Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадам уржигдар 30 дахь удаагаа болж өнгөрлөө. Эл наадмын комисс жил бүр шилдэг загвар өмсөгчийг шалгаруулдаг уламжлалтай. Отгон топ моделиор шалгарсан загвар өмсөгч Т.Халиунаатай ярилцлаа.
-Арав гаруй жил тасралтгүй “Гоёл” наадамд оролцож, өнөө жил топ моделиор шалгарлаа. Ийм амжилт үзүүлнэ гэж бодож байв уу?
-2001 оны “Гоёл” наадамд анх оролцож байлаа. Хүүхдүүдээ төрүүлсний дараа хэдэн жил өнжсөн юм. Өөрийгөө шалгарна гэж бодоогүй ээ. Загварын тайзан дээр маш урт хугацааг өнгөрүүлж, тэвчээр, хөдөлмөр зарцуулсны минь шагнал гэж бодож байна.
-Хэдхэн жил загвар өмсөөд л топ моделиор шалгарсан хүн хэд хэд бий. Гэтэл тан шиг нэлээд урт хугацаанд тайзан дээр алхсан ч энэ шагналыг аваагүй нь байдаг. Ямар шалгуураар олгодог юм бол?
-Загварын ертөнцөд хөл тавьсан хүн бүрийн хүсдэг шагнал л даа. Тухайн загвар өмсөгчийн туулсан замнал, тууштай байдал, ур чадварыг үнэлж олгодог гэж би ойлгодог. Энэ салбарт хөл тавиад удалгүй эл шагналыг хүртсэн топ моделиуд бий бий.
-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсан юм бэ?
-Багадаа их бүрэг, ичимхий байлаа. Ээж минь миний энэ занг засаж, намайг задлахаар загварын дамжаанд анх дагуулан очсон юм. Долдугаар ангидаа би 176 см өндөр охин байв. Эхлээд О.Байгаль эгчийн дамжаанд хэд хоног явсан боловч бүрэг зандаа дийлдээд хаячихсан. Удалгүй “Эра” төвд явж эхэлсэн. Би чинь Д.Эрдэнэтуяа багшийн шавь шүү дээ.
Тэнд суралцах хугацаандаа л загварын ертөнцөд дурласан. Дараа нь Монголын дизайнеруудын холбоо байгуулагдахад анхны 10 загвар өмсөгчийн нэгээр орж байв. Одоо ч энэ холбоондоо харьяалагддаг. Нээрэн, анхны 10 загвар өмсөгч дундаас өчигдрийг (уржигдрыг) хүртэл топ модель төрөөгүй байлаа. Анхных нь болсондоо их баяртай байгаа.
-Хүмүүс хувцас өмсөөд тайзан дээр алхахыг амархан ажил гэж хардаг юм шиг санагддаг. Гэтэл загвар зохион бүтээгчийн ур ухаан, сэтгэл, хөдөлмөрөө шингээн урласан хувцсыг өмсөж үзүүлэх их ярвигтай, чадвар шаардсан ажил.
Тайзан дээр гарахдаа өөртөө ямар үүрэг хүлээлгэдэг вэ?
-Надад загвар зохион бүтээгч найз олон бий. Тэднийг шинэ бүтээлээ урлахад хамт байлцаж, урлан дээр нь хонох тохиолдол ч байдаг. Бүтээл урлахад ямар их цаг хугацаа, хүсэл, хөдөлмөр шингээдгийг хардаг болохоор хайнга хандах эрх байхгүй. Өмссөн хувцсаа тайзан дээр үзүүлэх хугацаа тун ахархан.
Тэр богино хугацаанд би хувцсаа хүмүүст танилцуулж, онцлогийг нь илэрхийлэх ёстой. Түүнээс биш өөрийгөө дөвийлгөж харуулах ёсгүй. “Яаж зогсвол энэ хувцасны онцлогийг харуулах вэ. Яавал хүмүүст илүү хүргэх вэ” гэж л боддог. Цаг хугацаа давчуугийн улмаас зарим тохиолдолд гүйцэтгэл нь бүрэн бус хувцас өмсөөд тайзан дээр алхдаг. Тэр үед “Яавал энэ алдааг харуулахгүй байх вэ” гэж бодно.
