Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №10
1990-ээд оноос хойш бид сайхан юм их үзлээ харлаа, бүтээн байгууллаа. Бид одоо их зүйл олж авсан шигээ, өөрт хэрэгтэй юугаа алдчихсан бэ? Коммунист Орос улсын нөлөөн дор байхдаа өнгөрсөн түүхээ хангалттай “муу хэлсэн” бүдүүлэг харанхуй, хоцрогдсон нийгмийг даван туулж, жигтэйхэн сайхан соёл иргэншилтэй “болж” үзсэн. Бид олон мянган жилийн түүх, соёлтой атлаа 60-70-хан жилийн түүхтэй юм шиг “их ойн баярууд” тэмдэглэдэг байсан.
Шинэ үеийнхэн маань 800 жилийн тэртээх Чингис хаан гэдэг “өнөө аймшигт алуурчин” чинь дэлхий аугаа их хүн болохыг мэдсэн, Их Монгол Улсынхаа ойг тэмдэглэн найр наадам хийж эхэлсэн. Түүхчдийнхээ буянаар Хүннү улс, Монголын төрт ёсны анхдагч болохоо мэдэж 2220-иод жилийн тэртээгээс нааш бидний түүх эхэлдэг болохоо ухаарсан. Монгол Улсын түүхийн нэгэн болон гурван боть, таван боть болгонд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Киргиз, Кидан, Монгол Улс манай Монголын эртний төрс улсууд гэж бичсэн болохоос ард түмнийхээ оюун санаанд хоногшуулан тогтоох ажил хийсэнгүй ээ.
Хүннүгийн их хаан Модун шинэ тулгар байгуулсан төр улсаа батжуулахын тулд хөрш Ухуаньчуудаас “хүлэг сайн морио, үлэмж хайртай хатнаа” харамлаагүй өчүүхэн ч эргэлзэлгүй өгч байсан. Харин “хүн нутагладаггүй зах хязгаар нутгаа өг” хэмээхэд нь огтхон ч эргэлзэлгүйгээр “Газар бол улсын үндэс” гэдэг алдарт үгээ хэлж, төр улсаа хамгаалан тулалдсан. Тэр хэнд ч үл өгөөгүй газар дээр орших хэзээ ч үл балрах гэрэлт хөшөө, булш хиргисүүр, арвин их дурсгалууд өнөөдөр монголчууд биднийг үеийн үед энэ л нутагтаа хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй өнө мөнх оршиж буйн гэрч болсоор байна.
Ийм ухаарал, оюун санааны дархлаажилт бий болж чадаагүйгээс болоод монголчууд бид төрт ёс, түүх соёлоо алдаж эхэллээ. Аугаа их өвгөдийнхөө байгуулаад үлдээсэн Түрэг, Уйгур, Хиргисийн төрт улсуудын түүхээ биднийх биш юм шиг, хаа холоос, хаа нэгтэйгээс нүүж ирээд өнөөгийн Монгол нутаг төвхнөсөн юм шиг бичдэг ярьдаг байсан харь түүхчид, хэл шинжлэлч нарын үгийг “тоть” шиг давтах болсон. Үүнийг Оросын улсын бүрэлдэхүүнд байгаад даян дэлхийд өрнөсөн ардчиллын буянаар туурга тусгаар болсон Хасаг улс (Казакстан), Хиргис улс (Киргизстан) жигтэйхэн “овжиноор” ашиглаж эхэллээ.
Энэ хоёр шинэ улс байтугай хаа хол Газар дундын тэнгисийн эрэгт оршин байгаа Турк улс ч бидний аугаа их түүхийг “өөртөө нааж” эртний түүхтэй “их гүрэн” болох санаархлаа хүртэл идэвхжүүллээ.
Турк улсын “ТИКА” гэдэг байгууллага 1990-ээд оны үед Монгол Улсын Гэгээрэлийн яамтай гэрээ байгуулан, 200 000 америк доллароор Орхоны хөндий дэх Бильге хаан, Куль-Тегин, Налайхын орчим дахь Тонью-Кукын гэрэлт хөшөө бүхий цогцолборуудаа зарахаар болж байсныг түүхчид мэдэж шийдвэртэй эсэргүүцсэнээр уг гэрээг дахин задалж, Монгол Улсдаа судлах, эх нутагт нь музей байгуулан хамгаалах гэрээ болгон өөрчлүүлж байсан түүхтэй. Өнөөгийн Турк улс өөртөө “түй ч” хамаагүй манай эрины YI-YIII зууны үеийн эртний
Түрэгийн түүхийг “өөрийн эцэг өвгөдийн түүх” мэтээр сэтгэн, тийм болгох гэж мөнгө зарж Монголын зарим судлаач эрдэмтдийг санхүүжүүлэн энэ санаагаа баталгаажуулахаар өнөөг хүртэл оролдсоор байгаа билээ.
Шинэ тулгар үүссэн Хасаг (Казакстан), Хиргис (Киргизстан) улс энэ үйл явдалд мөн шуурхайлан татагдан орлоо. Өөртөө ямар ч өнө эртний түүхгүй улс орнууд өөрсдийгөө эртний түүхтэй мэт болохын тулд, өөрийнхөө уг эх түүхээ төдийлөн ойшоож үзэхгүй байгаа Монгол Улсын түүхээс “шомбодох” арга сэдэж эхэллээ.
2003 онд Хиргис улсын Ерөнхийлөгч агсан Аскар Акаев тусгаар улс болсныхоо ойг тэмдэглэх болж, миний бие ШУА-ийн Түүхийн хүрээлэнг төлөөлөн уригдан очсон юм.
