Төрийн албыг баяжих, халаасаа зузаалах хэрэгсэл гэж хардаг нөхөд олон болсон. Тэр дундаа зам, тээврийн салбарыг ингэж ашигладаг хүмүүс их байгаа жишээ олон. Хамгийн сүүлд л гэхэд АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр нүүрс тээвэрлэгч нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтнаас 20 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдан, түр саатуулагдаад буй. Тэгвэл энэ салбарыг хөрөнгөжих эх үүсвэрээ болгосон гэх дуулианд холбогдсон ч одоо болтол хэрэг нь яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа нэгэн хэргийн мөрөөр эргэн сурвалжиллаа.
ЦАЛИНГААС ӨӨР ОРЛОГОГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ БОЛЖЭЭ
Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 2016 оны тавдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайн үед АТГ-ын цахим хуудсанд “Рэнцэндоржийн Ононг ЗТЯ-ны Зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулаг газрын даргаар ажиллаж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” хэмээн бичиж байв.
Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ үед тэрбээр ЗТЯ-ны Зам тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Стратеги, бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад төсвийн 7.1 тэрбум төгрөгийн өртгөөр дээрх замыг барьж эхлэсэн билээ. Уг замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй “Гео зураглал” ХХК-д 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ЗТЯ-наас шийдвэрлэсэн юм.
Энэ л үед Р.Онон эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар “Гео зураглал” компаниас өөрийнхөө нууцаар байгуулсан “Эн Би Си Си” компанийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан гэнэ. Чухам энэ хэрэг хэрхэн илэрсэн бэ гэдэг нь бас анхаарал татна.
Хөгжлийн банкны санхүүжилттэй, “Мон роуд” компанийн барьж буй Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замын ажлыг шалгах явцад зөвлөх, түүнийг туслан гүйцэтгэгч гэх бараг хэнд ч хэрэггүй шахам компаниуд гараад ирсэн нь хууль сахиулагч, прокурорын байгууллагынхны анхаарлыг татаж. Ингээд лавшруулан шалгатал сайхь Р.Ононгийн нэр дээр бүртгэлтэй “Эн Би Си Си” гэх компани байгаа нь тогтоогджээ. Гэтэл мань эр жил бүр АТГ-т
гаргаж өгдөг хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй мэтээр мэдүүлдэг байсан нь хууль сахиулагчдын анхаарлыг бүр ч их татсан бололтой юм. Эхлээд ХАСХОМ-ээ худлаа мэдүүлсэн хэмээн АТГ-ынхан хариуцлага тооцохоор төлөвлөтөл цалингаасаа өөр орлогогүй гэх Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 460 мянган ам.доллар буюу 641.7 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан нь тогтоогдож. Цалингаас өөр орлогогүй гэсэн атлаа 240 ам метр талбайтай уг байрны төлбөрийг бэлнээр өгсөн гэдэг.
АТГ-ынхны шалгалтын явцад “Таван богд” компаниас 2015 оны нэгдүгээр сарын 7-нд 164 сая төгрөгөөр цоо шинэ “Ланд круйзер-200” маркийн автомашин худалдан авсан нь ил болсон. Түүнийг санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа нь хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан. Дээр дурдсан орон сууцнаас гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр бас гурван өрөө байр авсан бөгөөд эх үүсвэрийг нь АТГ-ынханд тайлбарлаж чадаагүй талаар түүнийг саатуулагдсаны дараа хэвлэлээр бичиж байв. Түүний нийт хөрөнгө нэг тэрбум 80-аад сая төгрөг байсан гэдэг.
НАЙЗ НАР НЬ ХЭРГЭЭС МУЛТЛАХЫН ТУЛД ХУДАЛ МЭДҮҮЛСЭН Ч АМЖИЛТ ОЛСОНГҮЙ
Хэвлэлээр дээрх байр, машиныхаа эх үүсвэрийн тайлбарлаж чадаагүй талаар л бичиж байсан ч эднээс өөр хэд хэдэн нууц хөрөнгө байгааг хууль сахиулагчид илрүүлсэн аж. Тухайлбал, эхнэрийнхээ эгч А-гийн нэр дээр “Киа моторс” компаниас “Киа спортеж” маркийн шинэ машин 41 сая төгрөгөөр худалдан авсан байгаа юм.
