-Эрлийг өнөөдөр үргэлжлүүлэхээр болов-
Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авирсан 27 иргэний 10 нь эсэн мэнд бууж, үлдсэн хүнээс 10-ынх нь цогцсыг олсон мэдээллийг бид өмнөх дугаартаа хүргэсэн. Цасан нурангид дарагдан сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг өчигдөр 06.20 цагт дахин эхлүүлсэн юм.
Эрлийн бүлэг 09.43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон талаар ослын голомтод ажиллаж буй шуурхай бүлгээс ОБЕГ-т ирүүлсэн байна. Харин 10.43 болон 11.30 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олжээ. Өчигдрийн байдлаар сураггүй болсон 14 дэх хүний цогцсыг олсон бөгөөд 3200-3400 метрийн өндрөөс буулгасан гэнэ.
Аврагчид 200 м өргөн, 800 м орчим урт, ойролцоогоор 160 000 ам метр талбайд эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй бөгөөд уулын цас дагтаршин хунгарлаж, цасны зузаан зарим газарт 3-5 метрт хүрсэн нь хүндрэл үүсгээд байгаа аж.
Ослын голомтод ажилласан Шадар сайд Ө.Энхтүвшин болон эмч нарын багийнхны суусан нисдэг тэрэг 18.00 цагийн үед Улаанбаатарт газардсан юм. Нөхцөл байдлын талаар Шадар сайд “Маш эмгэнэлтэй осол болжээ. Болсон явдлын талаар товч мэдээлэхэд, уулчид зургаа дахь өдрөө Отгонтэнгэр хайрханд авирч, оройд нь гарчээ.
17.30 цагийн үед хайрхны оройд гараад буусан байна. Нийт 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан. Бямба гаригийн 14.30 цагт онцгой байдлынхан анхны мэдээлэл авч, Аврах тусгай ангийнхныг нисдэг тэрэгтэй гаргасан. Тэд шөнө нисэх боломжгүй учраас Баянхонгор аймгийн төвд очиж хоноод, өглөө нь Отгон сум руу нисчээ. Эхний өдөр 10, өчигдөр дөрвөн цогцос олсон. Үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас 16.30 цагт эрлийн ажиллагааг зогсоож, үлдсэн гурван хүнийг өнөөдөр өглөө хайхаар боллоо.
Би осол болсон бүс дээгүүр нисдэг тэргээр хоёр удаа тойрсон. “Хавтангийн гулгалт болжээ” гэж мэргэжлийн уулчид хэлж байна лээ. Цас орсны дараа нар гарч тэр нь хайлж, мөсөн хавтан үүссэн байсан. Тэр хавтан гулсаж, уулчидтай хамт доош унажээ. Өөрөөр хэлбэл, 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа.
Уулчид огцом талаас буусан учраас амьд гарах боломж бараг байгаагүй. Аврагчдыг осол гарсан газар руу нисдэг тэргээр дөхүүлж буулгасан. Тэд цааш явган өгсөж, 3200 метрийн өндөрт ажиллаж байна. Өнөөдөр цаг агаар дулаахан байлаа. Маргааш, нөгөөдөр хүйтэрнэ гэсэн нь сэтгэл зовоож байна. Цаг алдалгүй шуурхай ажиллах үүрэг өглөө. Осол гарсан газар эрлийн багийнхантай хамт Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Г.Өсөхбаяраар ахлуулсан 18 уулчин ажиллаж байгаа” гэв.
Тэрбээр дахин гулгалт болох эрсдэлтэй нөхцөлд аврагчид ажиллаж буй учраас онцгой хянуур ажиллах үүргийг дахин дахин өгсөн гэдгээ давтан хэлэв. Одоогийн байдлаар хайрхны ойролцоо хоёр, нисдэг тэрэг, 24 техник хэрэгсэл, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийнхан болон Цагдаагийн алба хаагчид, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн аврагчид, орон нутгийн удирдлага, шүүхийн шинжилгээнийхэн, сэтгэл засалчид гээд 196 хүн ажиллаж байгаа аж.
Осол болсон сургаар уулчдын ар гэрийнхэн Завхан аймгийг зорьсон бөгөөд тэдний зарим нь буцсан аж. Харин амьд үлдсэн 10 хүн нисдэг тэргээр бус “УАЗ-Фургон” буюу ирсэн машинаараа буцах санал тавьж, өчигдөр Отгон сумаас хөдөлжээ. Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрөөр удирдуулсан баг ажиллаж байна. Улаанбаатар хотоос нэмж техник хэрэгсэл явуулахаар болжээ.
Шадар сайдтай хамт ирсэн ГССҮТ-ийн нэгэн эмчтэй холбогдоход “Улсын онцгой комиссоос биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэлээ. Тэд уулнаас бууж ирсэн 10 иргэний хоёрт нь үзлэг хийхэд гэмтсэн зүйл байгаагүй гэнэ. Амиа алдсан уулчдад гүн эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь туслахыг уриалж буйгаа уулын хэд хэдэн клубийнхэн өчигдөр мэдэгдэв.
Шүүх эмнэлгийн гадна талийгаачдын ар гэрийнхэн ирсэн байлаа 21.50 цаг
“Уулчин хүн тэнгэрт хамгийн ойрхон очдог, тэгээд тэнгэртэй ярилцдаг байх. Тэнгэрийн оронд хүртэл тэдний минь хэрэг гарсан юм болов уу даа. Өнөөдөр бид амь үрэгдсэн нөхдийнхөө ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх, эсэн мэнд эргэж ирсэн, угтаа эрсэдсэн хэдийнхээ өмнөөс амиа өгөхөд бэлэн байсан тэднийхээ эрүүл мэнд, сэтгэл санааг дэмжихийн төлөө хандив цуглуулж байна” гэж “Хоризон” клубийн уулчид фэйж хуудсандаа бичжээ.
Мөн “Хамтдаа алхацгаая” клубийнхэн хандив цуглуулж буйгаа мэдэгдэж, “Богинохон хугацаанд ижилдэн дасаж, нэгэн гэр бүл болсон хамт олноос минь хамгийн шилдэг найз, дүү нар минь тэнгэрт одлоо. Хүслээрээ амьдраад дуусчээ гэж бодохыг хичээвч даана ч их харамсан гашуудаж байна. Нөхөж баршгүй гарз гэж чухам үүнийг л хэлдэг байх” гэжээ. Харин “Хайрхан” клубийнхэн ууланд зорьсон нөхдөө хүндэтгэн ямар нэгэн уулзалт, ярилцлага өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
20.10 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангид “Ми-171” нисдэг тэрэг бууж, осолдсон 14 уулчны цогцсыг авчирсан юм. Тус ангийг цагдаагийнхан хамгаалалтад авч, түргэн тусламжийн найман машинаар цогцсуудыг зөөвөрлөн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн юм.