Монголын утга зохиол, түүх, соёлын дурсгалын гурван сүмбэр оргилын нэг “Жангар” туулийн судалгаанд ямар ахиц дэвшил гарч буй талаар болон өв уламжлал нь ямархуу түвшинд байна вэ гэж “судсыг нь барьж” үзэхээр олон улсын эрдэмтэн судлаачид 40 хоногийн турш 20 мянган км зам туулаад иржээ.
Энэхүү судалгааны багт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг төлөөлөн, Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа явсан юм. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар хаа сайгүй явж байдаг учраас мэргэжил нэгтнүүд нь түүнийг “явдаг судлаач” гэж тодорхойлдог юм билээ.
-“Жангар” туулийн судалгааны экспедиц нэлээд хэдэн орноор яваад ирсэн гэсэн. Энэхүү хээрийн судалгааны гол зорилго юу байв. Та бүхэн ямар олз омогтой ирцгээв?
-БСШУСЯ-наас өнгөрсөн жил суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалт зарлахад “Жангар” туулийн иж бүрэн судалгаа, инновацын талаарх энэ төсөл шалгарсан юм билээ. Төслийн удирдагчаар Монголын ганц тууль судлаач, доктор Б.Кату ажиллаж байгаа бол сая бидний явсан судалгааны экспедицийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмарсүрэн гэдэг хүн ахалсан.
Энэхүү экспедицийн гол зорилго нь монгол угсаатныг оюун санаагаар нь нэгтгэсээр ирсэн “Жангар” туулийн судалгаа өдгөө ямар түвшинд байна, цаашид юу хийх ёстой вэ гэдэгт талууд хамтран оролцох, нэгдмэл байр сууриа илэрхийлэхэд оршиж байгаа юм. Энэ бол зөвхөн Баруун монголчуудын хязгаарлагдмал эрх ашгийн төлөө явж буй хэрэг бус, нийт монгол туургатанд хамаатай зүйл.
Монголд “Жангар” туулийн судалгаа харьцангуй амжилттай явж ирсэн ч Халимаг, Шинжаан, Өвөрмонгол зэрэг энэ чиглэлээр маш их зүйлийг төрийн бодлогоор хийж буй гадаад ертөнцтэй холбоо тогтоохдоо тааруу байдаг. Гэтэл хятадууд “Жангар”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр мэдүүлсэн байгаа шүү дээ. Хүссэн, хүсээгүй манайх Хятадтай хамтраад бүртгүүлэхээс өөр аргагүй. Тиймээс ийм чухал үед бид судалгаагаа илүү өргөн хүрээнд хийх хэрэгтэй, бэлтгэлтэй байх ёстой.
Энэ мэт хэд хэдэн шалтгаанаар Монгол, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд долдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд хээрийн судалгаагаар яваад ирлээ. Хятадын тал уг нь энэ судалгаанд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох ёстой байсан ч Монгол, Орос, Казакстан, Кыргызстан гээд дөрвөн улсын хилээр нэвтрэхэд визний асуудал хүндрэлтэй учраас Ардын их сургуулийн нэг профессор нь л явсан юм.
Бид долдугаар сарын 28-нд Улаанбаатараас хөдөлж, Сэлэнгийн хилээр гараад, Буриад, Красноярск, Новосибирск, Бишкек гэхчилэн Уралын нуруу дамжиж явсаар Элстэйд очсон. Тэнд дөрөв хоног суурин судалгаа хийгээд буцахдаа Казакстан, Кыргызстанаар орж, Оросын Уулын Алтайнхантай уулзан, замдаа Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажиллаад Улаанбаатарт ирлээ.
Дундад зууны үеийн монголчуудынхаа нүүдлийн замаар явж байхдаа “Манай нүүдэлчид яасан баялаг өв соёлтой юм бэ” гэж дахин бахархлаа. Бидний өвөг дээдэс нүүдэллэж, суурьшсан газар болгондоо тэрхүү гайхамшигт өв соёлынхоо нөлөөг үлдээж чадсан гэхээр ямар хүчирхэг оюун санаатай байсан байх нь вэ. Өнөөг хүртэл газар, усны нэр нь Монголоороо, тууль хайлах, гэр барих гэх мэт соёл, зан заншил нь хэвээрээ, ярианд нь монгол үг хэллэг олон байна.
-“Хятадууд “Жангар”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байна шүү” гэж нэг хэсэг шуугьж байгаад нам жим болчихлоо. Таныхаар бид үгээрээ цэц булаалдах бус, үйлдлээр хэр юм хийж байгаа вэ.
Монголд одоо Жангарч байна уу. Ер нь энэ туулийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалсан хэдэн хүн байдаг юм бол?
