр бол өнөөдөр хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлж, сурч боловсроход нь “ташуур” дутаад, толгойг нь илж буй нь дүнгийн чанарт нөлөөлж байгаа гэнэ. Үүнийгээ тайлбарлахдаа “Спортынхны толгойг илээд байвал амжилт гаргахгүйтэй утга нэг. Өндрийн харайлтын хэмжүүр болсон баганыг бага багаар дээшлүүлдэг. Харин чадахгүй байна гээд доошлуулдаггүй биз дээ. Тэгэхээр манай боловсролын салбар энэ тал дээр алдаж байна” гэснийг эргэцүүлэхэд илүүдэхгүй буй за. Үүний хариуд залуу үеийн төлөөлөл болсон зочин маань “Миний хувьд сурагчийн ерөнхий үнэлгээг авсан нийт дүнг нэмээд, хувиар бодож гаргадгийг буруу гэхгүй” хэмээгээд саналаа ийнхүү хуваалцлаа.
-Хүүхдийг ганц удаа чадаагүйнх нь төлөө, эсвэл алдаа гаргалаа гээд өмнө нь авсан үнэлгээг үгүйсгэж, сурлагын ерөнхий чанарыг нь тогтоох арга өрөөсгөл байх. Хүн болгон бүгдийг чаддаг, бүх хичээлдээ 100 хувь онц сурдаг байвал сайхан л даа. Гэхдээ жишээлбэл, бид 12 хичээл үздэг. Түүнээс тоо, гадаад хэл, физик, биеийн тамир гэхчилэн ихэнх хичээлдээ тав авдаг хэрнээ монгол хэлнийхэд гурав үнэлгээтэй байснаар тааруу сурдаг гэгдвэл хэцүү шүү дээ.
-Яг ингэж тайлбарлахыг би олон удаа сонссон л доо. Гэхдээ миний бодлоор, ерөнхий боловсролын эрдэм олгодог дунд сургууль бол ирээдүйд эх орноо үүрч явах иргэдийн суурийг тавьдаг чухал газар.
Нөгөөтэйгүүр хүүхдүүд нэг хичээлдээ онц, сайн байж чадсан юм чинь бусдад нь адил байхын тулд хичээвэл болохгүй зүйлгүй гэж боддог. Ингэхэд Чинзориг маань гадаад хэлний хичээлээрээ аль орныхыг сонгон үзэж байна вэ?
-Манай сургуулийн хувьд дөрөвдүгээр ангиас эхлэн англи хэлний хичээл ордог. Есдүгээр анги хүртлээ орос хэлний хичээлийг хөтөлбөрийн дагуу үзсэн.
-Бидний үед социалист орнуудын боловсролын хөтөлбөрт орос хэлийг бодлогоор оруулдаг байсан. Өнөөдөр хүүхдүүд хүссэн хэлээ ямар ч арга, сувгаар сурах боломжтой нь үнэхээр сайхан.
Нэг түүх ярихад, би залуудаа англи хэл сурч байхдаа радиогоор цацдаг “Америкийн дуу хоолой” нэвтрүүлгийг тогтмол сонсдог байлаа. Түүгээр англи хэлний хичээл заадаг байсан юм.
-Мөнхжин гуай Та ямар мэргэжилтэй хүн бэ. Их, дээд сургуульд орохдоо аав, ээжийнхээ зөвлөснөөр явсан уу, өөрийнхөөрөө шийдсэн үү?
-Би XXIII сургуульд 1-9 дүгээр анги хүртлээ сурсан. Төгсдөг хичээлийн жилд нам, засгийн шийдвэрээр орос хэлний, тусгай сургалттай болгосон учраас биднийг XXIV дунд сургууль руу шилжүүлээд, 1971 онд би алтан медальтай төгссөн. Тухайн үед алтан медальтай төгссөн хүүхдүүд их, дээд сургуульд орохдоо орос хэлний л шалгалт өгөөд, хүссэн хуваарийнхаа дагуу элсдэг байлаа. Тэгээд болоогүй ээ, улсын зардлаар үнэ төлбөргүй сурч, оюутны цалин авна шүү дээ.
Би ЗХУ-д зураачийн мэргэжлээр сурч, төгссөн. Ийм сонголт хийхэд аав, ээж минь тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Орчин үед зарим эцэг эх бүхнийг хүүхдийн хүсэл сонголтоор хийх нь зүйтэй гэдэг болсныг буруутгахгүй ч, бас 100 хувь зөв гэж боддоггүй. Учир нь хүүхэд аливаа зүйлийг гүйцэд таньж, мэдээгүй байдаг учраас мэргэжлээ сонгох чухал үед нь заавал зөвлөж, чиглүүлэх хэрэгтэй. Миний хувьд, сурагч байхдаа зохиолч болно гэж бодож, чадлынхаа хэрээр шүлэг бичдэг байлаа.
