Хуучнаар Гурван ихрийн сувилал буюу Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд гар, хөл, амны халдварт өвчин гарчээ. Одоогоор тус сувиллын дөрвөн хүүхдийг тусгаарлан эмчилж буй бөгөөд вирусийн гаралтай өвчин бусад хүүхдэд халдварлахаас сэргийлж, өчигдрөөс заримыг нь гэрт нь буцааж байгаа аж.
Сувиллаас гарсан хүүхдүүдийг 21 хоногийн турш гэрт нь байлгаж, биеийн байдлыг нь сайтар ажиглахыг эмч нар зөвлөжээ. Дутуу төрсөн, дархлаа сул, амархан өвчлөмтгий хүүхдүүдээ төв сувилалд өгч, хэд хоног асруулах гэсэн биш халдварт өвчин тусах эрсдэлд оруулсандаа эцэг, эхчүүд бухимдаж байна. Ариун цэврийг хамгийн сайн сахих учиртай сувилалд ийм өвчин дэгдэхээр арга ч үгүй биз.
Бид энэ талаар ХӨСҮТ-ийн мэргэжилтнээс тодруулахад “Хүүхдийн төв сувиллаас гадна нэг сургууль, нэг цэцэрлэгт гар, хөл, амны халдварт өвчин гарсан байгаа. Нийслэлийн хэмжээнд өөр эмнэлэг, сургууль, цэцэрлэгт энэ өвчин дэгдээгүй” гэлээ. Харин өөр эх сурвалжийн хэлж буйгаар нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд ийм өвчлөл их байгаа тул ХӨСҮТ-д нэг тасаг тусгайлан нээсэн гэнэ.
Хэрэв таны хүүхдийн гар, хөл, амны орчимд цэврүүтэй тууралт гарч, шалтгаангүйгээр гүйлгэх шинж тэмдэг илэрвэл энэхүү халдварт өвчин байх магадлалтай тул эмнэлэгт даруй хандаарай.