“Жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, бэртэлтэйгээ тэмцэн байж хүртсэн болохоор харин ч зөв үед энэ амжилтад хүрлээ гэж олзуурхаж байна. Өмнөх жилүүдэд ДАШТ-ээс медаль хүртсэн бол өнөөгийнх шиг ингэж баярлаж, улам их хичээх урам, эрч хүч аваа ч уу, үгүй ч үү. Энэ жил бэртлийн улмаас ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хоёр сар хүрэхгүй шахам хугацаанд базаасан. Уг нь бэртэлгүй үеийнх шигээ эсвэл бэлтгэл дээр 116 кг өргөсөн амжилтаа давтсан бол түрүүлэх боломж байлаа.
Оюутны ДАШТ-д түрүүлэхдээ гараа бэртээн, дүү минь сургууль дээрээ хоолонд түлэгдсэн гээд хүнд үед надтай болон манай гэр бүлийнхэнтэй хамт байж, бүхий л талаар тусалж, дэмжсэн монгол түмнийхээ ачийг энэ амжилтаараа өчүүхэн ч атугай хариулсан болов уу. ДАШТ-ээс медаль аваасай гэж хүсэж байсан монгол түмний сэтгэл, Монголын хүндийг өргөлтийн холбооны хамт олон, үе үеийн тамирчдын дэмжлэгийн ачаар энэ амжилтад хүрлээ” хэмээн хүндийг өргөлтийн ДАШТ-ий медальт Монголын анхны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өгүүлэв.
Монголын хүндийг өргөлтийн спортод анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж буй Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр саяхан болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д хүрэл медаль хүртэн, бас нэгэн шинэ хуудас нээсэн юм. Өдгий 19 настай түүнийг “Таван цагариг”-ийн зочны хоймортоо урьж, ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн медальтан болж, бас нэгэн анхдагч амжилтын эзэн болсонд баяр хүргэе. Бахдам амжилт гаргаад, эх орондоо ирэхэд нь цөөнгүй удаа тоссон ч өчигдрийнх шиг баярлаж байхыг тань тийм ч олон удаа хараагүй юм байна...
-Баярлалаа. ДАШТ дуусангуут эх орондоо хурдан очих юм сан гэж яарсан. Улаанбаатар руу дөхөх тусам догдолж, сандраад л. Ном уншиж яваа мөртлөө ер төвлөрөхгүй байсан. Онгоцноос буухад олон хүн угтан баяр хүргэхэд гоё санагдсан. Надад итгэж, тамирчдаараа бахархдаг энэ олон хүний хүний итгэлийг сэвтээхгүйг юу юунаас илүү хичээдэг, тэгэх вий гэхээс эмээдэг.
Аав, ээж хоёр, Ц.Хосбаяр багш надад “Олны хүндлэлийг олох амархан, дааж явах хэцүү. Тиймээс үргэлж хичээх хэрэгтэй” гэж захидаг. Амжилт гарган, эх орондоо ирснийхээ дараа хүндийг өргөлтийнхнийгөө гэртээ урин, баярт мөчөө хуваалцдаг уламжлалтай. Эл уламжлалынхаа дагуу ДАШТ-ээс ирснийхээ орой МХӨХ-ны хамт олон, багш, дасгалжуулагчдаа урьсан. Эрхэм, нандин хүмүүстэйгээ жаргал, зовлонгоо хуваалцах хамгийн сайхан.
-Гарынхаа бэртлийг эмнэлэгт үзүүлсэн гэж сонссон. Гайгүй юү?
-Гайгүй ээ. “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Талст” төвд эмчилгээ хийлгэж байгаа. Азаар ДАШТ-д оролцоход бэртэл сэдрээгүй.
-Бэртэл нь бүрэн эдгэхэд хэдий хугацаа шаардлагатай бол?
-Тодорхой хэлж мэдэхгүй л байна. Нэлээд хугацаанд эмчилгээ тасралтгүй хийлгэх шаардлагатай гэсэн.
-10 жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, ДАШТ-ээс медаль хүртэхэд хамгийн түрүүнд юу бодогдох юм бэ?