Наймдугаар ангид байхдаа “Далай” гэдэг шүлэг бичлээ. Тэгж байтал аав маань намайг Мишигийн Цэдэндорж хэмээх мундаг зохиолчтой уулзуулсан. Тэрбээр “Чи мэддэг зүйлийнхээ л тухай бич. Далай үзээгүй байж тэр талаар бичихээр худлаа, хоосон болно. Дараа шүлэг, зохиолоо уншуулж, зөвлөгөө авч байгаарай” гэсэн. Миний нэг шүлэг “Утга зохиол” сонинд нийтлэгдэж нэг их баярлаж билээ. Гэхдээ зохиолч, найрагч болоход онцгой авьяас чухал гэдгийг би мэдэрсэн, хэн дуртай нь хийдэг ажил бишийг ч мэдсэн.
Аав маань ч “Гоц авьяас байвал заавал сургуульд суралгүй аажимдаа зохиолч болох боломжтой. Харин зураач болох хүн заавал номын дууг нь сонсох ёстой. Чи Монголд хараахан хөгжөөгүй байгаа интерьер дизайн гэсэн чиглэлээр сурвал ямар вэ. Их сайхан мэргэжил шүү” гэж зөвлөсөн. Би зохиолч л болмоор санагдаад болдоггүй ээ. Тэгээд зохиолч хүнд гадаад хэл чухал гэж бодоод олон улсын харилцаагаар сурахаар шийдэж, ГЯЯ-нд очлоо.
Тэгтэл Эрдэнэ гэдэг хүн “Чи 18 настай, залуу байна. Туршлага ч дутна. Нэг жил хүлээ” гэлээ. Онц төгсчихсөн, тэгээд том болчихсон “амьтан” чинь хурдхан шиг л гадаад явахын хүслэн. Тэгэхээр нь аавынхаа зөвлөсөн мэргэжлээр сурахаар Литва улсын Вильнюсийн урлагийн их сургуулийн хуваарь авчихлаа. Орос хэлний шалгалт өгөөд Москвад очлоо. Гэтэл цааш нь явуулалгүй, тэндхийн Урлаг үйлдвэрлэлийн дээд сургуульд оруулсан. Тэгээд зураасан зургийн ангид сурч, төгссөн дөө.
-Монгол Улс хөгжихгүй байна. Залуучууд залхуу болжээ. Утаа, авто замын түгжрэл зэргээр нийгэмд стресс, бухимдал их байна гэж сүүлийн үед ярих болсон. Улстөрчид мөнгө иддэг талаар ч байнга ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Боловсрол, эрүүл мэнд, улс төр гээд салбар болгонд л буруу зүйл их байгаа талаар бид ярихаас цаашгүй болж. Бурууг нь мэдэж байгаа хэрнээ засаж, сайжруулах тал дээр ажил хийхгүй байна. Тиймээс л хүүхдүүд хүртэл энэ асуудалд санаагаа зовоож байгаа нь харамсалтай. Уг нь тэд ийм зүйлд, томчуудын хийх ажилд санаагаа чилээх бус, хичээл номондоо анхаарч, шамдах учиртай.
Томчууд бидний хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил, харилцаа доголдох нийтлэг дүр зураг манайд байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Төр, засаг нь ард иргэдээ авч явж чадахгүй байгаагаас л өнөөгийн бидний амьдралын төрх байдал иймэрхүү болсон. Тэгэхээр эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлж, сургууль нь эрдэм номоо зааж, улстөрчид нь иргэдээ сайн сайхан байлгах үүргээ биелүүлдэг л баймаар санагддаг.
Мөнхжин гуай “Томчууд бид хүүхэд, залуучуудад заримдаа тун үлгэргүй ханддаг. Үг, үйлдлээ бодож, тунгаалгүй багшийг нь хүүхдийнхээ хажууд муулж гоочилдог муухай зантай болж. Энэ бол туйлын буруу. Багш гэдэг эрхэм алдрыг, тэдний нэр хүндийг унагаж хэрхэвч болохгүй. Монголчууд эртнээс багшаа хүндэлж, эрхэмлэж ирсэн уламжлалтай” хэмээлээ.