-Харамсалтай нь, манайд “Жангар” туулийн амьд уламжлал бараг тасарсан гэхэд болно. Үнэндээ энэ туулийг бүрэн эхээр нь хайлдаг, яг Жангарч гээд нэрлэчих хүн байхгүй. Хэдэн бүлгийг нь хэсэгчлэн хайлдаг туульчид хүртэл цөөрсөөр гарын таван хуруунд багтахаар болсон. Сая харин судалгааны явцад ганц нэг ийм хүн нэмж олсондоо их баяртай байгаа.
Монголд яг “Жангар” туулийн харьцуулсан судалгаагаар докторын зэрэг хамгаалсан ганц л эрдэмтэн бий. Гэвч сая тэр хүн яагаад ч юм энэхүү экспедицэд явсангүй. Ц.Дамдинсүрэн гуай тэргүүтэй өмнөх үеийн хэдэн эрдэмтэн харин ч суурийг нь маш сайн тавьж өгсөн тулдаа “Жангар”-ын судалгаа манайд өдий зэрэгтэй яваа гэж боддог.
Ер нь биет бус соёлын өвийг “Манай, танай” гэж улс орнууд булаалдаж өмчлөхөөс илүүтэй, түүнийг хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэн нь юу хийж байна вэ гэдэг л чухал гэж үздэг. Хятадууд гэхэд л төрийн бодлогоор “Жангар” судлалын гурван том төв байгуулчихсан байгаа. Өвөрмонголын Хөх хотод Таяа гэдэг профессороор толгойлуулсан хүчирхэг баг бий.
Шинжаанд гэхэд л Жанцу, Лижээ гэх мэт мундаг эрдэмтдээр ахлуулсан том баг ажиллаж байгаа бол Баруун хойд хэсгийнх нь судалгааны төвийг Мөнхөө гээд профессор удирдаж буй. Мөн “Жангар” туулийн судалгаанд жигтэйхэн ач холбогдол өгч, амьд уламжлалыг нь авч үлдэхэд маш их анхаарч, хоёр, гурван дэг сургууль бий болгосон өөр нэг гол цөм нь халимагууд.
Тэд “Жангар”-ын өргөө гэж байгуулаад, хөшөөг нь босгон, судалгааны төвүүд нээж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөртөө оруулсны зэрэгцээ хүүхэлдэйн кино хүртэл хийсэн. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж, хэд хэдэн хувилбараар нь номууд хэвлүүлсэн.
Дэлхийд өдгөө “Жангар” туулийн судалгааны ном зүйг зөвхөн халимагууд л хийж байна. Гэтэл бид юу хийсэн билээ гэдгийг бодох л асуудал. Ядаж манай хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Жангар” туулийн зарим нэг бичлэгийг DVD болгоод олон нийтэд түгээмээр л байх юм.
-“Хятадууд нэгэнт “Жангар”-ыг бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хандчихсан юм чинь бид одоо оройтсоон” гээд хойш суулгүй, судлаачид ч, төр, засаг ч анхаарах хэрэгтэй байх нь.
Зөвхөн “Жангар” ч гэлтгүй, ЮНЕСКО-д бүртгүүлсэн монгол туулиа өвлүүлэн хөгжүүлэх талаар манай ШУА, салбарын яам, төр, засгаас юу хийх ёстой вэ?
-Соёлынхоо бодлогыг гартаа авсан Хятад, Орос, тэр дундаа халимагуудын жишээнээс харахад нэг хурлыг тогтмол зохион байгуулах нь их үр дүнтэй байдаг юм байна. Жил ирэх тусам оролцогчдын чанар чансаа сайжирч, судалгааны шинэ чиглэлүүд гарч ирэхийн зэрэгцээ ололт амжилт, тулгамдсан асуудлаа мэдэж байгаа учраас гарцыг нь олдог аж. Манайхан болохоор “Төсөв байхгүй учраас хурал хийж болохгүй” гэдэг. Энд л бидний ялгаа байна.
Монгол туулийг ЮНЕСКО-д бүртгүүлсний дараа манайх 10 гаруй боть хэвлүүлж, Төв Азийн туулийн II хурлыг 2013 онд хийсэн. Үүнээс өөр дорвитой зүйл огт хийгээгүй гэхэд болно. “Төв Азийн туулийн III хурлыг дөрвөн жилийн дараа хийнэ” гэж амлалт өгсөн хугацаа нь дуусах гээд байгаа учраас бид БСШУСЯ-нд хандсан. Ийм хурлыг салбарын яам нь зохион байгуулах учиртай ч өнөө хэр хариу өгөөгүй л байна.
Эндээс дүгнэхэд манай ШУА академи шиг ажиллаж чадахгүй, сул дорой, эрч хүчгүй байдаг учраас яам, төр, засаг эрдэмтдийнхээ үгийг, саналыг хүлээж авахгүй байгаа юм болов уу. Нөгөө талаар Монголын төр, засаг, түшээд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарыг нэн чухал гэж авч үздэггүй тул хөрөнгө мөнгө төсөвлөхдөө “гар татаж”, үл ойшоож ирсэнтэй холбоотой биз.
