Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт өнгөрсөн баасан гаригт Төрийн соёрхол хүртээсэн билээ. “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирыг Төрийн соёрхол хүртсэнийх нь дараахан утас руу нь залгахад “Ажил дээрээ байна аа” гэсэн юм.
Уржигдар түүнтэй уулзахаар очиход мөн л ажлаа хийж байв. Магадгүй түүний энэ л занд ард түмэн хамгийн их хайртай байдаг болов уу. “ТАСАМ-ын Санчир Төрийн соёрхол хүртлээ” гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хэрхэн давалгаалан түгж, монгол туургатнууд яаж баярласныг бид бэлхнээ харсан.
-Төрийн соёрхол хүртсэнд тань халуун баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гээд олон түмэн таны өмнөөс маш их баяртай байна. Төрийн ордонд очихдоо та шагнал авахаа мэдээгүй байсан гэл үү?
-Урьд өдөр нь Ерөнхийлөгчийн шадар туслах манай байгууллагын утас руу залгаад “Маргааш Төрийн ордонд чухал хуралтай. Албаны хувцастай заавал ирээрэй” гэж надад дамжуулсан байсан. Бид удахгүй аян замд гарах гээд хийх ажил, амжуулах зүйл их байсан тул би утсаа салгачихсан байсан юм. Маш чухал гэсэн болохоор нь Төрийн ордонд хуралд суучихаад, дараа нь урландаа материал авах төлөвлөгөөтэй очсон.
Явсаар таван давхарт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ороод, түүхч Д.Өлзийбаатар гуайтай зэрэгцэн зогсож байхдаа ч өөрийгөө шагнал хүртэх гэж байгааг мэдээгүй. Зохион байгуулагч залуу надад “Та энэ алчуурыг хүзүүгээрээ ороочих. Ёслолын байдалтай хувцаслах ёстой юм” гээд алчуур өгөхөд нь ч санаанд ер буугаагүй (инээв). Би төр, засгаас баярын бичиг ч авч үзээгүй хүн шүү дээ. Шагналыг ямар нэг тодорхойлолт, хүсэлтийн дагуу хэдэн шат дамжлагаар оруулж байж өгдөг зүйл гэж ойлгодог байсан.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг шууд уншаад эхлэнгүүт маш их сандарсан. Уг нь би сэтгэл хөдлөлөө олон нийтэд төдийлөн ил гаргадаггүй. Санчир гэдэг хувь хүн их хүнд амьдрал туулсан, түүхийн харгуйгаар замнасан жим мөр, он жилүүд минь ч амар байгаагүй. Нөгөөтэйгүүр, олон сайхан элэг нэгтэнтэйгээ уулзан золгож, гайхамшигтай өв соёлын дурсгалуудыг үзэж, танилцаж явсан.
Аль алинд нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байсан ч энэ удаагийнх шиг сандарсан минь ховор. Өнгөрсөн хугацааны хамгийн хүнд бэрх бүхэн нүдний минь өмнө тодорч, аав, ээж, ах нарыгаа дурслаа.
-Нулимсаа барьж дийлэхээргүй тийм их догдлол, хүндлэл Монгол төрийнх болов уу. “Би шагнал горилдоггүй. Авлаа гэхэд очоод үнсүүлэх аав, ээж минь бурхан болсон” гэж та нэгэнтээ ярьсан.
Хэдийгээр аав, ээж тань нартад үгүй ч Монголын ард түмэн тэр аяараа таны “магнайг үнэрлэн” баяр хүргэж буйг мэдрэх сайхан байна уу?
-Шагнал аваад гарч ирэхэд багш нар, ах дүүс, найзууд маань утасдаад “Яагаад хэлээгүй юм бэ. Бид ядаж цэцэг бариад очих байсан шүү дээ” гэж зэмлэсэн. Үнэндээ одоо ч хүмүүстэй уулзаж, талархлаа илэрхийлэх завгүй л явна. Сэтгэлийг нь үймрүүлчих болов уу гээд ах, эгч нартайгаа ч уулзаагүй яваа. Гэтэл намайг таньдаг, таньдаггүй маш олон хүн өмнөөс минь хөөрч догдлон, баярлаж, дэлхийн өнцөг булан бүрээс талархсан сэтгэлийн зурвас ирүүлж байгаа нь үнэхээр сайхан байна.
