“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 27 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. “National identity” буюу (үндэстнийг ижилсүүлдэг, бусдаас ялгаатай хэл, соёл, уламжлал зэрэг зүйлсийг хэлнэ) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.
Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 27 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мартан хүнээ байж, ойд төөрсөн сармагчин лугаа адил ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.
Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд “Өнөөдөр” сонин гарч “Бид хэн бэ” цуврал нийтлэл эхлүүлж байна.
Гадаадад амьдарч байгаад ирсэн нэгэн эмэгтэй “Монгол бол тав тухтай амьдрал, өндөр цалин, чанартай хэрэглээ, амттай хоол, соёлтой үйлчилгээ, загвар, техник технологийн түүчээ биш. Гэхдээ л надтай адил олон залуу буцаж ирдэг. Хайр, амьдралын утга учир, эх орон хэмээх үнэ цэнэ гээд дэлхийн ямар ч том худалдааны төвөөс худалдаж авах боломжгүй зүйлийг Монголоос би олдог.
Олон улс оронд Элчин сайдаар ажилласан нэг эрхэм “Монголчууд эх нутгаа гэсэн сэтгэлтэй байдаг нь танай улсын хамгийн том хүч, ялгамж чанар, identity” гэж билээ. Гэтэл ийм үнэ цэнийг ойлгодоггүй дарга нар эх орондоо ирэхийг хүссэн залууст худлаа өндөр цалин амлаж, хийж гүйцэлдүүлэхгүй байж агуу том зүйл ярьдаг нь эсрэгээрээ тээг саад болдог. Тэдэнд мөнгө биш, итгэл хэрэгтэй.
Монголын ирээдүйн зураглал, үндэсний амбийц, нэгдмэл зорилго, мөрөөдөл тэмүүлэл, түүнийг хамтдаа бүтээх, оролцох боломж олговол олон хүн эх нутагтаа ирнэ. Би лав мөнгө биш, итгэл хайж ирсэн. Мөнгө биш, итгэл дуусахад эндээс явна” гэж бичжээ. Найзууд нь байнга түүнд тавьдаг “Яагаад Монголд ирсэн юм бэ” гэсэн асуултын хариу энэ. Эндээс бид өөрсдийгөө тольдож болохоор санагдав.
МАХЧИН АМЬТДЫН ХҮРЭЭЛЭН ШИГ МОНГОЛ
Ингэхэд голомтоо сахиж үлдсэн монголчууд бид өдгөө яг хэн болсон, хаашаа яваад байгаа юм бол. Үндэсний онцлогоо мэдэхгүй, хүрэх цэгээ тодорхойлоогүй, нэгдмэл зорилгогүй учраас үнэт зүйл ч үгүй, дэмий л хоорондоо хэмлэлдсэн улс байх. Өнөөгийн манай нийгмийн дүр төрхийг харахад баахан арслан, бар, цөөвөр чоно, ирвэс, матар гэсэн махчин амьтдын хүрээлэн гэлтэй, бие биенээ тас татахаар архиран довтлох юм. Хэнийг ч, яаж ч муу хэлж болно.
Бүгдээрээ нийлээд нэгнийгээ буланд шахаж, үзэн ядаж ч болно. Хариуцлага ярихгүй учраас хэн нэгнийг хуурч мэхэлсэн ч болно. Мөнгө, эрх мэдэл байхад бузрыг буянд тооцуулж ч болно. Яагаад гэвэл Монгол бол “хуульгүй” улс.
“Гадаадад тэгдэг, ингэдэг. Монголд тийм байдаг ч болоосой” хэмээн ам уралдан мэдэмхийрэх хэрнээ яг цагаа тулахаар хуруугаа ч хөдөлгөхийг хүсдэггүй. Ажил хийхээсээ урьдаар ам нь түрүүлж авч давхисан ийм л задгай эрх чөлөөт нийгэмд улстөрчид нь ч, ард түмэн нь ч үүрэг, хариуцлага гээчийг умартаж гүйцэв. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко “Монголчууд хулхи” гэж манай УИХ-ын даргатай уулзахдаа төрөлх монгол хэлээр минь өчиж, эрхэм спикерийн нүүрийг олон түмэн төлөөлөгчийн өмнө түлсэн жишээ ч байна.
