Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 54.7 мянган хүүхэд төрж, 11.7 мянган хүн нас баржээ. Тэдний хэд нь хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж амиа алдаа бол. Энэ тухай манай улсад тодорхой тоон мэдээлэл байдаггүй. Зам, тээврийн осолд орох, ууланд осгох, усанд живэх, галд түлэгдэх, өндрөөс унах зэрэг нь хэдий санамсар болгоомжгүй осол ч урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг.
Гэтэл эдгээрээс болж өдөрт нэг бус хүн хорвоог орхиж байна. “Халуун тогооны хүүхдүүд” гэж хэвлэлээр улиг болтол ярьж, бичдэг ч үр удамд халгаатай уг цахилгаан барааг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч аюулгүй байдлаа хангах, ялангуяа бага насны хүүхэдтэй айл халуун ус, цай, хоолтой тогоогоо газар тавихгүй байснаар асуудлыг шийдэж болмоор. Гэтэл халуун тогоонд хүүхдүүдээ хэдэн арваар нь шалзалж, тэвчихийн аргагүй зовлон амсуулсаар байгааг юу гэх вэ. Энэ нь эцэг, эхийн хариуцлагатай холбоотой.
“Цасан шуурга шуурч, зам даваа хаагдана. Холын замд бүү гараарай”, “Түлсэн гал, асаасан шүдэнз, цог нурмаа бүрэн унтраагаарай”, “Гол усанд живэхээс болгоомжил”, “Машиныхаа зуны дугуйг солиорой” гэх зэрэг сэрэмжлүүлэг мэдээллийг ОБЕГ, ЗЦА, ЦЕГ, ЦУОШГ гээд холбогдох байгууллагынхан цаг ямагт хүргэдэг билээ. Гэвч хэтэрхий хэнэггүй, хариуцлагагүй бид нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргаж орхидог. Үүний балгаар иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй, амиа алдаж байгаа нь туйлын харамсалтай. Үүний нэг жишээ нь Отгонтэнгэр хайрханд авирсан 17 уулчин амиа алдсан явдал.
Нэгдсэн зохион байгуулалтгүй, аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй зэрэг аминд нь халтай нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэхгүй. Хэдийгээр байгалийн аюулт үзэгдэл болсон ч уулчдыг амиа алдахад нөлөөлсөн, хариуцлага алдсан хэд хэдэн баримт бий. Отгонтэнгэр хайрханд авирахыг хориглосон, ууланд авирдаг хугацаа нь биш байсан, байгаль хамгаалагчийн анхааруулсныг үл тоосон зэргийг энд дурдаж болох юм.
Уулчид, сонирхогчид нэгдсэн зохион байгуулалтгүйн дээр засаж сайжруулах олон зүйл, стандарт хэрэгтэйг тэд алтан амиараа илчлээд одсон. Сонирхлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүн ууланд авирахыг хориглох эрх хэнд ч байхгүй. Гэхдээ эрүүл мэнд, эрдэнэт амиараа дэнчин тавьсан хүндхэн сорилуудын өмнө бид илүү хянуур, болгоомжтой байхад илүүдэхгүй. Ингэж нэг дор олуулаа амиа алдсан эмгэнэлт явдал манай улсад сүүлийн хэдэн жил гараагүй. Тиймээс ч ийм явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ төр, засаг, уулчдын холбооныхон анхаарал хандуулж эхэлсэн.
Өнгөрсөн сарын 30-нд Шадар сайд Ө.Энхтүвшин, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ОБЕГ, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Монголын уулчдын нэгдсэн холбоо болон клубийн төлөөлөл уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх хурал зохион байгуулсан юм. Хурлын үеэр Шадар сайд ууланд авирахыг зохицуулсан дүрэм, журам боловсруулахыг БОАЖ-ын болон БСШУС-ын сайдад үүрэг болгосон. Ахмад уулчин Ж.Баянцагаан саяын авиралтад хэн явсан нь мэдэгдээгүй бөгөөд хоёр дахь өдрөөсөө л нэрийг нь тодруулсан гэж хэлж байв.
Угтаа бол хэн гэдэг, хэчнээн хүн, хэний удирдлагаар хаашаа явав зэрэг мэдээллийг нэгдсэн холбоондоо бүртгүүлээд явж болмоор. Үхэхэд ч гомдолгүй гэж гарын үсэг зурдаг, хэр баргийн хүний чадахгүй энэ спортод дурлах хүн олширсон ч шалгуур давж, хариуцлага хүлээх үүргээ мартаад байх шиг. Ганц уулын спорт гэлгүй, аливаа арга хэмжээг зохион байгуулалт, хараа хяналтын дор явуулахгүй бол золгүй байдлаар амиа алдах явдал газар авах вий. Тиймээс бид 17 уулчны амиа алдсан эмгэнэлээс сургамж авч, дахин ийм харамсалтай явдал гарахгүй байхад хаана, хаанаа анхааръя.
