УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Турк үндэстний амттан баклава дундаа тавин, бидний яриа эхэлсэн гэхэд болно. Манайхны сайн мэдэх “тэргүүн” нэрт нарийн боовтой тун төстэй, өөлбөл хэт нялуун (зөгийн бал, самран хавчуургатай) мэт санагдах баклавад тэрбээр дуртай гэнэ.
“Та Туркт сурч байсан юм уу. Тэндхийн амттанд яагаад дуртай болчихов” гэхэд “Тэнд сураагүй ээ. Хэд хэдэн удаа очсон. Очиж үзэх ёстой газрын нэг шиг санагддаг шүү” хэмээн тэрбээр хариулсан юм.
Харийн амттаны талаар ярьж эхэлсэн бидний ярианы дунд Х.Нямбаатар гишүүн “Хүн ер нь сонирхсон, тэмүүлсэн зүйл байвал мөнгөгүй, завгүй гэх элдэв шалтгаан тоочилгүй, их, бага гэлтгүй, таашаал авах тэр л зүйлийнхээ төлөө үзээд алдах хэрэгтэй” гэж байсан юм.
-Амьдралаас таашаал авахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэлээ. Та алхам бүрээс таашаал авч, өөрийнхөөрөө амьдарч чадаж байгаа хүн мөн үү?
-Би өөрийнхөөрөө л амьдарч байна. Надад сайхан гэр бүл, эрүүл бие заяаснаас гадна сурч, өөрийгөө боловсруулж явна. Олон хүн ийм л зүйлээс таашаал авдаг байх. Магадгүй зарим нь эд баялаг, эрх мэдлээс илүү сайхан мэдрэмж авдаг байхыг үгүйсгэхгүй. Би л хувьдаа энэ бүхэн эргээд зовлон, түйтгэр дууддаг гэж боддог.
Буддын шашинд бүх юм хоосон чанартай гэж номлодог. Үнэхээр ч бүх юм хоосон чанартай. Тиймээс бодгалийн амьдралд миний дээр дурдсан тэр сайхан зүйлээс таашаал авах ёстой болов уу. Тэр бүхнээс гэр бүл хамгийн чухал нь.
-Тэгвэл таны хувьд юу хамгийн ой гутам бэ?
-Эрдэнэт хүний биеийг олчихоод адгуус шиг, хүмүүний ертөнцөд баймгүй, жигшүүрт зүйл хийн амьдарч байгаа нь л ой гутам юм даа. Энэ биеийг олж төрнө гэдэг дээдийн хувь тавилан. Тиймээс ч зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адилтгадаг биз дээ. Харамсалтай нь, ийм ховор заяанд төрчихөөд адгуусны амьдралаар замнаж яваа хүн олон юм. Уг нь манай ард түмэн “Муу явахаар сайн үх” гэдэг дээ. Гэхдээ ямар хүн байх нь ээж, ааваас өгсөн хүмүүжил, өөрийн ухаантай хэрхэн хослохоос хамаарна.
Намайг сүрхий гэгээрсэн хүн шиг яриад байна гэж магадгүй. Ээж, ааваас олж авсан хүмүүжил, миний ертөнцийг үзэх үзэл ийм юм. Энд нэг зүйл хэлэхийг хүсэж байна. Р.Чойномын шүлгэнд “Хэнд ч хал балгүй амьдарна гэдэг хамгийн том буян юм” гэж байдаг даа. Тухайлбал, миний өвөг эцэг Ц.Арилдий 1930- аад оны үед Хүн эмнэлгийн сургууль төгсөөд, Хэнтий, Сүхбаатар аймагт эх баригчаар 40 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Тэр хүн хэнтэй ч өрсөлдөж амьдраагүй нь түүний амьдралыг илүү сайхан болгосон гэж боддог. Аав минь тээврийн жолооч байсан. Мөн л үүрэгт ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэсэн. 1981 онд Улсын ачаа тээврийн аварга болж байсан хүн. Тэдний хэн нь ч өнөөгийн биднийх шиг өрсөлдөөнт амьдралд ороогүй. Өөрөөр хэлбэл, одоо бид хэнд ч хал балгүй амьдрах боломж хязгаарлагдмал болчихож. Тухайлбал, би УИХ-ын гишүүн болохын тулд өөр бусадтай өрсөлдөнө. Өрсөлдөөнд нэг нь л ялна.
Бусад нь ялагдана. Магадгүй ялагдаж сураагүй нь намайг өсөж дэвжихэд нь саад боллоо гэж бодох байх. Хэдийгээр өрсөлдөөнт амьдрал ч гэлээ ёс жудаг, ноён нуруугаа барьж явахыг хичээдэг. Өнгөрсөн сонгуулиар надтай өрсөлдсөн нэг нөхөр 16 давхраас над руу төмөр шидүүлсэн шүү дээ. Би түүнд нь оногдсон бол та бид хоёр ингэж суухгүй байсан. Ялангуяа өнөөгийн нийгэмд хүн чанар, ёс жудгаа л гээхгүй явах ёстой.
