Өнөөдөр /2017.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэцэж байна. БОАЖ-ын сайдад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг нэр дэвшүүлж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан дараах даалгавруудыг өглөө.
1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа Үндэсний цэцэлэгт хүрээлэнгийн хөгжлийн бодлогыг Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл явуулаарай.
2. БЗД-ийн 11, 12-р хорооны зарим оршин суугчдад Богд уулын дархан цаазтай газарт давхардуулж газар олгосон мөн зарим суурьшлын бүс нь дархан цаазтай газарт орсон, нөгөө талаасаа төмөр замаар хашигдснаас болж олон айл өрх газрын маргаантай байгаа. Иймд иргэдийн газрын маргааныг шийдвэрлэж өгөөрэй
3. Увс аймгийн Бөхмөрөн болон Сагил сумын иргэдийн хүсэлтийг уламжилъя. Хотоос баахан анчид ирж, дураараа, хяналтгүй ан хийдэг. Орон нутгийн компаниуд хяналт тавих эрхийг нь хүчингүй болгочихсон. Дээрх сумдын байгалийн баялгийн ашиглалт дээр онцгой анхаараарай.
4. Аялал жуулчлалыг олон төрлөөр хөгжүүлэх боломж бидэнд бий. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл ӨМОЗО-ны хотуудаас суралцах боломжтой. Халуун рашаанд суурилсан аялал жуулчлалыг мөн хөгжүүлье гэвэл Турк, Япон, Унгарт очоод хар. Өнөөдрийн байдлаар монголд 10 гаруй халуун рашаан байна. Мөн халуун рашаан байх боломжтой 15 орчим цэг илрээд байгаа. Цаашилбал, экстрим спорт дээр суурилсан аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой. Өмнөговь аймгийн урдхан талд ӨМОЗО-ны Альшаа гэж аймаг бий. Бартаат замын уралдаанд тулгуурласан аялал жуулчлалыг тэнд хөгжүүлж, жилд 2,5 сая жуулчин хүлээж авч байна.
5. Чөлөөт бүсийг мөн хөгжүүлэх хэрэгтэй. 2015 онд Чөлөөт бүсийг хөгжүүлэх хуулийг баталсан. Чөлөөт бүсийг аялал жуулчлалтайгаа холбож, цогц утгаар нь хөгжүүлэх даалгаврыг АН-ын бүлэг Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа. Үүнийг онцгой анхаарч ажиллаарай.
6. БОАЖЯ 19 төрлийн зөвшөөрөл олгодог. Эдгээр зөвшөөрлийг дагалдаж, авлига, луйвар, хулгайн талаар хэл ам их гардаг, үүнийг хяналтандаа аваарай. Танд амжилт хүсье.