Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” гэсэн гурван компани хаяа хаяагаа дэрлэн үйл ажиллагаа явуулж, Монголын эдийн засгийг өөдрөг үзүүлэлттэй гарах, эсэхийг шийдэж байна.
Сэтгүүлчид дарга, сайдын томилолт дагаж Тавантолгойд бишгүй л очсон. Тэгж явахдаа тэдний явсан замаар явж, хэлсэн үгийг нь хүргэхээс аргагүй болдог. Харин энэ удаа хэн нэгний ажлыг сурталчлах гэж биш, өөрсдийнхөө ажлыг хийх гэж, тэгэхдээ улс орны эдийн засаг хүндхэн байхад амь тариа болж буй нүүрсний экспортод тулгарч байгаа асуудлыг өөрсдийн өнцгөөс гаргаж тавья, Тавантолгойн орд тойрсон гурван уурхайн өнгө төрхийг хэн нэгний үгээр биш, өөрсдийнхөөрөө олж харъя хэмээн Өмнөговийг зорьсон юм.
“ЭНЕРЖИ РЕСУРС”-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 20 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА
Бидний очсон эхний уурхай бол “Энержи ресурс” компанийн Ухаа худаг. Эл уурхайн нөөцийг энэ онд нарийвчлан батлуулсан бөгөөд ил аргаар ашиглах боломжтой 292 сая тонн нүүрс бий. Үүнийг 30 жилийн хугацаанд ашиглах төлөвлөгөөтэй. 2009 оны дөрөвдүгээр сараас Ухаа худгийн хөрсийг хуулж эхэлсэн “Энержи ресурс” уг уурхайгаас өнөөгийн байдлаар 40.9 сая тонн нүүрс олборлоод буй аж.
2010 оны аравдугаар сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан бөгөөд нүүрсний “алтан” үед нэгж хувьцааных нь үнэ 10 хонконг доллар хүрч байсан бол өдгөө 2.7 хонконг долларт хэлбэлзэж байна.
“Энержи ресурс” компани Ухаа худаг төслөө эхлүүлснээс хойш 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, уурхайн цогцолборыг төдийгүй Цогтцэций сумыг үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний усаар хангадаг ус хангамжийн систем, ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг уурхай дагасан бүтээн байгуулалт хийсэн.
Үүнээс хамгийн олзуурхууштай нь, жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан явдал юм. Хамаг баялгаа түүхийгээр нь зөөлөө, нэмүү өртөг шингээсэнгүй, боловсруулах үйлдвэр байгуулсангүй хэмээн чих халууцуулдаг уул уурхайн салбарт энэ бол том ололт юм.
Ийм үйлдвэр байгуулагдсаныг олзуурхах шалтгаанаа тайлбарлах гэж оролдъё. Нүүрсийг коксжих, сул коксжих, коксжихгүй буюу эрчим хүчний гэж гурав ангилах бөгөөд манай ганц худалдан авагч өмнөд хөрш коксжих нүүрснээс бусдыг сонирхохгүй. Тиймээс баяжуулах үйлдвэргүй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани нүүрсээ сорчлон олборлодог. Энэ нь ашигт малтмалын холбогдох хууль, тогтоомжийг зөрчихөөс гадна сул коксжих нүүрсийг ашиглах аргагүй байдалд хүргэх эрсдэлтэй. Сайн коксжих нүүрсээ сорчлон олборлоод дуусахад сул коксжих нүүрс авах эзэнгүй үлдэх, үнэгүйдэх магадлал өндөр.
Харин баяжуулах үйлдвэрийн давуу тал нь коксжих нүүрс, сул коксжих нүүрсийг хольж, гангийн үйлдвэрийн шаардлагыг хангах хэмжээнд баяжуулан боловсруулдаг учраас гологдол нүүрс үлдэхгүй. Сайн, муу хоёрыг хольж, гуя дагуулж хүзүү өгөх сайн наймаачны ухаан энд явж байгаа хэрэг. Мөн нүүрсэнд нэмүү өртөг шингэж, энэ хэрээр эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ.