Дөрвөн жилийн өмнө Улсын наадмын өглөө би хамгийн сүүлд ээжтэйгээ уулзаад, аян замд гарч байв. Тэр өдөр ээж минь “Миний охиныг монгол төр үнсэнэ гэж найдаж байгаа” хэмээж билээ. Эвий ижий минь хүн өөрөө бичиг цаас барьж, хөөцөлдөж шагнал хүртдэг гэж огтоос боддоггүй байж дээ. Охин нь амь амьдрал, гэр бүл, залуу нас, хайртай бүхнээ энэ ажлаар солин, зүтгэж явааг минь хамгийн сайн мэдэх учраас тэгж хэлсэн байх.
Туркменистанд явж байхад ээжийн бие муудлаа гэж хэл аваад, буцаж ирсэн. Тэгэхэд гурав хоног ухаангүй байсан ээж минь сэрээд “Миний охин сайн явж ирсэн үү” гэсэн нь сүүлчийн үг нь байсан юм. Эх хүний зүрх эцсийн мөчөө хүртэл үр хүүхдийнхээ төлөө цохилдгийг тэгэхэд би ухаарсан (хоолой зангируулав).
Бидний ажил цаг мөчтэй уралддаг. Устах аюулд буй дурсгал, уусах аюулд байгаа монголчуудынхаа хойноос явж, түүх, өв, соёл, угсаатан судлалын салбарт тэдгээрийг цаг алдалгүй баримтжуулан үлдээхийн тулд, Эзэнт гүрний монголчуудын тухай өргөн олонд түгээх юм сан гэж цаг наргүй ажилладаг. Мэдээж би шагналын төлөө энэ он жилүүдэд хэцүү бэрхийг туулж, дайн дажинтай Исламын улсын хаалттай бүсийг үхэн хатан зориогүй.
Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед монголчууд зөвхөн газар нутаг, улс орнуудыг эзлэн нэгтгээд зогсоогүй, одон орон, шинжлэх ухаан, эдийн засаг, боловсрол, урлаг соёл, барилга архитектурын бүтээн байгуулалт гээд ямар үнэ цэнэтэй, бахархалт дурсгалууд өргөн дэлхийд үлдээснийг баримтжуулан, танилцуулах гэсэн үйл хэргийг минь төр үнэллээ гэж бодож байна. Аян замын минь хүнд хэцүүг, асуудал бэрхшээлийг, энэ бүхнийг олон нийтэд хүргэхийн ач холбогдлыг, түүхийн хуудсанд оруулж байгаа хувь нэмрийг олж харсан Ерөнхийлөгч Х.Баттулгад, өндөр төрдөө яаж талархахаа ч мэдэхгүй байна.
-Хүмүүст талархсанаа илэрхийлж, баяраа хуваалцаж амжихгүй дараагийн аян замд гарах нь. Одоо хаашаа явах билээ. Төрийн соёрхолт Ц.Санчирыг дэлхийгээр нэг тархан суурьшсан монголчууд их баяртайгаар угтах нь дамжиггүй?
-Ерөнхийлөгч дараа нь биднийг өрөөндөө хүлээн авч уулзаад, аян зам, ажил үйлсийн тухай ярихдаа “Одоо гэртээ харина биз дээ” гэсэн. Тэгэхэд нь би “Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц гэр л бий” гэж хариулсан. Үнэхээр л өнгөрсөн он жилүүдэд би хамаг амь амьдралаа энэ ажилд зориулсан. Цаг мөч бүрийг нарийн төлөвлөж, ажлынхаа төлөө улайран зүтгэсээр явна.
Би “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтай цэргийн албан хаагчийн гэр бүлд төрж, өссөн. Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлийн дуудлагаараа цаг наргүй зүтгэсээр амьдралын хэвшил минь нэгэнт ийм болжээ. Өнгөрсөн хугацаанд үзэж, туулсан бүхнийг минь бусад хүн сайн мэдэхгүй учраас “Ийм залуудаа Төрийн соёрхол хүртлээ” гэж залуу насыг минь голох вий хэмээн эмээж байна.
Манай байгууллагынхан өнгөрсөн 16 жилийн турш дэлхийн 50 гаруй орны 600 гаруй хот суурингаар орж, Монголын эзэнт гүрний өв, соёлын дурсгалуудыг архивлан, орчин үеийн арга технологиор баримтжуулан үлдээж байна. Бид нэг газарт ганц удаа очоод л төлөвлөсөн судалгаа зургаа авч чаддаггүй. Зарим газарт 35 удаа очиж байж, 40-хөн минутын ганц баримтат цуврал бүтээх жишээтэй. Соёл судлаач хүний хувьд угсаатны онцлогийг харуулахын тулд баяр наадам, хурим, оршуулга гээд олон удаагийн зан үйлийг бодитоор харж, мэдэрч байж чанартай юм хийх ёстой гэж боддог. Одоо бид Төмөрийн улс буюу Туркменистан, Узбекистан, Турк зэрэг орноор явах гэж байна.
