Багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаяна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэг, хөдөө орон нутгаас 72 сургууль, МСҮТ, 56 цэцэрлэгийн багш нар энэ тэмцэлд нэгдэнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэж байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, хичээл эхлэв үү, үгүй юү багш нар ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн нь үнэндээ асуудлыг шийдэх эцсийн арга гэж хэлж болохоор байна.
1995 онд Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаяж байсан бөгөөд энэ тэмцэл 140 хоног үргэлжилсэн гэдэг. Багш нар дөрвөн сар гаруй ажлаа хийгээгүйн улмаас сурагчид, ялангуяа тухайн жилийн төгсөх ангийнхан хамгийн их хохирсныг эцэг, эхчүүд одоо ч ярьдаг. Тиймээс “Хугацаагүй” хэмээх тодотгол айдас дагуулж, төр, засаг энэ асуудлыг даруйхан шийдээсэй, багш нарын ажил хаялт удаан бүү үргэлжлээсэй гэж залбирах л үлдэж байх шиг.
Тэдний энэ шийдвэр гэнэтийн бус. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нар цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, өнөөдрийг бодвол харьцангуй тайван арга замаар асуудлыг шийдэхээр оролдож, удаа дараа шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж байв. Түүнээс хойш гурван сарын хугацаанд хоёр ч удаа ажил хаяж сануулга өгч үзсэн. Гэтэл өнөөг болтол тоймтой үр дүнд хүрээгүй учраас эцсийн аргаа хэрэглэхээр шийджээ.
БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг өнгөрсөн долоо хоногт “Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр болж, төрийн үйлчилгээний болон төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан зөвшилцсөн. Энэ ондоо багтаж 55.4, 2018 оны төсвийн төсөлд 56.4 тэрбум төгрөгийг багш нарт урамшууллын хэлбэрээр, бодит орлогыг нь нэмэгдүүлэхэд нь нэмэр болгох үүднээс өгье гэж талууд харилцан тохиролцлоо” гэж ярьж байв.
Тэгвэл Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Засгийн газраас ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул 2017 онд цалин нэмэх ямар ч боломжгүй гэж бидэнд мэдэгдсэн. Тиймээс энэ онд багш нарын үндсэн цалинг нэмэх боломжгүй юм бол ямар нэгэн байдлаар урамшуулал, нэмэгдэл хөлсний зарчмаар багш нарын бодит орлогыг өсгөх шаардлага тавьсан.
Үүний үр дүнд 2017 оны арваннэг, арванхоёрдугаар сард багшийн цалин дээр урамшуулал байдлаар 516 мянган төгрөгийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдад ялгаваргүйгээр бүгдэд нь өгөхөөр болсныг БСШУСЯ-наас бидэнд мэдэгдсэн. Бидний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн учир МҮЭХ-ноос зарлаад буй ажил хаялтад багш нар оролцохгүй” хэмээн өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн. Гэтэл маргааш нь буюу өнгөрсөн баасан гаригт Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажил хаялтад бүх багш оролцоно” хэмээн зарлалаа.
Ажил хаяна, хаяхгүй гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нэлээд эрчимжиж, аль нь худал, үнэн болох нь мэдэгдэхгүй, иргэдийг төөрөгдүүлсэн нь багш нарын төлөө дуугарч буй Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэл, Монголын багш нарын холбооныхон дотооддоо нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүйтэй холбоотой аж. Ц.Мөнхтуяагийн хэлсэнчлэн 516 мянган төгрөгийн урамшууллыг багш нар нэг удаа авахаар болж (үүний 300 мянга нь төрийн албан хаагчдад улсаас нэг удаагийн буцалтгүй тусламж болгон өгөх мөнгө, 216 мянга нь үр дүнгийн урамшууллын 35 хувь) асуудлыг ирэх он хүртэл түр намжаахаар шийдвэрлээд байж. Гэтэл үүнийг зарим багш эсэргүүцсэнээс байдал дахин өөрчлөгджээ.
БСШУСЯ-наас багш нарт үр дүнгийн урамшуулал гэж цалингийн 45 хувь хүртэл хэмжээгээр олгодог бөгөөд энэ мөнгө 2017 оны улсын төсөвт нэгэнт суусан байж. Тиймээс үр дүнгийн урамшууллыг 36 хувь болгон нийтээр нь тэгшлээд, нэг удаа бүх багш, ажилтанд олгохыг зарим багш эсэргүүцсэн аж. Учир нь ажлаа үнэлүүлээд 45 хүртэл хувийн нэмэгдэл авдаг багш нар цөөнгүй гэнэ.
Үүнээс гадна 300 мянган төгрөг хавтгайруулан тараах нь бодит орлого биш, халамжийн бодлого гэж үзжээ. Нөгөө талаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж мэдэх тул багш нар санал нэгдэхгүйгээ илэрхийлсэн байна. Одоо тэгвэл тэдэнд ямар гаргалгаа байна вэ?
“Багшийн цалинг шууд 50 хувь нэмэх боломж нэгэнт манай төр, засагт байхгүй юм бол сар бүр багшид бодит орлого болж, үр дүнгийн урамшуулал хэлбэрээр мөнгө өгөх нь дээр гэж үзэж байгаа” хэмээн Багшийн цалин нэмүүлэх түр хорооныхон хэлж байна. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор зарим хүн хөрөнгө хэрхэн босгох талаар сошиалд санал дэвшүүлжээ.
Тухайлбал, долоон тэрбумаар хогийн уут тараахгүй, 70 саяар усан хөшиг хийхгүй, есөн тэрбумаар цэцэг тарихгүй, 1,5 сая төгрөг тараахгүй, 29 саяар Ulaanbaatar үсгэн хөшөө хийхгүй, гишүүн бүрт нэг тэрбум өгөхгүй, гудамжны модонд өнгийн гэрэл тавихгүй, сар бүр тамирчдад 5-10 сая төгрөг олгохгүй, нэг дарга таван орлогчтой байхгүй гэхчилэн олон шүүмжлэл, санал хэлжээ. Үнэндээ хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтгаа хайдаг гэгчээр багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд төр, засаг юуны учир ийн хойрго хандана вэ?
Монголд ерөнхий боловсролын сургуульд 30 мянга орчим багш ажилладаг. Үнэтэй энэ мэргэжилтнүүдийг ажлаа хаятал нь, мэргэжлээ сольтол нь үйлийг нь бүү үзээч гэж дахин хэлмээр байна. Үнэлэмжгүй орхиж, олон жил хайхрахгүй явсан алдаагаа төр, засаг эргэж харах цаг хэдийнэ болсон.