Монголын хүн амын гуравны нэг буюу 1 043 180 нь 0-18 насны хүүхэд гэдгийг “Хүүхдийн мөнгө” авч буй субъектийн албан ёсны тооноос харж болно. Хүүхэд, залуучуудын орон гэх тодотголтой манай улс тэгвэл хүн амд ихээхэн жин дарж буй энэ бүлэгтээ хэрхэн анхаарч ирсэн бэ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулж, зах зээлийн системд шилжихдээ хүүхдийн гэсэн тодотголтой бүхнээ устган үгүй хийж, барилга байшинг нь булааж, тоглох ч газаргүй болгож орхисныг захын хүн хэлдэг.
“Хүүхдээ хөтлөөд очих газар Улаанбаатарт алга” хэмээн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн халагладаг үнэн. Хүүхдийн номын сан нэртэй шовгор оройтой, жижигхэн хөөрхөн барилга байсныг томоохон банк хувьчилж аваад оронд нь өнөөдөр танигдахын аргагүй том оффис босгосон. Хүүхэд, залуучуудын театрын суурин дээр өөр нэгэн нөлөө бүхий банк орчин үеийн барилга сүндэрлүүлсэн. Элдэв-Очирын нэрэмжит кино театр Хөрөнгийн бирж нэртэй болоод олон оныг элээж буй.
Хүүхэд багачуудын зорьж очих дуртай “Бамбарууш” кафе “Говь”-ийн ноолууран хувцасны дэлгүүр болсон. Одоо ч “Хүүхдийн 100” гэж нэрлэсээр буй тэр газарт “Наран” их дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн парк маань хэдэн талаасаа газраа дээрэмдүүлсээр өдгөө хуучин талбайнхаа нэг бөөрөнд нь л үйл ажиллагаа явуулж буй. Гэх мэтчилэн тоочоод байвал уртаас урт жагсаалт гарна. “Ардчилсан нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Нэгэнт хувьчлаад авчихсан өмчийг хэн ч булаах эрхгүй”. Хариулт нь ердөө л энэ.
Хүүхдийн нэртэй тэр олон барилга объект, тоглоомын талбай, номын сан, театр, үзвэрийн газар, цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр байсан бол эрхэм яруу найрагчтай адил та бид ингэж халаглаж суух байсан болов уу.
Хүүхдийн төлөө төр, засаг огт дуугардаггүй, эрх ашгийг нь хамгаалдаггүй гэж хэлмээргүй байна. Хүүхдийн гэх тодотголтой, төрийн болоод хувийн хэвшлийн маш олон байгууллага бий. Гэхдээ яг үнэндээ олонх нь хүүхдийг хэрхэн бусдаас хамгаалах вэ, яаж эрүүл саруул байлгах вэ, цэцэрлэг, сургуульд хамруулах вэ, хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүйн тулд юу хийх вэ гэж ярьдгаас бус хүүхэд юу үзэж, сонирхож, хаана тоглож, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, ёс суртахууны хүмүүжлийг хаанаас авч, хэрхэн хүн болж төлөвшиж буйд анхаардаг байгууллага үнэндээ байхгүй гэхэд болно.
“Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө, гэмт хэргийн золиос болсон гэнэ, автомашины осолд оржээ” гэж ярьж, сошиал орчинд мэдээллийг нь түгээж, төр, засаг юу ч хийхгүй байна, арга хэмжээ аваач гэж бүгдээрээ том дуугарахын оронд хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх орчин хангалттай бүрдүүлэх талаар, ёс суртахууны хүмүүжил хаанаас авах, урлаг, уран зохиолоор оюунаа цэнэглэсэн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч биш, зөв хүн болдог тухай бид яагаад хөндөхгүй байгаа юм бэ.
Хүүхдийн зохиолч О.Сундуй “Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх уламжлалаар бие, хэл, сэтгэл гурвыг нь л хамгаалж ирсэн. Гэтэл одоо бид хүүхэд Монголын ирээдүй гэж ярьдаг хэрнээ хүүхдийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, эрүүл мэнд, хоолтой, хоолгүй байна уу гэдэгт буюу зөвхөн биеийг нь л хамгаалж байна. Хэл, сэтгэл гэдгийг нь орхигдуулсан. Нэг бодлын их өрөвдөлтэй.
