Аливаа ажлыг, уран бүтээлийг сэтгэл, зүрх, тархиараа “машиндан”, шүүж, тэсэрсэн бодол санаагаараа баяжуулан чимэхээр ямар амттай, өнгөтэй болдгийг харуулдаг нэгэн хүнийг “Өнөөдөр” сонин уншигч-сурвалжлагчаараа томиллоо. Тэр бол Монголын драмын урлагийн түүхэнд Төрийн шагнал хүртсэн 10 дахь уран бүтээлч Н.Наранбаатар.
Номыг яагаад ертөнцийг харах цонх хэмээснийг тайлбарлах нь илүүц биз ээ. Чухамхүү тэр цонхоор харсан хүн төрөлхтөн хорвоотой танилцаж, түүхээ мэдэж, түүхийгээ боловсруулж, оюун ухаанаа тэлж ирсэн. Уншигч-сурвалжлагчийн маань “байцаасан” Н.Пүрэвдагва хэмээх энэ эрхэм амьдралаа номтой холбож, монголчууддаа дэлхийн зохиол, бүтээлээс орчуулан хүргэх үйлсэд шамдан яваа оюунлаг нэгэн.
Тэрбээр монгол хүүхэд, багачуудыг дээвэр дээр суудаг Карлсонтой танилцуулсан, биднийг М.Булгаков, У.Шекспир, И.В.Гогольтой “уулзуулсан”, манай соёл урлагийнхан, тэр дундаа УДЭТ-ын уран бүтээлчдэд мэргэжлийн судалгааны олон даацтай “шипи” бэлдэж өгсөн буянтай хүн.
Өөрийгөө “Хөрвүүлж бардаггүй орчуулагч, бичиж гавьдаггүй зохиолч” хэмээн даруухан тодорхойлсон зочин болон үргэлж санаачилгатай, хөдөлмөрч байхыг эрхэмлэн чухалчилдаг уран бүтээлч, манай “сэтгүүлч” Н.Наранбаатартай хэрхэн хөөрөлдсөнийг болгооно уу.
-Тавтай сайхан өвөлжиж байна уу.
-Тавтай сайхан байна аа.
-Монголчуудын маань ахуйн соёлын нэг чухал зүйл нь ахмадаа хүндэлж зөв сайхан мэндлэх ёс. Цаг хугацааны явцад өөрчлөгдөж буй нийгэмд аливаа зүйлд хандах хүмүүсийн хандлага, зан ааш, араншин, ёс суртахуун хэрхэн хувьсан, хувирч байгааг найруулагч бид их ажигладаг л даа.
Саяхан УДЭТ-ын тайзнаа тавьсан Л.Толстойн “Адууны түүх” жүжгийн зохиолын орчуулагч нь Та. Энэ жүжиг хүний ёс суртахууны талаар хөндсөн гүн утга учиртай гэж боддог. Аливаа театрын бүтээл цаг үетэйгээ холбогддог гэсэн үг бий. Тэгэхээр эл жүжиг заавал энэ үед тавигдсан нь сонирхолтой.
100 гаруй жилийн тэртээх Л.Толстойн эмзэглэл өнөөгийн манай нийгэмд байна. Бүр нэлээд хүчтэй байх шиг. Яагаад тэр юм бол. Та энэ талаар юу бодож байна вэ?
-Би тэр жүжгийг театрын үзэгчдийн танхимаас гурван удаа үзсэн. Зүгээр үзсэн- гүй. Үзэгчдийг илүүтэй ажиглалаа. Ер нь би жүжиг үзэх болгондоо хүмүүсийг, тэр бүтээлийг хүлээж авч буй сэтгэл, байдлыг нь ажиглахыг хичээдэг, их сонирхолтой байдаг юм. Эл зохиолыг би уг нь 10 жилийн өмнө орчуулсан шүү дээ. Гэтэл театрынхан яагаад тэр үед нь тавилгүй өдий хүртэл явсан юм бол. Би яг ингэж бодсон.
