Удирдлагын академийн багш, 1998-2005 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан, Хууль зүйн дэд сайд асан В.Удвалыг “Хоймор”-тоо залж ярилцлаа.
-Таныг төрд өндөр алба хашиж байхад голдуу ажил яриулдаг, тэр дундаа Үндсэн хууль, түүний “дордуулсан долоон заалт” гэх зэрэг сэдвээр асуудаг байсан болохоос хувь хүн талаас тань тэр бүр хандаж байгаагүй санагдана.
Энэ удаа эгэл жирийн, оюунлаг эмэгтэй Удвалтай ярилцах гэсэн юм. Та өөрийгөө, гэр бүлээ танилцуулах уу?
-Үнэндээ ажил л их ярьдаг байлаа даа. Би Увс аймгийн уугуул. Миний аав малын эмч, насаараа аймагтаа ажилласан. Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж очсоныхоо дараа тухайн үеийн Өмнөговь суманд малын эмчээр дөрвөн жил ажилласан. Түүнээс хойш аймгийн Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагч, хэлтсийн дарга, мал эмнэлгийн дарга, Өмнөговь, Чандманьд сум нэгдлийн дарга зэрэг ажил хийж ирсэн, хүмүүсийн хэлдгээр “хурган дарга” байлаа.
Ээж хүнсний үйлдвэрт ажилладаг. Талх, нарийн боов, чацарганы тосны цехэд ажилладаг байсан юм. Нормчин, мөн тамирчин хүн байлаа. Манай том хүүг харахаар насныхаа чөлөөнд гарсан. Аав, ээж хоёр минь хүүхдүүддээ их анхаардаг хүмүүс. Биднийг урлаг бол урлаг, спорт бол спорт ер нь сонирхсон чиглэлд нь дэмжиж хөхиүлдэг байсан болохоор бид тав нэлээд идэвхтэй хүүхдүүд байлаа.
Би том нь. Доод талын дүү зоотехникч мэргэжилтэй. Одоо Увс аймагт ажилладаг, зургаан хүүтэй болсон. Дараагийн эрэгтэй дүү Швейцарьт амьдардаг. Охин дүү бас тэнд арваад жил болоод ирсэн. Нийгмийн шилжилтийн жилүүдэд хэн хүнгүй л амьдралаа төвхнүүлэх гэж янз бүрийн зам сонгож байлаа шүү дээ. Энэ хоёр дүүгийнхээ хоёр, хоёр хүүхдийг бид хоёр өсгөж өгнө гээд аваад үлдэж байлаа.
Монголын амьдрал ямар билээ, би тэр л амьдралыг туулж ирсэн. Жаргал, зовлон аль аль нь ээлжилж байдаг хорвоотой танилцаж л явна. Манайх хоёр хүүтэй. Том хүү ТЕГ-т ажилладаг. Бага хүү архитекторч мэргэжилтэй, ШУТИС-д Барилга архитектурын салбарын багш. Би одоо хоёр ачтай, тэднийгээ харж баяссан хайлган нэгэн болсон доо.
-Олон хүүхэд өсгөжээ. Амаргүй үе байв уу?
-Байсан. Ярихад хэцүү ч тохиолдол бий.
-Улстөрчид гэртээ орох завгүй байх нь бий. Тийм үед тусалдаг хүн байсан байх.
-Ах дүү нар тусална аа. 2007 онд юм, Увс аймагт дараа жил нь УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай байсан болохоор чухал ажлаар явах хэрэг байлаа. Тэгсэн явахын өмнөх шөнө дүүгийн хүү гэртээ ирдэггүй. Хүүхэд байдаггүй, онгоц нисэх цаг болоод байдаг. Манайхан бүгдээрээ хайгаад олдоггүй.
Намын, Удирдлагын багийн өмнө үүрэг хүлээсэн хүн яах аргагүй явах боллоо. Тэр үед хүүгийнхээ сургуулийнх нь хажуугаар өнгөрч таарахад миний бага хүү өнөө дүүгээ олоод хөтөлчихсөн явж байхад нь хараад уйлаад өнгөрч байлаа. PC тоглоомын газар гаднаас нь цоожилчихсон юм билээ. Түүнээс хойш явуулахаа байсан.