Идэж уух, өмсөж зүүх бол амьтны хэрэгцээ. Сэтгэлийн буюу оюун санааны хэрэгцээг нь хамгаалахгүй болохоор амьтан л болно, ирээдүйд. Хүүхдийн уураг тархинд нь муу муухай зүйл орох орчин, нөхцөл нээгдчихлээ. Хүн төрөлхтөн дайн байлдаан хийж, улс гүрнийг эзэлдэг үе өнгөрсөн. Харин боловсрол, хэл, сэтгэхүйн түвшинд нь нөлөөлж, хэлийг нь ядууруулах, бусдын соёлыг даган бишрэх, өөрийн соёлыг үгүйсгэх үзэл оюун ухаанд нь суулгаж, зөөлөн аргаар улс гүрнийг эзлэх бодлого явуулж байна” гэв.
Тэгвэл энэхүү оюун санааны хэрэгцээг нөхдөг, хүүхдийг хөгжүүлдэг газрууд нь өмнө дурдсан өнөөх л хэдэн барилга байгууламж, тэнд өдөр тутам явагддаг хүүхдэд зориулсан үйл ажиллагаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээнүүд билээ.
1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод Хүүхэлдэйн театр цорын ганц бий. Цомхон орон тоотой, 200 хүүхдийн суудалтай энэ бяцхан театр Улсын драмын эрдмийн театрын хатавчинд өдий хүртэл “амьдарч” ирсэн. Хүүхэд, залуучуудын театр шиг шороонд булшилчихаагүй нь яамай гэж олзуурхах ч яагаад өдий хүртэл өрх тусгаарлуулчихаагүй нь хүүхдэдээ анхаардаггүй, үл ойшоодог төрийн бодлоготой холбоотой. Удирдлага нь байнга солигдож, мэргэжлийн бус хүмүүс толгойлж ирсний үр дагавар нь өнөөдөр театрын үйл ажиллагаа алдаг оног, хаа нэг тоглолт зохион байгуулдаг, менежмент муугаас харж болно.
Хүүхдийн төв номын сан Соёлын төв ордны нэг жигүүрт үйл ажиллагаа явуулдаг. Мөн л өөрийн гэсэн зориулалтын байргүй. Ногоон нуур орчимд Хүүхдийн номын сан барихаар газрыг нь шийдэж, зураг, төсвийг нь боловсруулсан тухай сураг дуулдаж байсан ч мөнгөгүй болсон шалтгаанаар улстөрчид хэлэлцэх асуудлын дарааллынхаа хамгийн ард шидэж орхисон. Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв нэртэй, өмнөх нийгмээс торойж үлдсэн хоёр байгууллага өдгөө төрөөс 100 хувь санхүүждэг хэдий ч алдагдалтай ажилладаг, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байдгийг хүүхдийн байгууллагын удирдлага хэлнэ лээ.
1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад жилд 150-иас доошгүй сая төгрөг зарцуулах Засгийн газрын тогтоол баталсан нь зах зээлд шилжсэнээс хойш анх удаа хүүхдийн уран бүтээлийг дэмжсэн шийдвэр байв. Тэр тогтоол хэрэгжих гэж багагүй хугацаа зарцуулж, 2007 оноос л ажил хэрэг болж журам батлагдан, эхний жил 55 сая төгрөг төсөвлөж байсан гэдэг. Хэдийгээр 150 саяас доошгүй гэж заасан ч хамгийн дээд тал нь 2016 онд 100 сая төгрөгийг хүүхдийн уран бүтээлд зориулсан удаатай.
2017 онд 49.5 сая төгрөг батлагдсан бол ирэх онд эдийн засгийн хямрал нэрээр хэд хэчнээнийг нь ч танаж мэдэхээр болжээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээс хойш Бусаны кино наадмаас шагнал хүртсэн “Шарга даага” хүүхдийн кино, “Баавгай дуулах уу” хүүхэлдэйн кино, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” драмын жүжиг, “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг, “Он цагийн эрэлчид” телевизийн олон ангит уран сайхны кино зэрэг хүүхдэд зориулсан цөөнгүй уран бүтээлийг санхүүжүүлжээ.
Та хүүхдээ юунд дуртайг, ямар хүүхэлдэйн кино шимтэн үздэгийг анзаардаг уу. Хоёр настай охин минь БНСУ-ын “Бяцхан оцон шувуу Пороро” хүүхэлдэйн кинонд “нугасгүй”. Дэлгүүр орохоороо “Пороро”-гийн зурагтай ундаа хараад шууд л авна гэж зүтгэдэг. Долоо, есөн настай ах, эгч хоёр нь Японы олон ангит “Бяцхан Марүко”, хэдэн ч ангитай юм, өдгөө 665 дахь нь гарч буй “One piece” анимэ хүүхэлдэйн киног алгасахгүй үздэг.
