Одоо эрх барьж буй намынхны экстрим үйлдэл, мэдэгдлүүдэд цочирдохоо болихуй цаг дор манай улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай хүчнүүдэд өрнөж буй хуваагдал, бутрал харин “өндрөө авч” мэдэх нь. МАН-ынхны тогооноосоо нэгэнт хальсан хэрүүл, талцал, МАХН-ын ганц “дайчин”-ы ганцаардал, АН-д “өдөлж” буй шинэ намын талаарх дэл сул мэдээлэл зэрэг нь дээрхийг батлах биз ээ.
МАН
УИХ-ын 65 гишүүн нь 33:32 харьцаатай хуваагдаж, хэзээ ч эргэж үл эвлэх хэмжээнд хүрээд буй МАН дотроос шинэ нам мэндэлбэл тэгтлээ гайхах хэрэггүй л болов уу. “32-ын бүлэг” нь бас дотроо задарч буй сурагтай. Одоо МАН-д нам “төрөх” дайны хөдөлгөөн өрнөх, эсэх нь арав гаруйхан хоногийн дараа болох их хурлаас нь ихээхэн хамаарна, үнэндээ. Удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчлэх их хурлаас эл намыг тал тал тийш нь тавиад туучих даргатай болох уу, эв нэгдлийг хангах нэгнийг сонгох уу гэдэг зам, мөр ерөнхийдөө тодорно.
МАН-ын дарга М.Энхболд албаа өгөхөө хэдийнэ мэдэгдсэн. Гэвч сүүлийн үед түүний эл бодол өөрчлөгдсөн гэж мэр сэр ярьж, бичих болов. Ингэхдээ МАН-д эв нэгдэл ус, агаар шиг хэрэгтэй болсныг давтан давтан дайж байгаа нь нэгийг өгүүлэх биз ээ. Түүнтэй жишиж буй хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Мэдээж У.Хүрэлсүх намын даргын төлөө өрсөлдөнө. Өрсөлдөх өрсөлдөхдөө хүчтэй “тоглогч” нь байна. Тэгээд ч түүнийг лообийдсон “33-ын бүлэг”-ийн гишүүд намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмийг баримтлуулахаа илэрхийлсэн.
Гэхдээ сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болохоос Ерөнхий сайд нь намын дарга байх тухай ойлголт тэс өөр юм. Тэрбээр саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Ерөнхий сайдын суудал дээрээс гишүүнийг занаж, хэрэлдсэн нь намаа нэг гарт зангидаж чадна гэдэгт зарим хүнийг эргэлзэхэд хүргэсэн сурагтай. Юутай ч одоохондоо У.Хүрэлсүх намын даргаар сонгогдох өндөр магадлалтай буй. Энэ тохиолдолд гомдол нь өнөө хэр тайлагдахгүй яваа цочмог, түргэн зантай гишүүд нь МАН-аас тусгаар тогтнон, намаа хувааж мэдэх л юм.
АН
АН-ынхны өөрсдийнх нь хэлдгээр тус нам дэндүү ардчилалтай учраас олон фракцад хуваагдаж, шүүмжлэлийг ил тод хэлдэг. Үнэхээр ч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдал, үүний дараа өрнөсөн намын даргын төлөөх өрсөлдөөн, ялалт байгуулсан Ерөнхийлөгчийн сонгууль гэхчилэн анхаарал татсан олон үйл явдлын өмнө хийгээд хойно тус намынхан, тэр дундаа нөлөө бүхий гишүүд нь дотоод амьдралынхаа талаар сайн, мууг ярьж ирсэн. Гэхдээ тэр тэр хүмүүс тийм нам байгуулж, АН-аас гарна гэж ярьж байсан нь юу л бол.
Эрх баригчдын хэрүүлд л дарагдаад буй болохоос тус намын нөлөө бүхий эрхмүүд нийлж, нэг нам байгуулна гэх яриа ойрын үед газар авч байгаа. Тодруулбал, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрх тусгаарлан, шинэ нам байгуулан 2020 оны сонгуульд оролцоно гэх яриа гарч буй. Бүр тэр нь Бүтээн байгуулалтын нам байна гэж мэдээлээд ч амжсан. Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл болон намын дарга С.Эрдэнэ нар үүнийг үгүйсгэж, цуурхал хэмээн мэдэгдэж байгаа ч тэднийг Ц.Элбэгдорж удирдана гэх зэргээр дээрх яриа улам баялаг “орц”-той болсоор.
