Эсрэг тэсрэг байр суурь
С.ГАНБААТАР: О.Баасанхүү жүжиг тавьж, өөрийгөө дарга гэж цоллосон нь улс төрийн үхдэл болсонтой адил
Б.НОМИН
МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.
-О.Баасанхүү нарын хүмүүс их чуулганаа хийчихлээ. Н.Энхбаяр даргын зарлах их чуулган хэзээ юм бол?
-Ойрын 1-2 сарын дотор хуралдана. Товыг нь бага чуулганаас албан ёсоор тогтооно. О.Баасанхүү нарын нөхөд хутган үймүүлж, бусдад буруу ойлголт төрүүлэх гэж хууль бус зүйл хийж буйд харамсалтай байна.
-Үнэндээ хэн нь хууль бус зүйл хийгээд буй
нь тун ойлгомжгүй байна л даа. 2011 оноос хойш их чуулганаа хийсэнгүй гэж шаардлага тавьсан гишүүд сая хуралдчих шиг боллоо. Тэдний шаардлагыг хүлээж аваад, хамтдаа их чуулганаа хийж болоогүй юм уу. Та хэдийгээр харьцангуй сүүлд МАХН-ын гишүүн болсон ч долоон жил их чуулганаа зарлаагүй шалтгааныг гадарлаж буй байх.
-МАНАН-гийн бүлэглэл их чуулган хийх ямар ч боломж өгөөгүй. Даргыг нь шоронд хорьчихоор яаж хуралдах юм бэ. Хутган үймүүлэхийг хүссэн хүмүүс л их чуулган хийхийг шаардаж байгаа нь МАХН-ыг нам дамнасан, Тавантолгой, Оюутолгойг булаасан, “овтшаар” бүлэглэлийн идэш болгох гэсэн хэрэг. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд оролцох нь нүсэр ажил шүү дээ.
-Тэд их чуулганыг дүрмийн дагуу зарлан хуралдуулсан гэдгээ тайлбарлаж байгаа шүү дээ.
-Хувьцаат компаниар жишээ авъя. Тухайн компанитай ямар ч холбоогүй мөртлөө албан ёсны гишүүн шиг царайлж, тоглоомын хурал зарлаж, хуралдуулчихаад “Энэ компани бол минийх” гэж тунхаглавал тэднийг солиотой гэж ойлгоно биз дээ. Үүнтэй адил дүрмийн бус хурал хийж, жүжиг тавьж яваа хэдэн хүн бий. Өөрийгөө бас намын дарга гээд байгаа юм шүү. Олны доог болж байна. О.Баасанхүү улс төрд хэн ч биш, МАНАН-гийн гар хөл болсноо нотоллоо. “Хуурай гүжирт хариугүй” гэсэн ардын үг байдаг. Тэдэнд тамганаас авахуулаад албан ёсны гэх юу ч алга. Удирдагч ч байхгүй. Ийм инээдмийн жүжиг тавьж байгаа нь олигархи бүлэглэлийнхний амь тавихын өмнөх аргаа барсан үйлдэл.
-Юутай ч О.Баасанхүү гишүүн МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандах байх. Та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?
-МАНАН-гийнхны халаасанд шүүх, цагдаа, хүчний байгууллага орчихсоныг Монгол даяараа мэднэ. Үүнийг Ц.Нямдорж сайд хэлсэн шүү дээ. О.Баасанхүү нарын хүмүүс олигархи бүлэглэлийн захиалгаар хөдөлдөг шүүгчдэд итгэж л маш их мөнгөөр, төрийн хамгаалалт доор жүжиг тавьж байгаа юм. Тэд Монголын ард түмнийг басаж, доромжлоод байна. Ард түмэн ухаантай, хүчтэй. Тэд ийм увайгүй, хууль бус зүйл хийх гэж оролдох тусам ард түмний дэмжлэгийг бидний зүг хандуулж, МАХН-ын гишүүд, дэмжигчдийг нягтруулж, хүчтэй болгож байгаагаа ойлгохгүй юм. Одоо О.Баасанхүү юу ч хийж чадахгүй. Жүжиг тавьж, өөрийгөө дарга гэж цоллосон нь улс төрийн үхдэл болсонтой адил.
-Түүнийг МАХН-ын даргаар бүртгэчихвэл яах вэ?