Одоогийн монголчуудын, монгол төрийн “имиж” дэлхийн тавцанд иймэрхүү л байна. Ийм нөхцөлд Орос, Хятад хоёр хөрш маань Монголын дээгүүр нэг нэгэнтэйгээ гар сунган барьж буй өнөө цагт монгол хүнд арван ам байсан ч хэлэх үг олдоно гэж үү. Тиймээс цаашид бид хэн байх тухайгаа нухацтай бодож, үндэстний ижилсэл, онцлог хийгээд бахархал, хэтийн зорилго, үнэт зүйлээ тодорхойлох шаардлага тулгарч буйг энэ улсын ирээдүйн төлөө үнэнхүү санаа зовнидог хэн бүхэн хэлэх боллоо.
Хүн судлалын доктор Д.Бум-Очир өнөөгийн монголчуудыг “Өрнө дахины иргэншлээс өөриймшүүлсэн зүйлгүй, уламжлалаасаа авч үлдсэн юмгүй. Ямар нэг хэм хэмжээгүй болчихсон” гэж нэгэнтээ дүгнэжээ. “Зуу гаруй жилийн өмнө бид нүүдлийн соёлтой, өөрийн гэсэн ёс суртахуунтай байсан юм. Өрнийн буюу Библийн ёс зүйгээс эрс өөр ч гэлээ монголчуудад ёс зүйн хэм хэмжээ байлаа.
Харин коммунизм байгуулахаар шулуудсан жилүүдэд нүүдэлчин ахуйгаас улбаатай бүхнийг баллаад, шинээр олж авсан зүйл нь үнэндээ Өрнийн сонгомол иргэншлийн хугас төдий, орос чөмөгтэй коммунист суртахуун. Ийм орчинд Монголын гурван үе төлөвшиж ядаж байтал юу юугүй капитализмд орцгоосон. Энэ зуур монголчууд хэрхэн өөрчлөгдөө бол” хэмээн нийтлэлч Д.Батбаяр 2011 онд нэгэн нийтлэлээрээ мөн л асуусан байдаг. Түүний хэлсэнчлэн өнөө хэр бид үндэстний ижилсэл, өөрсдийн онцлогоо эрэлхийлсээр, нүүдэлчин ч бус, иргэншсэн иргэн ч биш, нийгмийн болоод хувь хүний идеалгүй хэсэг бүлэг хүний бөөгнөрөл төдий байгаа тул энэ асуулт ямагт шинэ хэвээр тавигдах нь дамжиггүй.
“МОНГОЛ ЯЛНА” ГЭЖ УРИАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ХҮСЭХ НЬ
1940-өөд оноос “орос ах нар”-ын тусламжтайгаар социализм, коммунизм байгуулах нэгэн зорилгын доор “National identity”-гээ шинээр бүрдүүлсэн монголчууд ардчилсан хувьсгалын дараа тэр бүхэн нь нуран унахад Чингис хаанаа үндэстний ижилслийн тулах гол багана болгосон. Тэгээд зохисон, зохиогүй бүгд дээл өмсөн, монгол хэл, бичиг, соёлоо сэргээн дэлгэрүүлж, үр хүүхдүүддээ Чингис, Тэмүүжин, Тэмүгэ, Хасар, Сүбээдэй, Өэлүн, Бөртэ-Үжин гэхчилэн “Монголын нууц товчоо”-нд гардаг нэрсийг өгч, хэрэндээ л монгол хүн болох гэж хичээсэн.