-ДАШТ-д гурав дахь удаагаа оролцон, медаль хүртсэндээ баяртай байна. Энэ амжилтыг би гаргаж байгаа мэт боловч үүний ард маш олон хүний сэтгэл, зүтгэл бий. Миний бус, бидний медаль. Өнгөрсөн хугацаанд ДАШТ-ээс медаль хүртэх боломж цөөнгүй байсан ч амжилтын үзүүрээс атгаж алдсаар өдий хүрсэн. Тэр бүхэнд “Медаль хүртсэн тамирчид надаас илүү хөдөлмөрлөж, зүтгэснийхээ хүчээр л амжилтад хүрсэн.
Тэгэхээр би тэднээс дутуу байна л гэсэн үг. Тиймээс улам хичээх хэрэгтэй” гэж л бодож байлаа. Жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, бэртэлтэйгээ тэмцэн байж хүртсэн болохоор харин ч зөв үед энэ амжилтад хүрлээ гэж олзуурхаж байна. Өмнөх жилүүдэд ДАШТ-ээс медаль хүртсэн бол өнөөгийнх шиг ингэж баярлаж, улам их хичээх урам, эрч хүч аваа ч уу, үгүй ч үү. Монголд хүндийг өргөлтийн спорт үүсэж, хөгжсөн 60 жилийн түүхэнд дэлхийн медальтан болох юм сан гэж зүтгэсэн олон тамирчин, дасгалжуулагчийн хөдөлмөр, зүтгэлийн үр шимээр энэ амжилтад хүрлээ.
Би их азтай хүн. Төрийн далбаагаа мандуулан, шагналын тавцанд зогсож байхад сэтгэл үнэхээр их хөдөлж, монгол хүн болж төрснөөрөө бахархлаа. Намайг үргэлж дэмждэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын хүндийг өргөлтийн холбоо, “Алдар” спорт хороо, “Mongolian properties”, “Сувинер хаус”, “Монгол жонс”, “Есүүдийн батууд”, “Үнэн анд” компани, “Үржиншаддүвлин” хийд, “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Талст” төвийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-2016 онд оюутны ДАШТ-д түрүүлэхдээ гарны шөрмөсөө бэртээн, жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа. Үүний сацуу ДАШТ-д оролцох үеэр нэлээд зовиуртай байсан гэж сонссон.
Бэртэл бүрэн эдгээгүй байхад бэлтгэл хийх, формондоо орох амаргүй нь мэдээж. Бэлтгэлээ хангалттай хэмжээнд базааж чадсан уу?
-Үнэнийг хэлэхэд формондоо орж амжаагүй. Жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, бэртэл бүрэн эдгээгүйн улмаас ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хоёр сар хүрэхгүй шахам хугацаанд л базаасан. Би сая дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэхдээ огцом өргөлтөөр 107 кг өргөсөн. 2014 онд ДАШТ-д анх оролцон, X байрт шалгарахдаа өргөсөн жин л дээ. Тэгэхээр гурван жилийн өмнөх шигээ бэлтгэлтэй хүч сорьсон гэсэн үг.
-2015 оны ДАШТ-д VIII байрт шалгарахдаа огцом өргөлтөөр 110, УАШТ-д түрүүлэхдээ 116 кг өргөсөн. Түүнийгээ давтсан бол түрүүлэх боломж байсан уу?
-Байсаан. Бэртэлгүй байх үеийнх шигээ оролцсон бол түрүүлэхгүй юм аа гэхэд медалийнхаа өнгийг хувиргах боломж байлаа. 2015 оны ДАШТ-ий өмнөх бэлтгэл дээр огцмоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөсөн. Тухайн үед түүнийгээ давтсан бол тасархай түрүүлж, УАШТ-ий амжилтаа гаргасан бол мөнгөн медаль хүртэх байсан.
Харамсалтай нь, УАШТ-ий өмнө гараа бэртээн, сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгээд ДАШТ-д оролцсон нь амжилтад нөлөөлсөн. Уг нь огцом өргөлтийн хоёр, эсвэл гурав дахь оролдлогоороо 116 кг өргөсөн бол мөнгөн медаль авах боломжтой байсан юм.
-Бэртлээ бүрэн эдгээж амжаагүй, бэлтгэлээ хангалттай хэмжээнд базааж чадалгүй өрсөлдөөд медаль хүртсэнээр тань спорт сонирхогчид бахархаж байгаа нь мэдээж. Амжилтад сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйл байсан ч медаль авна гэдэгтээ хэр их итгэлтэй байв?