Гэтэл Якутад “Олонхо” гэдэг туульдаа зориулаад, тусгай хүрээлэн байгуулчихсан, түүнийх нь дэргэд “Олонхо” судлалын институт гэж бас байдаг. Тэд “Олонхо” туулиа тал бүрээс нь судлаад, дэлхий дахинд хамгийн түгээмэл үндсэн дөрвөн хэлээр хэвлүүлсэн. Саяхан Якутад ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Боковагийн ивээл дор Олон улсын туулийн маш том хурал зохион байгуулагдаж, Путин тусгай онгоц гаргаад, эрдэмтэн судлаачдыг урьж оролцууллаа.
Түүгээр ч зогсохгүй, Азийн тууль судлалын төвийг тэнд байгуулсан. Гэтэл манайхаас тэр хуралд нэг ч хүн очоогүй. Манайханд удаа дараа урилга явуулсан ч судлаачид бид халааснаасаа хоёр сая төгрөг шууд гаргаад явах боломж үнэндээ хомс.
-Урт аян замын явцад “Монголчууд бид энийг л хийхгүй бол болохгүй юм байна шүү” гэсэн бодол танд төрж байв уу?
-Байлгүй яах вэ. Нэгдүгээрт, манай судлаачид судалгаагаа хэтэрхий явцууруулчихаад, бусадтай хамтрах гэдгийг “мартсан” байжээ гэж бодогдлоо. Хоёрдугаарт, бид хэн нэг эрдэмтний урьд нь хийсэн судалгааны бүтээлийг хэт тахин шүтээд, “Буруу юм биш үү” хэмээн эсэргүүцэж чадахаа больчихож.
Жишээ нь, түрэг судлаач Оросын эрдэмтэн В.В.Радловын хийсэн үгийн гарлын толь бичгийг бид өнөөг хүртэл баримталж ирсэн. Гэтэл тэр хүн магадгүй монгол үг байсныг нь түрэг гаралтай үг гээд биччихсэн байвал яах вэ. Энэ толь бичгээр баримжаалаад яваад байвал монгол хэлний минь бүх үг түрэг гаралтай болчих эрсдэлтэй. Гэтэл бидний хажууханд түрэг хэлтэй хүчирхэг орнууд байна.
Туркменистан, Узбекистан, Казакстан, Кыргызстан, Турк гэх мэт орон магадгүй түрэг хэлтний холбоот улс байгуулж, хэл соёлоороо нэгдэнэ гэвэл монголчууд дунд нь юу болох вэ. Энэ мэт эрсдэлд бид эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Тэгэхийн тулд монголчууд бид хэл, угсаатны зүй, түүх, археологийн судалгаагаа эргэж хараад, өөрсдөө хийх ёстой. Тиймээс судлаачдаа түрэг, араб, перс хэлтэй орнуудад явуулж сургахаас өөр аргагүй болжээ гэдгийг онцолъё.
Бид суурь судалгаа гэдэг зүйлийг маш сайн хийдэг болох хэрэгтэй байна. Одоогийн байгаа тогтолцоо шиг суурь судалгааг гуравхан жилийн хугацаатай хийлгэж, тарамдаад өнгөрөхөө больцгооё. Ялангуяа Монгол Улсын тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн үндэс суурь болох учиртай гол гол салбарууддаа заавал төсөл энэ тэр гэлгүйгээр төр, засгаас тогтмол мөнгө төсөвлөж, суурь судалгааг нь хийлгэж баймаар байна.
Хэл, түүх, соёл, угсаатны зүйн эрдэмтдийг ядаж суурь судалгаагаар “барьж авсан” сэдвийнхээ эцсийг үзэх боломжоор хангаж өгөөсэй. Хэрэв тэгвэл энэ хөрөнгө оруулалт хэдэн жилийн дараа бидний ирээдүй хойчид оюун санааны их үнэ цэнэтэй “уурхайн” нөөц байх болно гэдэгт эргэлздэггүй.
-Тууль гэхээр өнөөгийн залуусаас их хол зүйл мэт санагддаг болсон. Туулийг судлахын гол ач холбогдол нь юу болохыг та хэлж өгнө үү?
-Тууль яагаад үүссэн шалтгааныг хөөгөөд үзэхээр монголчууд эртнээс хорвоо ертөнцийг, хүний амьдралыг юу гэж ойлгодог байсан юм гэдэг философи руу очдог. Түүнээс биш нэг хүчирхэг баатар эр айхтар мангастай тулалдаад, тэнгэрийн дагиныг залж авчран, хуримлаж байгаа хэрэг огт биш.
Монгол туульд гардаг хамгийн гол санаа нь төр улсыг байгуулж, халдах дайсангүй, хатгалдах өстөнгүй, амар тайван амьдран суух жаргалын орны тухай байдаг. Ерөөс хүн төрөлхтний эцсийн зорилго нь амар тайван, жаргалтай сайхан амьдрах л шүү дээ.