Дэлхийн Шинжлэх Ухааны өдөр болон Шинжлэх Ухааны Ажилтны өдрийг тохиолдуулан Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн өнөөдөр буюу “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.
Нээлтийг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) Я.Адъяа үг хэлэв. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тус хүрээлэнгийн эрдмийн хамт олон үндсэн гурван чиглэл болох Биотехнологи, Ургамал судлал, Амьтан судлалын чиглэлээр Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, хавдрын эсийн үржлийг дарангуйлагч бодисыг Монгол орны ургамлаас ялган цэвэршүүлэх, хавдар өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах, биологийн идэвхт бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээ, өдөр тутмын зарим онцлог үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танин мэдэхүйн хэлбэрээр дэлгэн танилцуулж эхэллээ. Мөн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдын туурвисан 1963 оноос хойш хэвлэгдэн гарч олны хүртээл болсон нийт 6000 гаруй эрдмийн бүтээлийн дээжис, инноваци,гарааны компаниас гарсан Bioplus барагшун, БиБ-1 уураг, Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын цомог, азот, фосфорын бактерийн омгийг өсгөвөрлөж гарган авсан Биобордоо зэрэг олон арван бүтээгдэхүүн болон Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний цуглуулгын сан болон зарим сонирхол татахуйц нэн ховор, ховор зүйлийн цуглуулга, үзмэрийн тэнхимээ олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Одоогоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачид, Улаанбаатар Их Сургууль, “MIU” дээд, дунд болон сургуулийн багш оюутан, сурагчид нийтдээ 200 гаруй хүн оролцоод байна.