Фракцууд нь бие даасан нам болтлоо “өдөлж”, АН “өндөглөх” үү гэдэгт Ерөнхийлөгч Х.Баттулга, “Дэд ерөнхийлөгч” гэгдэх болсон З.Энхболд, зөвлөх Н.Алтанхуяг нарын хамтрал хэр удаан, амжилттай үргэлжлэх, эсэх нь нөлөөлөх талтай.
МАХН
Тус намын удирдлага ганц “дайчин” О.Баасанхүүгээ ганцаардуулах тактик хэдийнэ баримтлах болсон. Бүр зарим сонгуульт албан тушаалыг нь хүртэл хураасан. Мэдээж тэр мөчөөгөө өгөхгүй. Харин ч МАХН дахь түүнийг дэмжигчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж буй болов уу. Ямартай ч дарга Н.Энхбаяраасаа намын шинэчлэл, дүрмийн хэрэгжилт шаардах хүн О.Баасанхүүгээр тогтохоо байсан. Тэд шинэ нам байгуулах нь гагцхүү цаг хугацааны асуудал байж мэднэ. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд тус нам хэд хэд “өндөглөчихсөн”.
Өөрөөр хэлбэл, “өндөглөх” дуртай нам. Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам зэргийг нэрлэж болно. АН-д ч ийм түүх бий. 2004 оны сонгуулийн дараа АН задарч, М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан нар Үндэсний шинэ нам, Л.Гүндалай АТН байгуулж байлаа. Түүнээс хойш Л.Гүндалай гэхэд л “Ард түмнээ хайрлая” гэдэг нам байгуулаад амжсан. Тэд нэрнээсээ “шинэ” гэдэг үгийг авч, “ардчилсан” гэдгээр орлуулж, ҮШН нь МҮАН болсон.
Сонгууль дөхөхөөр улс төрийн намуудад нэгдэх, задрах хөдөлгөөн илэрч л байдаг. Харин энэ цаг үе бол сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй, хамгийн гол нь хэтийдсэн улстөржилтөөсөө огтхон ч уйддаггүй манай улсын хувьд шийдвэр гаргагчдаас хамгийн үнэн үг сонсож, бодит ажил, бүтээн байгуулалтыг харж болох охорхон үе. Чухам ийм цаг үед нэг биш нэлээд хэдэн намд задралын эхний шинж тэмдэг илрээд буй нь анхаарал татаж байна.
Бараг 90 жилийнхээ босгон дээр нэрнээсээ “хувьсгалт” гэсэн үгийг хасаж, улмаар МАН, МАХН болон “өндөглөсөн” өдгөөгийн эрх баригч хүчин дахин хуваагдахад бэлэн болчихож. Хэзээд зангидсан гар шиг эвтэй, хүчтэй байсан тухайн үеийн МАХН-ын долоон жилийн өмнөх хуваагдал тэдний мөнхийн эв нэгдлийг үгүй хийсэн ч өнөөдрийнх шиг хүйтэн дайн хэзээ ч дэгдэж байсангүй. Тийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй биз. Улстөрчид улайраад ирэхээр улс орон байтугай, нам, журмын нөхөд нь ч үнэ цэнэгүй болдог бололтой.
АН, МАН, МАХН байлаа гээд үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрөөрөө хол ялгардаггүй тэд хуваагдахдаа хүрвэл зүс ижил намууд мэндлэх нь тодорхой. Тиймээс тэднээс илүү зүйл хүлээх хэрэггүй. Гарах ч үгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын тоог нэмэхээс хэтрэхгүй. Харин ч дэндүү явцуу, богино эрх ашиг, сонирхол тэднийг хэрж, нэгтгэх учраас улсын хөгжилд тээг, саад болж ч мэднэ.
Уг нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд Монголын төрийг ээлжлэн барьж ирсэн МАН, АН нь хүчээ тарамдалгүй, улс төрийн хүчний хувьд бүх талаар бэхжиж, үлгэр, дуурайл авахуйц байж чадвал энэ улс оронд хэрэгтэй сэн.