Компаниуд баяжуулаагүй нүүрсээ тонн тутмыг нь 70 орчим ам.доллароор зарж байхад “Энержи ресурс” баяжуулсан нүүрсээ 110 ам.доллароор борлуулж буй нь үүний нотолгоо. Баяжуулах үйлдвэрийн эдийн засгийн өгөөж, давуу тал нь энэ. Харин уурхайгаас тээвэрлэсэн нүүрс Гашуунсухайт боомтоор нэвтрэхдээ саатаж буйгаас “Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа аж.
Өнөөгийн байдлаар баяжуулах үйлдвэрийн жилд таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай нэг модулийг ажиллуулж буй бөгөөд жилийн дунджаар авч үзвэл үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг ашиглажээ. Тус компани энэ онд 12 сая орчим тонн нүүрс олборлож, зургаан сая тонныг нь баяжуулан борлуулах зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар 2.9 сая орчим тонн нүүрс олборлож, 0.9 сая орчмыг нь баяжуулсан байна.
Төлөвлөгөөнийхөө 20 хувьд л хүрсэн гэсэн үг. Нүүрс экспортлогч гол компанийн төлөвлөгөө ийн тасарч буй нь оны эцэс гэхэд 30-аад сая тонн нүүрс борлуулсан байна гэсэн Засгийн газрын төлөвлөгөө тасрах үндэс билээ.
Яагаад төлөвлөснөөсөө ийм бага олборлолт, борлуулалт хийснийг нь тодруулахад, “Энержи ресурс” компанийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж “Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн, хилийн цаана худалдаж авах хэрэглэгч бэлэн байгаа. Бидэнд боомтын асуудал л саад болж байна” гэв.
ЖИЖИГ “ТАВАНТОЛГОЙ” БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Говь нутгийн иргэд хар чулуу шатдагийг олж мэдэж, уран дархнууд алт, мөнгөө хайлуулахдаа гайхамшигт хар чулууны их илчийг ашигласан үе нь өнгөрсөн зууны эхээр. Тал дээрх таван жижиг толгойн ард нүүрсний уурхай албан ёсоор байгуулж, асар баян ордын үүцийг нээсэн нь 1967 он.
Түүнээс хойш орон нутгийн хэрэгцээнд эрчим хүчний нүүрс олборлосоор шинэ зуунтай золгосон “Тавантолгой” компани 2004 онд 30 орчим машинд нүүрс ачин БНХАУ руу гаргасан нь нүүрсний экспортын шанг татсан хэрэг байжээ. “Орон нутгийн”, “жижиг” гэх тодотголыг нэрнийхээ өмнө зүүдэг уг компани өдгөө нүүрс экпортлогч гол аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд шилдэг татвар төлөгч. Татварын байгууллагаас шилдэг татвар төлөгч шалгаруулахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнө гишгэсэн удаа ч бий аж.
Нэг ордын гурван талаас олборлодог хоёр дүүгээсээ (“Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”) эзэмшил газар, олборлох нүүрсний хэмжээгээр бага ч төлдөг татварын хэмжээгээр их гэдгээрээ тус компанийнхан бахархдаг юм билээ. 128 орчим тэрбум төгрөг улсын төсөвт оруулж, аймгийнхаа иргэдэд 24 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараасан уг компани нэг тонн нүүрс тутмаас 17.4 ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулдаг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос хоёр дахин, “Энержи ресурс”-аас тав дахин их тоо аж.
Яагаад татвар нь ийм зөрүүтэй байдгийг лавлахад “Тавантолгой” компанийн эдийн засагч Ч.Төрмандах “Бид Шанхайн биржийн жишиг үнээр татвараа төлдөг. Тэр нь есдүгээр сарын байдлаар 113 ам.доллар байсан. Нөгөө компаниуд гэрээний үнээр татвар төлж байгаа” гэсэн.
Тус компанийнхан татвар илүү төлдөг хэрнээ хилээр гаргах ачааны машины квотод 15-хан хувь эзэлсэндээ тун сэтгэл дундуур байна билээ. Эдийн засагч Ч.Төрмандах “Нэг ордод ижил үйл ажиллагаа явуулдаг гурван компанид өөр квот тогтоосон нь буруу. Хилээр 500-700 машин гарна гэж тооцоод, УУХҮЯ-нд дарга нар хуралдаж байгаад “Эрдэнэс Тавантолгой”-д 45, “Энержи ресурс”-т 40, “Тавантолгой”-д 15 хувийн квот тогтоосон.
