Хаврын дунд сар гараагүй байхад л хахирлаж, “тачигнаад” байсан байгаль дэлхий аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр намар ямархан налгар сайхан байдгийг сануулан “хөөрхөн” аашилснаа нэг шөнийн дотор зангаа хувирган, хөвсгөр, цагаан дээлээ өмслөө.
Өвөл хаяанд ирснийг мэдэж байсан ч гэнэтийн их цаснаар улаанбаатарчууд “барьц” алдаж, шалгалтад бүдрэв. Цасанд даруулсан моддыг харан үлгэрийн мэт зураглалд сэтгэл хөдлөн нэг дуу алдах. Зам дээр халтирч унах шахан “бээвэгнэх” хүмүүс “Элс, давсаа цацахгүй бол мөсөн гулгуур болох нь” хэмээн бас уулгалах. Үүний зэрэгцээ хамгийн их “орилж”, бачимдсан нь авто машинтай иргэд.
Ганц, хоёр “алхаад” л шарваж, хажуугийнхаа тэрэгтэй шүргэлцэж, мөргөлдөх жолооч нар сүүлийн хоёр хоногт нэлээд бажгадах шиг боллоо. Ердөө ганц хоногийн цасанд даруулж, “пологтсон” нийслэлчүүдийн дүр зураг ерөнхийдөө иймэрхүү үргэлжлэх янзтай.
Хурмаст хэсэг завсарлаж байгаад цас хайрлаасай, тэр хооронд мөсөн гулгуур шиг болсон зам, гудамжаа боломжийн хэрээр цэвэрлэж, халтиргааг нь багасгах сан.
ҮҮРЭЭС ҮДЭШ ХҮРТЭЛ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА
Даваа гаригийн шөнө дундаас эхлэн орсон цаснаар каток болон “хувирсан” Улаанбаатарын авто зам, гудамж талбай ямар байгааг, их хотын удирдлага, албан газрууд халтиргаатай хэрхэн “тулалдаж” буйг тандан, сурвалжиллаа.
Өчигдөр цаг агаар сайхан байж нар ээсэн, дээрээс нь халтиргаа, гулгааг бууруулах зорилгоор цацсан бодисын нөлөөгөөр хотын төвийн авто замуудын мөсөн хучлага хайлмагтан, шалбааг болсон байв. Шөнөдөө харин хөлдөөд дахиад л мөстөх нь лав. Гэхдээ энэ бол хүний хүчин зүйлээс үл шалтгаалах учраас яалтай билээ.
Ямартай ч иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн удирдлага, холбогдох газрууд шуурхай ажиллаж байгаа нь нүдэнд илт. Энд тэндгүй хүрз, шүүр, хусуур, жоотуу барьсан хүмүүс цас, мөс цэвэрлээд тун завгүй харагдана. Албан байгууллагууд ч орчныхоо цасыг арилгахаар эрвийж дэрвийхээрээ ажиллаж байгаа нь сайн хэрэг.
Энэ дашрамд, 2009 онд баталсан Хог хаягдлын тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 хүртэлх метр талбайн цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Эл үүргээ биелүүлээгүйн улмаас иргэд унаж, бэртвэл эмчилгээний зардал болон өвчтэй байх хугацаандаа алдсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцна гэж заасныг байгууллага, хүмүүст сануулахад илүүдэхгүй биз ээ.
Их цасанд даруулсан даваа гаригт авто замын ослын дуудлага 660 буюу ердийн өдрийнхөөс хоёр дахин их байсан талаар Замын цагдаагийн албаныхан мэдээлэв. Нийт ослын гурав нь явган зорчигчтой холбоотой аж. ГССҮТ-д энэ өдөр цас, мөсөнд “гомдсон” 398 хүн ирсэн нь мөн л ердийнхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.
Нийслэлээр овоглодог байгууллагууд энэ өдрүүдэд ёстой л цахилгаанд залгасан мэт ажилласан нь лавтай. Тодруулга авахаар утас цохих бүртээ том, жижиг дарга нараас “Хуралтай, завгүй” гэсэн үг сонссон. Амтай болгон л үүсээд буй нөхцөл байдлын тухай гомдоллож, утсыг нь амраахгүй байгааг мэдэж байгаа ч “Хэвлэлийнхэн яагаад сүржигнээд, жаахан зүйлд ач холбогдол өгөөд байгаа юм” гэж ирээд л уцаарласан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаярыг харин ойлгосонгүй. Түүний аманд бас “халтиргаа үүссэн” юм болов уу.
Юутай ч бидний өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж эхэлсэн цас, түүнээс үүдэлтэй халтиргаа, гулгаанаас болж холбогдох газрууд хоёр дахин их ачаалалтай ажиллаж, тэр хэрээр хүн, эд хөрөнгө хохирчээ. Элс, давсаа цацахгүйгээс ийм байдал үүслээ гэж загнахаа урьтал болгох хэрэггүй. Холбогдох хүмүүс, албан газрууд нь үүрээс үдэш хүртэл цас, мөстэй “байлдаж” байна.