Миний хамгийн гол баярлаж, талархаж явдаг зүйл бол би дэмжигчтэй судлаач юм билээ. Таксины жолооч “Өө, Тасам Санчир байна. Та хаашаа хүргүүлэх вэ” гэнэ, татварын газар очиход “Алив, танд юугаар туслах вэ” гэнэ, онгоцонд таарсан хүмүүс “Санчир явж байгаа юм уу. Аян замыг тань мялаая” гэдэг. Олон түмнээс ийм хүндэтгэл хүлээсэн судлаач хэр олон байдгийг мэдэхгүй. Олон нийтийн сүлжээгээр манайхыг дэмждэг 300 мянга гаруй хүн байна. Тэдэн дундаас 30 мянга гаруй нь үйл ажиллагааг минь идэвхтэй дэмждэг.
Намайг огт танихгүй 50 гаруй хүн ТАСАМ-ыг дэмжигчдийн клубт нэгдэж, манай судалгааны ажлын зардалд тус нэмэр болдог. “Санчир хэзээ ирэх бол” гээд талхаа бариад, төмсөө чанаад намайг хүлээж байдаг дэлхийн монголчуудыг ч энэ мэдээ их баярлуулсан байна. Учир нь тэр элэг нэгтнүүдийн зуун зууны түүчээнд монголоороо үлдэхийн тулд туулсан зам, үүрсэн зовлонг, дэлхийн энгээр өв, соёлын дурсгалуудыг Эзэнт гүрний голомтыг манаж буй энэ цагийн Монголын төр анхааралдаа авч, соёрхжээ хэмээн тэд зүрх сэтгэлдээ илүү ойр хүлээж авч байгаа болов уу.
2009 оноос хойш өнөөг хүртэл бидний ажлын хүнд хэцүү цаг үе болгонд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дутууг минь нөхөж ирсэн М.Болд захиралтай “Хас” банкны хамт олонд маш их баярлаж явдгаа хэлье. Тэд биднийг энэ ажлын төлөө яаж бүхнээ зориулдгийг, өдрийн хоол минь хэдэн төгрөгийн нормтой байсныг, бэлэн гоймон, дөрвөн ширхэг өндгөөр хоногийн хоолоо болгож байсныг хүртэл мэднэ.
Мөн “Тархан суурьшсан монголчууд” байгууллагын гүйцэтгэх захирал, Манчестрийн их сургуулийн мастер, докторант, дүрслэлийн антропологич Б.Цэрэн миний ард намуухан, даруухнаар ажлаа хийгээд л явж байдаг. Миний багш, хүн судлалын шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурь гээд олон олон хүнд маш их талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Төрийн соёрхол гэдэг их том хүндэтгэл байдаг бололтой. Багш маань одоо өөрийн биеэр ирж, баяр хүргэнэ гэхээр нь дотроо эмээгээд сууж байна (инээв).
-2016 онд хэвлүүлэх төлөвлөгөөтэй гэж байсан “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ийн ажил нь юу болж байна вэ?
-Эзэнт гүрний монголчуудын очсон, монгол хаадын тамгаа дарсан бүх газарт мэргэжлийн судлаачид хүрч, хээрийн судалгаа шинжилгээ хийснээ “Эзэнт гүрний нэвтэрхий толь” нэртэйгээр, олон улсын жишгийн дагуу НҮБ-ын гол гол хэлээр хэвлүүлэх гэж байгаа учраас асар их хөрөнгө, хүч, цаг хугацаа орох юм.
Их Монгол улсын 810 жилийн ойгоор буюу 2016 онд үүнийгээ гаргачих юм сан гэж их хичээсэн. Өв соёлоо эн тэргүүнд тавьж, туулсан түүхийнхээ бодит үнэнийг олон нийтэд баримттайгаар мэдүүлэх гэсэн энэ чухал ажлыг төр, засаг дэмжих болов уу гэж найдсан. Миний зүрх сэтгэлийн мухарт найдлага ямагт байдаг.