500 машин гарлаа гэхэд манайд 75 машин ногдоно. Энэ нь манай компанийн үндсэн ачааллын 30 хувьтай л тэнцэнэ. Өмнөх онд бид өдөрт 300-350 машинд ачиж гаргаж байсан. Гэтэл квот тогтоохдоо хамгийн багыг өгөх, Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах зэргээр орон нутгийн компанийг хавчиж, хумих алхам хийж байна. Ижил квот олгох шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй” гэсэн.
Нэг хэсэг асуудал үүсгээд намжсан Цагаан хадны хяналтын бүсийн тухай тодруулахад “Цагаан хадны хяналтын цэгийг Монголын нүүрсийг үнэ цэнэтэй болгох зорилгоор байгуулсан. “Тавантолгой” компаниас ачсан нүүрсийг Цагаан хаданд буулгаж, Хятадын талаас компаниуд өөрсдөө ирж авдаг юм. Ингэснээр бид мөнгөө Монголд үлдээх нөхцөлийг бүрдүүлж чаддаг. Хил гарсан машинууд шатахуунаа БНХАУ-ын талаас авдаг.
Уртын урт тээвэр буюу нүүрсээ уурхайгаас ачаад шууд хил гаргахад бид нэг хоногт тэрбум төгрөг алддаг гэсэн тооцоо бий. Хэрэв бид Цагаан хаднаас нүүрсээ борлуулах юм бол төдий хэмжээний мөнгө Монгол Улсад үлдэнэ. Тэнд ажиллаж буй гаалийн хяналтын хориод бүс, түүнийг түшиглэсэн үйлчилгээний байгууллагуудад ажиллаж буй монгол иргэд ажилтай, орлоготой байна” гэв.
Худалдан авагч талын эрэлт, хэрэгцээ, гадаад зах зээлтэй харилцаж буй байдлыг харахад ирэх онд нүүрсний үнэ өнөөгийн түвшнээс буурахгүй гэж олон улсын болоод дотоодын экспертүүд таамаглаж буй. Харин “Тавантолгой” компанийнхан цаашид нүүрс олборлолтоо нэмэгдүүлж, 2020 онд 10-15 сая нүүрс борлуулах зорилго тавьжээ. Мөн 2019 онд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар тооцоо, судалгаагаа хийгээд эхэлсэн байна. Биднийг очиход нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан гэсэн баяртай мэдээтэй суусныг дуулгахад таатай байна.
УИХ, Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 2010 оноос хойш нийт 29 сая тонн нүүрс олборлож, 26 сая тонныг нь борлуулжээ. Энэ оны хувьд Цанхийн зүүн уурхайгаас 7.2 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаагаас 5.2 саяыг, баруун уурхайгаас дөрвөн сая тонныг олборлох төлөвлөгөөтэйгөөс 2.8 саяыг нь олборлоод байна.
Нүүрсний экспортоос асар их зүйл шалтгаалж буй энэ цагт Тавантолгой тойрсон гурван уурхайгаар ийм сонинтой. Уурхайнууд ерөнхийдөө боломжийнхоо гучин хувийг л ашиглаж байгаа тул үлдсэн хугацаанд нүүрснээс шалтгаалсан эдийн засгийн өсөлт гарна гэж хүлээхэд хэцүү болжээ. Нүүрсний уурхайнууд олборлолтоо багасгах, нүүрс тээвэрлэгчид зам дээр өчнөөн хоног дугаарлаж, сард хоёрхон рейс хийх болсон нь зуун хувь БНХАУ-ын талаас шалтгаалж буй гэж албаны хүмүүс хэлж байна.
Харин нүүрс олборлогчид БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, нүүрсний тээвэрт тулгарч буй асуудлыг нааштайгаар шийдэх, хилийн боомтоо хэвийн горимоор ажиллуулах талаар санаа тавихыг холбогдох албан тушаалтнууд, салбарын сайд, Засгийн газраас гуйсныг уламжилъя.