Би бодохдоо Орос улсаас туурга тусгаар болсон ойгоо тэмдэглэж байгаа юм байх гэсэн шүү юм бодож очтол, Хүннүгийн их хаан Модун шаньюйн үүсгэн байгуулсан тэр их улсын үүсэн бий болсон он цагийг, Хиргис улсынхаа ойн баяр болгон хурал хийж нижгэр юм боллоо. Олон хүн Хиргис улс өнө эртний түүхтэйг гайхан шагшиж, баяр хүргэсэн. Би баяр хүргээгүй, харин “Хиргис, Монгол хоёр орны түүхчид нэг ширээний ард сууж Хүннү улс нь хэнийх нь анхны төрт улс болохоо нэг тийш нь шийдэх цаг болжээ. Манай Монгол Улс өөрийнхөө төр улсын түүхийг Хүннүгээс эхлүүлэн, Модун шанюьйн байгуулсан төрт улсаас өөрийн түүхээ эхлүүлдэг” гэдгээ хэлсэн.
Хасаг улс яг ийм аргаар өнө эртний түүхтэй улс болох гэж манай Түрэг улсын түүх соёлыг, Түрэгийн хаад, жанжингуудыг үндэсний баатар, бахархлаа болгох гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх түүхэн эх сурвалжуудыг ашиглан “шинжлэх ухааны” аргаар өөрийн болгох гэж хичээж байна. Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт сумын хилийн зааг дээр орших Шивээт улааны Түрэгийн үеийн дурсгалт зүйлийн цогцолбор дахь тамгатай хөшөөг Хасаг улсад “хулгайн замаар” аваачиж залсан бичлэг хүртэл YOUTUBE сайт дээр гарсан. Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Могойн Шинэ усны Түрэгийн үеийн гэрэлт хөшөөг эх орноо “сольчихсон” С.Харжаубай хулгайгаар ачих гэж байж нутгийнханд баригдаж байлаа.
Саяхан Хасаг улсын Соёлын яамны захиалгаар хийх гэж буй “Үндэсний баатар Куль-Тегин” нэртэй баримтат киноны найруулагч Екатерина Суворова “Удахгүй Монголд очиж зураг авна. Та манай киноны зөвлөхөөр ажиллаач” хэмээн утас цохилоо. Манай улсын нутаг дэвсгэр дээр байгаа бидний аугаа их өвгөд дээдсийн түүх, соёлын дурсгалыг ил далд “өөрийн юм шиг” эзэрхийлээд байгаад байг уу?
Монгол нутгаас олдсон эртний хадны бичгүүдээ төрөлх монгол хэлээрээ биш, турк, хасаг хэлэнд дулдуйдан уншаад байх нь зөв үү? буруу юу? Орхоны хөндий дэх манай аугаа их өвөг дээдсийн бичиж үлдээсэн эртний хадны бичгүүд маань бидний түүх биш, хаа хамаагүй Хасаг, Хиргис, Турк улсуудын “түүхийн эх сурвалж” болчихсон туух вий дээ.
Монгол төрийн ой санамжийг байнга сануулан сэргээж байдаг түүх, соёлоо өөд нь татаж, түүх, соёлдоо эзэн болохгүй бол “бидний юм хүнийх болж, хүний юм биднийг” төөрөгдүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй болчихлоо шүү гэдгийг сануулах гэсэн юм.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэг удаа “Уугуул нутагтаа тавтай морил” хэмээн төрийн айлчлал хийж буй Туркийн өндөр дээд албаны хүнийг хүлээн авч байсан “гашуун түүх” бий. Төр, засгийн тэргүүнүүд түүх мэдэхгүй байж болохгүй, мэдэхгүй байсан ч Монгол Улсад түүх мэддэг түүхчид байгаа гэдгээ байнга санаж тэднээсээ асууж сураглаж байж, өөрсдийгөө “Түрэг” гаралтай гэж эндүүрээд байгаа төр улсуудтай дипломат ёсоор нь харьцдаг байхгүй бол “БИДНИЙ ТҮҮХ, ХҮНИЙХ” боллоо.
Монгол хүний оюун ухаан, үндэс соёлоо гэсэн сэтгэл нь бөхөөгүй тулдаа эх түүхээ, эх орноо гэсэн зүрх сэтгэлээрээ нэгдсэн “Сэргэлэн интернайшнел” төрийн бус байгууллага Монголынхоо эртний хадны бичиг, түүх соёлынхоо “эзэн болохын” ухааныг олохын төлөө өөрсдийн мэдэх чадах бүхнээ зориулан ажиллаж байна. Монголынхоо ирээдүйн үр ач нарынхаа үнэн бат оршихын төлөө “төрийн төлөө оготно” гэдгийн үлгэрээр хийж чадах бүхнээ эхлээд явж байна. Нойрмоглож байгаа хүн сэрээд суниахад бие сэргэж сайхан болдог шиг, мартагдаж буй, эртний хэл, түүхээ сэргээж дахин сануулахад л Бидний Монголчууд санаж сэрэхийн туйл болно.
Монголчууд бидэнд идэх хоол, өмсөх хувцас, орох орон хэрэгтэй, гэхдээ аугаа их түүх, соёлоо өнөөг хүртэл тээгээд ирсэн эх нутаг газар шороо маань баларшгүй мөртэй эх хэл бичигтэйгээ, түүх соёлтойгоо ус, агаар шиг хэрэгтэй байсаар байх болно.
Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч,Түүхийн ухааны дэд доктор, профессор, Хатагины Д.Эрдэнэбаатар
Сэргэлэн интернаишнел экспедици
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... ДООРХ ХУУДАСТАЙ НЭГДЭЭРЭЙ