Тэр бүтээлд өгүүлдэг үе үеийнхний хоорондын ялгаа, тодруулбал, нэг нь нөгөөгөө үгүйсгэх байдал өнөөдөр Монголын нийгэмд их тод байна. Тэгэхээр нийгмийн тийм байдал, тодотгол дээр эл жүжиг гарч ирснээрээ цаг үеэ олсон юм болов уу. Баатар найруулагч “Та бид хоёр тэнэг дээ. Цаг үе нь биш байхад түрүүлээд хийчихдэг. Энэ жүжгийн хувьд ч тэгсэн. Харин тайзнаа тавих цаг нь энэ үед таарлаа. Цаг нь ч үнэхээр болж дээ” гэсэн. Яагаад заавал энэ цагт тайзнаа тавих болсныг би харин сайн мэдэхгүй юм.
Энэ цаг үеийнхэн Ленинийг хамгийн тэнэг хүн гэдэг. Сүүлийн үед түүнийг бараг дурсахаа ч больж. Ам нээвэл харааж, хогийн тантан шиг үзнэ. Гэтэл үнэндээ тэр бол ХХ зуунд дэлхийг “солиоруулчихсан” л хүн шүү дээ. Түүнийг үй олноороо дагаж “солиорох” явцад сайн, муу янз бүрийн л юм байсан. Хүүхдээ түмпэнтэй усанд угаачихаад угаадастай нь хамт цацаж болохгүй. Түүний хэлсэн энэ үг энгийн хэрнээ их утгатай, ухаалаг шүү. Социализм тэр түмпэн, хүүхэд хоёр шиг л болсон.
Үе үеийнхний ялгаа ингэж гарч байна. Угаадастай хамт шаварт хаягдсан хүүхэд өөрийг нь цэвэрлэж угаасан эцэг эхээ яаж аятайхан харах юм бэ. Манайхан нийгмийн огцом шилжилтүүд хийлээ. Аажмаар хувьсаж, урагшлах ёстой байтал бид машиныхаа арааг нэгээс нь шууд дөрөв рүү хийснээс ялгаагүй огцом шилжилтүүдтэй тулсан. Тиймээс хүн нь ч, машин нь ч эвдэрч, янз бүрийн айхтар зөрчил гараад байна уу даа.
-Театрт нэг удаа 600-700 хүн жүжиг үзэх боломжтой. Нэг сард 10 удаа тоглох жүжгийг 7000 хүн үзнэ гэсэн үг. Гэхдээ театрт нийгмийн давхарга болгоныхон ирдэггүй. Амьдрал, үзэл бодол нь тодорхой хэмжээнд тогтож, төлөвшсөн хэсэг хүн ирж байна.
Бид бодлогын хүрээнд сурагч, оюутнуудыг театрт очдог, бүх нийтээр жүжиг үздэг болгоход анхаарч холбогдох яам, тамгын газрынхантай хамтран ажиллаж байгаа. Ер нь соёл урлагаар дамжуулж хүмүүжилд нөлөөлөх талаар төрийн бодлого байна уу.
Байгааг нь бид олж харахгүй, мэдэхгүй байна уу. Эсвэл бодлого нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна уу. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсад Улаанбаатарын тунхаглал гараад, түүнээс дамжаад дэлхийн хүн амыг бичиг үсэгт бүрэн тайлах хөдөлгөөн өрнүүлж, энэ нь арван жил үргэлжлээд, тэгээд “Бүх нийтэд боловсрол” гэсэн уриатай тунхаглал бий болсон. Ингэж өртөөлж яваа. Гэтэл манай БСШУСЯ-хан тэр тунхаглалтай холбогдолтой юм ярихаа бүр больчихож. Уг нь тунхаглалд боловсролын тухай гурван том ухагдахуун бий.
Нэг нь албан боловсрол. Тодорхой цаг хугацаанд нийтийн журмаар сургуульд сурч төгсөхийг албан боловсрол гэж нэрлэж байгаа юм. Харин амьдралын ямар нэгэн шалтгаанаар сургууль завсардсаны улмаас эзэмшиж чадаагүй байсан, бүрэн бус дунд боловсролыг хүн дараа нь сурч, авч болно. Энэ бол нормал боловсрол дотроо хожуу нөхөж авсан боловсролыг хэлж байгаа юм. Нөгөөх ухагдахуун нь ном буюу албан бус боловсрол.
Үүнийг соёл урлаг, кино, телевиз, хэвлэл мэдээллийнхэн хийх ёстой. Хүмүүсийг цэгцтэй, хяналттай мэдлэг, мэдээллээр хангах үүднээс төр ямар нэг хэмжээгээр цензур тавьж, бодлого боловсруулна. Жишээ нь, “Амьгүй албат” зохиолыг Хаант Оросын үед олон удаа хянаж, буцааж байснаас болж Гоголь энэ бүтээлээ дуусгаагүй гэдэг. Төрөөс ийм хяналт зайлшгүй байх ёстой.
Соёл урлагийн байгууллагууд боловсролоороо тэтгэгдэж, дэмжигдэж явах учиртай. Энэ талаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэдэг хувилбар их зохимжтой. Уг нь нэг яаманд харьяалагдаж байгаа салбаруудын уялдааг сайжруулах ёстой санагдана. Гэтэл манайхан хамтдаа байхаар ажил явахгүй, тус бүрт нь салгая гэдэг. Үнэндээ бодлого байхгүй учраас л тэгж салгана, нийлүүлнэ гэж байгаа хэрэг.
Тэгэхээр НҮБ-ын хүрээнд тавьсан боловсролын бодлогыг ухаж, зөв ойлгох хэрэгтэй. Тэгснээр нэгдсэн бодлого явуулна. Манайд тийм нэгдсэн бодлого нь байхгүй учраас тус тусдаа гүйгээд байна уу даа.
-Соёл гэдэгт телевиз, номын сан, урлаг багтана. Телевиз бол айл болгонд урилгагүй “ордог” учраас гэр бүлийн бүх гишүүний тархинд нөлөөлдөг асар хүчтэй зэвсэг. Энэ утгаараа уршигтай байх талтай. Манайд 50 гаруй телевиз байна.
Тэдгээрийн хөтөлбөр, нэвтрүүлэг, кинонуудыг ямар ч хяналтгүйгээр хоолойгоор ус урсгаж байгаа мэт цацдаг. Энэ хэр зохимжтой вэ. Тэгсэн хэрнээ бодлого ярихаар түвэгтэй байдал үүсдэг.
-Энэ бол үнэндээ телевиз, театр чухам яагаад хэрэгтэй вэ гэсэн үг шүү дээ. Хүн гэдэг амьтан толинд харах дуртай байдаг. Толь, шилтэй газрын хажуугаар өнгөрөхдөө үсээ илж, хувцсаа янзлах жишээтэй. Өөрийгөө харах сонирхол байгаа биз. Тэгэхээр өнөөгийн нийгэмд юу болж байна, хөл, толгой нь байрандаа байна уу, үгүй юү гэхчилэн хөндлөнгөөс өөрийг нь тольдуулж, харуулах үүргийг нийгмийн хүрээнд нь хийдэг газар бол театр, телевиз, урлагийнхан шүү дээ.
Гэтэл манай телевизүүд голдуу мэдээ цацдаг. Юу ярьж байгаагаа мэддэггүй, хэлснийхээ хариуцлагыг хүлээдэггүй хүмүүс зурагтаар байнга л гардаг. Манайхны дүр төрх нэг иймэрхүү л болж. Ингээд хөврүүлээд явахаар бид хэнийг сонгосон бэ гэдгийг ч тунгаахад хүргэнэ.
-Уламжлалт ахуйн хүмүүжил, боловсрол гэж бий. Өнөө цагт энэ талдаа манайхан хэр байна вэ?
-Манайд нүүдэлчин болон суурин гэсэн хоёр соёл иргэншил зэрэгцэж байна. Гэхдээ монголчууд бид энэ хоёрыг зэрэгцүүлэн авч явах зохистой харьцааг олж чадахгүй өөх ч биш, булчирхай ч биш гэдэг шиг байна уу даа. Хотынх, хөдөөгийнх гэж бие биедээ дургүйцэх зэргээр зөрчил үүсдэг. Үүнийг төрийн хэмжээнд боловсрол, соёлын хүрээнд аль алийг нь бахархал болгон бодлогоор зохицуулах хэрэгтэй.