Энэ мэтчилэн ажилдаа мэргэжлийн, хариуцлагатай хандахыг л хичээдэг. Манай зарим загвар өмсөгч энэ үүргээ ухамсарладаггүй нь анзаарагддаг. Мисс, загварын өмсөгчийн ялгаа энэ. Миссүүд тайзан дээр өөрийгөө харуулж, бусдыг алмайруулах ёстой. Харин бид өмссөн хувцсаа л гайхуулах үүрэгтэй.
-Үзэгчид “Манай загвар өмсөгчид нүүрний баясгалангүй юм аа” гэж шүүмжлэх нь бий. Заавал тэгж төв царай гаргах ёстой юу?
-Би час улаан даашинз өмсөөд алхах боллоо гэж бодъё. Уруулаа тод улаанаар будаж, инээд алдаад алхвал хүмүүс өмссөн хувцсыг минь биш намайг л сонжиж харна. Түрүүн хэлсэнчлэн өөрийгөө харуулах нь бидний ажил биш. Тиймээс л энгийн, төв царайтай алхдаг юм.
-Та фото модель чиглэлээр ерөөсөө ажиллаагүй юү. Ямар нэг брэндийн нүүр царай боллоо гэж огт сонсоогүй юм байна.
-Үгүй ээ. Би зөвхөн тайзан дээр л загвар өмсдөг. Анхнаасаа өөрийгөө фото модель чиглэлд бэлдээгүй.
-Анх ямар уралдаан, наадмын тайзан дээр алхаж байсан бэ. Их сандарсан уу?
-Дунд сургуульд байхдаа “Үнсгэлжин” наадамд оролцохоор шалгуулсан боловч тэнцээгүй. Сэтгэлээр ямар их унасан гэж санана. Ингээд өөрийгөө бэлдэж, 2001 онд “Гоёл” наадмын шалгаруулалтад орж тэнцээд, тайзан дээр гарч байлаа. Маш их урам авч, улам хичээсэн.
-Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлага, банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн. Сүүлд “Орхон” их сургуулийн эрх зүйн ангийг төгссөн.
Хүн эрх зүйн мэдлэгтэй байх ёстой. Хуулиа мэдэхгүйгээс болоод хохирсон олон хүн бий. Би ч тийм байдалд орж байлаа. Одоо энэ мэргэжлээрээ ажиллаж байна.
-Хаана?
-Байгаль орчны төлөөх хуульчдын холбоонд өмгөөлөгчийн туслахаар ажилладаг.
-Загвар өмсөх нь залуу насны ажил. Энэ салбараас хөндийрснийхөө дараа юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Би байгаль орчны чиглэлээр ажиллаад долоон жил болж байна. Загварын тайзнаас буусны дараа ч энэ чиглэлээрээ л ажиллана. Монголд хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг шүү дээ. Ийм сайхан үзэсгэлэнт байгалийг дэндүү харамсмаар ашиглаж, үрэн таран хийж байгаад их эмзэглэдэг.
-Загвар өмсөгчдийн талаар хүмүүс “Ухаан муутай, энгэр султай” гэх зэргээр янз бүрээр л ярьдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг загвар өмсөгч алдаа гаргах, түүнтэй холбоотой шуугиан дэгдэхэд бусдыг нь ч хамруулж цуурдаг. Хүмүүсийн ийм таагүй хандлагатай тулах хэцүү юү. Эмзэглэдэг биз?
-Тулалгүй яах вэ. Эмзэглэдэг. Би ханьтайгаа ханилаад 10 жил болж байна. Бид хоёрыг анх болзож эхлэхэд л найзууд нь “Загвар өмсөгч гэсэн биз дээ. Тэд чинь явдалтай байдаг гэсэн. Дэмий юм биш үү” гэж хэлж байсан удаатай. Ийм муухай хандлага, ойлголт хусавч арилахгүйгээр тогтчихсон.
Гэтэл уулын мод урттай, богинотой гэдэг дээ. Мөрөөрөө, мөнчгөрөөрөө амьдарч яваа олон загвар өмсөгч бий. Шар хэвлэлүүд олны танил хүмүүсээс өө хайна. Түүн дээр нь хүмүүс хачир нэмж цуурдаг. Хэзээ ч уулзаж байгаагүй хүнээ таньдаг мэт л ярьдаг. Тухайн хүнд хэр хүндээр тусах бол, цаана нь байгаа гэр бүл, ойр дотнынхон яах бол гэж огт боддоггүй.
Бид долоон тэрбумын дотор гуравхан саяулаа. Уг нь нэгнээ дэмждэггүй юм гэхэд дор дороо үйлдлээ цэгнэж, өмнөх ажлаа чанартай хийж сурвал илүү хурдан хөгжинө дөө.
-Загварын ертөнцөд хөл тавьсандаа харамссан удаа бий юү?
-Байхгүй ээ. Надад хүний нүүр эгцэлж чадахгүй болтлоо алдаа гаргасан удаа байхгүй. Би зөв амьдрахыг хичээсээр ирсэн. Энэ салбарт ажилласан жилүүдэд олон сайхан найзтай болсон, гадаадын олон улсад очиж эх орноо сурталчилсан.
-Гадаадын олон орны арга хэмжээ, наадамд оролцсон гэлээ. Тайзан дээр Монголын загвар өмсөгч алхахад гадаадын үзэгчид хэрхэн хүлээн авч, сонждог вэ?
-Миний гадаад паспортын хуудсууд тамга даруулаад дуусчихсан. Тийм л олон оронд очиж байлаа. Монголын загвар өмсөгчид Япон, Солонгос зэрэг Азийн бусад улсынхаас хамаагүй өндөр. Үндэсний хувцсаа өмсөхөөр бүр ч өндөр харагддаг.
Гадаадын тайзан дээр алхахад хэн ч “Энэ бол загвар өмсөгч Халиунаа” гэхгүй. Харин “Энэ чинь Монголын загвар өмсөгч” л гэдэг. Хаана ч очиход бид нүүр бардам, додигор алхдаг. Бие хаа, царай зүсээрээ эрхгүй ялгардаг. Үзэгчид ч биднийг дуу алдан хүлээж авдаг шүү.
-Хаанахын тайзан дээр алхах хамгийн гоё байсан бэ?
-БНХАУ-д зохион байгуулсан загвар өмсөгчдийн олон улсын уралдаанд оролцсон юм. 50 орны загвар өмсөгчид өрсөлдөж байлаа. Тэр үе санаанаас гардаггүй шүү.
-Загвар өмсөгч С.Төгс, Ж.Энэрэл гэхчилэн манай загвар өмсөгчид гадаадын агентлагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Танд гадагшаа явж ажиллах бодол байгаагүй юү?
-Байсан. Гэхдээ болоогүй. Намайг загвар ид өмсөж байх үед харилцаа холбоо одоогийнх шиг байсангүй. Хаашаа, хэрхэн хандахаа мэддэггүй байв. Одоо надад гэр бүл, хүүхдүүдээ орхиод гадагшаа урт хугацаагаар явах боломж байхгүй шүү дээ.
-Арай залуу байсан бол явах байсан даа гэж бодож байв уу?
-Үгүй ээ. Би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Надад сайхан хань минь, хөөрхөн үрс минь байна. Өөр юунд шунах юм бэ.
-Олон загвар зохион бүтээгчтэй хамтран ажилласан байж таарна. Гар хамгийн их нийлдэг нь хэн бэ?
-Монголынхоо бараг бүх загвар зохион бүтээгчтэй ажиллаж үзсэн. Тэр, энэ гэж онцлох хүн байхгүй ээ.
-Тайзан дээр өдөр тутмын, ажил хэрэгч эсвэл гоёлын хувцасны алийг нь өмсөж алхах илүү дуртай вэ?
-Энгийн, өдөр тутмын хувцас өмсөх их дуртай. Мөн үндэсний хувцсанд дуртай. Яагаад ч юм гоёлын даашинз өмсөхөөр дутуу илэрхийлээд байгаа мэт санагддаг юм.
-Гадаадын аль загвар зохион бүтээгчийн бүтээлд дурлаж, загварын шоуг нь үздэг вэ?
-Орос сургууль төгссөн болоод ч тэр үү, тус улсын бүх зүйл л их ойр санагддаг юм. Ялангуяа оросын загвар зохион бүтээгчид гоёл чимэглэлийг загвартаа их ашигладаг нь таалагддаг.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Би айлын том. Эмэгтэй дүүтэй. Ээж минь намайг бүхий л үед дэмждэг, сайхан эмэгтэй бий. Аав минь хувиараа бизнес эрхэлдэг байлаа. Өнгөрсөн жил бурхан болсон.
Өчигдөр (уржигдар) топ моделиор шалгарахдаа “Аав минь байсан бол” гэж бодож л зогслоо.
-Танайхан ер нь ийм өндөр, чацтай улсууд уу?
-Ер нь өндөр хүмүүс шүү. Дүү минь гэхэд л 179 см өндөр. Миний хамгийн итгэдэг хүн.
-Эгч байх их хариуцлагатай юу?
-Сайхан шүү. Би төрсөн нэг дүүтэй болохоос биш, үеэл олон дүүтэйгээ хамт өссөн. Айлын том хүүхэд ямар явахаас дараа дараагийн дүү нарын хүмүүжил, амьдрал шалтгаалдаг мэт санагддаг. Тийм болохоор алдахгүйг л хичээдэг дээ.
-Хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Би 40 мянгатын унаган охин. Эмээ минь хуучнаар 50 дугаар дэлгүүрийн эрхлэгч байсан юм. Гэр минь яг хажуугийнх нь байранд байлаа. Улсын циркийн урд талбайд тоглож өссөн. Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг төгссөн.
-Олонх хөвгүүн том болоод цагдаа, эсвэл онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг. Харин охид багш, эмч болно гэдэг. Та багадаа юу мөрөөддөг байв. Тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?
-Яг үнэн. Багш юм уу, эмч болно гэж боддог байсан шүү. Хэзээ ч загвар өмсөгч болно гэж төсөөлж байгаагүй. Эдийн засгийн болон эрх зүйн мэргэжилтэй болно ч гэж бодоогүй. Гэхдээ одоо би хүүхэд байхдаа мөрөөддөг байснаасаа илүү сайхан амьдарч байгаа.
-Ханьтайгаа гэрлээд 10 жил болж байгаа гэсэн. Танилцуулж болох уу?
-Миний хань инженер мэргэжилтэй. Надаас нэг насаар ах. Манайх хоёр хүүтэй. Том хүү минь гуравдугаар ангиийн сурагч. Бага нь найман сартай. Хуримаа хийсэн, хүүхдүүдээ төрүүлсэн гээд мартагдашгүй олон дурсамж бидэнд бий.
-Хүүхдүүдээ орхиод ажлаа хийн, тайзан дээр алхах үе бишгүй байдаг байх. Урлагийн мэргэжлийн золиос энэ байх л даа. “Хүүхдүүдтэйгээ хамт байх цагаасаа хугаслалаа. Би ч муу ээж юм даа” гэж халаглаж, өөрийгөө зэмлэдэг үү?
-Тийм үе зөндөө. Гэхдээ хань минь миний найдвартай ар болж чаддаг болохоор тайвширчихдаг. Ээж минь бас надад их тусалдаг.
-Байнга л олны дунд байж, тайзан дээр гардаг хүн бие давхар болж, хүүхэд төрүүлэхэд тайзаа их санадаг уу?
-Тэгдэг шүү. Өнгөрсөн жил “Торго” салон шоугаа хийхдээ намайг оролцооч гэсэн юм. Дөрвөн сартай жирэмсэн байсан болохоор чадаагүй. Дараа нь “Гоёл” наадам болоход байж сууж чадахгүй догдолсон.
-Жүжигчин, дуучин эмэгтэйчүүд тайзан дээр гардаг болоод ч тэр үү, гоёл чимэглэл, гутал, цүнх, гоёлын хувцасны цуглуулгатай болсон байдаг.
Гэтэл загвар өмсөгчид байнга шинэ хувцас өмсөн хүмүүст үзүүлдэг хэрнээ тэгж цуглуулдаггүй юм билээ.
-Загвар зохион бүтээгчдийн олон гоё хувцсыг ханатлаа өмсдөг болохоор уйдчихдаг. Хэр баргийн зүйлд нүд унагахаа больчихдог байх аа. Миний шүүгээнд гэхэд л хэдхэн төрлийн хувцас байдаг. Би ер нь хэрэглээнээс илүү зүйлд дургүй. Цомхон байх таалагддаг юм.