Дэлхий 365.25 өдөр бүхий нэг жилтэй гэдгийг тогтоосон анхны албан ёсны одон орны төвөөр, таван ухааны дөрвөн их сургуулиар, 1256 онд 400 мянган номтой номын сан байгуулсан түүхээр, Эзэнт гүрний баруун жигүүрт 32 мянган гадаад эрдэмтний орон сууц бариулсан бүтээн байгуулалтаар бид бахархах учиртай. Үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зайлшгүй хөрөнгө хүч хаяж байж, илүү өргөн хүрээнд, илүү далайцтай гаргаж тавих учиртай. Наад зах нь эдгээр өв, соёлын дурсгалыг тухай тухайн улсынх нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уг нэвтэрхий тольд баринтаглана.
Хамгийн сүүлд 200 гаруй өв, соёлын дурсгалыг олон нийтэд танилцуулах албан ёсны эрхийг манай байгууллага маш өндөр үнээр худалдаж авсан. Жишээ нь, зөвхөн “Өлзийт хааны ордон” гэдэг ном хэвлүүлэхийн тулд Иранд олон удаа судалгаа шинжилгээгээр зорьж очсон. Анх 20 минутын дүрс бичлэг хийх албан ёсны зөвшөөрөлтэй очиж байв. Ур хийц, хээ чимэглэл гээд хүн төрөлхтний уран барилгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан барилгын зургийг бүх талаас нь авахын тулд таван жил дараалан очих амар байгаагүй.
Ялангуяа эмэгтэй хүн ажил хийх, жолоо барих, эрэгтэй хүний өөдөөс эгцлэн харахыг хүртэл хорьдог Исламын улсад мэргэжлийн техник хэрэгсэлтэй бид тэндхийн хүмүүстэй ойлголцож, гүрний түүхээ судалж явна гэдэг хэцүү. Энэ мэтээр “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-оо хийхийн тулд бид тасралтгүй ажилласаар байна. Миний хувьд өдөрт дөрвөн цаг л амардаг. Эрдэмт мэргэн багшаасаа оюутан байхдаа өвлөж, дадсан зүйл минь тэр.
-Нэвтэрхий тольд орох баримт материал, судалгааны зүйлс бэлэн, харин хөрөнгө мөнгө гачигдалтай байна гэж ойлгож болох уу?
-Манайх судалгааны байгууллага учраас бүх зүйл баримттай байдаг. ТАСАМ байгууллага өнгөрсөн хугацаанд Эзэнт гүрний маш олон өв, соёлын дурсгал материал хурааж хуримтлуулан, архивлажээ. Тэдгээрээс ердөө таван хувь буюу өчүүхэн жаахан хэсгийг нь л үзэсгэлэн гаргах, ном хэвлүүлэх, баримтат цуврал хийх, сэтгүүлчдэд ярилцлага өгөх зэргээр олон нийтэд хүргэжээ.
Цаана нь байгаа жинхэнэ үүцийг олон улсын стандартын дагуу дэлхий нийтэд түгээж, танилцуулахын тулд хөрөнгө хүч зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ бид мөнгө хүлээгээд зүгээр суудаггүй ээ, зүтгэж л явна.
-Нэг үеэ бодоход танайхны аян замыг таслахгүйн төлөө хүмүүс сэтгэл гаргадаг болсон байх. Та урьд нь судалгааны ажилд явахын тулд банкнаас валютын зээл хүртэл авч байсан гэдэг байх аа?
-Тийм ээ. “Хүмүүс байр, машин авахын тулд зээл авдаг байтал судалгааны ажлын төлөө чам шиг ингэдэг хүн байхгүй” гэж тухайн үед нөхдөдөө зэмлүүлж ч байв. Энэ судалгааны ажлын галыг таслахгүйн төлөө маш олон хүн дэмжлэг үзүүлж ирсэн. Сүүлчийн судалгааны ажлыг минь Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир дэмжин ажиллаж байгаа.
Энэ олон жилийн хугацаанд дэлхийн улсуудын гуравны нэгд нь очихдоо бид анх удаа Консулын газраасаа дэмжлэг хүртэж байна. Бидний ажлыг ойлгон, өнөөдрийн болон алс ирээдүйн ач холбогдлыг өндөрт өргөн дэмжиж буй Э.Мөнх-Очир консулд их баярлаж байгаагаа илэрхийлье.