-Орчин цагийн залуучууд бүгд биш ч гэсэн нийтлэг байдлаас нь харахад аливаад хүйтэн хөндий, бүр жавартай, хувиа хичээсэн хандлагатай болчихоо юу гэж санагддаг. Таны бодлоор энэ юутай холбоотой, шалтгаан нь юу бол. Урлаг, ном, телевиз тэдэнд нөлөөлж чадахгүй байна уу, эсвэл тэд уншихгүй, үзэхгүй байгаа юм уу?
-Түрүүнээс хойш яриад байгаа нөгөөх нэгдсэн бодлогогүйн л гай шүү дээ. Та бод доо, германчууд өөрсдөө хорьчихсон номыг манайд орчуулаад, хэвлэж л байсан шүү. Герман ямар улс билээ. Дэлхийд нөлөөтэй, Европыг нуруун дээрээ тээж яваа улс учиртай болоод л “Маин кампф”-ийг хориглосон биз. Гэтэл бид “Монгол ийм л ардчилсан газар” гээд олон нийтийн хүртээл болгосон. Герман ч ардчилсан орон биз дээ.
-Ардчилал гэдгийн гол ухагдахуун нь юу юм бэ. Дураараа байх гэсэн үг биш биз дээ?
-“Адууны түүх” зохиолоор жишээлээд ярья. Адуу бол хүчтэй нь хүчгүйгээ хураадаг амьдралын хуультай. Гэтэл хүний нийгэмд адуу шиг байж болохгүй биз дээ. Хууль, эрх зүйн орчин нь зөв байж, олонх нь цөөнхөө хураах бодлого байх учиртай. Ийм зарчим манайд урвуугаараа явж байна уу гэмээр ойлгомжгүй болсон. Бид машиныхаа арааг нэгээс нь шууд дөрөв рүү хүчээр хийж явсаар ийм байдалд хүрсэн байх.
-Өнөөгийн бид ардчиллын мөн чанарыг гүйцэд ойлгохгүй байна уу. Уг нь монголчуудын хувьд энэ их эртнээс, америкчуудын нэрлэснээр мянганы агуу их хүн Чингис хааны үеэс улбаатай ойлголт, тийм ээ. Энгийнээр хэлэхэд, ахмад үеэ хүндэлдэг, ид бүтээж яваа атан тэмээ шиг залуу үеэ дэмждэг, хойч үеийнхэндээ зааж, сургадаг сайхан ёс уламжлал, тогтолцоо гэсэн тулгын гурван чулууг би ардчиллын үндэс гэж ойлгодог.
-Сонирхуулахад, Чингис хааныг мянганы хүн гэж тодруулахад солонгос зохиолч их нөлөө үзүүлсэн юм шүү дээ. Тэрбээр “Чингис бол мянганы хүн” гээд үүнийгээ олон талаас тайлбарласан. Ингэхдээ тэр үеийн бахархал, цаг үеийнх нь талаар бичихдээ “Чингис хааны хөгжлийг хурд нь тодорхойлно” гэж онцолсон. Европын цэргүүд зогсож байгаад харвадаг бол монголчууд морины давхиан дунд нум сумаа тавьдаг. Мориных нь хурдан дээр сумных нэмэгдэнэ гэж томьёолсон юм. Тэгээд өнөөгийн өндөр хөгжилтэй БНСУ, Япон зэрэг орон өөрийн хөгжлийг нэгдсэн бодлого, боловсролоороо хурдасгаж байна гэхчилэн харьцуулж бичсэн нь их сонирхолтой.
-Тэгэхээр хөгжих суурь нь манайд байгаад байдаг. Гэтэл бид гаднынхнаас сурна гээд байдаг. “Чингис энэ дэлхийд ирснээрээ хүмүүст цаашид хэрхэн амьдрах аргыг нь зааж, шинэчлэл, инновац хийсэн” гэж нэг ухаантай хүн хэлсэн.
-Их хааны өөр нэг гайхалтай тал нь эзэлсэн улс орондоо хэзээ ч эзэн суугаагүй, эх нутагтаа эргэж харьдаг байсан. Харин бусад газрынхны эзлэн түрэмгийллийн түгээмэл дүр зураг нь тухайн нутагтаа эзэн сууж, эмсийг нь эдэлж, сатаардаг байсан гэж европчууд харьцуулсан.