Гадаа мөсөн гулгуурын талбай дээр битүү утаанд тоглуулдаг болсон. PC-д цоожлуулж байснаас утаанд байлгах нь дээр гэж үзээд манаад зогсдог байлаа. Дүүгийнхээ хүүхдийг харж өгнө гэж авч үлдчихээд ямар нэг муу юм болсон бол яах байсан бэ гэж бодохоор хэцүү байлаа.
-Танай нөхөр бас хуульч. Хаана хаана ажиллаж байлаа?
-Манай нөхрийг Т.Сүхбаатар гэдэг. Насаараа Прокурорын байгууллагад ажилласан, мөн л удирдах ажил хийж ирсэн дээ. Аймаг, дүүрэг, нийслэл, улсын прокурор, Тусгай хэргийн мөрдөн байцаах газрын дарга зэрэг алба хашиж байсан.
Чөлөөнд гарсан ч зүгээр суудаггүй, хааяа хичээл заадаг юм.
-Та хоёр Эрхүүгийн Их сургуулийн хуулийн ангийн нэг ширээний хоёр биш биз?
-Нэг сургуулийнх, гэхдээ манай хүн надаас хоёр ангийн ах оюутан байлаа. Бид гэр бүл болоод 40-өөд жил болох гэж байна. Оюутны байранд гал голомтоо бадрааж том хүүгээ төрүүлсэн хоёр.
-Та ажлын гараагаа эхэлж байсан үеийнхээ тухай яриач. Сонин түүхтэй байх даа.
-1981 онд сургууль төгсөж ирээд Увс аймгийн АДХГЗ-нд Хуулийн хэлтсийн ахлах зөвлөхөөр очсон юм. Гүйцэтгэх захиргаанаас гарч байгаа бүхий л бичиг баримтыг хуульд нийцүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ эрх зүйн сургалт сурталчилгаа хийнэ. Мэдэхгүй, чадахгүй юм гарна аа. Захиргаанд манай аавтай хамт ажилладаг байсан Баяр гэж санхүүгийн мэргэжилтэй хүн миний халамжлан хүмүүжүүлэгч. Тэр хүний зөвлөгөөгөөр захиргааны ажлын дөр суусан.
Захиргааны ажил нь энэ, намын ажил ийм байдаг гэхчилэн хэлж өгдөг байлаа. Сүүлд бодоход яваандаа намын гишүүн болгох сонирхол байсан шиг байгаа юм. Мэргэжлийн хувьд мэдэхгүй зүйлээ хэлтсийн дарга Аюурзанаас асууна. Их сургуульд Оросын хууль судалж байгаад ирсэн, Монголынхоо хуулийг тэр бүр сайн мэдэхгүй учраас тулгамдах үе бишгүй байсан. Мөн эмэгтэйчүүдийн байгууллагын дэд дарга, Монгол, Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн идэвхтэн, орчуулагчийн ажилтай.
Аав, ээж хоёр хүүхэд асарч өгдөг байсан болохоор энэ олон ажлыг амжуулдаг байж. Нэг өдөр аймгийн дарга дуудлаа. “Юу буруу хийсэн юм бол” гэж их айж очтол дарга “Чи ажилдаа хэр дадаж байна. Аймагт эрх зүйн баримт бичгийн сан байгуулах боллоо. Чи хариуцна, сайн ажиллаарай” гэж байна. Улс ардын аж ахуйн бүхий л салбараар хуулийн өөрчлөлтүүдийг хийж явдаг хариуцлагатай ажил хийх үүрэг даалгавар ингэж авсан юм.
Даргын өрөөнөөс гарахдаа “Ёох, ямар ч байсан буруу юм хийгээгүй юм байна” гэж бодоод санаа амарч байж билээ. Ажлынхаа хажуугаар эрх зүйн сурталчилгааны самбар байгуулах, ном гаргах зэрэг ажил өөрөө санаачилж хийхэд захиргааны хүн бүр талархаж хүлээж авна. Ах, эгч нар сайшаахад нь дотроо их баярладаг сан. Амрах чөлөөгүй ажилласан тэр л үедээ ахмадууд, үе тэнгийнхэн, залуустай ажиллах эв дүйтэй болсон доо.
Би хоёр зүйлд их баярладаг юм. Орон нутагт ажилласандаа, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэгт багтсандаа их баярладаг. Сорилт бүрт бэлэн байх гэж хичээсээр их зүйл сурсан. Бусад хийсэн олон ажил бол насан туршдаа суралцах, өсөж дэвжих боломжууд байсан. Удирдлагын академийн ажил маань юм үзэж, нүд тайлах, бид арай өөр чиглэл рүү явах, тэмүүлэх ёстой юм байна гэдгийг мэдүүлж өгсөн.
-Та бага залуугаасаа бүтээлч хүн байжээ.
-Орон нутагт ажиллахад хүн их чадавхиж даг юм билээ. Аймгийн гүйцэтгэх захиргаанд ажиллаж байгаад дараа нь намын хороонд лектор, Улс төр гэгээрлийн кабинетын эрхлэгч зэрэг ажил хийж байхдаа бүх сумаар явдаг байлаа.
“Гадаадад төгссөн юм чинь одоо ажилла, орчуул, хүмүүст хэлж өг” гэж шаарддаг байсан. Захиргаанд ажиллахад ч тэр, намын хороонд ч тэр юм л бол ажилд дайчлагдана.
Тэр бүх шаардлагад нийцэж ажиллах гэж өдөржин шөнөжин орчуулга хийдэг сэн. Тэглээ гээд ядраагүй, муудаагүй.
-Ингээд бодоход та тэр цаг үеийн бүтээгдэхүүн үү?
-Тийм л юм даа.
-Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Удирдлагын академид багшилж байсан хүн Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэгт дайчлагдсан. Тухайн үед их сайн хууль болсон гэж үзэж байсан атал өнөөдөр засаж залруулах тухай ярьж байна.
Та зарим талаар санал нийлдэг ч, болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг хүмүүсийн нэг. Юун дээр болгоомжилдог вэ?
-Ийм сайн хууль байсаар байтал хэрэгжүүлэхгүй, тэгсэн хэр нь засаж залруулна гэх нь бушуу туулайн үлгэр болох вий гэж болгоомжилдог. Түүнээс биш өөрчлөх заалтууд бий гэдэгтэй санал нийлдэг. Би “Тулгуур зарчим, үнэт зүйл” гэдэг ном гаргасан. Үүнд юуны тухай бичсэн гэхээр Үндсэн хуулийн тулгуур зарчмын талаарх мэдээллийг сургалтаар иргэдэд тэр бүр өгөлгүй явж иржээ. Энэ чинь ийм зарчимтай, ингэх ёстой юм шүү гэдгийг нарийн ойлгуулж хэлж өгөөгүй учраас иргэдэд одоо болтол Үндсэн хуулийн тухай хангалттай мэдлэг байдаггүй тухай бичсэн юм.
Иргэд гэдэгт улстөрчид ч орно. Улстөрчид дунд эдийн засагч, инженер, багш, биеийн тамирынхан ч байдаг. Тэд бүгд хуульч биш юм чинь мэдэхгүй байх нь аргагүй. Над шиг хуульч, төрийн эрхзүйч, захиргааны эрхзүйч биш. Хууль гэдэг маш нарийн юм. Эмч нар дотрын, шүдний гэх зэргээр мэргэшсэн байдаг шиг хуульчид яг адилхан чиглэл чиглэлээр мэргэшсэн байдаг. Тэгэхээр нарийн мэргэшсэн хуульчдаараа Үндсэн хуулиа тайлбарлуулж, таниулж, ойлгуулж ирсэн бол өнөөдрийнх шиг ийм замбараагүй байдал үүсэхгүй байсан байх гэж бодоод харамсдаг.
Үндсэн хуулиар маш нарийн мэргэшсэн хүн бол Б.Чимэд багш. Түүний дэргэд, Төмөр гуайн хажууд, Ж.Амарсанаа багшийн дэргэд ажилласандаа би үнэхээр бахархдаг. Хувь заяандаа талархдаг гээд хэлчихэд ч буруудахгүй. Их олон мундаг хүний оюун ухааны охь шингэсэн Үндсэн хуулийнхаа “ид шид”-ийг үзээгүй байж, дутуу дунд юм хийх вий дээ гэж болгоомжилдог. Үндсэн хууль батлагдахад нийгмийн тэр сайхан өөрчлөлтийг үзэх нь, бид, бидний хүүхдүүд ямар азтай юм бэ гэж бодож байсан.