-Цөөнгүй хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсгийг нь ахалж, идэвх чармайлт гаргадагт зарим хүн шүүмжлэлтэй ханддаг юм билээ.
-УИХ-д сонгогдохоос өмнө надад арай өөр төсөөлөл байсан л даа. Гишүүн болгон идэвхтэй ажилладаг, ахмад нь шинэ, залуу хүмүүстээ зөвлөдөг гэж ойлгож байсан. Үнэндээ оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага шиг санагдсан. Шинээр орж ирсэн хүмүүс илүү идэвхтэй ажиллахаар шүүмжилж, баалж, урам зоригийг нь мохоох гэж үздэг мэр сэр хүн байдаг юм билээ.
Хуулийн салбарын голлох хууль, тогтоомжийн төсөл дээр өнгөрөгч хаврын чуулганаар гардаж ажиллахдаа олон ч шүүмжлэл сонссон. Хуулийн шинэчлэлээс болж хэний эрх яаж хохирч вэ гэдгээр л намайг шүүмжлэх ёстой. Би хуулийн салбарын шинэчлэлийг эхнээс нь дэмжсэн. Цаашид ч дэмжинэ. Тиймээс тус салбарын шинэчлэлтэй холбоотой хууль, тогтоомж хэлэлцэхдээ дуугарах ёстой бол хэлж л таарна.
Би хуулийнхаас өөр салбарын талаар бараг ярьдаггүй. Танин мэдээгүй, судлаагүй зүйлийн талаар дуугарахыг хүсдэггүй юм.
-Шүүмжлэлээс болгоомжилж хэлээ хазаад өнгөрсөн, хийх гэж байснаа больсон зүйл бий юү?
-Надад нэг тийм зан байдаг юм. Хүүхэд байхаасаа нэг зүйл барьж авбал дуусгахын төлөө явдаг. Шүүмжиллээ гээд болих тухай ойлголт байхгүй л дээ. Нөгөө талаас бусдын хэрэгт би тэгтлээ оролцохыг хүсдэггүй. Бусад хүний үйлдлийг хөндлөнгөөс шүүмжлэх дургүй.
-Харин бусад хүн таны амьдралд оролцоод, шүүмжлээд байвал бухимдана биз?
-Бухимдалгүй яах вэ. Хууль зүйн шинжлэх ухааны талаар “А”-гүй мөртлөө салбарын нарийн асуудлыг мэдэмхийрдэгт харамсдаг. Үүнээс гадна манай хууль тогтоох үйл явцад их сонин зүйл ажиглагдаж байна. Жишээ нь, хувийн ашиг сонирхол маш өндөр байдаг юм байна.
Хувийн эмнэлэгтэй гишүүн эмч нарт хорих ял ногдуулж болохгүй гэж дайрсаар байгаад тодорхой төрлийн хорих ялыг байхгүй болгочихож байгаа юм.
-Хууль тогтоогчдын хувийн ашиг сонирхлыг нь хязгаарласан зохицуулалт манайд хангалттай бий гэж боддог.
-Хэрэгжихгүй байна л даа. Бизнесийн салбарт ажиллаж байсан хүн холбогдох асуудал дээр шууд хөндлөнгийн санал хураалгаж, өөрчлөх жишээтэй.
-Та тангараг өргөснийхөө дараахан амны хөндийн эрүүл мэндийн талаар хөндөж байсан нь анхаарал татаж байсан шүү.
-Бид тунхаг маягтай зүйл хэт их ярьдаг. Гэтэл манай улсын нийт хүүхдийн бараг 95 хувь нь шүдний өвчтэй. Тэдний 67 хувь нь өөр, бусад өвчлөлтэй болсон байдаг. 12 дугаар ангийн нэг бүлгийн 52 хүүхэд бүгд шүдний өвчтэй байна. Хүмүүсийн амьдрал сайнгүй байна. Нэг хүүхдийн шүдийг эмчлүүлэхэд ямар төлбөртэй байдаг билээ.
Тиймээс Нийгмийн даатгалын сангаас санхүүжилтийг нь шийдвэрлэн, хувийн эмнэлгүүдэд хүүхдүүдийн шүдийг эмчилдэг болох санал хэлж байсан юм. Тэр санал маань дэмжигдээгүй л дээ. Өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс тойргийнхоо 8000 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй оношилж, эмчлүүлэх, давтан эмчилгээ хийх төслөө эхлүүлээд байна. Төслийн хүрээнд хоёр кабинет байгуулна. Нэг нь үйл ажиллагаагаа эхлүүлээд хэвийн явж байна.
Хоёр дахийг нь ирэх долоо хоногоос нээх санаатай. Мэдээж үүнд нэлээд хөрөнгө шаардлагатай. Нийгмийн сүлжээгээр төслөө сурталчилж, хандивын уулзалт зохион байгуулах зэргээр хөрөнгө босгож байна. Хоёр дахь кабинетаа нээхэд маш бага мөнгө дутаж, гацчихаад байгаа.
-Танай гэр бүл шүдний эмнэлэгтэй юм биш биз. Бизнестэй, эсэхийг тань л сонирхоод байна л даа.
-Шүдний эмнэлэггүй ээ. Манайх гэр бүлийн жижиг бизнестэй. Барилгын болон өрөмдлөг, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Гэр бүлийн тань бизнес хөндөгдсөн аливаа асуудал хэлэлцэхэд та оролцохгүй, тийм үү?
-Ойлгож байгаа. Тэгээд ч манай гэр бүлийн бизнес шальтай биш. Улсын төсвийн хөрөнгөөр нэг ч удаа ажил гүйцэтгэж үзээгүй.
-Ажлын тань арга барилыг сонирхъё. Та маш олон ажлыг зэрэг амжуулдаг юм шиг санагддаг.
-Би Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг. Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд тогтмол оролцоод явж байна. Үүнээс гадна намын болон нийгмийн чиглэлийн сонгуульт ажил олон бий. Олон ажлыг зэрэг эхлүүлж, аль алинд нь оролцоогоо хангахыг эрмэлздэг. Магадгүй заримынх нь гүйцэтгэл хангалтгүй байхыг үгүйсгэхгүй.
-УИХ-ын гишүүний дараах ажлын замнал ямар байхыг сонирхвол арай эртдэх болов уу. Та багш, өмгөөлөгч, төрийн албан хаагч байсан учраас ингэж асуулаа.
-Ирэх онд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар эрдэм судлалын ажил хийж байгаа. Би дөнгөж 39 хүрч байгаа учраас хийх ажил их байна. Хамтын бүтээл болгон хоёр, гурван ном бичихээр төлөвлөсөн. Одоогоор өмгөөллийн эрхээ түдгэлзүүлчихсэн байгаа ч үргэлжлүүлэн хийж болно шүү дээ.
-Парламентын гишүүн болсноор амьдралын хэв маяг тань хэр өөрчлөгдөв?
-Хүмүүс таараад “Гишүүн болоод завгүй байна уу” гэдэг л юм. Заримдаа тийм л гэдэг. Тэгтлээ өөрчлөгдөөгүй ээ. Даваа гаригт 11.00 цагаас бүлгийн хуралтай учраас өмнө нь фитнесст явж амждаг. Бүлгийн хурал дуусахаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой танилцана гэхчилэн цагаа зөв хуваарилбал асуудалгүй. Ном унших цаг ч өөртөө гаргана.
“Нэпко”- гоос орчуулж гаргасан сүүлийн үеийн бараг бүх номыг уншиж байна. Нийгэм, улс төрийн шинж чанартай номуудыг ер нь л харчихыг боддог. Утсаа маажихын оронд ном унших нь илүү системтэй мэдлэг өгдөг юм шүү гэж залуучуудад хэлмээр байна. Сүүлийн үед энэ “өвчин” нийгэм даяар тархчихлаа. Тэндээс ихэвчлэн хогон мэдээллээр тархиа дүүргэж байна шүү дээ.
-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Дэн Сяопиний тухай Америкийн эрдэмтэн Эзра Вогэлийн бичсэн номыг уншиж байгаа. XX зууны суут прагматикч, Хятад орныг ядуурлаас гаргасан, өнөөгийн хүчирхэг байгаагийн нууц болсон Дэн өвөөгийн тухай номыг уншихад илүүдэхгүй. Ер нь аливаа улс орныг прагматик хүмүүс авч явбал илүү хөгжүүлдэг, популистууд сүйрүүлдгийг энэ номоос ойлгох болно.
-“Дэн өвөө” гэхээр таныг хятад, хужаа гэх байх даа.
-Тэр зургийг хар даа. “Монгол ялна” гэж хашхиралдаад, ард түмнээ хятад, монгол хэмээн ангилж байна. Хятадын эсрэг үзэл арай хэтэрч байна. Даяаршиж буй дэлхий нийтэд хэт үндсэрхэг үзэл газар авсан улс орнууд сүйрдгийг олон жишээ тод харуулж байна. Бид хүссэн ч, эс хүссэн ч хоёр хөрштэйгөө найрсаг харилцаж байж хөгжинө. Саяхан Фридрик Эбэртийн сангийн урилгаар ирсэн нэртэй эрдэмтэд УИХ-ын хэд хэдэн гишүүнтэй уулзсан. Энэ үеэр тэд нэг зүйлээс эмээж буйгаа хэлж байна лээ.
Тодруулбал, манай улс дахь Хятадын эсрэг үзэл эдийн засаг, магадгүй тусгаар тогтнолд хор хөнөөл авчрах вий дээ хэмээн болгоомжилж буйгаа нуугаагүй. Үүнийг бодох л ёстой. Би өв тэгш хүмүүжсэн. 1994 онд УИХ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Уг бодлогын баримт бичгийн нэг ч хуудсыг сөхөөгүй атлаа “эх орон” гэж цээжээ дэлддэг хүмүүсийг би л лав “эх оронч” хэмээн өргөмжлөхгүй.
Энэхүү баримт бичгийг сайтар уншиж, эрт урьдын түүхээ судалж байж эх оронч үзэл төлөвшинө гэж боддог. Тэр зургийг хар даа. (ханан дээрх зураг руу заав) 1945 онд зохион байгуулсан ард нийтийн санал асуулгын хуудсыг өвөг эцэг, Хэнтий аймгийн харьяат Ц.Арилдий, эмэг эх Ё.Баян нарын бөглөснийг Улсын төв архиваас хуулбарлан авсан юм. Энд “Бид тусгаар тогтнолын төлөө саналаа өгч байна. Та ч бас тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгөхийг уриалж байна” гэсэн утга агуулгатай уриалгыг бичсэн байна.
Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн боломжийг хязгаарлаж, хөрш, зэргэлдээ орны эгдүүцэл, дургүйцлийг төрүүлэх вий гэхээс өндөр, дээд албан тушаалтнаасаа эхлээд бодох ёстой. Хүн ардаа сайхан амьдруулах арга ухааныг даяаршиж буй хавтгай дэлхий ертөнц дээр донжийг нь олж атгана уу гэхээс ташуу захтай дээл өмсөж, ташуур барин, XIII зууных шигээ амьдарч хайхгүй ээ.
Түүх гэдгийг зарим хүн өнгөрснөөрөө омогших гэж ойлгоод байгаа юм. Судлаач хүний хувьд хэлэхэд түүх гэдэг бол өнгөрсөндөө дүн шинжилгээ хийж, ирээдүйд алдаагаа давтахгүй байлгах ач холбогдолтой зүйл шүү дээ.
-Та Хэнтий аймгийнх юм уу?
-Манай аав, ээж хоёр Хэнтий аймгийнх. Манай аав Бэрх, Батноров, Баян-Овоогийнх гэхэд болно. Эмээ Батноров, өвөө, аав хоёр Баян-Овоогийнх. Аавын маань өссөн газар нь Бэрхийн уурхай. Би Бэрхийн уурхайд өсөж, сургуульд нь сурсан. Хожим нь манайх Улаанбаатар руу шилжсэн. Хүүхэд насандаа тэнд үхэр, тугал хариулж, өссөн учраас Хэнтий аймгийг нутгаа л гэж үздэг. Гэхдээ би нутгархах дургүй.
-Картын бараанд дугаарладаг байхад та хэдэн настай байсан бэ?
-12 настай байсан. Хоолгүй хонож байсан гэх нь хаашаа юм. Тэр үед бүх монгол айл одоогийнх шиг элбэг дэлбэг байгаагүй. Бараанд дугаарлаж байхдаа том хүмүүст шахагдаад, уйлж явсан үе бий. “Хөөрхий муу 70-аад оны сүүл үеийнхэн” гэж фельетон бичмээр санагддаг юм. Намайг 12 настай байхад манай улс зах зээлтэй нүүр тулсан. Бидний өмнөх үеийнхэн социализмын бүтээн байгуулалтын бүх амт шимтэй бүхнийг хүртсэн.
Тухайлбал, дээд сургуульд үнэ төлбөргүй сурч, төгсөхөд нь ажлын байр нь бэлэн байсан. Засаг төрөөс байр сууцаар хангаж байв. Зах зээлийн эдийн засагт шилжих үед тэд нас биед хүрчихсэн байсан учраас арилжаа наймаа хийж, хоршоо байгуулаад амжсан. Харин бид төлбөрөө төлж сургуульд сурсан. Төгсөөд өрсөлдөөн дундаас ажлын байртай болсон.
Зээлийн байр, халаасны өрөө, хашаа байшингаар амьдрал ахуйгаа эхлүүлсэн хүмүүс бол манай үеийнх. Бидний олонх нь дор хаяж хоёр, гурван дүүтэй. Өөрөө дөнгөж сургуулиа төгсөөд дүү нараа сургах, ажил хөдөлмөрт залгуулах гэж явсаар 40 настай золгож байна.