Миний хүүхдүүд яагаад монгол хүүхэлдэйн киноны нэг ч баатар нэрлэж мэдэхгүй байгаагийн бурууг би бас л төр, засаг руу чихмээр санагддаг. Хүүхдийн хамгийн дуртай үлгэрийн баатар нь заавал яагаад “Уолт Дисней”-н ч юм уу, өөр бусад орны хэл хугалчих гэсэн нэртэй биш, монгол хүүхдийн дүр байж болохгүй гэж. Өнөөдөр хүүхдийн уран бүтээлд брэнд, олонд танигдсан гол баатар зайлшгүй хэрэгтэй. “Маамуу” хүүхэлдэйн кино, “Бонгийн адал явдал” цуврал, “Бумбардай”, “Ногун”, “Жангар” гэхчилэн хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээл, ном, зохиолыг хувийн хэвшлийнхэн маань туурвиж, олны хүртээл болгосон. Тэднийг үгүйсгэх гэсэнгүй.
Засгийн газраас хүүхдийн уран бүтээлд төсөвлөж буй мөнгийг үндэсний брэнд болохуйц томоохон нэг бүтээлд зарцуулъя гэхэд хаанаа ч хүрдэггүй талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзул хэлж байна. Тэрбээр “Аль болох хүүхдийн хүмүүжил рүү чиглэсэн уран бүтээл их туурвиж байж монгол ахуй, ёс, зан заншлаа хүүхдүүддээ таниулна. Ингэснээр өвөг дээдсээс бидэнд уламжлуулж ирсэн ёс заншлыг мэддэг монгол иргэн болгож хүмүүжүүлнэ. Хүүхэд гар утас, компьютер тоглоомд донтох болсныг хүн болгон ярьж байна. Тэгвэл сонирхлыг нь өөр тийш хандуулсан, чөлөөт цагаа өнгөрүүлэх, спорт, урлаг, уран сайхны үйлчилгээ үзүүлдэг газрууд, тийм орчныг олон болгож гэмээнэ хүүхдийг гар утас, компьютероос нь салгана.
2016-2020 орны Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хүүхэд, залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх дархлаа бий болгох, уран бүтээлийг дэмжих чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Үүний хүрээнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёлын цогцолбор байгуулъя гэдэг санал би дэвшүүлээд байгаа юм. Ногоон нуур зэрэг шинэ төлөвлөлтийн бүсэд үүнийг байгуулж болно шүү дээ. Тэнд хүүхдийн театр, хүүхэлдэйн театр, кино театр, музей, номын сан, дэлгүүр, усан сан, тоглоомын төв гэхчилэн хүүхдэд зориулсан бүхнийг төвлөрүүлье. Хүүхдийнх нь төрсөн өдөр болоход дагуулаад очдог, анги хамт олноороо, цэцэрлэг, сургуулиараа зорьдог, хэдийд ч очсон нээлттэй байх тийм цогцолбор. Үүнийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор барьж байгуулъя. Дэлгүүр, кино театр нь хувийн хэвшлийнх, хүүхэлдэйн театр, хүүхэд, залуучуудын театр, музей нь төрийн өмчийн байгууллага байж болно” гэж ярилаа.
Хүүхдийн зохиолч О.Сундуйгаас энэ талаар саналыг нь сонсоход, “Хүүхдийн уран бүтээлийн брэндтэй болоход төрөөс бодлогоор анхаарах ёстой. Үндэсний хэмжээний хүүхэлдэйн киноны асар том төсөл хэрэгжүүлж, хүүхэлдэйн кино, хүүхдийн киноны үйлдвэртэй болох хэрэгтэй. Уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, мөнгийг нь өгөөд бичүүлж яагаад болохгүй гэж.