Манай Удирдлагын академийн багш нар 1994 онд Германд, 1995 онд Шведэд гэх зэргээр олон удаа 14 хоногоос хоёр сарын хугацаатай сургалтад явж байхдаа Монгол маань тэр улс орнуудтай ижил амьдралтай болох нь, яагаад гэвэл тулгуур зарчим, үнэт зүйлсээ бид Үндсэн хуулиндаа суулгаад өгчихсөн гэж бодож, ярьж явдаг байлаа. Нийгэм, хүмүүс маань сайхан болно доо гэж бодож явахдаа энэ үйл явцыг эхлүүлэхэд гар бие оролцсондоо бахархаж явсан сан.
Тэгээд ажлаа хийгээд зүтгэж явсаар байгаад эргээд харсан чинь бүхий л талаар гажуудсан байлаа. Сайн юмыг бид хамтдаа эхлүүлж чадсан. Гэтэл хүмүүс замаас нь буруу тийш нь гажуудуулаад аваад явчихжээ гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Нэгэнт хазайсныг тэгшлэх, засах хэрэгтэй. Засах ажилд нь гар бие оролцохсон гэж боддог болохоор гэртээ ач нараа хараад суухгүй байна.
Хаа хэрэгтэй газар нь мэддэг юмаа хэлж өгч байх нь миний үүрэг гэж боддог. Удирдлагын академидаа, мөн хичээл зааж байгаа “Роял академи”-ийн оюутнуудад, төрийн албан хаагчдад энэ сэдвийг цэгцтэй сургалтаар заая гэж боддог.
-Хэн гажуудуулав?
-Олз омог олох гэсэн хүмүүс. Ийм юмнуудаас салах сан, бүгдээрээ зөв явах сан, Монгол орон ингэж туйлдах ёсгүй, өөр нийгэм журам байгуулахыг зорьж 25 жил явахдаа ийм ёс зүй, ёс суртахууны дорой байдалд орох ёсгүй байсан юм гэдгийг залуучуудад хэлж өгөхийн төлөө ажиллаж байна.
-Хаана алдав?
-Нэг нийгмээс нөгөөд шилжихдээ зөв ажиллахгүй бол сөрөг үр дагавар ихтэй байдаг юм байна. Түүнийг хүн бүрт, удирдах ажилтнуудад ойлгуулж хэлж өгөөгүйгээс ёс зүйн энэ их уналтыг үзэж байна. Үндсэн хуулийн эрх зүйн боловсролыг иргэддээ хүргээгүй учраас маш их алдаа гарчээ. Өөрсдөө алдаа хийлээ. Ардчилсан нийгэм чөлөөтэй байх ёстой гэж маш задгай тавьснаар ийм байдал үүссэн.
Гэтэл бид Үндсэн хуулинд юу хийсэн хүмүүс билээ. Үндсэн хуулийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх чөлөөг зөрчиж болохгүй, нийгмийн хэв журмыг зөрчиж болохгүй, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хохирол учруулахаар байвал зөрчиж болохгүй” гэж хуульчилсан байгаа шүү дээ. Үүнийг хүмүүст тайлбарлаж ойлгуулж өгөх ёстой байсан. Гэтэл эсрэгээрээ тэр хуулинд юу ч хамаагүй хийж болно, бүх нууцаа алдах ёстой, бүхий л газар нутгаа лицензэд тавиад туух ёстой гэж бичсэн мэт аашилж байна.
Өмч хувьчлал явуулах тухай хуульчлахдаа нийгмийн өмч иргэдэд очно гэж томьёолсон нь иргэд хувийн өмчтэй болж түүгээрээ улс орноо хөгжүүлнэ гэдэгт зорьж хийсэн. Гэтэл өмчийн сэтгэлгээг бид өөрчилж чадсангүй. Төрийн эрх мэдлийг хуваарилдагтай адил, Үндсэн хуулинд өмчийн асуудлаарх цоо шинэ зүйл нь юу байна гэхээр хүний сэтгэлгээг өөрчлөх тухай асуудал гол нь юм. Хүний сэтгэлгээ өөрчлөгдсөн байсан сан бол тухайлбал, гутлын үйлдвэрийн байшинг хувьчилж аваад гутал хийдэг хүмүүсийн ур чадвар, техник, технологийг үрэн таран болгох биш, харин уг үйдвэрийг эхний ээлжинд Чехийн үйлдвэртэй өрсөлдөхүйц хүчирхэг болгочих байлаа.