-Эд хөрөнгө, эрх мэдэлд дөнгөлүүлж, хүний газарт үлдэлгүй эх нутагтаа харьдаг байсныг хуулиа дээдэлж, шүтдэгтэй холбон тайлбарлаж болох байх. Чингис хааны “Их засаг” гэж гайхалтай хууль байсан гээд л бид ам уралдан ярьдаг ч элэг, бөөр, уушги, зүрх гэхчилэн нарийвчлан цаадсанаа, гүн ухааныг нь ойлгож, мэдэж байна уу. Хууль ямар байх ёстойг харуулсан ийм бэлэн загвар байхад манайхан яагаад олигтой хууль, журам боловсруулж чаддаггүй юм бол?
-“Их засаг”-тай холбоотой нэг түүх ярья. Улс төрийн товчооны гишүүн байсан С.Жалан-Аажав гуай энэ хуулийг анх судалж, эрдэмтэн болсон хүн шүү дээ. Чингис хааны тухай ярих хориотой байсан ХХ зуунд “Их засаг”-ийг барьж авна гэдэг мөн их зориг, ухаан шүү. Үүнээс гадна монголчуудыг 1921 оноос өмнө хөмөрсөн тогоонд, ямар ч бичиг үсэггүй, харанхуй бүдүүлэг байсан гэдэг ойлголт бараг тогтчихсон байлаа. Гэтэл 1915 онд гурван улсын байгуулсан Хиагтын гэрээг монгол, орос, хятад хэлээр үйлджээ.
Үүн дээр нэмээд Монголын тал эл гэрээг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг аль нэг хэлээр үйлдэнэ гэсэн санаачилга гаргаад, франц хэлийг сонгосон байдаг. Ийм л лут байж шүү дээ. Тэгэхээр монголчууд бичиг үсэггүй байсан гэж болохгүй байгаа биз дээ. Энэ мэтээр бидэнд бахархах түүх олон байгааг үргэлж ярьж, залуучууддаа ойлгуулж, мартахгүй байх учиртай.
-Түүхээрээ бахархах нь үндэстний том соёл. Гэхдээ бид бахархаж байна гээд цээжээ дэлддэг боловч чухам юунд алдаж, оносныг нь дүгнэж, түүнээс сургамж авахдаа жаахан сул байх шиг. Монгол төрийн мандан бадарсан үеийн түүхээс харахад монголчууд нэг толгойтой нэгдмэл бодлоготой, босоо удирдлагатай улс байж.
Харин нэгнийгээ хэмлэсэн, суудлын төлөө зүтгэсэн, материаллаг сонирхлыг тэргүүнд тавьсан, зиндаархсан үедээ монголчууд доройтож, уруудсан байдаг. Энэ бүхний цаана урвагчид байж, хүчийг нь сулруулжээ. Чингис хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай” гэсэн. Яагаад тэгж онцолсон юм бол. Та юу гэж боддог вэ?
-Нэгдүгээрт, Монголын их гүрний үед монгол цэргийн тоо 120 мянгаас хэтрээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хүчирхэг байхдаа ч хүний олноор хүч хийгээгүй. Тэгэхээр олон үндэстний дэргэд байгаа жижиг үндэстэн ямагт сэрэмжтэй байхыг сануулсан ухаалаг бодлого болов уу. Нөгөөтэйгүүр, ХХ зуунд хүн төрөлхтөн социалист, капиталист гэсэн хоёр системд хуваагдсан.
Капиталист ертөнцийн үзэл сурталчдын нэг Збигнев Бжезинский хэмээх, польш гаралтай хүн социализм, коммунизмыг, түүний гол хүчин болсон ЗХУ-ыг устгах ёстой гэдэг байсан. Мөн ардчилал хэмээх улс төрийн тогтолцоо огт таарч тохирохгүй үндэстэн байна гээд Орос, Хятадыг нэрлэсэн. Дунд нь байгаа Монголд ч таарахгүй л болох гээд байна. Тэгэхээр таны онцолсон тэр удирдлагын босоо тогтолцооны хүчээр манайхан хүчирхэг байсныг үгүйсгэхгүй.