-Өө, ер нь эргэлзээгүй шүү. ДАШТ-ий өмнө багш “Бэртлээ бүр сэдрээх эрсдэлтэй. Өнжих үү, яах вэ” гэж надаас асууж, зөвлөлдсөн. Хүндийг өргөлтөд бэлтгэлээс дутахгүй сэтгэл зүй их чухал. Хэчнээн бэлтгэл сайтай байсан ч өөртөө эргэлзвэл амжилт гаргахгүй.
Тиймээс “Би чадна” гэж өөрийгөө зоригжуулаад л зүтгэсэн. Тэмцээний үеэр хэрхэн өрсөлдөхөө аль болох бодохгүй, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй байдаг юм.
-Хэчнээн хичээсэн ч өөрийн эрхгүй бодогдоод байгаа зүйлийг сарниулах амаргүй. Та сэтгэл зүйгээ хэрхэн удирддаг вэ?
-Үүнд Ц.Хосбаяр багш их дэм болдог. Ер нь туршлага хуримтлуулах тусам сандарч, тэвдэхээ больчихдог юм билээ. Томоохон тэмцээнд анх оролцож байхад хэчнээн их сандардаг байсан гэж санана. “Олимп, дэлхийн медальтнуудтай өрсөлдөнө. Бэлтгэл дээр өргөснөө давтаж чадахгүй бол яана” гээд л тэвддэг байсан.
ДАШТ-д гурав дахь удаагаа оролцсон болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай, бэлтгэл дутуугаа сэтгэл зүйн хүчээр нөхөж чадлаа. Бэртсэнээсээ хойш ганцхан тэмцээнд оролцсон нь танхимын болон тулааны спортын Азийн наадам. Тэр тэмцээнд түрүүлэхдээ ДАШТ-д амжилт гаргана гэх итгэл төрсөн.
-Бэртлээ сэдрэхээс болгоомжлон, түлхэлттэй өргөлтийн төрөлд өрсөлдөөгүй. Хэдийгээр медаль дахин хүртвэл сайхан ч бэртэл сэдэрвэл спортын замналаа өндөрлөх ч эрсдэлтэй. Тийм эгзэгтэй мөчид бэртлээ сэдрээх вий гэж айсан уу?
-Тэгж эмээлгүй яах вэ, гэхдээ зөвхөн бэлтгэлийн үеэр. Харин тэмцээнд оролцохдоо юу гэж бэртлийн талаар бодох вэ. “Бэртлээ сэдрээчих вий, оролдлогоо гүйцэтгэхэд өвдөх болов уу” гэж бодвол өөрийгөө ялж чадахгүй. Дэвжээн дээр гарахдаа бүхнийг мартаад, зөвхөн өргөлтдөө анхаарлаа төвлөрүүлсэн. Би нөгөө төрөлд нь ч бас оролцъё гээд гүрийсээн (инээв).
Багш “Миний охины нас залуу байна. Хэдийгээр медаль авбал сайхан ч ирээдүйгээ бодох хэрэгтэй. Хүрэл медаль хүртсэнээ чангаас чанга атгаад тэмцээнээ дуусгая. Дараа жил хоёулаа дутуугаа гүйцээхийн төлөө дахин зүтгэе” гэж хэлэхэд нь эсэргүүцэж яаж зүрхлэх вэ. Дэвжээн дээр гараад нэг оролдлогыг гуравхан удаа гүйцэтгэдэг болов ч бие халаалт хийхдээ олон удаа өргөнө.
Тэмцээнд оролцох байтугай бие халаалт хийж байхдаа ч бэртлээ сэдрээх эрсдэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд бэртэлтэй мөртлөө бэлтгэлээ хэрхэн хийж, ямар их хүнд үеийг туулсан билээ. Тэр бүхнийг дахин мэдэрч, цаг хугацаа алдахгүйн тулд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцоогүй нь зөв шийдвэр байсан.
-Зарим тамирчин залуудаа, цөөнгүй нь хожим буюу бараг зодог тайлахынхаа өмнө ДАШТ-ээс медаль хүртдэг. Та залуудаа энэ амжилтад хүрлээ.