Чинзориг түүнтэй санал нэг байгаа бололтой толгой дохин суулаа. Тэгснээ “Миний бодлоор энэ дэлхий дээр ирсэн утга учраа мэдэрсэн, хүсэл зорилготой, түүнийхээ төлөө тэмүүлдэг хүн элдэв зүйлд бухимдаж, хов ярьж, сатаардаггүй байх. Тиймээс хүнд зорилго чухал болов уу” гэсэн. “Бухимдаж байна” гэж ярих бус, бухимдлыг арилгахын тулд ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн Мөнхжин гуайтай тэрбээр санал нэг буйгаа ийнхүү илэрхийлэв.
-Чинзориг Монголын өсвөр үеийнхний нэгэн сайхан жишээ, үлгэр дуурайлтай төлөөлөл гэдэг нь гаргасан амжилтуудаас нь, төлөв байдлаас нь мэдрэгдэж байна. Үүнд гэрийн хүмүүжил, эцэг эхийн нөлөө их байгаа нь мэдээж. Танай аав, ээж, эмээ юу гэж захиж, сургадаг вэ?
-Аав, ээж маань миний санал, бодлыг үргэлж асууж, зөвлөж, дэмждэг. Би одоо мэргэжлээ сонгох чухал цаг үе дээрээ ирсэн. Тиймээс ирээдүйд ямар ажил, мэргэжил эрэлттэй байх, манай улсад чухам ямар мэргэжилтэн хэрэгтэй байгаа гэхчилэн ярилцдаг. Эмээ маань мууг дагавал могойн хор, сайныг дагавал сарны гэрэл зэргээр зүйр цэцэн, мэргэн үг их хэлдэг. Харин таны аав, ээж хүүхдүүддээ юуг чухалчлан захидаг байсан бэ?
-Аав, ээж маань үргэлж зүйр цэцэн үг хэлж, ухуулж, ойлгуулдаг байсан. Зөвхөн манай аав, ээж гэлтгүй тэр үеийнхэн тйим л байсан. Ээж минь 90 гарсан сайхан буурал бий. Одоо ч сургаж, зөвлөсөн хэвээр. Эрхийг сурахаар бэрхийг сур. Шанаагаа битгий тул, өрөнд орсон хятад шиг.
Энэ мэтээр өдөр тутамд л сургаальтай үг хэлдэг байсан нь чихэнд хоногшоод хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм билээ. Аав маань худал хэлж болохгүй, хүн алдаагаа засахын тулд үнэнээ нуудаггүй байх ёстой гэдэг байлаа. Мөн бүтээлч байхыг үргэлж захидаг. Сүүлийн үед харин зүйр цэцэн үг хэлдэг аав, ээж ховордсон байх шүү.
Хүн заавал их, дээд сургууль төгсөх нь чухал биш. Эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, зөв амьдрах нь л чухал. Чи ямар мэргэжлээр сурахаар төлөвлөв. Ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголын хүүхэд, залуучууд олон улсад танигдаж, улс маань сайхан хөгжөөсэй гэж хүсдэг. Миний хувьд сэтгэл судлалыг их сонирхдог. Даам, шатрын спорт сэтгэл зүйтэй их холбоотой.
-Би зургаан настай багачуудыг сурагч болгох нь арай эрт гэж боддог. Чинзориг тэр л насандаа сургуульд орсон байх. Чамд ямар байсан бэ?
-Миний бодлоор зургаан настай сурагч болоход тохиромжтой санагддаг. Бүр таван настайгаас нь сургасан ч болмоор. Миний үеийнхэн дунд тавтайдаа сургуульд орсон хүүхэд олон. Тэд илүү мундаг сурч, сургуульдаа толгой цохидог шүү дээ.
-Тийм үү. Магадгүй хотын хүүхдүүдэд хүндрэл бага байдаг учраас аль болох эрт сурсан нь зөв гэж бодож болох юм. Хөдөөгийн зургаан настай хүүхэд аав, ээжээсээ хол аймаг, сумын төвд дотуур байранд амьдраад, хичээл номоо давтаж, сурна гэдэг бас хэцүү шүү. Би тэр талаар хөндөх гэсэн юм.
Монголчууд дэлхийн жишгээр хөгжих ёстой гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бүх талаараа бусад улстай адил байна гээд өөрийн онцлогийг, байгаль цаг агаар, бие махбод, хоол хүнс, амьдралын хэв маягаа умартаж, үгүйсгэж болохгүй. Үүнд авах, гээхийн ухаанаар хандахгүй бол горьгүй.