-Үүнээс үүдээд миний бодлоор монгол хүнд чанга гар, диктатур хэрэгтэй санагддаг. Энд нэг зүйл онцлоход бид муулуулах, үнэнийг сонсох тун дургүй, магтуулах л сонирхолтой болчихсон. V догшин хутагт Данзанравжаа “Монгол хүн мангас язгууртай тул махан идэштэй. Омог ихтэй, үгэнд дуртай. Оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээдэг. Эв нь өндөг мэт хэврэг. Хэрүүлч, хяналгүй суман могой мэт харвах.
Аргадвал тэр дороо баярлах нялхас мэт. Аашлах нь олон зантай албин мэт. Анхандаа бэрээ мэт цохилох, завсартаа тугалган жад мэт шантрах. Гуйрамч болбол дайсны боолд ч зарагдах, баяжих цагтаа лам бурханд ч бардамнах. Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох. Үхэхийг мэдэхгүй яваад, егүүтэх цагтаа балрах. Буцан тусах нь олон. Бяраа мэдэхгүй хаан шиг загнах. Дарвихдаа дарь хүхэр мэт авалцах. Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах.
Санаа нь юм бүрийг чадах. Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй. Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах” гэж бидний ааш араншин, төрх байдлын голыг олоод хэлчихжээ. Та түрүүн хурдны тухай ярьсан. Өнөө цагт бид оюуны сэтгэлгээ, чадварын хурдгүй, үнэнд дургүй болсон мэт санагддаг. Нөгөө талаар, багш нар, түүхчид, ахмад үеийнхэн маань эх оронч үзлийн тухай зөв сайхан ойлгуулаасай. Гүнжийн Сүхбаатар гуай зургаан зүйлээс эх оронч үзэл бий болно гэсэн.
Хөдөлмөрч бүтээлч сэтгэлгээтэй байх. Эх түүхээ, эх бичиг соёлоо мэддэг байх. Газар шороогоо эрхэмлэх. Соёл урлаг, зан заншил, өв соёлоо дээдлэн, хөгжүүлэх. Иргэнч байх ёсыг дээдэлж, эрхэмлэх. Энэ бүхэн эх оронч үзлийн илрэл аж. Иргэнч байх гэдэг нь юу гэсэн үг болохыг Та сайхан тайлбарлаж өгөөч.
-Сая ярьсан бүгд тань бүхэлдээ нүүдлийн соёл иргэншил, монгол ахуйн тухай гэж ойлголоо. Нүүдэлчдийн амьдралын онцлог нь бусдад биш, өөртөө л найдаж, байгалиа шүтэх тогтолцоо шүү дээ. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншлээс суурин иргэншил рүү шилжих, хамтарч амьдрах, нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагдахыг ухаарах гэхчилэн их нарийн зүйлийг олж хэлжээ, Гүнжийн Сүхбаатар гуай. Суурин иргэншил бол уулын мухарт ганц, хоёул айлсаж амьдрахаас тэс өөр ойлголт гэдгийг л иргэнч байх гэж тодотгосон байх.
-Төр үүсээгүй үед зон олон. Харин иргэн гэдэг нь төрт ёстой, нийгмийн нэг эд, эс буюу нийгэмшсэн хүнийг хэлдэг аж.
-Иргэн бол хотын, төвлөрсөн газрын хүн гэсэн утгатай. Үгийнх нь уг үндэс нь ч тийм. Гүнжийн Сүхбаатар бол мэдлэг, боловсрол, хэл устай, гайхалтай сэхээтэн байсан. 1980-аад оны эхээр хэлмэгдэж шоронд орж, цөлөгдсөн хэдэн эрдэмтний нэг нь тэр шүү дээ.
-Хүннүгийн үеийн түүхийн тухай бидний мэдэх чухал хэдэн баримтыг энэ л хүн анх гаргаж тавьсан. Түүхийн үнэнийг ойлгуулж, үлдээхийн төлөө судалж, мэдэж, түгээх хүсэлтэй нэгэн байжээ гэж хүндэлдэг.
-Тийм шүү. Түүнтэй цуг нэгэн үед ажиллаж байсан Магсаржавын Санждорж докторыг би энд дурсмаар байна. Хятадад түүхэн том нэвтэрхий толь бичиг хийхдээ түүний тухай оруулахаар танилцуулга, материалыг манай талаас хүссэн байдаг. Тэрбээр “Халхад Хятадын мөнгө хүүлэгч худалдаа нэвтэрч хөлжсөн нь” гэдэг номоо 1961 онд бичсэн нь өдгөө ч гадаад, дотоодын судлаачдын эргүүлдэг номын нэг байсаар.
Мөнгө, эд хөрөнгөтэй хүмүүс хэрхэн мөнгө хүүлдэг тухай, ямар аюултайг нь эдийн засгийн судалгаанд тулгуурлаад Хятадын онцлогийг харуулсан байдаг. Тэр номыг нь Хангиний Гомбожав хэмээх монгол судлаач том эрдэмтэн англи хэлнээ орчуулж, Латтимор гуай редакторлон 1980 онд Лондонд хэвлэн гаргасан.
-Би нэг зүйлээс айдаг. Сүүлийн үед зохиомол түүх олон гарч ирж байна. Социализмын үед түүх зохиодог байсан гэж ярьж, шүүмжилдэг хэрнээ өнөөгийн манай зарим хүн өөрсдөө тийм хачин зүйл хийдэг болж. Хэсэг хугацааны дараа тэдний ярьсан зүйлийг үнэн гэж ойлгохыг үгүйсгэхгүй. Ийм цаг үед урлаг, соёлын салбарынхан хүчтэй бодлоготой байж, үнэн түүхээ өгүүлсэн том бүтээл, кино хийх хэрэгтэй гэж боддог юм.
Магтаж, хэлбэр хөөхдөө гол биш, алдааг нь хүртэл үнэнээр гаргах ёстой. Үүнд нь төр анхаараасай. Тэгэхгүй бол манайхан соёл, урлаг гэж салгаад, тус бүртээ толгой даах гэж зүтгэдэг болсон. Жишээлэхэд, яам, хэрэгжүүлэгч агентлаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, ГХЯ-ны дэргэдэх Соёлын газар гээд тал тал тийш харсан, өөр юм ярьдаг олон байгууллага бий. Аялал жуулчлалын газар ч үүнд хамаатай байх.
-Түрүүн ярьсан боловсролын тухай дахиад л эргэцүүлэх хэрэгтэй болов уу. Мөн соёл гэдэгт чухам юу хамааруулахыг тодорхойлох ёстой. Соёл дотор боловсрол орох уу, эсвэл эсрэгээрээ байх уу гэдэг их чухал. Үүнээс гадна хөндөхгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Түүх, соёлоо судлахын хэрээр хүрээ нь томорч, баяжиж, салбарлан хөгжих учиртай. Гэтэл манайд тэлж байгаа нь харагдахгүй л байна.
-Барагцаалбал 2500 жилийн тэртээ эртний Грект анхны театр байгуулагдсан гэдэг. Гэтэл үүнээс ч өмнө манай өвөг дээдэс гэрт олныг цуглуулж, үлгэр, тууль хайлдаг байсныг театрын анхны хэлбэр гэж болмоор. Тэгж үзвэл театр хэмээх ойлголтыг өчнөөн жилээр урагшлуулж харах ёстой.
Үүнтэй утга нэг “Илиада”, “Одиссей”-гоос өмнө зохиол байгаагүй юм шиг ярьдаг. Манай “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн хан Харангуй” зэрэг өчнөөн гайхамшиг үүнээс ч өмнө байсан. Тэр ч бүү хэл, Хүннүгийн үед тархинд мэс засал хийж байсныг гэрчлэх олдвор байна. Тэгэхээр бид маш эрт үеэсээ л гайхамшигт соёлтой байсныг харуулдаг энэ мэт жишээ олон.
-Нүүдлийн соёл иргэншил аль эртнээс байсан. Тэд өөрийн гэсэн соёл урлагтай байсан гэдэг талаас театр хэмээх ойлголтыг судалж, гаргаж ирвэл арай өөр байх л даа. Тэгэхгүй зөвхөн суурин иргэншлийн, ялангуяа Европын эрдэмтэн, судлаачдын үгээр театрын гарал үүслийг тайлбарласан хэрэг л дээ. Би Михаил Бахтины номыг орчуулж дууслаа. Танд дээжийг нь дурсгаж байна. Энэ номд таны сая хөндсөн сэдвийн талаар, аман зохиолын тухай маш тодорхой бий.