2009 оноос өмнө нөхцөл байдал их хүнд байсан шүү. Аав, ээжээс заяасан авьяас билгээрээ зураг зураад, “Tasam craft” арьсан эдлэлээ хийгээд судалгааны галаа таслахгүй явна гэж зүтгэдэг байв. Газар дээр ганц үлдсэн ах минь тэтгэврээ зээлээд өгдөг, “Нарантуул” зах дээр ажилладаг эгч маань таван төгрөгийн ашгаа зардалд минь нэмэрлэдэг.
-Уучлаарай, таны хувийн амьдралын тухай сонирхож болох уу. Та гэр бүлтэй юү?
-Би өнгөрсөн хугацаанд 300 гаруй ярилцлага өгөхдөө хувийн амьдралынхаа тухай огт ярьж байгаагүй л дээ. Гэрлэж амжаагүй. Дайн дажинтай газар руу судалгааны ажлаар байнга явдаг учраас миний амь нас баталгаа байхгүй гэж хэлж болно. Хэн ч миний амь насыг хариуцахгүй. Тиймээс намайг дэмждэг байгууллага, холбоотой байдаг хүмүүстээ ямар ч асуудал үлдээхгүй, түвэг удахгүй байх сан гэж боддог. Тийм ч учраас би гэр бүл зохиож, үр хүүхэдтэй бололгүй өдий хүрсэн.
Намайг гэр бүлтэй болоод, хүүхэд төрүүлж, өсгөчихөөд очно гэвэл тэр хооронд хэчнээн угсаатан уусаж, хэдэн дурсгал устахыг төсөөлөхөд бэрх. Тэнд намайг Эзэнт гүрний монголчууд хүлээж байхад энд би хувийн амьдралаа бодож болохгүй. Зарим хүнд хийрхүү сонсогдож магадгүй. Гэхдээ надад байгаа бүх зүйл гэвэл миний ажил. Харагдаж байгаа зүйл нь Санчир гэдэг энэ хүн л байна. Надад өөр юу ч байхгүй.
-Явсан хүнээс үг дуул гэдэг. Дэлхийгээр хэрэн явсан энэ он жилүүдэд та өөртөө юу олж авсан бэ?
-Урт холын аян зам хүнийг эгэл энгийн болгодог юм байна. Би ийм энгийн хүн байгаагүй. Их сургуульд багшилж байхдаа би бас л их маягтай хүн байжээ гэж одоо бодогддог. Хамгийн баян айл нь дөрвөн хоньтой, бүтэн сарын турш төмс л чанаж иддэг, зарим газарт худаг ус байхгүй тул борооны дараах шалбаагны ус шүүж хэрэглэдэг гээд амьдралын олон янзын өнгө аясыг олж харсан даа.
Кофе, саван, шүдний оо, шампунь гэж мэдэхгүй, угаалгын нунтгаар бүх зүйлээ угаадаг монгол хүмүүс ч дэлхийн өнцөг буланд байсан. Одоо харьцангуй өөрчлөгдөж байгаа. Монгол мөнгөөр 25 мянган төгрөгийн цалинтай багштай ч би уулзаж байлаа. Гурван сая төгрөгийн цалинтай багштай ч уулзаж байв. Аль аль нь Монголд ирэхээрээ утаатай ч гэсэн Улаанбаатарын агаарыг сүслэн амьсгалдаг.
“Монголчууд хэчнээн сайхан эрх чөлөөтэй, хаа сайгүй хүнгэнэлдээд яруу тансаг монгол хэлээрээ ярих юм аа. Бидний яриа ямар байгаа бол” гэж санаа зовдог. Гэтэл голомтдоо буй монголчууд бид яаж амьдарч байгаа билээ гэдгээ бодох учиртай. Хувь хүний хөгжил бол манайд мундаг байна. Монгол залуусын хандлага, үндэсний үзэл зөв талаараа сэргэж буй. Харин гүрний голомтыг манаж байгаа төрийн бодлого сул байна.
-Олон жилийн турш дэлхийгээр тархан суурьшсан монголчуудтай уулзаж явсан та “Монголчуудын мах цусанд байдаг язгуур чанар нь их үнэнч ард түмэн юм байна” гэж тодорхойлсон байсан.
Тэгвэл Монгол нутагт голомтоо сахиж үлдсэн өнөө цагийн монголчуудыгаа харахаар танд ямар санагддаг вэ?