-Монголын шүүх өөрийгөө булшилж байна гэсэн үг.
-Үнэмлэхүй олонхтой парламентад ганцхан гишүүнтэй МАХН-аар МАН, АН-ынхан оролдох хамгийн том шалтгаан юу байж болох вэ?
-Тэд Ерөнхийлөгчийн сонгуулиас насгүй болсноо ойлгосон, ялагдсан. Би ялсан, тэд луйвардсан. Гэхдээ энэ нь би ялагдсан гэсэн үг биш. Тэдний амьдрах хугацаагаа уртасгах ганц боломж нь Монголын ард түмний итгэл, найдвар болсон МАХН-ыг үгүй хийх явдал. Яагаад гэвэл МАХН хүчтэй удирдагч, үзэл баримтлал, дэмжигчидтэй. Манай намыг үгүй хийхийн тулд үр могой болсон О.Баасанхүү гэдэг нөхрөөр захиалгат жүжиг тавиулж байгаа юм. О.Баасанхүү ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан болчихсоныг Ж.Батзандан гишүүн, Ц.Нямдорж сайд хоёр хэлсэн шүү дээ.
-О.Баасанхүү Н.Энхбаяр даргатай маш ойр дотно явсан үе бий. Таныг МАХН-д хөл тавих үед тэдний харилцаанд хэдийнэ зааг гарчихсан байсан уу?
-МАХН-тай намайг холбогдох үед О.Баасанхүү хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод зангаа хувиргасан гэх мэдээлэл байсан. Биеэ тоож эхэлсэн. Бүр намын дарга болмоор байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан шүү дээ. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАНАН-гийнхантай тохирч, МАХН-аас тэдний хэн нэгэнд нь бууж өгөх хүнийг нэр дэвшүүлэх захиалга авсан гэдэгт итгэлтэй байна. Над руу хэд хэдэн удаа залгаж, “Та нэр дэвшихгүй биз дээ” гэж асууж байсан. Үнэндээ надад нэр дэвших бодол байгаагүй. Ерөнхийлөгч болохыг хүсдэг ч заавал энэ удаа биш, Н.Энхбаяр даргыг дэмжинэ гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Харин Н.Энхбаяр даргыг дэвшүүлэхгүй болоход намын нөхөд надад боломж олгосон. Энэ бол ердөө гурав, дөрөвхөн өдрийн дотор гаргасан шийдвэр. Тиймээс би зүтгэсэн. О.Баасанхүүгийн тоглох гэж байсан жүжгийг таслан зогсоосон.
-Та хоёр өмнөх парламентад гишүүд байсан. Хувийн харилцаанд тань сэв байдаг юм биш биз?
-Бид их дотно байсан. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд дэмжинэ гэж итгэж байсан ч зуун хувь эсрэг зүйл ярьж эхэлсэн. Захиалга авсандаа бантсан байлгүй.
-МАХН О.Баасанхүү гишүүнийг хөөх зорилготойгоор дүрмээ өөрчлөх гэснийг нь Дээд шүүх бүртгэсэнгүй гэж яриад байна. Чухам ямар өөрчлөлт оруулах гэсэн юм бэ?
-Хүмүүс юу ч ярих эрхтэй. Гэхдээ ярьсан болгон нь үнэн биш гэдгийг хэлмээр байна. МАХН-ын дүрэмд нэлээд том өөрчлөлт оруулахаар байсан. Бид 2020 онд ялалт байгуулна, Засгийн газраа байгуулна, шинэ Үндсэн хуулиа батална. Тиймээс МАНАН-гийнхний захиалгаар хүмүүс орж ирж, намыг хутган үймүүлэхээс сэргийлж, улам хариуцлагатай болгох заалтууд бүртгүүлэхээр хандсан.
-Танай намын дүрэмд өөрчлөлт оруулах эрх нь хаана хадгалагддаг юм бэ?
-Улс төрийн намын тухай хуульд намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг эрх бүхий дээд байгууллага нь шийдэж болно гэсэн заалт бий. Яг их хурал, эсвэл их чуулганаар дүрэмд өөрчлөлт оруулна гэж заагаагүй юм шүү. Өөрөөр хэлбэл, дүрмийн өөрчлөлтийг бага чуулган ч хийж болно. Бид хуулиа л дагасан. Улс төрийн намын дүрэм хуулиас давахгүй. Улс төрийн намын тухай хууль бол аль ч дүрмээс илүү хүчтэй.