Прокурорын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр эхнэрийнх нь эгчийг олж тогтооход айлын хүүхэд хардаг нэгэн эмэгтэй байсан бөгөөд уг машиных нь талаар огт мэдэхгүй байсан гэнэ. Аав нь ч “Кристалл таун” хотхоных нь байрны талаар “Миний бичиг баримтыг л аваад явсан, юунд ашигласныг нь сайн мэдэхгүй” хэмээн тайлбарласан гэх.
Энэ мэт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс гадна эхнэр, хүү, охиныхоо нэр дээр банкинд 200 гаруй сая төгрөг хадгалуулсан байдгийг энэ оны нэгдүгээр сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хэлэлцүүлгийн үеэр прокурор яллах дүгнэлтээ танилцуулахдаа уншиж байв.
Дээрх шүүх хурлын үеэр Р.Ононг өөрийн хууль ёсны орлогоос гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай гэж хуралд оролцсон нэг хэсэг хүн үзсэн юм. Харин шүүгч нар үл ялих шалтаг тоочин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Хэрэгт хяналт тавьж буй прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд хандсан нь амжилт эс олсон.
Шүүхээс буцаасан шалтгаан нь “Ривер гарден” хотхоны байрыг ямар хөрөнгөөр авсныг нарийвчлан тогтоо гэсэн байдаг. Р.Онон найз нараасаа мөнгө зээлж уг байрыг авсан хэмээн шинэ баримт гаргаж өгсөн нь хэргийг дахин шалгах шалтаг болсон юм. Хоёр найз нь ч “Банкны данснаасаа мөнгө авч Р.Ононд зээлүүлсэн” гээд банкны гүйлгээний баримт үзүүлсэн байдаг. Прокурорын байгууллагын эх сурвалж “АТГ-ынхан Р.Ононгийн хоёр найзын гаргаж өгсөн баримтын дагуу шалгасан.
Гэтэл тэд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Нэг нь л гэхэд өөрийнхөө данснаас мөнгөө аваад эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн байна лээ. Энэ мэтээр ах нь ч бас хууль сахиулагчдыг төөрөлдүүлэхийг оролдох болсон. Р.Ононгийн ах нь төрийн албан хаагч. Цалингийн зээлтэй, жирийн л нэг ажилтан атлаа гэртээ олон жил 460 мянган ам.доллар хадгалж байсан тухай ярьдаг юм. Ах нь дүүгээ хэргээс мулталж авахын тулд янз бүрийн арга хэрэглэх нь байх л үзэгдэл. Гэхдээ ингэж худал мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болохгүй шүү дээ” гэсэн юм.
ШҮҮХ, ПРОКУРОРЫНХОН ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
ЗТЯ-ны газрын даргаар ажиллаж байсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдоод буй Р.Ононгийн хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй байгаа нь шүүх, прокуроруудад ямар нэг ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байдаг.
2012 оноос хойш гэж хэргийн хугацааг тоолбол энэ оны төгсгөл гэхэд дээрх хугацаа дуусаж, Р.Онон ямар ч хариуцлага хүлээхгүй, төрийн байгууллагын албан тушаалаа урвуулж олсон хөрөнгө нь түүнийх болоод л дуусна. Татвар төлөгч жирийн иргэд, байгууллагынхны улсдаа тушаасан мөнгө энэ мэтээр хэн нэгний халаасанд орж, төрөөс төрсөн тэрбумтны тоо л нэмэгдсээр байх юм.
Угтаа бол хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж, илрүүлсэн хэргүүд шүүхийн шатанд очоод замхардаг, Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдан хохирлоо төлөхгүй алга болох явдал байсаар л. Өчүүхэн ч бизнес хийлгүйгээр хөрөнгөжиж болдгийг Р.Онон харуулсан ч өнөөдөр энхийн цагаан тагтаа аятай явж буй нь шударга ёсонд хэр нийцэх бол.
Шүүх, прокурорууд Р.Ононгийн толгойг илж, цагдан хорих хугацааг сунгах хангалттай баримт байхад 2016 оны аравдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх батлан даалтад өгч байсан юм. Түүнээс хойш Р.Онон холбогдсон хэргээ замхруулахын тулд найз нар, ахаараа худал мэдүүлэг өгүүлж, мөрдөн байцаалтад саад учруулж байгаа гэхэд хилсдэхгүй. Өдгөө уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, НПГ-т дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа юм билээ. Шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэв.