Бэлтгэсэн: Л.Ганчимэг, Р.Оюунжаргал
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой сургалтын цөм хөтөлбөр нэвтрүүлэх гэж 2013 оноос хойш баахан л юм болов, манай улс. Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх ангийн сурах бичгийг шинэчлэх ажил хамгийн чухал нь гэхэд болно. 2014 онд улс орны эдийн засаг харьцангуй гайгүй байхад бага ангийн бүх сурах бичгийг шинэчилж амжсан ч өнгөрсөн хоёр жил энэ ажил үнэндээ урагш муутай байгаа.
Өмнөх жил гэхэд л ерөнхий боловсролын сургуулийн арав, арваннэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх мөнгө Монгол Улсад “олдоогүйн” улмаас сурагчид цөм хөтөлбөрийн агуулгаа үзэж чадаагүй.
Дунд ангийн зарим сурах бичгийг шинэчлэх, ахлах ангийнхны номыг зохиох, хэвлэхэд шаардлагатай дөрвөн тэрбум гаруй төгрөгийг Сангийн яамныхан шийдэж өгөхгүй гүрийсний горыг өнөө жил сурагчид мөн л амсаж байна. Ингэхэд манай төр, засаг тэдний өмнө ямар гэм хийснээ мэдэж байгаа болов уу. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт гурван ч сайдын нүүр үзүүлсэн, тэр болгоны аясаар бодлого нь дагаж савласан.
Жил дамнан хүлээсний эцэст ахлах ангийнхны эхний ээлжийн сурах бичгүүд саяхан хэвлэлтээс гарсан сургаар багш нар аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газрынхны уурыг бартал утас цохиж буй гэнэ. “Сургуулиуд руу чинь ачуулж байгаа л гэсэн. Удахгүй сурах бичигтэй болчих байх аа” хэмээн тэд дэмий л сурагчдынхаа, бас эцэг, эхчүүдийнх нь өмнө нүүрээ улалзуулна.
Ахлах, дунд ангийн сурагчдын 40 хувь буюу зорилтот бүлэгт төрөөс сурах бичгийг нь худалдан авч өгдөг. Гэтэл хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг улсын төсөвт мөнгийг нь арайхийн суулгаж өглөө гэхэд багш, сурагчдын гар дээр ном нь очтолоо “үйлээ үздэг” залхмаар тогтолцоо манайд л бий.
Сурах бичиг зохиох, хэвлэх, нийлүүлэх гээд бүх шатанд тендер зарладаг, өнөөх сонгон шалгаруулалт нь будлиантдаг, будлиагүй байсан ч компаниуд нь нэгнээ тэгж харддаг, хэвлэх гэж барилдахаасаа таахалзана, худалдан борлуулах гэж үнэн дээрээ тохиролцохгүй толхилцоно... Энэ бүхний эцэст монгол хүүхдүүдийн 40 хувь нь арайхийн сурах бичигтэй боллоо гэхэд үлдсэн 60 хувийнх нь асуудал “босож” ирдэг. Учир нь төрд худалдах ёстой 40 хувиа хэвлэж дууссаны дараа компаниуд өөрсдийн зарж борлуулах 60 хувиа хэвлэдэг.
Энэ онд компаниуд бага ангийн 38 нэрийн 628 мянга 500 ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар өнгөрсөн зургадугаар сард хэвлэн нийлүүлсэн аж. Үүн дээр дунд ангийн 20, ахлах ангийн 25 нэрийн сурах бичгийг шинээр зохиож, хэвлэн нийлүүлэх үүргийг дөрвөн компани л үүрчээ. Гэтэл одоо дээрх компаниуд үлдсэн 60 хувийнх нь сурах бичгийг хэзээ хэвлэж дуусган, худалдаанд гаргах вэ гэдэг асуултад тодорхой хариу өгч чадахгүй сууна.
