Дэлхий дахиныг донсолгоод буй “Парадайз”-ын буюу “Диваажингийн баримтууд” нь оффшор данс эзэмшигч олон хүнийг хэл амны бай болгоод буй. Санхүү, татварын таатай орчин хэмээгддэг оффшор бүсэд данс эзэмшдэг олон зуун улстөрч, үндэстэн дамнасан компаниуд, олны танил эрхмүүд, өндөр орлоготой иргэд болон тэдний гэрийн бүлийнхний нэр олон нийтэд ил болсон нь татвараас зайлсхийж, хөрөнгө орлогоо нуусан байж болохуйц хүмүүсийн хувьд түгшүүр дагуулах болжээ.
Манай сонин “Удаах оффшорын үүц задарлаа”, “Диваажингийн баримтууд”: Оффшороос болж ядуурах уу” нийтлэлдээ татвараас бултуулсан 21-32 их наяд ам.доллар байгааг “Tax justice network” сүлжээний судлаачид тооцож гаргасан талаар дурдсан билээ. Дэлхийн хамгийн баян 200 компанийн 90 хувь нь оффшор данстай, нууц замаар олсон асар их хэмжээний мөнгөний урсгал дэлхийн хүн амыг ядууруулж буйг ч олон улсын судлаачид нотолдог. Татвараас зайлсхийхийн тулд оффшор бүсэд ашиг олдог төвөө шилжүүлдэг жишиг олон улсад бий. Тийм компаниудтай хамтран ажилладаг Монголын бизнес эрхлэгчид яалт ч үгүй тухайн бүсэд данс эзэмшигч болж байгаа юм.
“Мөрөөдлийн жагсаалт”-д дурдагдсан монголчуудын нэрс
ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН НЭР Ч ГАРЧ ИРЭВ
Хамгийн сүүлд буюу энэ сарын 6-нд задарсан, оффшорын хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэгч “Appleby”-ийн баримтуудад манай улстай холбоотой 15-16 хувь хүн, аж ахуйн нэгжийн нэрсийг жагсаасан байгаа юм. Тэдний дунд Батболдын Баттүшиг гэх нэр бий. Түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгөв. Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Future Monson holdings limited” компанийн хувьцаа эзэмшигч, 2010 оны нэгдүгээр сарын 20-нд дээрх компанид бүртгүүлсэн хэмээн дурджээ.
“И-Март” их дэлгүүр,” Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд та хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг албан тушаал хашдаг тэрбээр дээрх оффшор компанитай холбоотой, эсэхийг баттай мэдэх хүн олдсонгүй. Өөрөөс нь тодруулахаар фэйсбүүк хаягаар нь хандсан боловч хариу өгөөгүй юм.
Хэрэв мөн бол оффшороос болж аавынхаа чихийг халууцуулна гэсэн үг. УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт” буюу гуравдугаар бүлэгт “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” гэсэн заалт бий болгон баталсан. Дээрх хуулийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэдгийг тодорхой заасан бөгөөд “Нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий этгээд” гэж нэлээд өргөн хүрээнд авч үзсэн байдаг.
Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард баталж, АТГ-т хүргүүлсэн оффшор бүсэд хамаарах улс орон, нутаг дэвсгэрийн жагсаалтад ч Их Британийн Виржинийн арлууд багтсан билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү нь мөн бол тодорхой хугацаа буюу ирэх оны нэгдүгээр сарын дотор оффшор дансаа хаан, хөрөнгөө хуулийн дагуу эх орондоо оруулж ирэх ёстой гэсэн үг.
Түүнээс гадна Батбаярын Батхишиг гэх нэр бий. УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хүү байх магадлалтай гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбилэгтэй хамаарал бүхий этгээд мөн байж болзошгүй.
