Алина Кабаева, Ирина Чащина нарыг спортоо орхисны дараа үлдээсэн орон зайг нь Беларусь, Украин, Болгар, Италийн гимнастикчдад алдахгүй байх үүрэг Е.Канаева, Д.Кондакова нарт ногдсон. Энэ даалгаврыг Омскийн уугуул Евгения Олеговна Канаева нэр төртэй биелүүлж, 2007-2013 он хүртэл уран сайхны гимнастикт өөрийн хаанчлалаа тогтоосон билээ.
Тэрбээр дөнгөж 21 настайдаа л олимпын наадмаас хоёр, ДАШТ-ээс 17, Европын АШТ-ээс 14, Универсиадаас 10 алтан медаль хүртсэн юм. Дээр нь Дэлхийн цом, гран при цувралууд, Бүх дэлхийн наадамд гаргасан амжилтыг нь нэмбэл медалийнх нь тоо замбараагаа алдах биз.
Японд болсон ДАШТ-ий бүх дасгалд илт тасархай түрүүлж, боломжит зургаан алтан медалийг “хамж” байсан Канаева 2012 оны дөрөвдүгээр сард спортоо орхиж, дасгалжуулагчийн ажилд шилжсэн юм. Улмаар 2013 оны Тивийн хоккейн лигийн “Авангард” багийн тоглогч Игорь Мусатовтой гэрлэсэн билээ. Түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.
-Женя, жил бүр арав, хориор нь авдаг медалиудаа хаана хадгалдаг байв?
-Энэ бол миний хувийн нууц. Ямар ч байсан гэртээ хадгалдаггүй.
-Сонин дээр гарсан нийтлэл, ярилцлагуудаа цуглуулдаг уу?
-Эмээ маань энэ ажлыг хийдэг байсан. Харин одоо цуглуулгаа үргэлжлүүлж байгаа, эсэхийг нь мэдэхгүй юм.
-Зурагтаар уран сайхны гимнастик гарч байвал үзээд суудаг уу, эсвэл хурдхан шиг сувгаа сольдог уу?
-Өөрийнхөө үзүүлбэрээс бусдыг нь үзэх дуртай.
-Брногийн гран прид туузтай дасгалд уран сайхны гимнастикийн дээд үнэлгээ 30.0 балл авсан байх аа?
-Үзүүлбэрээ цэвэрхэн хийсэн гэдгээ мэдэж байсан болохоор шүүгчдийн үнэлгээг сонирхоогүй. Харин дасгалжуулагч маань маш их баярласан байхыг хараад түүхэн амжилт гаргаснаа ойлгосон.
-Хөгжим сонгоход дасгалжуулагч Ирина Винер эцсийн шийдвэрийг гаргадаг байв уу, эсвэл өөрөө юү?
-Хэрвээ надад таалагдахгүй бол солиулдаг байсан. Ер нь зөвшилцсөний үндсэн дээр хөгжмөө сонгодог. Бээжингийн олимпын цагаригт дасгалын хөгжим “Тристан ба Изольда”-г дасгалжуулагч маань сонгосон юм. Надад эхэндээ таалагдаагүй ч түүний зөвлөгөөг дагахаар шийдсэн. Тэгснээрээ буруудаагүй.
-Гимнастикчид хоорондоо найзалж нөхөрлөдөг үү?
-Өрсөлдөгчид гэдэг утгаараа жинхэнээсээ дотно нөхөрлөх боломжгүй. Зөвхөн багийн тэмцээний үеэр гимнастикчид бусдыгаа балиашигладаг гэвэл хилсдэхгүй. Харин багаасаа хамтдаа бэлтгэл хийж ирсэн Наташа Пичужкина бид хоёр хувийн тэмцээнд оролцож байлаа ч нэг нэгнийгээ дэмждэг.
-Машинтай болсон уу, эсвэл таксигаар болгоод байна уу?
-Машин худалдаж авсан. Гэхдээ хотоор ганцаараа явах түвшинд арай хүрээгүй байна. Одоохондоо метро миний гол унаа хэвээрээ.
-Олимпын аваргыг хүмүүс зүгээр явуулж байна гэж үү?
-Хамтдаа зургаа авахуулах, гарын үсгээ өгөхийг хүсдэг л юм. Ямар татгалзаад байлтай биш.
-Гимнастикчдыг бараг юм иддэггүй гэлцдэг...
-Уг нь өдөрт хоёр удаа л хооллох ёстой л доо. Гэхдээ би заримдаа гурван удаа идчихдэг юм.
-Гимнастикаар хэдэн нас хүртлээ хичээллэвэл тохиромжтой вэ?
-Бэлтгэл сургуулилалтаа зохицуулж, формоо алдахгүй бол 25-26 нас хүртлээ өндөр түвшинд өрсөлдөх боломж бий. Тэгээд ч ихэнх гимнастикч энэ насандаа хувийн амьдралаа хөөгөөд явчихдаг. Ер нь 2-3 сар бэлтгэлээ завсарлахад амжилт гаргах магадлал эрс буурдаг нь гимнастикийн гол онцлог.