-Бидний зорьж очин уулздаг монголчууд тухайн улсдаа их дарамтан дунд байдаг. Гэвч тэднээс XIII зуунд монголчууд ийм л байсан болов уу гэмээр, монгол хүний жинхэнэ мөн чанар мэдрэгддэг. Соёл судлаач мэргэжлийн маань онцлог ч юм уу, Монголдоо ирээд харахаар монголчуудынхаа дайчин, хүнд бууж өгдөггүй эрэмгий чанараар би бахархдаг. Гэхдээ голомтондоо байгаа бидний цөөхөн монголчууд нэг нэгнээ хүндэтгэн, эв найртай, биесээ дэмждэг байх нь хамгийн чухал.
Миний амьдралын уриа бол “Ялж амьдар”. Би амьдралдаа үхэл хагацал, өнчрөл гаслан, өвчин зовлон, үгүйрэл хоосрол, уналт шаталт, осол гэмтэл гээд дэндүү олон зовлон үзсэн хүн. Тэр бүхний дундаас үхлийн өмнө л хүн гэгч өчүүхэн амьтан болохыг ухаарсан.
-Монголын судлаачдад түүх, соёл, хэл бичгээ өнөө цагт дахин шинээр судалж, үнэн бодитоор гаргаж ирэх үүрэг ногдож буйг эрдэмтэн мэргэд ярих болсон.
Наад зах нь араб, перс хэлтэй судлаачдыг улс бодлогоор бэлтгэх хэрэгтэй байгааг та ч хэлдэг. Манай төр, засаг үүнд ер нь анхаарч байна уу?
-Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Юань улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаадын улс гэсэн дөрвөн их улс багтаж байв. Бид Зүчийн буюу Алтан ордны улсын тухай харьцангуй мэднэ. Юань болон Цагаадайн улсын тухай ч харьцангуй мэднэ. Харьцангуй шүү, бүрэн сайн мэднэ гэсэн үг биш. Харин Ил хаадын хязгаар буюу Исламын улсуудын тухай төдийлөн мэддэггүй.
Яагаад Санчир энэ хаалттай бүс нутаг руу яваад байдаг юм бэ, араб, перс хэл яагаад хэрэгтэй вэ гэж асуух хүн бишгүй байдаг. Монголын эзэнт гүрний түүхийг бүрэн судлахын тулд тухайн үед араб, перс хэлээр бичигдсэн түүх, соёлын хосгүй үнэт сурвалж бичгүүдийг бид эх хэлнээс нь шууд орчуулдаг болмоор байна.
Нэлээд хэдэн жилийн өмнө тэдгээрийг манайхан перс хэлнээс англи, англиас орос, оросоос монгол руу дамжуулан орчуулсан. Нэг хэлнээс нөгөө рүү орчуулахад тодорхой хэмжээнд утга агуулгын зөрүү гардаг. Тэгвэл гурав, дөрвөн хэл дамжихаараа юу болж таарах бол.
“10 гаруй жилийн өмнө таны баримтат цуврал нэвтрүүлгийг үзээд соёл судлаач мэргэжлийг сонгосон” гэж цөөнгүй залуу ярьдаг. Одоо Монголын түүх соёлын төлөө гэсэн олон оюунлаг залуус энэ мэргэжлийг сонгодог болжээ. Хэн нэгний ятгалга, алс ирээдүйн ашиг хонжоо харж бус, сэтгэлийн дуудлагаараа түүх соёлдоо дурлан, соёл судлаач болж байгаа эдгээр залуусын өмнө Монголын эзэнт гүрэн гэсэн судалгааны асар том талбар байгаа.
Харин одоо төр тэднийг бодлогоор дэмжин, хэрэгтэй зүйлийг нь хийлгэмээр байна. Бидний хувьд араб, перс хэл дээрх зарим эх сурвалжийн албан ёсны эрхийг нь аваад, орчуулж байна. Гэхдээ үнэндээ тэдгээрийг хэвлэх мөнгө төгрөг хайж, цаг алдахын оронд хэзээ мөдгүй устаж мэдэх түүх, соёлын дурсгалуудыг баримтжуулан авч үлдэх нь чухал байна.
Төгсгөлд нь хэлэхэд, биднээс өмнө монгол түүх соёлынхоо төлөө залуу нас, амь амьдрал, оюун бодол, нөр хөдөлмөрөө зориулсан эрдэмтэн мэргэддээ ёсолъё. Даяар Монголын ариун голомт өв, соёлдоо дөрөөлөн өнө мөнхөд мандан бадраг ээ.