Өөрөөр хэлбэл, даахгүй нохой булуу хураахын үлгэрээр зарим компани өмнөх ачааллаа дийлэхгүй байж хэт их захиалга авдгийг энэ салбарынхан шүүмжилдэг нь ортой аж. Энэ мэт олон зүйлээс болж сурах бичгийн хангамж хугацаандаа бүрэн хийгдэж чадахгүй байна.
Стандартад суурилсан боловсролын агуулгаа бүрэн боловсруулж дуусаагүй байхад ахлах ангийнхны сургалтын цөм хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны долдугаар сарын эхээр Засгийн газраас гэнэт гаргачихсан. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг бодлого боловсруулагчид яаруу давчуу хөдөлснөөс болоод амьдралынхаа хамгийн эгзэгтэй, чухал үед ирээдүйн ажил мэргэжлийнхээ баримжаа болгохоор сонгон судлах гэж буй хичээлүүдээ ахлах ангийнхан үзэж чадаагүй.
Хуучин сурах бичгээрээ хичээллэх гээд ч тэдгээр нь хүрэлцээгүй байгаа тул хүүхдүүд олдсон хэдэн номоо хувилж, ээлж ээлжээр дамжуулан хэрэглэсээр нэг жилийн ард гарсан. Энэ хичээлийн жилийн төгсгөлд ямартай ч арав, арваннэгдүгээр ангийнхан бүгд сурах бичигтэй болох нь. Харин одоо арванхоёрдугаар ангийнхны номыг зохиох, хэвлэх ажил үлдсэн. Үүнийг ирэх жил багтаагаад шийдчихвэл цөм хөтөлбөрийн хүрээнд бүх ангийн сурах бичгийг шинэчлэх ажил дуусах юм.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
X, XI ангийнхан бүтэн улирлын дараа номтойгоо золгожээ
Сурагчдын сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямар байгаа талаар мэдээлэл авахаар нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх ерөнхий боловсролын зургадугаар дунд сургуулийг зорьсон юм. Бага үдэд очиход дөрөвдүгээр цагийн хичээл орж буй сургууль нам гүм байлаа. Хонх дуугарч завсарлахыг хүлээлгүй, хамгийн ойрын ангид хичээллэж буй 8а ангийнхантай уулзахаар боллоо. Зураг зүй, технологийн хичээл орж байна. Зургаа зурж багшдаа шалгуулсан зарим нь дараагийн хичээлийн даалгавраа хийж байх аж.
Сурагчдын ширээн дээр “Нийгмийн ухаан”, “Монгол бичиг” гэх зэрэг ном харагдана. Хүүхдүүдээс сурах бичигтэй, эсэхийг асуухад “Номтой”, “Байгаа” гэнэ. Тэгэхэд зураг зүй, технологийн хичээлийн багш “Наймдугаар ангийнхны хувьд гайгүй, эцэг, эхчүүд нь худалдаж авч өгдөг. Номоор хамгийн их гачигддаг сурагчид бол зургаа, долдугаар ангийнхан” гэсэн тул хичээл үймүүлэлгүй гарлаа. Тус сургуулийн зургаа, долдугаар ангийн 282 сурагч үдээс хойш хичээлтэй аж.
Зөвхөн эдгээр ангийн гэлтгүй, ер нь энэ сургуулийн нийт сурагчийн хувьд сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямар байгаа талаар сургалтын менежер Б.Уранбилэгээс тодруулахад “Манай сургууль нийт 1930 сурагчтай. Зургаа, долдугаар ангийн сурагчид сурах бичиггүй удсан нь үнэн. Эцэг, эхчүүд хуучин номын дэлгүүрээс дутуу хуудастай байсан ч хамаагүй худалдаж авч өгсөөр одоо бол номгүй хүүхэд бараг байхгүй болсон. Саяхан болтол номоо дундаа хэрэглэж, даалгавраа хийдэг хүүхэд олон байлаа.