“БОДЬ”, “ЦАГААН ШОНХОР”, “МОННИС”, “ПЕТРОВИС”-ЫН ЭЗЭД Ч ОФФШОР БҮСЭД ДАНСТАЙ
Британийн Виржинийн арлуудад “Бодь” групп “Голомт инвестмент лимитед”-ийн хөрөнгө оруулагчаар 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бүртгүүлжээ. Түүний захирал Очирпүрэвийн Ганжолоогийн нэр оффшор данстануудын “Диваажингийн баримтууд” хэмээх шинэ баримтын эхэнд шахам бичигдсэн байгаа юм.
Кайманы арлуудын оффшор бүсэд 2006 оны долдугаар сарын 27-ноос хойш данс эзэмшиж буй “Петроматад инвестмент лимитед” компанийн захирлын албан тушаалд “Петровис”- ын Ж.Оюунгэрэлийн нэр дээрх жагсаалтад бас бичигджээ. Түүнтэй хамт “Петроматад”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дуглас МакГэй гэх эрийн нэр ч бүртгэлтэй байна. Ж.Оюунгэрэл захирлын хувьд өнгөрсөн жил дуулиан тарьсан “Панамын баримтууд”-д ч нэр нь гарч байв.
“Моннис”-ын захирал байж болзошгүй БАЗ Чулуунбаатар гэх нэр Батбаярын Батхишиг, Доржнамжимын Эрдэнэ гэх хүний хамтаар Хятадын хөрөнгө оруулагч, хувь хүн, компанийн хөрөнгө оруулалттай “Сино майнинг инвестмент лимитед” компанид хувьцаа эзэмшигчээр 2005 оны наймдугаар сарын 9-нд Виржинийн арлуудад бүртгүүлсэн байна.
“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван Кайманы арлуудад 2013 оны нэгдүгээр сарын 11- нд оффшор данстай болсныг ч “Диваажингийн баримтууд”-д дурджээ.
Хайгуулын 84 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж хэвлэлд бичиж байсан Зоригтбаатарын Номундарь гэх эмэгтэйн нэр “Поли металл ресурсес”, “Ийстерн металс инвестмент лимитед” гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч хэмээн энэ жагсаалтад буй юм. 2007 оны арванхоёрдугаар сар, 2008 оны дөрөвдүгээр сард оффшор бүсэд данс эзэмших болсон юм байна. “Адамс майнинг”-ийн захирал З.Номундарь дээрх хоёр компанийнхаа нэр дээр Виржинийн арлуудад оффшор данстай аж.
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОФФШОР ДАНСАА ХААЖ, ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭХ ҮҮ
Дээрх дурдсан бизнес эрхлэгчдээс гадна төдийлөн олны танил болоогүй Чүлтэмсүрэнгийн Ганхуяг, Сүхболдын Зүчи, Бат-Очийн Төгөлдөр, Батсүхийн Батцэнгэл, Дашдаваагийн Уянга гэсэн нэр “Диваажингийн баримтууд”-д бичгдсэн байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зун 49 хоногийн дотор оффшороос хөрөнгөө татахыг уриалсан ч “Панамын баримт”-аар нэр нь ил болсон НИК-ийн хувьцаа эзэмшигч Чойндонгийн Давааням л 4.3 сая ам.доллароо Монголд оруулж ирснийг эс тооцвол тийм хүн бараг гарсангүй. Уг нь бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас авахуулаад олон хүн Засгийн газраас баталсан оффшор бүсэд хамаарах 50 гаруй орноос хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирэх учиртай сан.
Хоёр жилийн өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, өнгөрсөн хавар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өршөөл уучлал үзүүлэхээ илэрхийлээд байхад оффшор бүсээс бизнес эрхлэгчид, данс эзэмшигчид мөнгөө оруулж ирээгүй байна.
Засгийн газар оффшор бүсийн жагсаалтыг баталж, АТГ-т албажуулж хүргүүлснээс хойш банкны дансаа гурван сарын дотор хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй. “Диваажингийн баримтууд”-д нэр дурдагдсан хүмүүс нийтийн албан тушаалтантай хамааралтай бол ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд АТГ-т бүртгүүлэх учиртай гэсэн үг. Харин одоогоор хэн нь ч ийм алхам хийгээгүй бололтой.