-Дүрмийн өөрчлөлтийг бүртгээгүй шалтгааныг юу гэж харж байна вэ. Уг асуудлыг ингээд л орхичих юм уу?
-ХҮН-ын даргаар намайг бүртгээгүй Сонинбаяр гэж шүүгч бий. Энэ удаа ч тэр шүүгч МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгээгүй байна лээ. Захиалгат шийдвэр гэж харж байгаа. Энэ өөрчлөлтийг хийсэн ч, хийгээгүй ч УИХ 2018 онд тарчих байх. Тэгвэл бид ээлжит бус сонгуульд ялалт байгуулахын төлөө зүтгэнэ. Тиймээс энэхүү дүрмийн өөрчлөлтөд тэгтлээ ач холбогдол өгөхгүй байна.
-УИХ яагаад 2018 онд тарна гэж?
-Тэд Монгол орныг удирдаж чадахгүй байгаа шүү дээ. Шийдвэр гаргах чадамжгүй УИХ, Засгийн газар ажиллаж байна. Яагаад тэд Оютолгойн ордыг ашиглах гэрээг өөрчилье гэж ярихгүй байгаа юм бэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал ч гацчихлаа. Нэгэнт цаашид ард түмний хүсэн хүлээж байгаа үр дүнг авчирч чадахгүй нь тодорхой болсон тул одоо бид хүлээж чадахгүй. “Улстөрчдийг битгий муул. Зөвхөн соль” гэсэн алтан дүрэм байдаг. Тэднийг хурдан солих тусмаа сайн учраас 2018 онд энэ УИХ-ыг тараахын төлөө ажиллана.
-Ингэхэд та сонгуулийн үеэр солонгос иргэнээс хандив авсан хэргийн мөрөөр та юу хийж байна вэ?
-ТЕГ гүйцэтгэх ажил хийлээ гэж би гомдол гаргасан. Би анд нөхөд, ард түмнээсээ хандив гуйсан, авсан. Тэрийгээ ил хэлдэг. Харин надад хандив өгөх гэж ирсэн монгол хүнийг би найз аа гэж л бодож байсан. Манай гэрт гадаад хүн дагуулж ирсэн. Тэгээд бичлэг хийсэн. Бичлэгт гадаад хүнээс мөнгө авч байгаа зүйл байхгүй. Би ямар ч хууль зөрчөөгүй. Ойрын үед шийдвэр гарна гэж итгэж байна.
-Таныг “нам тараадаг” гэх шүүмжлэл дагаж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Би их хүчтэй юм байна. Намайг байгаа намаас олигархиуд ухаан алдталаа айж байна гэсэн үг. МАХН хүчтэй учраас ХҮН-д тохиолдсон шиг зүйл болохгүй. Яах вэ, ганцаардаж, нам байгуулах гэж зүтгэж явсан минь үнэн. ХҮН-ыг өлгийн дотор нь алахад тагнуулч, биеэ үнэлэгч гэх мэт ганц, нэг буруу хүн оролцсон.
-ХҮН-д болсон, МАХН-д болж буй үйл явдалд ямар нэг нийтлэг зүйл ажиглав уу?
-Шүүгч нарын захиалгаар хийж буй алхам.
-МАХН хоёр дэд даргатай. Та чухам ямар чиглэл хариуцдаг юм бэ?
-Үйл ажиллагаа, сургалт, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлд голлон ажилладаг. Тиймээс хөдөөгүүр их явж байна даа.
О.БААСАНХҮҮ: Н.Энхбаяр хуучин тамгаар бичиг баримт албажуулбал гэмт хэрэг болно
А.АМИНА
МАХН-д үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулав.
-Өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд зохион байгуулсан их чуулганаас таныг намын даргаар сонгосон. Гэтэл Н.Энхбаяр, С.Ганбаатар нар энэ хурлыг хууль бус, луйврын шинжтэй гэж мэдэгдээд байгаа. МАХН хоёр даргатай болчихов уу?
-МАХН өнгөрсөн аравдугаар сарын 31-нд бага чуулганаа хийж, дүрмийнхээ дагуу их чуулган товлосон. 21 аймгаас 900 гаруй төлөөлөгч сонгогдон ирж, чуулганаа хийгээд шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар Г.Бямбасүрэн даргын ар гэрт уй гашуу тохиолдоод буй учраас бид их чуулганы үр дүн, шийдвэрийн талаарх мэдээллээ албан ёсоор гаргаж чадахгүй байна. Их чуулган дүрмийн дагуу болсныг батлах бүх нотолгоо баримтаа бид ирэх долоо хоногт дэлгэнэ.
-Их чуулганаа яагаад Төрийн ордонд зохион байгуулсан юм бэ?
-Өмнө нь ИЗНН, АН, МАН Төрийн ордонд хурлаа хийж байсан. УИХ-д суудалтай намын хувьд МАХН Төрийн ордонд хурал хийх бүрэн эрхтэй. Өөр нэг шалтгаан нь, бид Төрийн ордноос өөр газар хурал хийхээр аюулгүй байдлын хувьд ихээхэн хэцүү байгаа. Их чуулган эхлэх өглөө Төрийн ордны гадна хүмүүс орилж, хашхиран төлөөлөгчдийн иргэний үнэмлэхийг хугалах, урилгыг урах, үс гэзгээс нь зулгаах зэргээр үймээн шуугиан дэгдээсэн. Тэр ч бүү хэл, Сүхбаатарын талбай дээр “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хутгалж ална” гэж хүртэл хэлсэн. Их чуулганд орон нутгаас 19-84 насны 900 гаруй гишүүн ирсэн. Тэдний 300-400-г нь Төрийн ордонд оруулаагүй. Манай төлөөлөгчид Төрийн ордон руу орж чадахгүй, орсон нь гарч чадахгүй, захиалсан хоол, ундаа авч чадахгүй, маш хүнд нөхцөлд хурлаа хийсэн. Бид чинь төртэй, хуультай хүмүүс. Тиймээс УИХ-д суудалтай бусад намын жишгээр, мөн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Төрийн ордонд хурлаа хийсэн юм.
-Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлөх асуудлыг яагаад хэлэлцэв?
-Их чуулганы төлөөлөгчид Н.Энхбаяр даргыг хуралдаа ирээсэй, үгээ хэлээсэй гэж хүсэж байсан. Харамсалтай нь, тэр бидний урилгыг хүлээж аваагүй. Төлөөлөгчдийг зодуулж, нүдүүлж, элдвээр доромжилсон. Тиймээс Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолоо баталсан. Бид Н.Энхбаярыг намын даргын албан тушаалаас чөлөөлсөн болохоос биш намын гишүүнчлэлийг нь үгүй болгоогүй. Харин Н.Энхбаяр дарга намайг намаас хөөнө гэж дарамталж, гадуурхдаг. Би харин ч тэвчээртэй байгаа.
-Маш өндөр зардлаар хурал хийлээ, “Баянгол” зочид буудалд 60 сая төгрөг төллөө. Энэ мөнгийг хаанаас гаргасан бэ гэдэг асуулт гарч байгаа?
-Монгол Улсад ганц баян хүн байдаг нь Н.Энхбаяр. Өөр баян хүн байхгүй мэтээр ярих хэрэггүй. Бид “Баянгол” зочид буудалд 60 сая төгрөг төлж, төлөөлөгчдөө байрлуулсан нь үнэн. Бид ажлаа хөнгөвчлөх зорилгоор төлөөлөгчдөө нэг дор байлгах газар хайтал тийм олон хүн багтаах зочид буудал цөөхөн юм байна. Тэгээд л Баянгол болон өөр нэг буудлыг сонгосон. Үүнийг МАХН-ын нарийн бичгийн дарга байсан хүн хувийнхаа мөнгөөр санхүүжүүлсэн. Тэр хүнийг Н.Энхбаяр бас л намын даргад өрсөлдөж магадгүй, намынхаа гол гол хүмүүсийг санхүүжүүлээд явчихаж магадгүй гэж хардаж, элдэвлээд, намаасаа хөөсөн гэж ярьдаг.
-Г.Шийлэгдамба уу?
-Биш, биш. Н.Энхбаяр даргатай нас, бие чацуу тэр хүн улс төрд олон жил зүтгэсэн учраас намынхаа шинэчлэлийн төлөө энэ мөнгийг гаргасан.