Ер нь уйгагүй хичээж, хөдөлмөрлөвөл дэлхийн аваргаас медаль хүртэх юм байна гэх итгэл хэдийнээс төрсөн бэ?
-10 жил хөдөлмөрлөн, өдөр бүр уйгагүй зүтгэсний хүчээр хүртсэн болохоор арай эрт болчихлоо, залуудаа хүртлээ гэж бодохгүй байна. Дэлхийн медальтан болох хэмжээнд ур чадвар ахиж, хөдөлмөрлөөд л энэ амжтлтад хүрсэн байх. Ер нь уйгагүй хичээж, хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал ДАШТ-ээс медаль авна гэх итгэл олон жилийн өмнө төрсөн шүү.
-Өнөөгийн амжилт тань Ц.Хосбаяр дасгалжуулагчтай салшгүй холбоотой. Багшийнхаа талаар ярина уу?
-Юуны өмнө анхны багшийнхаа талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Би 114 дүгээр сургуульд сурдаг байхдаа Цэрэнпүрэв багшаар анх хүндийг өргөлт заалгасан. Дараа нь Спортын төв ордонд Чулуунпүрэв багшийн удирдлагад нэг хэсэг бэлтгэл хийсэн. 2012 онд нуруундаа айхтар бэртэл авсны дараа Ц.Хосбаяр багшийнхаа шавь болсон.
Багш минь бүх амьдралаа энэ спортод зориулж яваа мундаг хүн. Бэлтгэл дээр багш, сэтгэл санаагаар унавал сэтгэл зүйч, өвдвөл эмч болж, шавь нарынхаа төлөө нойр, хоолоо умартан зүтгэдэг. Цагтаа Монголын урдаа барьдаг тамирчдын нэг байсан багшийнхаа ачийг амжилтаар хариулахыг үргэлж хичээдэг.
-“Өнөөдөр” сониноос санаачилсан “Аавын эзгүйд” реалити сурвалжилга, олны дэмээр дүүгээ эмчилгээнд оруулсан. “Аавын эзгүйд”-ийн үр өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Цэргийн хүний ар гэрт, тэр тусмаа өрхийн тэргүүн нь энхийг сахиулах үйл ажиллагаанд явсан мянга, мянган гэр бүлийн цаана ямар амьдрал өрнөдгийг манайхаар дамжуулж нийтэд хүргэсэн.
Дүүд минь туслах аяныг санаачилсан “Өнөөдөр” сонин, сэтгүүлч Л.Ганчимэг эгчид баярлаж явдаг. Та бүхэн намайг монгол түмэнтэй минь холбож, гүүр болсны ачаар дүүгээ эмчилгээнд явуулсан.
-Дүүгийнх нь бие гайгүй юү. Одоо дахин мэс засалд орох шаардлага бий юү?
-Байгаа. Удахгүй БНСУ-д очин, лазер эмчилгээнд орохоор төлөвлөж байгаа. Дүүтэй хамт аав, ээж хоёр явна. Эмчилгээнд 15 сая гаруй төгрөг шаардлагатай гэнэ лээ. Аав, ээж хоёр дүүгийн эмчилгээний зардлыг олохоор хөөцөлдөж байгаа. Манай гурав тэнд бараг хоёр сар гаруй амьдрах байх.
-Аав, ээж хоёр нь эндэх ажлаасаа чөлөө аваад явах юм уу?
-Ээж цэргийн хүн болохоор тэтгэвэртээ эрт гарсан. Аав ээлжийн амралтаа аваад явна.
-Айлын том охин болохоор хамаг ачаа таны нуруун дээр ирэх байх. Бэлтгэл, тэмцээн гээд зав хомс. Хэрхэн зохицуулах вэ?
-Бэлтэлээ хийнгээ дүү нараа харна, бага дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, авна гээд ажил их. Гэхдээ өмнө нь ингэж үлдэж байсан болохоор одоо туршлагатай болсоон. Зохицуулна даа.
-Гадаадын орноос тавьсан, их хэмжээний цалинтай саналаас татгалзсанаар тань монгол түмэн бахархдаг. Хэрвээ зөвшөөрсөн бол тэмцээн, бэлтгэл гээд үргэлж шахам санхүүгийн хүндрэлтэй тулгарахгүй болох байсан гээд харамсах үе гарах юм уу?
-Би хэзээ ч харамсахгүй. Тэр саналыг надад тавих үед “Яах вэ” гэж ганц ч удаа бодоогүй, шууд л татгалзсан. Би Монголын тамирчин, Мөнхжанцангийн Анхцэцэг хэвээрээ л үлдмээр байна. Дахиад ямар ч орноос хэчнээн ч төгрөгийн санал тавьсан би зөвшөөрөхгүй. Төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ.
Энэ бол гэр бүлийнхэн, дасгалжуулагчтайгаа ярилцан, зөвлөж байгаад гаргасан шийдвэр. Олон улсын тэмцээнд түрүүлэн, “Монголын тамирчин Анхцэцэг” хэмээн дуудуулсаар шагналын тавцанд баярын нулимстай зогсон, Төрийн дууллаа эгшиглүүлэх хэчнээн сайхан гэж санана. Би тэр л үед монгол хүн болж төрснөөрөө бүр их бахархдаг. Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Минийх ч бас тийм. Харин тэр үед “Монголын тамирчин М.Анхцэцэг олимпын аварга боллоо” гэж хэлүүлэхийг хүсдэг.
-Өдий хүртэл олон амжилт гаргаж, монгол түмний хайртай тамирчдын нэг болсон. Хамгийн сайхан урмын үгийг хэн хэлэв?
-Тийм үгийг надад олон хүн хэлдэг. Гадуур явж байхад “Мундаг шүү” гэж хэлэхэд хүртэл сайхан санагддаг, урам авдаг. Тэгэх бүрт зөв шийдвэр гаргаснаа ухаардаг.
-Зарим хүн нэр алдарт хүрэхээрээ биеэ тоодог, ааш зан нь ч эвдэрдэг. Харин та тэгдэггүй, хүүхэд зангаараа байдаг гээд спортын хүрээнийхэн ам сайтай байдаг юм билээ. Хүмүүжилд нь хамгийн их нөлөөлдөг зүйл юу вэ?
-Гэр бүлийн хүмүүжил, багшийн захиас үүнд их нөлөөлдөг байх. Хэн байснаа мартаж болохгүй гэж л өөртөө үргэлж хэлдэг.
-Өнөө цагт залуус гадаадад амьдрах, аль болох Монголоосоо дайжих сонирхолтой болж. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Гадаадад боловсрол эзэмших сонирхолтой байгааг нь буруутгах аргагүй. Гэхдээ эх орондоо буцаж ирээд ажиллаасай, сурсан мэдсэнээ Монголынхоо хөгжилд зориулаасай гэж хүсдэг.
-Найз залуу нь жүжигчин юм билээ. Та ер нь сонгодог урлаг сонирхдог уу?
-Өмнө нь нэг их сонирхдоггүй байсан. Харин одоо бол театрт тавьж буй жүжиг бүрийг үзэхийг хичээдэг болсон. “Ромео Жульетта”, “Жаргаагүй нар” зэрэг жүжигт дуртай. Уран бүтээлч бүхэн үзэгчдэд ямар нэгэн зүйл ойлгуулж, ухаарал хайрлах гэж бүтээлээ туурвидаг байх. Би жүжиг үзэхдээ тийм сайхан бүхнийг нь мэдрэхийг хичээдэг. Манай найз залуу УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал шүү дээ. Бид хоёр үерхээд жил гаруй болж байна. Найз залуу маань спортод дуртай. Тэр тусмаа үндэсний бөхийн тамирчдыг андахгүй. Барилдаан болгоныг алгасахгүй үзэхийг хичээдэг.
-Шинэ жилийн уур амьгал аль хэдийнэ оржээ. Энэ жил хэрхэн баярлахаар төлөвлөж байна вэ?
-Жил бүр гэрийнхэнтэйгээ хамт тэмдэглэдэг уламжлалтай. Харин энэ онд аав, ээж, дүүгийн хамт БНСУ явах болохоор халуун ам бүлээрээ баярлаж чадахгүй нь. Хоёр дүүтэйгээ хамт тэмдэглэх бололтой. Одоогоор яг тэгж, ингэж баярлана гэж төлөвлөсөн юм алга.