Аврах, эрэн хайх ажиллагаанд олон хүн хүч хөдөлмөрөө зарцуулахаас гадна улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг. Ууландаа амиа өргөсөн тэднийг буруутгах гэсэнгүй. Дахин ийм золгүй явдал бүү гараасай гэсэндээ сийрүүлж буйг минь уншигчид хүлээн авах биз ээ. Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга “Уулын спорт асар өндөр эрсдэл, хариуцлага дагуулж байдаг. Уулчид маань нэн тэргүүнд хамтран ажиллах, үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага гарсан. Төр, засгаас гаргаж буй тогтоол, шийдвэр амьдралд хэр хэрэгжих вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Авирахыг хорьчихоор уулчид хулгайгаар, авиралтын биш улиралд явснаар эрсдэлд орох нөхцөл бүрддэг” гэж ярьсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз. Харин одоо тэд нэгдэн нийлж, нэгдсэн стандарт гаргах хэрэгтэй. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын хэлсэнчлэн “Өндрийн авиралт хийхээр бол Онцгой байдлын албанд мэдэгдээд яв, бид хүмүүсээ аваачиж байрлуулъя. Харин бид та бүхний баталсан маршрут, стандарт хэрэгтэй” гэснийг ажил хэрэг болгох л үлдэж.
Манай улсад энэ оны эхний есөн сард аюулт үзэгдэл, осол 3450 удаа гарч, 156 хүн амиа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 64-өөр өссөн үзүүлэлт аж. Ахуйн гал гэхэд л 2894 удаа гарсан нь өмнөх үетэй харьцуулахад 2.5 хувиар нэмэгджээ. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос гэрт нь гал гарч, түлэгдсэн нүд халтирам дүр зураг, гарцгүй газраар хүүхдээ дагуулан алхах бөх зүрхтнүүд, согтуугаар жолоо мушгих “араатнууд”, гол усны дэргэд архидан согтуурч сэлэх биш, живэгчид, асаасан тамхи, шашны элдэв зан үйл хийгээд ой, хээрийг хуйхлагчид гээд хариуцлагагүй үйлдлийн төлөөсөнд өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг золиослогчид олширчээ.
Аюулт үзэгдэл, осол өнгөрсөн жилээс нэмэгдсэнийг дахин сануулахад илүүдэхгүй биз. Зам, тээврийн ослоор өдөрт 1-2 хүн нас барж, ГССҮТ-д 450-650 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж ирдэг нь хүний амь хэчнээн үнэгүйдсэнийг харуулж байна. Үүний зэрэгцээ энэ оны 1-9 дүгээр сард бичил уурхайн нурангид дарагдан 11, химийн бодист хордож гурван хүн амиа алджээ. Үйлдвэрийн осолд өртөгсдийн 30 нь хүнд, 19 нь хөнгөн хэлбэрээр гэмтэж, ес нь нас барсан байна.
Есхөн сарын хугацаанд аюулт үзэгдэл, ослын улмаас улсад 32.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 9.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Урьдчилан сэргийлж, дор бүрнээ хариуцлагатай байхад болох зүйлд иргэдийн халааснаас гарсан мөнгийг ингэж тэрбумаар нь цацаж байна. Тодруулбал, 2015 онд аюулт үзэгдэл, осол 5426 удаа гарч, 1.1 тэрбум, 2016 онд 4381 удаагийн осолд 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэхдээ хүний амийг мөнгөөр үнэлж боломгүй.
Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын болон цагдаа, орон нутгийн аврагчид гээд 300 орчим хүн ажиллаж, 30 техник, хоёр нисдэг тэрэг “дайчилсан” юм. Одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй. 2015 онд Алтай Таван богдод авирсан таван уулчин осолдсон. Тэдний дунд спортын мастер хүн ганц л байсан гэдэг. Бусад нь уулын спортын ямар нэгэн зэрэг цолгүй байж. Үүнээс бид сургамж авсангүй, нэмээд 17 хүнээ алдав.
Харин одоо шуугиад өнгөрөх биш, өөртөө болон өрөөлд хайртай байж, илүү хариуцлагатай амьдаръя. Хариуцлага чангалах талаар ч хуульд тусгасан. Энэ оны хоёрдугаар сард шинэчлэн найруулсан Гамшгаас хамгаалах тухай хуульд “Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг иргэн хариуцах” тухай заажээ. Өөрөөр хэлбэл, та хариуцлага алдсанаас элдэв гамшиг гарах эрсдэл бүрдсэн бол гарсан хохирлыг төлөх нь.