-Миний бодлоор, бид дэлхийн тавцанд гарч, бусад улстай өрсөлдөхийн тулд өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харж, хэрхэн хөдөлмөрлөж байгаагаас нь сурах хэрэгтэй. Тэгж байж л хоцрохгүй хөгжих юм биш үү. Тиймээс хүүхдийг багаас нь сургахыг зөв гэж бодож байна.
------------Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, үе үеийнхний сэтгэхүй болон бие махбодын онцлог, амьдралын хэв маяг, нөхцөл гэхчилэн олон асуудал хүүхдийн сурах насанд нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Ахмад, өсвөр үеийн төлөөлөл болсон хоёрын яриа ч үүний илэрхийлэл байлаа. 1960-1970-аад онд зургаан настнуудыг сургуульд сургах талаар ярьсан бол нийгэм хүлээж авах байсан, эсэхийг таашгүй. Магадгүй өнөө үед эргээд найман настайгаас нь сургана гэвэл зөвшөөрөхөөсөө эсэргүүцэх нь олон байж ч мэднэ. Энэ бол эрин зуун, цаг үе, хөгжлийн ялгаа буй за.---------------------
-Чиний зөв. Хамгийн гол нь бусдын хөгжлийг дуурайх биш, яаж хөдөлмөрлөдгөөс нь сурах хэрэгтэй. Зөв зүйлээс үлгэр авахын чухлыг л хэлээд байна. Гэтэл манай залуучууд, хүүхдүүд аливаад жаахан өнгөц хандаж, сураад байх шиг. Ганц жишээ хэлэхэд, төрөлх сайхан хэлээрээ ярьж чадахгүй байж завсарт нь гадаад үг хавчуулдаг.
Телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч, ялангуяа спортын тайлбарлагч нарт ийм зүйл их ажиглагддаг. Намайг юм юмыг шүүмжлээд байна гэсэн өнцгөөс битгий хараасай. Болохгүй, бүтэхгүй зүйлээ, үнэнийг , уг шалтгааныг нь ярьж байж л бид урагшилна. Би Монголын иргэн, сэхээтэн хүн. Тиймээс л эх орон, улс минь сайхан байгаасай гэж хүсэж үнэнийг хэлдэг.
Ингэхэд, миний дүү ном хэр уншдаг вэ. Уран зохиолын хичээлээр дотоод, гадаадын ямар зохиол бүтээлтэй танилцав?
-Долдугаар ангиас уран зохиолын хичээл ордог. Хүүхдүүдээр ном их уншуулдаг. Жишээ нь, нэг сарын хугацаанд долоо, найман зуун хуудастай ном унших даалгавар өгдөг. Бид заримдаа товчилсон хувилбарыг интернэтээс уншсаныхаа дараа номоо “барьж авдаг”. Тэгэхээр илүү ойлгомжтой санагддаг. Интернэтийг зөв ашиглавал өгөөжтэй шүү дээ. Гадаадын уран зохиолоос Л.Толстойн “Анна Каренина”, “Дайн ба энх”, Ф.Достоевскийн “Гэм зэм” зэрэг романыг уншиж, танилцсан.
-Бидний үед Монголын зохиолчдын сайхан бүтээлүүдийг заавал уншуулдаг байлаа. Тухайлбал, Л.Түдэвийн “Уулын үер”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг”, Н.Банзрагчийн “Зам”, Ц.Уламбаярын “Зовлон жаргал” роман, Б.Явуухулангийн гайхалтай яруу найргуудыг бид “хүлхдэг” байлаа.
Чиний дурдсан “Анна Каренина”, “Дайн ба энх”, Ф.Достоевскийн “Гэм зэм” романыг уг нь 30 нас хүрээд, ертөнцтэй бага сага танилцсаныхаа дараа уншвал зүгээр. Хүүхдүүдэд ингэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл, өсвөр насанд утга, агуулгыг нь гүн ойлгож, хүлээж авч чадахгүй. Их гүн ухааны, бас хайр сэтгэлийн тухай “хүнд” зохиол шүү дээ. Яг үнэндээ гэр бүлтэй эмэгтэй нөхрөө орхиод өөр эртэй суудаг тухай шүү дээ.
Бие бялдар хөгжиж, өсдөг шиг тодорхой насанд хүний оюун ухаан тухайн зүйлийг хүлээж авахад бэлэн болж, бүрэлддэг. Тиймээс л өсвөр насныхан ийм сонгодог зохиол байдгийг хичээлээрээ мэдээд, дараа нь том болсон хойноо уншаасай гэж боддог. Хүүхдүүд М.Твен, Ч.Диккенсийн зохиолуудыг уншвал “хөөрхөн”. Мөн Д.И.Фонвизиний “Маанаг гайхал”-ыг чи заавал уншаарай. Их сонирхолтой.