Суралцагсдыг сурах бичгээр хангах гэдэг нь сургалтыг хүртээмжтэй, чанартай явуулах, эсэхийг хөнддөг асуудал. I-V ангийнхныг төрөөс сурах бичгээр хангадаг болохоор сургалт жигдэрсэн. Үр дүнгээ өгч байгаа. Дунд, ахлах ангийнхныг янз бүрийн хэлбэрээр сурах бичгээр хангаж ирлээ. Улсаас 40 хувийг шийдэж өгдөг бол бусдыг сургуулийн номын сангийн фондын нөөц бололцоо, эцэг, эх нь номын худалдаа, нийтийн үйлчилгээнээс худалдаж авч хүүхдүүддээ хэрэглүүлэх, мөн багш, сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэргээр зохицуулж явдаг.
Энэ жилийн XII ангийнхны ном сургуулийн фондод бүгд бий. Харин X, XI ангийнхны сурах бичгийг өнгөрсөн долоо хоногт татаж авлаа. Улсын хэмжээнд адилхан байгаа байх. Багш, сурагчид сурах бичигтэй болсондоо баяртай байна. Гэхдээ бүтэн улирал шахам хоцорч ирж байгаа нь хохиролтой. Багш нар сургалтад ашиглах хэрэглэгдэхүүнээ энд тэндээс хэвлэх, олшруулах гээд илүү ажил болж байлаа.
Ер нь сурах бичиг доголдолтой, хангамж, хүрэлцээ тогтворгүй байх болсон нь сургалтын хөтөлбөрийг дөрөв, дөрвөн жилээр өөрчилж ирсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн хугацаанд ямар нэг хөтөлбөр хэрэгжүүлсэн ангиудын сурах бичиг өөрчлөгдөж ирсэн. Кэмбриж, “Цогц чадамжит стандарт”, цөм хөтөлбөр гээд нэрлэж болно. Байгалийн болон суурь шинжлэх ухаанууд өөрчлөгдөөгүй цагт ном сурах бичгийг юм л бол шинэчлээд байх нь зөв үү гэж асуумаар байдаг юм.
Арга зүйгээ сайжруулах гэж Японы, Солонгосын туршлага гэж нэлээд явлаа. Үр дүнд хүрсэнгүй. Боловсролын салбарын бодлого тодорхойлогчид хөгжлийн гарц, оновчтой арга зам хайгаад байдаг байх л даа. Гэхдээ л бусниулаад байгаагаас хөгжүүлээд байгаа юм харагдахгүй олон жил боллоо шүү дээ. Зүй нь бол сурах бичгийг өөрчлөх бус, харин багштай ажиллах, тэднийг давтан сургах, чадавхжуулах талд анхаарах шаардлагатай санагддаг” гэлээ.
Нийслэлийн нэгэн сургуульд сурах бичгийн хүрэлцээ хангамж иймэрхүү байна. Сургалтын менежерийн хэлснээр цаашид сурах бичгийг бүтэн улирал хоцроож сурагчдад өгсөөр байвал хэцүү л юм байна гэсэн бодолтой буцав.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Р.БАЛЖИННЯМ: Компаниуд худалдан борлуулах сурах бичгээ одоо хэвлэж байгаа
Сурах бичгийн хангамжийн асуудлаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжиннямаас дараах тодруулгыг авлаа.
-Ахлах ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлүүлэн түгээх ажил мөнгөгүйн улмаас өнгөрсөн жил нэлээд гацсан. Энэ жил төр, засаг мөнгийг нь шийдэж өгсөн атал одоо хүртэл сурагчид сурах бичгээ аваагүй байгаа нь ямар учиртай вэ?
-Ахлах ангийн сурах бичгийг шинээр зохиох, дунд ангийн зарим сурах бичгийг хэвлэх мөнгийг өнгөрсөн жил улсын төсөвт суулгаагүйн улмаас хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, 2017 он гарснаас хойш эдгээр сурах бичгийг зохиож, эх бэлтгэх, хэвлэх ажил эхэлсэн шүү дээ. Энэ жил бид дунд ангийн 20, ахлах ангийн 25 сурах бичгийг шинэчиллээ.