Гэвч энэхүү хүсэл тэмүүллийн галыг өрдөж, урагш замчлах үзэлтэй удирдагч, үндэстний нэгдмэл зорилго, хандах зүг чиг аль нь ч байгаагүй тул бидний мөрөөдөл өнгөрсөн цаг дээр гацаж, эзэн богд хаантайгаа “мөнхөрсөн” гэхэд болно. Уг нь хөгжилтэй орнууд, манайх шиг хөгжиж буй гэсэн ангилалд багтсан улсууд хүртэл юуг, яаж хийхээ ярьдаг, ирээдүйгээ хардаг юм билээ.
1990-ээд оны эхэнд Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Азийн бар улс болно” гэж үндэстний хэтийн зорилгоо томьёолсон. Харамсалтай нь, энэ үгний мөн чанарыг, алсын харааг ухаж ойлгоогүйн балгаар зүгээр л хошигнол, наргиа болгоод өнгөрсөн. Түүнээс хойших Төрийн тэргүүн нар энэ талаар тодорхой зүйл яриа ч үгүй, хийгээ ч үгүй тул өнөөг хүртэл бид үндэстнээрээ тэмүүлэх нэгдмэл зорилгогүй явлаа.
Чухамхүү энэ орон зайг соргогоор мэдэрч “Монгол ялна” гэсэн уриагаар туг хийсэн эрхэм Х.Баттулга ёстой л монголчуудын доторхыг “гижигдсэн”. Өнгөц харахад, эрлийз хурлийз хэмээн үндэс угсаагаараа талцдаг монголчууд руу зориуд шидсэн “өгөөш” мэт боловч энэ хоёрхон үгнээс дотроо битүүхэн эрэлхийлээд байсан өнөөх үнэт зүйл “үнэртсэн”.
Тийм ч учраас түмэн олон түүнд итгэл хүлээлгэсэн билээ. Одоо харин монголчуудынхаа сэтгэлд өрдсөн тэрхүү галаа илүү хөгжөөн бадрааж, орчин цагийн монгол үндэстний ижилслийг бий болгоход төрийн бодлогоор анхаарч, бодит ажил хэрэг болгохыг Ерөнхийлөгчөөс хүсье.
БОЛОМЖ БИДНИЙ ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИХ
Ард түмний итгэл сэтгэл, хүсэл эрмэлзэл хэмээх хамгийн чухал хөрөнгө байгаа цагт 30 жилд юу хийж бүтээж болохын тод жишээг Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Югийн үйлсээс харж болно. Байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүй, шинэ тутам тусгаар тогтносон, дотооддоо олон үндэстэн, угсаатан хоорондын мөргөлдөөнтэй, гаднаа үндэсний хүчтэй үзэл бүхий томоохон улс орнуудаар хүрээлэгдсэн буурай Сингапурыг бусдын манлайд тэрбээр аваачсан.
“Зүүн өмнөд Азид байрлах хот-улс тэсэж үлдэнэ, тэнхэрч өндийнө гэвэл бид бусадтай адилхан байж хэрхэвч таарахгүй гэсэн гаргалгаа хийсэн. Бид тэс ондоо хүмүүс болох хэрэгтэй байв. Бидэнд байсан хамгийн чухал хөрөнгө нь ард иргэдийн итгэл, сэтгэл. Тэдний итгэлийг бид коммунистууд, малайн хэт үндсэрхэх үзэлтнүүдтэй тэмцэж, төв Засгийн газрын мэдэлд байсан цагдаа, цэргүүд биднийг өдөөн хатгах, айлгахыг эс хайхран байж олж авсан билээ. Ард иргэдийнхээ итгэлийг муу засаглал, авлигаар үгүй хийж, замхруулахгүйн төлөө бид маш их хичээж ажилласан” хэмээн Сингапурын гайхамшгийн эцэг дурдатгалдаа өгүүлжээ.
Гэтэл бидэнд ямар их боломж байгаа билээ. Сингапурт нэг хүнд 0.15 метр газар ногддог бол монгол хүнд хааш хаашаа 500 метр газар, дээрээс нь хүн тус бүрт 19.5 мянган мал (хонин толгойд шилжүүлсэн) ногдоно гээд онгирвол өчнөөн. Ганц жишээ татахад, Монгол Улсын эдийн засгийн төлөвийн талаар ОУВС-гийнхны өнгөрсөн тавдугаар сард гаргасан тайланд манай газрын хэвлий доорх баялгийн одоогоор батлагдсан нөөцийг нэг их наяд ам.долларын үнэлгээтэй гэж тооцжээ.
