Галт уул дэлбэрснээс улбаалсан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эртний Египетийн соёл иргэншил мөхсөн гэсэн дүгнэлтийг АНУ, Швейцарийн судлаачид хийжээ. Тэгэхэд Нил мөрний усны голдирол өөрчлөгдөж, газар нь үржил шимгүй болж, өлсгөлөн нүүрлэсэн байна.
“Nature communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл Африкийн зүүн хойд хэсгээр 6000 км зам туулдаг Нил мөрний ачаар эртний Египет оршин тогтнож байв. Энэ мөрний хөндийд бүх хотоо босгосон байжээ. Урсац нь хэр байхаас эртний египетчүүдийн амьдрал, эдийн засаг, соёл, шашин хамаардаг байсан түүхтэй. Лаг ихтэй, эрдэс, органик бодисоор баялаг усаар нь хөдөө аж ахуйн эдэлбэр газраа усалдаг байсан үе. Мөрний үерт автсан газрын хөрсний үржил шим сайжирна. Үерийн ус татарсны дараа хөндийн оршин суугчид амуу тариа, тухайлбал, арвай тариалах ажилдаа орно. Эргийн дагуу ургасан хулсыг эрт үед цаас болгон ашигладаг байсан гэнэ.
Птолемигийн үеийн Египетийн сүм
Манай эриний IV зуунд Нил мөрний хөндий Македоны эзэнт гүрний эзэмшилд оржээ. Агуу Александр таалал төгссөний дараа гүрэн улс нь мөхөж, Египет Птолемигийн гүрний мэдэлд шилжсэн аж. Гэсэн ч амьд ахуй цагтаа хаан бөгөөд цэргийн жанжин улсаа хөгжүүлж амжжээ. Нил мөрний хөндийгөөр шинэ нийслэл Александрия хотоо босгож, Грекийн соёл, шинжлэх ухаан, урлагийг түгээх төвүүдийн нэг болсон байна. Энд Александрын номын сан, манай гаригийн долоон гайхамшгийн нэг болох 120 метр өндөр гэрэлт цамхаг байдаг бөгөөд Евклид (Эртний Грекийн математикч), Архимед (Эртний Грекийн агуу математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч ) нар сурч, ажиллаж байв.
Мэдээжийн хэрэг Нил мөрний усны түвшин үерлэх үедээ жил бүр харилцан адилгүй байжээ. Зарим жилийн үер их хүчтэй буудаг байсан аж. Птолемигийн Египет нэмэлт арга хэмжээ, янз бүрийн хэрэгсэл ашиглан үерийн усны эрсдэлийг бууруулж сурсан гэнэ. Хангалттай чийг авч чадаагүй газрыг мөрнөөс суваг татах замаар усалдаг байжээ. Цаг үе тааруу үед хөрш улсуудтай хийдэг наймаа хүн амыг нь өлсөж үхэхээс авардаг байсан аж.
Нил мөрөн олон цутгалантай. Үерлэхэд нь Этиопын уулнаас эхтэй Хөх Нил, Атбара гол онцгой үүрэг гүйцэтгэдэг. Зургадугаар сард энд борооны улирал эхэлж, усны түвшин нэмэгддэг. ХХ зуунд далан барих хүртэл, жилийн аравдугаар сар болтол үер буудаг, тэгэхдээ 8-9 дүгээр сард оргил үе нь болдог байжээ. Ус татарч, лаг шавар бүрхсэн хөрс ил гарна. Үүнийг хатахыг хүлээж байгаад хоёрдугаар сараас египетчүүд газраа боловсруулж, үр суулгадаг байна.
Нил мөрний цутгалангаас амьдрал нь их хамааралтайг эртний египетчүүд ойлгож байжээ. Байгалийн энэ үзэгдлээ Хапи гэдэг бурхнаар төлөөлүүлэн шүтдэг. Шашны зүтгэлтнүүд зан үйл хийснээр жил бүр үер буудаг хэмээн сүсэгтнүүд итгэдэг аж. Лам нар мөрний усны түвшнийг байнга хэмжиж, дараагийн үер хэр хүчтэй байхыг таамагладаг байв. Усны түвшин хэтэрхий бага бол зан үйлээ хийдэг гэнэ. Гэвч Хапи египетчүүдэд байнга тусалж байсангүй.
Египетээс хэдэн арван мянган км зайтай орших галт уулсын хүчтэй дэлбэрэлт Нил мөрний усны түвшнийг эрс бууруулжээ. Агаар мандалд цацагдсан хүхэрлэг хий агаарыг хөргөж, чийгийн хуваарилалт, дэлхий даяар унах тунадасны хэмжээнд нөлөөлсөөр байна. Тухайлбал, халуун бүсийн агаарын урсгал өөрчлөгдөж, борооны улиралд ордог тунадасны хэмжээ багассанаар хуурайшилт үүсчээ.
Рода арал дахь Нил мөрний усны түвшнийг хэмжих байгууламж
Манай эриний 622 онд Рода арал дахь Нил мөрний усны түвшнийг хэмждэг байгууламж боссон цагаас эхлээд Асуаны даланг барих хүртэл судлаачид байнгын ажиглалт явуулдаг байжээ. Галт уул идэвхижсэн үетэй урьдын хэмжилтүүдээ харьцуулж үзэхэд хүчтэй дэлбэрэлт болсон үед үер багассан нь бүртгэгдсэн аж.
Эрдэмтэд Птолемигийн Египетэд улс төрийн мөргөлдөөн гарсан өдрүүдийг галт уулын идэвхжилийнхтэй мөн харьцуулжээ. Ингэхэд Сирийн гуравдугаар дайны үед, манай эриний өмнөх 247, 244 онд болсон байгалийн гамшиг Египетийг ургац алдахад хүргэж, III Птолемийг Селевкидүүдийн (өнөөгийн Сири) улстай найрамдахад хүргэсэн байна. Ромын түүхч Марк Юстиний тэмдэглэснээр Египетийн хаан дайсныхаа нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзэлж чадсан ч өлсгөлөнтэй тэмцэх, тогтвортой байдлыг дэмжин сахиулахын тулд ган гачигт нэрвэгдээгүй өөрийн улсаас үр тариа тээвэрлэх гээд их зарлага гаргахад хүргэжээ.
Түүхэн баримт бичгүүдэд нотолсноор Египетэд болсон галт уулсын дэлбэрэлтийн улмаас газраа худалдсан өрхийн тоо нэмэгдсэн гэдэг. Тайван цагт өмчийг зөвхөн өвлүүлэн үлдээдэг байсан аж. Ургац авч чадахгүй болсны учир улс нь үржил шимгүй газраа дуудлагаар худалдах болсон нь тариачид цус асгаруулан тэмцэхэд хүргэж, улмаар улс оронд тогтворгүй байдал газар авчээ.
Манай эриний өмнөх 168, 164, 161 онд болсон дэлбэрэлт Сирийн зургадугаар дайнд Египет ялагдсантай холбоотой байсан гэж эрдэмтэд үзэж байна. Селевкидүүдийн IV Антиох хаан Египетийн нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь захирч байхдаа Ромын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцжээ. Ингэснээр улсынхаа тусгаар тогтнолыг алдахад хүрсэн байна. Птолемигийн сүүлчийн эрх баригч Клеопатра таалал төгсөж, Египет Эртний Ромын мэдэлд бүрмөсөн шилжсэний дараа ургацгүй, өлсгөлөнд автсан, газрын худалдаа цэцэглэсэн, өвчин тахал тархсан, хөдөөгийн хүн ам үржихээ байсан жилүүдийг дагуулсан гэнэ. Энэ бүх гамшиг сүүлийн 2500 жилд хамгийн хүчтэйд тооцогдох, манай эриний өмнөх 44 онд галт уул хүчтэй дэлбэрсэнтэй холбоотой хэмээн эрдэмтэд үздэг ажээ.