Тендерт шалгарсан компаниудтай байгуулсан гэрээний дагуу энэ сарын 20 гэхэд сурах бичгүүдийг аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газруудад хүргүүлсэн байгаа. Одоо сургуулиуд руу тараах, түгээх ажил ид хийгдэж байна. Сурах бичиг хэвлэх, түгээх ажлыг Төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар хийдэг. Энэ жилийн тухайд дөрвөн компани тэнцсэн.
Гэтэл зарим компани сонгон шалгаруулалт хэр шударга явагдсаныг шалгуулахаар хүсэлт гаргасан. Үүнийг шалгасны дараа гэрээгээ байгуулсан. Энэ мэтээр хугацаа хойшилсоор байгаад хичээлийн шинэ жилээс өмнө сурагчдын гар дээр сурах бичгүүд нь очиж амжсангүй.
-Төрөөс сурах бичгийг нь худалдаж авч өгөх зорилтот бүлгийн 40 хувийн тухайд ийм байгаа аж. Цаана нь үлдсэн 60 хувьд худалдан борлуулах сурах бичгийг компаниуд хэвлэж дууссан болов уу.
Хаагуур худалдан борлуулах тухай мэдээллээ танайд ирүүлсэн үү?
-Төрөөс худалдан авах 40 хувиа дагалдуулаад, манай яам зарж борлуулах сурах бичгийн эрхийг хэвлэлийн компаниудад олгодог. Зарж борлуулах менежментээ компаниуд өөрсдөө хариуцна гэсэн гэрээ байгуулахдаа “Энэ сурах бичгийг төдөн төгрөгөөс дээш үнээр худалдан борлуулж болохгүй” гэдгийг тусгаж өгдөг.
Гэрээт компаниуд эхний ээлжинд төрөөс худалдан авах сурах бичгүүдийг, дараа нь зарж борлуулах номуудаа хэвлэдэг. Үүний дагуу одоо сурах бичгүүдээ хэвлэж байгаа. Худалдаанд гарахаар нь “Ийм сурах бичгүүдийг энэ энэ цэгээр борлуулна” гэдэг мэдээллээ тэд манайд ирүүлдэг, түүнийг нь бид яамны цахим хуудас болон сонин хэвлэлээр мэдээлдэг. Компаниуд одоогоор манайд мэдээллээ ирүүлээгүй байна.
-Ерөнхий боловсролын сургуульд сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх ангийн сурах бичгүүдийг шинэчлэх ажил нэлээд удаан хийгдэж байх шиг. Хэзээ дуусах вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй 134 сурах бичгийг шинэчлэхэд багагүй хугацаа шаардах нь мэдээж. Зарим жил хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод хугацаа хойшлох үе байна. Гэхдээ 2014 онд бага ангийн бүх сурах бичгийг шинэчилсэн шүү дээ. Түүнээс хойш жилд ойролцоогоор хоёр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэн түгээх ажлыг хийж байна.
Одоо арванхоёрдугаар ангийн сурах бичгийг зохиох, хэвлэн түгээх ажил л үлдсэн. Энэ хичээлийн жилдээ багтаад, тэдгээрийг зохиож, хэвлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Арванхоёрдугаар ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх мөнгийг шийдэж өгсөн гэсэн үг үү?
-Сурах бичгийг зохиох мөнгө нь төсөвт суусан байгаа. Харин хэвлэх, түгээх мөнгийг ирэх оны төсөвт суулгах юм.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, чанар ямар байна вэ?
Г.ДАВАА (Сүхбаатар дүүрэг дэх Улсын ууган гуравдугаар сургуулийн XII ангийн сурагч):
-Манайх сурах бичгээ төдийлөн сольж шинэчлээд байдаггүй. Энэ жил түүхийн хичээлийн ном нэмэгдсэн. Харин сурах бичгийн хүртээмж муу, ангийн хэдхэн хүүхдэд өгдөг, бусад сурагч худалдаж авах шаардлагатай болдог. Нэг ном 4000-8000 төгрөгийн үнэтэй.
Г.БАТБААТАР (Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш):
-Би мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байна.
Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг таван удаа солигдлоо. Энэ жил мөн ялгаагүй шинэчлэгдсэн. X-XII ангийн сурагчид бүтэн нэг улирал сурах бичиггүй хичээллэж байна. Багшийн зөвлөмжийн дагуу тухайн өдрийн хичээлийн сэдвийн хүрээнд сурагчдад мэдлэг олгож байгаа. Шинэчлэгдсэн сурах бичиг нь эмх цэгцгүй, VI ангид үзсэн хичээл нь VII ангийн сурах бичигт давхцаад орчихсон байх жишээтэй.
Олон жил ажиллаад дадлага, туршлага сууж, тухайн сэдвийг сурагчдад хэрхэн заах арга барил багшид төлөвшинө. Гэтэл сурах бичгийг байнга шинэчлээд байхаар сургалтын агуулга алдагдаж, багш, сурагчийн аль алинд хүнд тусдаг.
Шинэчлэгдсэн сурах бичиг хүртээмжтэй байна уу гэдгийг багш нар судалж амжаагүй байхад л дахиад солигдчихоод байна шүү дээ.
Ц.БААТАР-ЦЭНД (Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн статистик мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн):
-Бага анги буюу I-V ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах журамтай. Бүх сургуулийн бага ангийн сурагчид сурах бичгээр бүрэн хангагдсан. Харин VI-XII анги буюу ахлах ангийн хүүхдүүдийн 40 хувийг сурах бичгээр хангадаг.
Үүнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулдаг. Энэ жил дунд, ахлах ангийн сурах бичгийг шинэчилж хэвлэсэн. Ирэх арванхоёрдугаар сарын 25 гэхэд бүх сургуульд хүргэж дуусна.
Ц.ЦЭРЭНДОЛГОР (Баянзүрх дүүргийн иргэн):
-Манайх ерөнхий боловсролын сургуульд сурдаг хоёр хүүхэдтэй. Бага охин минь II ангид сурдаг. Сургуулиас нь сурах бичиг өгчихдөг болохоор асуудалгүй. Харин X ангийн охин минь зарим сурах бичиг шинэчлэгдсэн гээд хэдэн ном худалдаж авсан. Ямар хичээлийн ном гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Чанарын хувьд жил бүр шинэ ном авдаг учраас тухайн жилдээ ашиглавал л болоо гэж боддог. Уг нь шинэчлэгдсэн номоо ангийн бүх хүүхдэд тарааж байвал зүгээр. Зорилтот бүлгийн хэдхэн хүүхдэд үнэгүй өгдөг юм гэсэн.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Швейцарьт зургаагаас дээш ангийнхан сурах бичгээ худалдаж авдаг
Гадаад орнуудад дунд сургуулийн сурагчдаа сурах бичгээр хэрхэн хангадаг талаар мэдээдэл хүргэе.
Хойд хөршид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурах бичиг, сурагчдын дасгал ажлын дэвтэр болон сургалтын бусад хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр ашиглуулах хууль 2016 оноос хэрэгжиж байна. Урд хөрш БНХАУ-д өөрийн улсын иргэн сурагчдаа сурах бичгээр үнэ төлбөргүй хангаж, харин гадаадын харьяат бол үнийг нь төлүүлдэг ажээ.
Боловсролын чанараар дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд байдаг Япон улсад бол сурагчид сурах бичгээ худалдаж авдаг. Сургуулиуд нэгдсэн журмаар захиалж авч, сурагчдадаа өгөхөд эцэг, эх нь мөнгийг нь төлдөг гэнэ. Азийн дундаж хөгжилтэй орон Камбожид дунд сургуулийн сурагчид нь бүхий л сурах бичгээ худалдаж авч хэрэглэдэг ажээ.
Харин дэлхийн хөгжингүй орнуудыг тэргүүлэгч Швейцарьт I-VI ангийн сурагчдаа төрөөс сурах бичгээр үнэ төлбөргүй хангадаг. Харин түүнээс дээш ангийнхан үнийг нь төлж авдаг байна.