Тэгсэн бол гутал сайжирч, ажилчдын цалин хөлс нэмэгдэж, эзэд хүчирхэгжиж хаа хаанаа амьдрал сайхан болох байв. Гэтэл сэтгэлгээг өөрчилж чадаагүйтэй холбоотойгоор өнөөдөр бүгд ядуурсан. Энэ бол нэг л жишээ. Ийм маш олон алдаа гаргажээ. Урьдчилан сэргийлэх, бусдаас үлгэр авах юм хийсэнгүй. Хүмүүсийн оюун санааг бэлдсэнгүй. Яаж амьдрах арга ухааныг нь зааж өгсөнгүй.
-Хуулийн хүрээнд.
-Тийм.
-Цаашид яах вэ?
-Иргэдээ гэгээрүүлэх, боловсруулах ажлыг шат шатанд хийх хэрэгтэй. Ирээдүйгээ аврах ажлыг өнөөдөр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхээс эхлэх хэрэгтэй.
-Та одоо Удирдлагын академид ямар хичээл зааж байна.
-Удирдлагын академид албан хэрэг хөтлөлт гэдэг хичээл зааж байна. Өмнө нь захиргааны эрх зүйн хичээлд хамааруулан энэ хичээлийг заадаг байсан. Одоо бол сүүлд бий болсон стандартуудын дагуу албан хэрэг хэрхэн хөтлөх талаар заадаг. Мөн цахимаар албан хэрэг хөтөлдөг болсон болохоор бие даасан хичээл байх шаардлага гарлаа.
Төрийн байгууллага гэлтгүй бизнесийн байгууллага ч гэсэн олон нийттэй харилцахад албан хэрэг хөтлөлт их чухал байдаг. Бусад оронд хүний нөөц болон энэ хичээл нь удирдлагын үндсэн судлагдахуун байдаг. Манайх энэ чиглэл рүү явж байна.
Ер нь захиргааны буюу аль ч албан байгууллагын ажил гэдэг хүнтэй харилцах болон албан бичиг боловсруулах гэсэн хоёр ажил байдаг. Баримт бичиг боловсруулахдаа хуулийн дагуу, соёлтой, сайн найруулахад удирдах ажилтнуудыг сургах шаардлага бий болсон. Мөн “Роял академи”-д Үндсэн хуулийн эрх зүйн хичээл зааж байна.
-Танд энэ ажил хангалттай санагдаж байна уу?
-Мөн “Хууль судлал хөгжлийн төв” төрийн бус байгууллагынхаа хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Ямар ямар сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Хуулийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт явуулах нь дийлэнх. Нөлөөллийн чиглэлийн төслүүд сонирхолтой байдаг. Би төрийн ажил хийхээ больсноос хойш тав дахь жилдээ төрийн бус байгууллагын шугамаар ажиллаж байна. Хэрэгжүүлсэн төслүүд үр өгөөжтэй болоход баярлаж, дараагийнхыг нь хурдхан барьж авах сан гэж тэмүүлдэг. Төрийн бус байгууллагын шугамаар ажиллахад нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй уулздаг.
Манай байгууллага нийслэлийн дөрвөн цэцэрлэгт эцэг, эхчүүдэд хандсан, цэцэрлэгийн засаглалыг хэрэгжүүлэхэд өөрсдийнх нь оролцоог хангах чиглэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Эцэг, эхчүүдийн цэцэрлэгтэй холбоотой бодол санааг нь өөрчлөх зорилготой төсөл юм. Аав, ээжүүд өдөржин шөнөжин дугаарлаж байгаад хүүхдээ оруулж авсан л бол ямар ч гомдол гаргаж болохгүй, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавина гэж байхгүй гэсэн бодолтой, хандлагатай болсон байсан.
Төсөл хэрэгжүүлж дуусах үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил, боловсролын төлөө цэцэрлэгтэй хамтарч ажиллах ёстой юм байна гэдэг бодолтой болсон. Үүнээс зөв залах л юм бол манайхан маш хурдан өөрчлөгддөг хүмүүс юм гэдэг дүгнэлт хийсэн. Улс төрд ч гэсэн адилхан. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэлтэй бүхий л гажуудлыг засахын тулд олон нийтийг зөв удирдаж залах ёстой, нөлөөлөх ёстой юм.
Ядаж л хууль тогтоох байгууллагад өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгохдоо тав, арван төгрөгт хууртаж санал өгөхгүй байхад нь нөлөөлөх хүртэл ойлгуулах хэрэгтэй гэж үздэг.