Тухайн зохиол бүтээлийг олон нийтийн хүртээл болгох ажлыг ч мөн зохион байгуулах хэрэгтэй юм. Миний зохиолоор “Шарга даага” гэдэг кино хийсэн. Тэрийг хүүхдүүдэд зохион байгуулалттайгаар үзүүлж болно. Тухайн бүтээлийг хийсэн хэдэн хүний л хийх ёстой ажил юм шиг бодож болохгүй. Телевизүүдэд төрөөс мөнгө өгөөд, хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрэгтэй, үндэсний нэвтрүүлгүүд захиалгаар хийлгэн цацаж болно” гэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн хэлж буйгаар хүүхэд хамгааллын зардалд зориулж өнгөрсөн жил л гэхэд тус агентлагт 396 сая төгрөг төсөвлөжээ. “Энэ жил УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар хүүхэд хамгаалал, хөгжлийн зардалд улсын төсөвт таван тэрбум төгрөг суулгалаа. Үүний ихэнхийг нь урьдчилан сэргийлэх буюу хөгжлийн үйлчилгээнд зарцуулна. Хүүхэд хөгжлийн үйлчилгээ гэдгийг бид шинээр бий болгоно.
Бид байшин бариад нэг газар бүгдийг шийдэж чадахгүй. Хүүхдэд зориулсан цогцолбор 20 тэрбум төгрөгөөр бариад түүнийгээ үр ашигтай байлгаж чадах уу. Говь-Алтайд бараг аймгаараа ороод суусан ч багтахаар том хүүхдийн ордон барьсан. Одоо түүний хувьсах зардал, халаалтын зардал нь дийлдэхгүй их мөнгө болж байна. Хүүхэд хөгжүүлж буй үйлчилгээг бодлогоор дэмждэг байвал төр, хувийн гэлтгүй энэ ажилд бүгд ханцуй шамлан орно. Хүүхэд хүмүүжлийн ажилд хувьсах зардал өгье гэдэг санал гаргаад байна.
Өдөр өнжүүлэх төвүүд хаа сайгүй байна. Гэтэл хүүхдүүд хичээлийг үзэн яддаг болтлоо ном дэвтрээ шагайх нь зөв үү. Хүмүүст энэ үйлчилгээ хэрэгтэй. Харин зөв ашиглах ёстой юм. “Стандартын дагуу ийм үйлчилгээ эрхлэхийг бид зөвшөөрч байна. Та бүхэн хүүхдийг тодорхой цагт л гэрийн даалгавар хийлгэдэг, үлдсэн хугацаанд нь хүүхдэд уран илтгэдэг, бусдыг хүндэтгэдэг хайрладаг ёс суртахуун суулгах, урлаг, уран сайхны хичээл зааж өг. Хувьсах зардал өгье. Энэ бол хөгжлийн үйлчилгээний зардал шүү” гэвэл энэ төвүүдийн үйл ажиллагаа сайжирна. Хүүхдийг хөгжүүлэх ажил эхэлнэ. Эцэг, эх ч сонголттой болно” гэв.
Өнгөрсөн хугацаанд бид хүүхдээс ямар их зүйлийг булааж, үгүй хийж, тоглох, хөгжих, сурах эрхийг нь хааж боомилоо вэ гэдгийг энэ хэдэн барилга байшингуудыг харахад л тодорхой байна. Хуулийн дагуу хувьчилж авсан хэдий ч газар дээр нь, барилга байшинд нь үйл ажиллагаа явуулж буй эдгээр байгууллага санаачилга гарган зарим өрөө тасалгаагаа суллаад яг өмнө явуулж байсан шиг хүүхдийн зориулалтаар нь үйл ажиллагаа явуулбал ард түмэн, хүүхдүүд яасан их баярлах бол.
Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хойно, мэдээж төлбөр мөнгөтэй байж болно шүү дээ. “Бамбарууш”, “Жаргалан” кафег эргэн сэргээлээ. Энэ барилга төдөн жилийн түүхтэй, хотын иргэдийн хүүхэд насны хамгийн сайхан дурсамж энд үлдсэн” гээд рекламдвал тухайн байгууллагын нэр хүнд ямар их өсөх бол оо. Хүүхдээр овоглосон барилгын суурин дээр боссон томоохон банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэргэдээ хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулж эхэлбэл бас ямар сайхан бэ.
Та бидний үр хүүхэд 10-20 жилийн дараа магадгүй төр барилцаж, улс эх орноо авч явцгаана. “Бидний багад хүүхдэд зориулсан үйлчилгээ, очиж тоглох газар, байгууллага байгаагүй шүү дээ” гээд мөнгөө чанга атгачихаад суух вий. Хүүхдээсээ харамладаг аав, ээж байдаггүйтэй адил төр, засаг ч бас ирээдүй хойчдоо хөрөнгө оруулахаас татгалзах учиргүй сэн.