Үүнийг хүн амдаа (арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар 3.119.935 хүн) хуваахад нэг хүнд ойролцоогоор 320 519 ам.доллар буюу 783.6 сая төгрөг ногдож байна. Тэгээд болоогүй, Монголын газар нутгийн ихэнх хэсэгт эрэл хайгуулын судалгаа хийгдээгүй тул бодит үнэ цэнэ үүнээс хавьгүй илүү байх боломжтойг тэд тайландаа онцолжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр, маргааш, ирээдүйд төрөх хөх толбот монгол хүүхэд бүр эхээс мэндлэхдээ л хэдэн зуун сая төгрөгийн эзэн байх их хувь заяатай гэсэн үг.
Эдийн засгийн ийм сайхан боломжоос гадна манай урлаг, спортынхны бахдам амжилт, монгол оюун ухааны үүр уурхай болсон гайхамшигт сэтгэгчид байна. Зөвхөн өнө эртний өв уламжлал, гайхамшигт түүхээр хязгаарлагдахгүй, юунд ч дасан зохицохдоо амархан, аливаа зүйлийг сурахдаа гаргууд чадварлаг нүүдэлчдийн унаган өгөгдөл болсон ген биднийх. Хамгийн чухал нь сайн сайхан ирээдүйд итгэдэг, Монголын их хувь заяанд найддаг эгэл жирийн хүн бүрийн сэтгэлийн эрчим хүч бас үүн дээр нэмэгдэнэ. Энэ бүгдийг нэгэн зорилго тэмүүллийн доор хамтатгаад, үндэстний ижилслээ шинээр бий болгоход бидэнд одоо юу дутна гэх вэ.
ХЯТАД ХИЙГЭЭД МОНГОЛ
Соёлын хувьсгалын дараах үймж самуурсан Хятад орныг, зовж зүдэрсэн ард түмнийг хөл дээр нь босгож, өнөөгийн өндөрлөгт хүрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйлийг манайхан хүний олон, ажиллах хүчний нөөцтэй нь холбон тайлбарладаг. Гэвч үнэндээ 1960-аад оны өлөн зэлмүүн хятад тариачны шаахайн мөр өдгөө дэлхийн энгээр тамгалж буйн цаад шалтгааныг “National identity” буюу үндэстний ижилслээ олж, хүрэх зорилгоо тодорхойлон, түүнийхээ төлөө бүгд зүтгэснийх нь үр дүн гэдэг юм билээ. Күнзийн сургаалдаа тулгуурлан хятад хүн ямар байх ёстойг томьёолж, хэтийн зорилгоо нарийн чанд төлөвлөгөөний дагуу яс хэрэгжүүлж байсан учраас хүчирхэг луугийн хүржигнээн өнөө ертөнц даяар түгж буй.
Бид “хужаа, хужаа” л гэдэг. Үнэндээ манайханд хүссэн ч, хүсээгүй ч хятадуудаас сурч, үлгэрлэх зүйл их. Ингээд хэлэхээр намайг хүртэл хужаагийн эрлийз болгон хардаж сэрдэх, харааж зүхэх хүн гарах биз. Өөрсдөө чадаагүй байж бусдын хийж бүтээснийг үл ойшоон гоочилж, үндэс угсаагаар нь муучилдаг энэ л муухай зан бидний монголчуудыг өөдгүй, урагшгүй харагдуулж байна бус уу. Өмнө минь ямар их боломж байгааг зах зухаас нь дээр дурдсан. Өнгөрснөөс үлгэрлэх суут хүн нь хятадуудад Күнз байсан бол монголчуудад их эзэн Чингис байна. Тэгэхээр үнэндээ бидэнд гоншгонох эрх алга.