Ингэхэд Чинзоригийнхоо тухай, спортын амжилтынх нь талаар сонсмоор байна. Хэдэн жил даам тоглож байна вэ. Яагаад энэ спортыг сонгох болов?
-Би 2010 оноос хойш даамаар хичээллэж байна. Би Дорноговийн хүүхэд. Есдүгээр ангид ордог жилээ Улаанбаатарт шилжиж ирсэн. Багадаа би их хөдөлгөөнтэй, зүггүй хүүхэд байсан. Ээж маань намайг хүмүүжүүлэхээр Өвгөн гэдэг алдартай багшид шавь оруулж, дааманд “уруу татсан”. Ээж өөрөө бас багш л даа. Даамаар хичээллэхээсээ өмнө би сагс, волейбол, теннис гээд олон дугуйлан дамжсан. Дээд тал нь хоёр сар болоод л сонирхол буурч, орхичихдог байсан.
Харин даамнаас уйдаагүй, улам дуртай болсон. Хүн дургүй зүйлдээ амжилт гаргах нь битгий хэл сонирхдоггүй, дурласан зүйлээ уйгагүй оролддог юм байна гэдгийг би ойлгосон. Тиймээс л хичээлийнхээ хажуугаар бэлтгэл, сургуулилалт, тэмцээндээ цаг зав гаргаж чаддаг. Тэгж хичээснийхээ үр дүнд өнгөрсөн жил Улаанбаатарт зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс зуун буудалт даамын төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн.
Энэ жил Өсвөр үеийнхний даамны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальтай. Тус тэмцээнд 30 орны 80 тамирчин өрсөлдсөн. Даам олон төрөлтэй шүү дээ. Та даам тоглодог уу?
-Даам тоглож, шатар нүүчихнэ ээ. Авьяас, ухаан шаардсан спорт шүү.
-Хүмүүс даамыг их амархан гэж боддог. Үнэндээ их хөдөлмөрлөж л амжилтад хүрдэг. Монголын таван их мастерын нэг Г.Ганжаргал багшийн удирдлага дор өнгөрсөн жилээс хичээллэж эхэлсэн.
-Монгол маань хүн ам цөөтэй ч том үндэстэн. Хэдэн сая, тэрбум хүнтэй улсуудын тамирчидтай ганцаарчилсан болон хамтаар өрсөлдөж, байнга л том амжилт гаргаж байгаа нь монголчууд ямархан үндэс, угсаатайн илрэл гэж боддог. Үүний нэг баталгаа болсон ийм сайхан хүүтэй ярилцсандаа баяртай байна.
46 насны зөрүүтэй зочдын маань ярилцлага сургаж, зөвлөсөн өнгө аястай болж, өндөрлөлөө. Чинзориг зөв төлөвшсөн, дээрээс нь эмээтэйгээ амьдардаг болоод тэр үү хүний үгийг тогтвортой, хүлээцтэй сонсож сурсан сайн хүү аж. Хичээл ном, тэмцээн, бэлтгэл сургуулилалт гээд цагийн зүүтэй уралдан завгүй байдаг ч биднийг хүндэтгэн ирсэн түүнд баярлалаа.
Тэрбээр оюуны спортын тамирчдаа засаг, төрийнхөн дэмжиж байгаасай хэмээн сониноор дамжуулан хэлснийг уламжилъя. Монголд олон мундаг хүүхэд бий. Тэд илүү их амжилт гаргах боломжтой ч харамсалтай нь, зардал, санхүүгийн асуудлаас болж тэмцээн, уралдаанд оролцож чаддаггүйг ч тэрбээр дурдсан.
Хүүхэд шиг нь, ач зээ шиг нь хүүтэй сайхан яриа өрнүүлсэн Мөнхжин зураачид мөн талархаж байна. Төрийн шагналт аавын бахархалт ихэр хүүгийн нэг тэрбээр “Солонгосчууд кино урлагаараа дамжуулан үндэсний соёл, уламжлалт хоол, хүнсээ мундаг сурталчилж байна. Бид тэдэн шиг үндэснийхээ хоол, ундыг шүтдэг болмоор байна. Монгол хүний биед цагаан идээ, хэдэн мянган жилийн өмнөөс хэрэглэж ирсэн уламжлалт хоол, унд маань л илүү зохиж, шим тэжээлтэй байдгийг үр хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Чинзориг маань илүү амжилт гаргахад хоол хүнс их чухал шүү” хэмээгээд ярилцлагаа өндөрлөв.