Дүн өвлийн тэсгим хүйтэн хараахан айлсаагүй энэ өдрүүдэд хорт утаа уушги, зүрхээр “оролдож” эхэллээ. Хамгийн их бохирдолтой хэмээн жилийн жилд “өргөмжлөгддөг” Толгойт, МҮОНРТ, Зуун айл орчмын агаар дахь зарим хорт нэгдэл сүүлийн долоо хоногт хүлцэх хэмжээнээс 2-3 дахин ихсэж, өмнөх жилүүдийн мөн үеийнхийг хол давсныг Цаг уур, орчны шинжилгээний газрын agaar.mn цахим хуудсанд мэдээлж, анхааруулж байна.
Гэтэл үүнд санаа тавих ёстой байгууллага, албан тушаалтнууд гэр хорооллынхонд сайжруулсан түлш, зуух олгож, агаарын бохирдолтой тэмцэнэ хэмээн улиг болсон “үлгэр”-ээ яриад л сууж байна. Нийслэлчүүд энэ өвөл дахиад л тэдэнд хууртагдах нь, хөөрхий. Өөрсдөө л эрүүл мэнддээ анхаарч, хорт утаатай тэмцэх сонголт нийслэлчүүд бидний өмнө тулгарлаа.
2017 онд агаарын бохирдлыг бууруулахад улсаас таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Холбогдох яам, тамгын газрын ажилтнууд өмнөх Засгийн газар бодлогогүй, олхиогүй ажилласныг гайхаж, энэ хөрөнгийг оновчтой, үр дүнтэй зүйлд зарцуулна гэж мэдэгдэж байв. Нийслэлийн ЗДТГ-ын Агаарын бохирдол бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Бидний баримталж буй зарчим бол төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх. Тиймээс хамгийн үр дүнтэй шийдэл олж, даруй хэрэгжүүлнэ” гэж өнгөрсөн хавар хэлсэн юм. Гэтэл дээрх мөнгөний 30 гаруй хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг гэр хорооллынхонд сайжруулсан зуух, түлш олгоход зориулна хэмээн тэрбээр саяхан цэнхэр дэлгэцээр зарлалаа.
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхтэй зэрэгцээд үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ч хаанахын, ямар үйлдвэрээс нийлүүлэх нь нууц хэвээр байна. Түүний ярианаас “Гэр хорооллын, зорилтот бүлгийн 4700 өрхөд сайжруулсан түлш өгнө” гэх өгүүлбэр олон хүнд эгдүүцэл төрүүлэв. Шалтгаан нь түүхий нүүрсийг утаагүй, сайжруулсан гэх гоё тодотголтой түлшээр орлуулах оролдлогыг бид өмнө нь хэдэнтээ хийсэн ч амжилт олоогүй.
Хамгийн сүүлд гэхэд л 2015 онд БОНХАЖЯ (хуучнаар)-ныхан утааны голомттой бүсэд амьдардаг 12 мянган өрхөд нүүрс цэвэршүүлэгч бодисоор “эрүүлжүүлсэн” түлшийг туршилт нэрийдлээр тараагаад иргэдээс муу үнэлгээ авсан. Илчгүй, түргэн асдаг гэсэн шүүмжлэл дагуулснаар энэ ажил замхарсан юм. Сайжруулсан түлшнээс татгалзах өөр нэг ноцтой шалтгаан бий нь энэ төрлийн түлш хүний эрүүл мэндэд түүхий нүүрснээс ч илүү уршигтай аж.
Сайжруулсан түлш дотоод орчны агаарыг түүхий нүүрснээс илүү бохирдуулдгийг БНСУ-ын эрдэмтэд хэдийнэ баталсан тухай Sarangerel Enkhlen, Purewkhuu Tserendorj гэх хаягтай хоёр иргэн “Утааны эсрэг ээж, аавууд” нэртэй фэйсбүүкийн группэд хэд хоногийн өмнө нийтэлсэн нь анхаарал татаж, эл мэдээллийн мөрөөр чамгүй судлав.
БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийг химийн технологичоор төгссөн С.Энхлэн “Солонгосчууд байгаль орчинд бусад салбараас илүү анхаарч, хөрөнгө зарцуулдаг нь ажиглагдсан. 2005 оны үед агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэдийг сандаргасан ч төр нь зөв бодлогоор шуурхай арга хэмжээ авснаар намжаасан гэдэг. Ургамлаас гаргаж авсан био түлш болон сайжруулсан түлш, “Clean coal” буюу нүүрс цэвэршүүлэгч бодисын хэрэглээ тус улсад өссөнтэй холбоотойгоор шинжээчид үүнийг нухацтай судлахад тийм ч эерэг үзүүлэлт гараагүй. Ийм төрлийн түлш тараахын оронд цахилгааны хөнгөлөлтөд хамруулах өрхийн тоог нэмэгдүүлбэл ашигтай” гэсэн юм.
Түүний ярьсан зүйл баттай, эсэхийг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Өсөхбаяраас лавшруулахад “Манайд энэ чиглэлээр хийсэн тоймтой судалгаа одоохондоо алга. Гэхдээ хэд хэдэн орны эрдэмтэд харьцуулсан судалгаа хийж, сөрөг дүн гаргасан юм билээ. Сайжруулсан түлш гэдэг нь энгийнээр хэлбэл хорыг нь шүүсэн гэсэн үг.
Ямар бодис ашиглаж түлшээ цэвэршүүлснээс хамаараад, хорт нэгдэл, тухайлбал нүүрстөрөгч бүрэн шатаагүй байж болох талтай. Нүүрстөрөгчийн дутуу исэл орчны агаарыг бохирдуулахаас гадна уушгиар дамжин, зүрх судас, амьсгалын тогтолцоог өвчлүүлж, гэмтээдэг” гэв.
Бид гарт баригдаж, нүдэнд үзэгдэж буй зүйлсэд илүү ач холбогдол өгдөг дутагдалтай. Яг энэ зангаасаа болоод сайжруулсан гэх тодотголтой түлшинд хууртаж байж болзошгүйг дээрх хүмүүс ийн ярив. Магадгүй сайжруулсан түлш өрдөхөд гэрийн тань яндангаар хар утаа олгойдохгүй ч таны гэр дотор “хор”-оо төвлөрүүлж байж болзошгүйг анхаараарай.
Сайжруулсан түлштэй холбоотой судалгаа Монголд дорвитой хийгээгүй гэдгийг мэргэжлийн судлаач хэлж байна. Харин бид энэ талаар бүрэн мэдээлэлгүй атлаа 10 гаруй жил түүнтэй “нөхөрлөжээ”. Гэтэл агаарын бохирдолтой тэмцэх чиг үүрэгтэй гол байгууллага нь “Сайжруулсан түлш, зуухнаас татгалзъя” гэж уриалчихаад 4700 өрхөд шахаа хийх болсны учир юу билээ. Энэ асуултад хариулт авахаар Агаарын бохирдлыг бууруулах газрын даргатай холбогдоход завгүй байгаагаа учирлав.
Агаарын бохирдолтой тэмцэх ажил яг л урьдын замналаараа үргэлжилж байна. Дэвшилт, “ногоон” гэх тодотголтой технологийн үзэсгэлэн, “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ-наас саяхан зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдол бууруулах үндэсний чуулган энэ сарын 23-нд болох гэнэ. Жил бүр ярьдаг улиг болсон зүйлсийг энэ үеэр ярилгүй, сайжруулсан түлш, зууханд зарцуулах 1.5 тэрбум төгрөгөөр юу хийж болох талаар хөндвөл илүү үр дүнтэй болов уу.