-Өнөөгийн эрх баригч намын даргыг таны ард байгаа гэх хардлага бас гарсан?
-Их чуулганыг зохион байгуулахад 200 ч хүрэхгүй сая төгрөг гарсан. 30 мянга гаруй гишүүнтэй нам ийм хэмжээний мөнгөөр их чуулганаа хийчих боломжгүй гэж үү. АН-ын нэг жижигхэн залуу намын дэргэдэх холбооны тэргүүн болохын тулд 250 сая төгрөг босгож чадаж байна. Ж.Батзандан гишүүн л гэхэд намын даргад өрсөлдөхийн тулд 200 сая төгрөгийн дэнчин тавьсан. Ийм байхад бүхэл бүтэн улс төрийн нам их чуулганыхаа төсвийг гаргаж л таарна биз дээ.
Энд У.Хүрэлсүх гэдэг хүн хамаагүй. Бид У.Хүрэлсүхтэй тэмцэх гэж намаа шинэчилж яваа. Засгийн газрын бодлогыг хянах нь бидний зорилго. Тиймээс юуг ч тааж ярих хэрэггүй.
-Намын их чуулган биш христийн шашны цуглаан болсон гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Их чуулганд 1000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсэн. Тэдний дунд будда, бөө, христийн шашинтай, бас шашингүй үзэлтэй хүн ч байсан байх. Тэр олон хүний хэн нь ямар шашинтайг би яаж мэдэх юм бэ. Ямар хүн бүрээс асуултай биш. Итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхчихаад, ардчилсан орон гэж ярих нь ичмээр зүйл. Бусдыг шашин шүтлэгээр нь хувааж, нийгмийг хагаралд турхирах нь гэмт хэрэг. Бид үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах болно.
-МАХН-ын нийслэлийн намын хорооны тамгыг ашиглаж, их чуулган зохион байгуулсан гэсэн мэдээллийг танай намынхан өгч байгаа. Тэгэхээр их чуулганы шийдвэр албан бус тамгатай гэх үндэслэл үүсэх биш үү?
-Бид намаа байгуулахдаа тамгатай байсан юм уу. Намыг анх хэн байгуулсан юм. Намыг их чуулган нь байгуулсан. МАХН-ын хамгийн том шийдвэр гаргагч нь их чуулган. Дараа нь бага чуулган, гүйцэтгэх товчоо, намын дарга, дэд дарга гэсэн эрэмбэтэй хурал хийхдээ тамгатай байх ёстой гэсэн ойлголт бол хууль мэдэхгүй хүмүүсийн л яриа. Тогтоолоор бүх зүйл баталгаажаад явдаг. Тогтоолоо албажуулж, гарын үсгээ зурахад л болно.
Н.Энхбаяр тамгаа авч зугтаадаг дарга нарын жишгээр нэлээд зүтгэх шинжтэй. Н.Энхбаярыг МАХН-ын даргаас чөлөөлчихсөн учраас одоо энэ тамгаар ямар нэг бичиг баримт албажуулбал гэмт хэрэг болно. Тиймээс тамгаа ашиглахгүй байвал сайн байна гэдгийг хэвлэлийнхнээр дамжуулан хэлье.
-Та бүхэн намаа шинээр бүртгүүлж, тамгаа дахин гаргуулна гэсэн үг үү?
-Улсын дээд шүүх улс төрийн намуудаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлт, дарга солигдсон мэдээллийг бүртгэж, албажуулаад явдаг хуультай. Бид их чуулганаас гаргасан тогтоолоо хуулийн дагуу 10 хоногийн дотор Дээд шүүхэд хүргүүлнэ. Тэгэхээр албажаад явна.
-Их чуулганы шийдвэрээ Дээд шүүхэд хараахан бүртгүүлээгүй байгаа. Тэгэхээр одоо танай намын дарга хэн болж таарах вэ?
-Намын эрх барих дээд байгууллагаас Н.Энхбаярыг чөлөөлөх тогтоол баталчихсан учир тэрбээр нам удирдах эрхгүй болсон. Одоогоор МАХН-ын даргын албыг УИХ-д суудалтай гишүүндээ хариуцуулаад байна. Дээд шүүх их чуулганы хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд цаашид би МАХН-ыг удирдана.