Тодруулбал, ОНӨААТҮГ 360 ажилчин болон 37 машин техникийн хүчээр 05.00 цагаас эхлэн цас арилгаж буй. Өчигдөр үдээс өмнө 11 машинаар Энхтайван, Нийслэл хүрээ болон Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн мэдээлснээр, барагцаалбал өдөрт 1000 орчим хүн цас цэвэрлэж байгаа бол сайн дураараа нэгдсэн иргэд эл “тулаанд” оролцож, хотын төвийн гудамж, талбайг цаснаас чөлөөлж байна.
Нийслэлийн нөөцөд одоогийн байдлаар замын цас, мөс хайлуулах зориулалттай 1700 гаруй тонн бодис, 3000-гаад тонн давс байгаа гэнэ. Энэ нь төлөвлөснөөсөө илүү бэлтгэсэн буюу өмнөх жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн хэмжээ аж. Тэгэхээр Улаанбаатар хотын дөрвөн сая ам метр зам, замын байгууламжид хангалттай гэсэн үг юм байна. Хурмаст саяынх шиг гэнэтийн бэлэг олон баривал төсвийн тодотголоо дахин хийж, шаардлагатай мөнгө гаргах талаар Т.Гантөмөр мэдээлэв.
ХОТЫН ЗАХААР Ч ЦАС ОРСОН
Сайшааж, талархахын зэрэгцээ шүүмжилж, сануулмаар зүйл ч байгааг хэлэх учиртай. Замын халтиргаатай зэрэгцээд нүд халтирам нөхцөл байдал Улаанбаатарын захын дүүргүүдэд үүссэнийг хотын “аав” мэдэж байгаа гэж найдъя. Сүхбаатар дүүргийн XVIII, Баянзүрх дүүргийн XX хороо буюу хүмүүсийн нэршиж заншсанаар Бэлх, Гачуурт орчим, Нисэх, Яармаг, Зайсангаас дээш өгсдөг Ар Зайсан гудамж зэрэг газар болон хороолол доторх замууд нэлэнхүйдээ мөсөөр хучигдаж, хүн, автомашин явах аргагүй болжээ.
Өгсүүр газар руу машин явах нөхцөлгүй болсон учраас хүүхэд, хөгшдөө үүрч дүүрэн гэртээ харьж байгаа талаар иргэд гомдоллож байна. Бэлхийн зарим хэсэгт, айлуудын хашааны хажуугаар хунгарласан цасанд багачууд хөл алдаж мэдэхээр байгааг ч тэд хэлсэн.
Хотын зөвхөн төв хэсэгт бус, өнцөг булан бүрт цас орсон шүү, дарга нар аа.
“ТАРХИ НЬ ДОРГИХ ВИЙ ДЭЭ”
Цас, мөс цэвэрлэж байгаа хүмүүсийг харсан хоржоонтой нэг нь “Хүрз, жоотуугаар балбаж байгаад тархи нь доргих вий дээ” гэж хошигнох. Зарим нь өрөвдөж “Ишш, ийм багажаар хэдий болтол малтах бол” гэх. Хоёр залуу харин “Монголын мөсийг ингэж сүхдэхгүй бол ховхрохгүй” гэж өмөөрөх. “Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго. Хоёулангийнх нь талд оръя” гэсэн хоржоонтой үг шиг дээрх иргэдийн яриаг сонсох нь ээ бүгд л зөв мэт. Нэг талаас бодоход, бид ХХI зууныхан байтлаа хүрзнээс хэтрэхгүй байгаа нь “тэнэг” санагдана. Нөгөөтэйгүүр дагтаршсан цас, мөсийг цохиж л буталж, хагалахгүй гээд яах билээ. Харин ажлын бүтээмжийг нь холбогдох хүмүүс анзаарахад илүүдэхгүй болов уу.
Нийслэлд байдаг өөр төрлийн “мөсөн гулгуурыг” “Өнөөдөр” энэ сурвалжилгаараа дахин хөндөж байна. Өвөл болохоор нийслэлийн томоохон худалдааны төв, дэлгүүрийн шат, төв талбайд мөсгүй каток бий болдог. Олны хөлийн газрыг гантиг чулуу болон гулсдаг, гөлгөр гадаргуутай хавтангаар бүрснээс болж тэшиж үхэх аюул хаа сайгүй байна. Тийм зам, талбай, шат гоё харагддаг ч манайх шиг хүйтэн, сэрүүн улирал нь давамгайлдаг, цас ордог газарт хамгийн аюултай. Хиймэл мөсөн талбай болон гөлгөр гадаргуутай хавтан дээр үүсэх гулгалт, халтиргааг харьцуулахад нэг их хол зөрүүгүй байсан талаар Оросын нэгэн судлаач бичсэнийг уншсан юм.
Халуун бүсийн оронд л тохиромжтой гөлгөр хавтан дээр монголчууд өвөл болгон “шандас” сорьдог байдлыг хэзээ халах вэ. Нэгэнт тавьчихсан зам, талбай, шатыг яаж янзалж, аюулгүй болгох талаар хотын удирдлага бодлого боловсруулах хэрэгтэй байх. Цаашид олон нийтийн газрыг тийм төрлийн материалаар “гангалахыг” хориглоосой. Хүндээ зориулсан зам, талбай байгуулах нь эмнэлгийн үүд татах эрсдэлийг бууруулж, тэр хэрээр эдийн засагт хэмнэлт болно.
Тийм шийдвэр гаргана гэж найдаад тэр болтол шавайгаа ханатал гулгаад авъя.