Би хэдэн жилийн өмнө Укока буюу Алтайн гүнжийн занданшуулсан шарилыг үзсэн юм. Монголын хил орчмын Алтай нуруунаас 1993 онд олдсон, 2500 гаруй жилийн тэртээх Скифийн үеийн булшин дахь тэр олдворын талаар дэлхий шуугиж, Финланд, БНСУ гээд олон орны эрдэмтэд судалсан. Эцсийн дүндээ тэр эмэгтэй монгол хүн байсан гэдэгт санал нийлсэн.
Үүнээс гадна манай Ноён уулын археологийн олдворууд болон Алтайн гүнжийн шарилыг холбоотой гэсэн гаргалгаа ч байна. Цаашлаад энэ бүхэн Туватай холбогдож, дэлхийн хаад, ноёдын хөндий гэсэн зүйл ч гарсан. Ингээд хөөхөөр монголчуудын гарал үүсэл хүн төрөлхтний хөгжлийн эх сурвалжтай холбогдож байгаа юм. Бид ийм л түүхтэй улс юм байна.
-Хүн усгүйгээр хэдхэн л хононо. Хоолгүй бол сар гаруй тэсэх байх. Харин урлаг үгүй бол хэдий хэр тэсэх бол?
-Хүн махан болон оюун биетэй амьтан. Амьтанлаг байдлаараа махан биеэрээ бол урлаггүй бол явах байх л даа. Харин оюун биеэ тэтгэхгүй бол нэг их удахгүй байх аа. Тэгэхдээ бүр хүнээ байна даа.
-Урлаг тийм хэрэгтэй зүйл гэж үү?
-Тэр чинь оюуны л мэдрэмж шүү дээ. Урлаг ямар хүчтэйг батлах ганц жишээ бол 2012 онд дэлхий сөнөнө гэсэн шуугиан. Майячуудын он тооллын хуанлийг “мушгиж” хэдэн жил шуугисны эцэст Холливуд “2012” киногоо хийж, шууруулсан. Ингэхийн тулд л монголчуудын цаг тооллын талаар элдэв шуугиан дэгдээсэн. Яагаад монголчуудын гэснийг хүмүүс ойлгоно. Майя, монгол хоёр нэг язгууртайг олон улсын эрдэмтэд баталчихсан.
Тэгэхээр “2012”-оос улбаалан үзэхэд урлагийг буруу тийш хөтөлбөл ямар аюултай байна вэ. Урлагийн хүч ийм л айхтар. Тэгэхээр хэрэгтэй, хэрэггүй гэж ярихад хэцүү.
-Урлаг бол гоо сайхан. Гоо сайхан нь таашаал. Тэгэхээр хорвоод ирсэн хүний амьдралын утга учир нь таашаал хүртэх. Бүх зүйлээс таашаал авч утгатай амьдрах чухал юм байна. Гэтэл Оскар Уайльд “Олонх хүн амьдарч чаддаггүй, зүгээр оршдог” гэсэн. Түүний хэлснээр хүн төрөлхтөн оршдог уу, амьдардаг уу гэдэг талаар таны бодлыг сонсъё.
-Эрих Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй” гэдэг номд эрх чөлөөг бүрэн эдэлж, мэдэрч, ухаарч чадаагүйгээс дайжиж байгааг өгүүлдэг. Эрх чөлөөний таашаалыг эдэлж, ухаараагүй, эсвэл хэрхэн таашаал авах учраа олоогүйгээс амьдарч чадахгүй байж мэдэх. Тэгэхээр бид зүгээр л оршиж байж мэднэ.
Сурвалжлагч, зочин хоёр маань эх түүх, соёлоо дээдлэхийн чухлыг, хүн байхын утга учрыг, бидний агуу өвөг дээдсийн тухай бахархалт түүхийг, өнөө цагийнхны түгээмэл төрх байдлын талаар сонирхолтой олон яриа өрнүүллээ. Ялангуяа залуу үеийнхэн маань сургамжтай, авууштай түүхийн талаар тунгаан бодоосой хэмээгээд тэдний хөөрөлдөөнийг оршооё.