-Тэгэхээр минималист хэв маягтай гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно шүү. Энэ хэв маяг их таалагддаг. Зөвхөн хэрэгцээтэй зүйлсээ л ашиглаж, энгийн амьдрах л гэсэн үг шүү дээ.
-Сонирхож цуглуулдаг зүйл бий юү?
-Ээмэг, зүүлт их сонирхдог юм. Гэхдээ үнэхээр их таалагдсанаа л авдаг.
-Ээж болсны дараа тайзан дээр эргэн гарахад ямар байсан бэ. Эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд өртдөг шүү дээ. Тэр үеийг хэрхэн давсан бэ?
-Өмнөхөөс тэс өөр санагдсан. Ээж болохын өмнө зөвхөн өөрийгөө л боддог байж. Эх хүн болсны дараа илүү хариуцлагатай болсон. Төрсний дараа өөрийгөө голж, өмнөх шигээ харагдаж чадахгүй байх гэж эмээсэн. Гэхдээ хичээсэн.
Хоёр хүүхэдтэй болсныхоо дараа топ моделиор шалгарсан хүн надаас өөр байхгүй байх аа. Тэгэхээр хүүхдүүд минь намайг эергээр их өөрчилсөн байгаа биз.
-Загвар зохион бүтээгч хувцас урлахдаа стандарт хэмжээтэйгээр бүтээдэг. Тэгэхээр тэр хувцсанд багтахын тулд загвар өмсөгч биеийн жингээ хадгалах олон арга хэрэглэдэг байж таарна. Та ямар арга хэрэглэдэг вэ. Дэглэм барьдаг уу?
-Дэглэм барина аа. Угаасаа л туранхай юм чинь гээд хайнга хандаж болохгүй л дээ. Дээр нь бие давхар болж, хүүхэд төрүүлсний дараа жин нэмнэ. Эргээд хэвийн жиндээ очихын тулд хичээнэ, хөдөлмөрлөнө. Би фитнессээр хичээллэж, зөв хооллохыг хичээдэг. Хүн өөрөө өөрийгөө л бүтээнэ шүү дээ.
-17 жилийн хугацаанд загварын ертөнцөд ажиллахдаа багшилж байсан уу?
-Гурван жил багшилсан. “Андра” агентлагийн захирал, загвар өмсөгч Х.Бадамгэрэл миний шавь.
-Нэг хэсэг найруулагч нар кинондоо загвар өмсөгчдийг их тоглуулсан шүү дээ. Танд тийм санал ирж байсан уу?
-Үгүй. Би тийм авьяастай хүн биш ээ. Нэлээд хэдэн жилийн өмнө ганц хоёр дууны клипэнд орж байсан.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?
-Нялх хүүхэдтэй болохоор чөлөөт цаг гарахгүй юм. Уг нь гоё ном уншиж, түүндээ автмаар санагддаг. Харамсалтай нь тэгж тухтай суух боломж олдохгүй л байна. Саяхнаас ажилдаа орсон болохоор өмгөөлөгчийнхөө дааж авсан хэргүүдтэй танилцаж, тэр чиглэлийн материал уншсаар байтал таарах юм.
-Байгальд хайртай, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг юм чинь Монголынхоо үзэсгэлэнт газруудаар нэлээд аялсан байх даа?
-Нэлээд явсан. Миний эмээ, өвөө Өмнөговь аймгийнх. Тэднийхээ төрсөн газарт очиж үзсэн. “Би энэ газраас улбаатай” гээд болохоор л их сайхан санагдсан. Өвөрхангай бас сайхан шүү.
-Сэтгэл хөдлөлөө дардаг, өөрийгөө их барьдаг хүн шиг харагдах юм, та.
-Магадгүй ээ. Олны дунд байхдаа илүү, дутуу үйлдэл хийлгүй, биеэ зөв авч явахыг хичээдэг. Гэхдээ гэр бүл, ойр дотнынхонтойгоо байхдаа өөр л дөө.
-Ямар зан чанартай хүнтэй ойлголцож чаддаггүй вэ?
-Би хэт их амбийцтай хүмүүстэй ойлголцдоггүй. Тэдэнтэй яаж харилцах учраа олдоггүй юм. Миний найзууд, ойр дотнынхон бүгд л шударга, энгийн зантай. Хүн байгаагаараа байх шиг сайхан зүйл хаана байна.